Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 784

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00601 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭМЯ-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн дутуу 19 000 000 төгрөг, алданги 6 108 500 төгрөг, нийт 25 108 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2016 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож шалгарсан учир 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээг Ховд аймгийн Засаг даргатай байгуулж ажлаа эхлүүлсэн. Гэрээний ажлын санхүүжилтийг 818 945 646 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг санхүүжүүлэлтийг 3 өөр эх үүсвэрээс олