Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02063

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Х ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭЯ ,

Хариуцагч: ЗДТГ т тус тус холбогдох,

25.108.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч ЭЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, хариуцагч ХАЗДТГ ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Х ХХК нь 2016 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтанд оролцож шалгарсан учир 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-Ажил-12 дугаартай Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээг Ховд аймгийн Засаг даргатай байгуулж ажилаа эхлүүлсэн.

Гэрээний ажлын санхүүжилтийг 818.945.646 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг санхүүжүүлэлтийг 3 өөр эх үүсвэрээс олгохоор заасан. Үүнд:

1. Улсын төсвөөс буюу ЭЯ 380.000.000 төгрөг,

2. Ховд аймгийн Орон нутгийн Хөгжлийн сан 220.000.000 төгрөг,

3.Германы техникийн хамтын ажиллагааны төсөл /GTZ/ 218.945.646 төгрөгийн дүнгээр санхүүжилтийг тус тус хувааж хийхээр гэрээгээр тохиролцсон.

Орон нутгийн хөгжлийн сан болон Германы техникийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдсэн.

Харин ЭЯ наас 380.000.000 төгрөгний санхүүжилт хийгдэх ёстойгоос Эрүүл мэндийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/47, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/201 тоот тушаалаар нийт 361.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлснээр манай компанид уг мөнгө олгогдсон. Иймээс энэ санхүүжилт бүрэн олгогдоогүй нь Ховд аймгийн ЗДТГ т ямар ч хамааралгүй юм. ЭЯ сахүүжилтээ бүрэн олгоход л аймгийн ЗДТГ шилжүүлж олгоно шүү дээ. ЭЯ л буруутай тул ХАЗДТГ ын газрыг хариуцагчаас чөлөөлж байна.

Бид гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээгээр хүлээсэн ажилаа чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Тодруулбал: Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагч Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 74.000.000 төгрөгийн санхүүжилттэй Засварын нэмэлт ажлын гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 38.000.000 төгрөгийн санхүүжилттэй Хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын засвар шинэчлэлтийн нэмэлт ажлын гэрээг тус тус нэмж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчийн үүргээ амжилттай гүйцэтгэж, гэрээний дагуу ажлын үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус Улсын комисст хүлээлгэн өгсөн болно.

Эдгээр нэмэлт гэрээнүүдэд улсын төсвийн буюу ЭЯ наас ямар нэгэн санхүүжилт хийхээр тохиролцоогүй болно.

Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний ЭЯ наас хийгдэх санхүүжилтийн үлдэгдэл 19.000.000 төгрөгийг 2016, 2017 онуудад төдийгүй өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсаар байгаа боловч огт хариу өгөөгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлж, уг санхүүжилтийн мөнгөний үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироож байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний Тусгай нөхцлийн 11-т Алданги ногдуулах хэмжээг хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна гэж талууд бичгээр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тооцож үзвэл 19.000.000х0.05% =6.108.500 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 19.000.000 төгрөг, алданги 6.108.500 төгрөг, нийт 25.108.500 төгрөгийг хариуцагч ЭЯ наас гаргуулж, ХАЗДТГ ын газрыг хариуцагчаар татсан хүсэлтээсээ татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ЭЯ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ЭЯ нь Х ХХК-ийн барьсан барилгын санхүүжилтийг хариуцах үүрэг хүлээгээгүй.

Эрүүл мэндийн сайд нь эрх шилжүүлэх хоёр тушаал гаргаж, Ховд аймгийн Засаг даргад эрхээ шилжүүлсэн байна.

Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргад сүүлд шилжүүлсэн 171 000 000 төгрөгийг төсөвт суугаагүй ч гэсэн яамны сайд багцаасаа шийдвэрлэсэн, эхлээд 190 000.000 төгрөгийг, дараа нь 171.000.000 төгрөгийг нийт 361.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга нь улсын хэмжээнд төсөв захиран зарцуулдаг эрх хэмжээтэй хүн бишээ, зөвхөн яамны ажилтан, албан хаагчдын төсөв мөнгийг л захиран зарцуулах эрхтэй юм. Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/410 дугаартай албан бичиг нь хэлцэл биш юмаа. Энэ мөнгө нь улсын төсөвт суугаагүй учраас шилжүүлээгүй байх, тухайн үед улсын төсөвт суулгасан бол өгч болох л байсан. Аймаг өөрөө орон нутгийн хөгжлийн санд суулгаж болно шүү дээ. Төсвийг бол сайд захиран зарцуулдаг болохоос төрийн нарийн бичгийн дарга захиран зарцуулдаггүй.

Манай яам нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа 3 талт гэрээ гэдгийг байгуулаагүй, байгуулах ч хууль эрх зүйн үндэс байхгүй, Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тендер зарлаад ажил гүйцэтгэгчээ сонгон шалгаруулаад, Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад, хяналтаа тавих, санхүүжүүлэх үүргээ хүлээсэн байна.

Сайд нь гаргасан тушаалынхаа хүрээнд өгөх ёстой 190.000.000 төгрөг болон 171.000.000 төгрөг, нийт 361.000.000 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлээд өгчихсөн байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа санхүүжилтийн дутуу гэх 19.000.000 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.

Хэрэв санхүүжилт дутуу байгаа бол Ховд аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн орлогоосоо дутуу гээд байгаа санхүүжилтийг нь олгож зохицуулах үүрэгтэй болохоос, манай яаманд хамраалгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн ЗДТГ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ховд аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2016 онд аймгийн Худалдан авах ажилпагааны албанаас зарлаж уг тендерт Х ХХК шалгарсан.

Тус компанитай аймгийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээг байгуулж ажлыг нь эхлүүлсэн.

Тус ажлын гэрээний дагуу аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 220.000.000 төгрөгийг хугацаанд нь Х ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн.

Монгол улсын эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/410 дугаартай албан бичгээр Эрүүл мэнд, спортын яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны төсвийн багцаас тус аймгийн халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажлын 380.000.000 төгрөгийг шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн. Энэ мөнгөний 361.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөртлөө үлдэх 19.000.000 төгрөгийг шилжүүлэхгүй байгаа нь буруу юм.

Х ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргатай 74.000.000 төгрөгийн санхүүжилттэй Засварын нэмэлт ажлын гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 38.000.000 төгрөгийн санхүүжилттэй Хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын засвар шинэчлэптийн нэмэлт ажлын гэрээг тус тус байгуулан гэрээний үүргээ биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Тус компаний нэхэмжилсэн мөнгө болох 19.000.000 төгрөг, алданги 6.108.500 төгрөг нийт 25.108.500 төгрөг нь ажлын гэрээний дагуу ЭЯ анд холбогдох асуудал тул Ховд аймгийн ЗДТГ т хамаарахгүй болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ЭЯ болон Ховд аймгийн ЗДТГ т тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн дутуу 19.000.000 төгрөг, алданги 6.108.500 төгрөг, нийт 25.108.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлагдан, сонгон шалгаруулалт явагдаж Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчээр Х ХХК шалгарсан талаар талууд маргаагүй болно.  

1. Х ХХК нь Ховд аймгийн засаг даргатай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-Ажил-12 дугаартай Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээг байгуулж, аймгийн засаг дарга нь аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг 818.945.646 төгрөгөөр гүйцэтгүүлэх, Х ХХК нь уг ажлыг гүйцэтгэж 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргийн тус тус хүлээжээ.

Дээрх гэрээний тусгай нөхцөл хэсгийн 4-т Ажил нь Орон нутгийн хөгжлийн сан, Эрчим хүчний үр ашиг төсөл, Эрүүл мэнд, спортын яамнаас санхүүжнэ гэжээ. /хх-ийн 15,16, 53-57-р хуудас/

2.Х ХХК нь Ховд аймгийн засаг даргатай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г-2016-Ажил-13 дугаартай Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын нэмэлт ажлын гэрээ байгуулж 74.029.311 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад өгөх, ажил нь Эрчим хүчний үр ашиг төслөөс санхүүжихээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 17,18-р хуудас/

3. Х ХХК нь Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын нэмэлт ажлын гэрээ байгуулж 86.828.038 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашинлалтанд өгөх, ажил нь холбогдох байгууллагуудаас санхүүжихээр харилцан тохиролцжээ./хх-ийн 19, 20-р хуудас/

4. Х ХХК нь Ховд аймгийн засаг даргатай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г-2016-Ажил-13 дугаартай Аймгийн халдвартын эмнэлгийн хэрэглээний ус, цэвэр усны шугмын засвар шинэчлэлтийн нэмэлт ажлын гэрээ байгуулж 38.641.134 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалтанд өгөх, ажил нь Эрчим хүчний үр ашиг төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжихээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 21,22-р хуудас/

Нэхэмжлэгч Х ХХК нь дээрх 4 гэрээний дагуу Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг гүйцэтгэж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 25/2016 дугаартай актаар ашиглалтанд хүлээлгэн өгчээ. /хх-ийн 24-34, 39-46-р хуудас/

5. Эрүүл мэнд, спортын яам, Ховд аймгийн засаг дарга, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нар хамтран тохиролцож Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, уг гэрээгээр гэрээний нийт дүн 892.974.957 төгрөг байна. Үүнээс:

-380.000.000 төгрөгийг Эрүүл мэнд спортын яамны эрх шилжсэн хөрөнгө оруулалтаас,

-200.000.000 төгрөгийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас,

-312.974.957 төгрөгийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс ТШ-2016-Ажил-12, Г-2016-Ажил-13 дугаартай гэрээнүүдийг тус тус санхүүжүүлэхээр харилцан тохиролцож Ховд аймгийн засаг дарга, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 107,108-р хуудас/

Дээрх 5 гэрээний

1. Эрчим хүчний үр ашиг төслөөс 74.029.311 төгрөгөөр санхүүжсэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Г-2016-Ажил-13 дугаартай,

2.Холбогдох байгууллагуудаас 86.828.038 төгрөгөөр санхүүжсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай,

3.Эрчим хүчний үр ашиг төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас 38.641.134 төгрөгөөр санхүүжсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г-2016-Ажил-13 дугаартай гэрээнүүдийн талаар талууд маргаагүй болно.

Харин 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х ХХК нь Ховд аймгийн засаг дарга нарын хооронд байгуулагдсан ТШ-2016-Ажил-12 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Х ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, хариуцагч /захиалагч/ Ховд аймгийн засаг дарга нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс болох 818.945.646 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сан, Эрчим хүчний үр ашиг төсөл, Эрүүл мэнд, спортын яамнаас санхүүжихээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ./хх-ийн 15,16-р хуудас/

Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т зааснаар гүйцэтгэгч нь Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс болох 818.945.646 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сан, Эрчим хүчний үр ашиг төсөл, Эрүүл мэнд, спортын яамнаас санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 16-р хуудас/

Дээрх гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэхэд хэлэлцэн тохирсон хөлс болох 818.945.646 төгрөний 220.000.000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас, 218.945.646 төгрөгийг Германы техникийн хамтын ажиллагааны төсөл болох Эрчим хүчний үр ашиг төслөөс тус тус санхүүжүүлсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүл мэнд спортын яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны төсвийн багцаас Ховд аймгийн Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажлын 380.000.000 төгрөгийг санхүүжүүлэхээр болсон тухайгаа Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн баруун бүсийн менежер Анна Клейншротод Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/410 дугаартай албан бичгээр мэдэгджээ./хх-ийн 245-р хуудас/

Үүний дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн баруун бүсийн менежер Анна Клейншрот нь Эрүүл мэнд, спортын яам, Ховд аймгийн засаг дарга, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нарын байгуулсан гэх гурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзнэ./хх-ийн 107,108, 245-р хуудас/

Ховд аймгийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/182,1/183 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2233, 1/2280 дугаартай албан бичгүүдээр ЭЯ наас санхүүжих 380.000.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг шаардаж байжээ. /хх-ийн 58, 59, 246, 247-р хуудас/

Эрүүл мэндийн сайд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтэд 190.000.000 төгрөгийн төсвийн зарцуулах эрхийг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтэд 171.000.000 төгрөгийн төсвийн зарцуулах эрхийг тус тус Ховд аймгийн засаг даргад шилжүүлжээ./хх-ийн 231,230,246,247-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд ЭЯ нь уг засварын ажлыг гүйцэтгэхэд санхүүжүүлэхээр харилцан тохирсон 380.000.000 төгрөгийн 361.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 19.000.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15,16, 24-34, 39-46, 53-57,107, 108, 231, 230, 245-247-р хуудас/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.-т Алданги ноогдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0,05% байна гэж,

13-т Санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан ажил зогссон тохиолдолд алданги тооцохгүй гэж тус тус тохиролцсон нь санхүүжилтээс дутуу олгосон хөлсөнд алданги тооцно гэж тохирсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд Хариуцагч ЭЯ наас 19.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.108.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Эрүүл мэнд, спортын яам, Ховд аймгийн засаг дарга, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нар хамтран тохиролцож Ховд аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулан, уг гэрээгээр гэрээний нийт дүн 892.974.957 төгрөг байна гэж харилцан тохиролцож Ховд аймгийн засаг дарга, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нар гарын үсэг зурж баталгаажуулан, Эрүүл мэнд, спортын яамны эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаад уг ажлыг гүйцэтгэгч Х ХХК болон бусдыг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч ХАЗДТГ ын газраас татгалзсан тул Ховд аймгийн ЗДТГ т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ЭЯ наас 19.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.108.500 төгрөг болон хариуцагч Ховд аймгийн ЗДТГ т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,492 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО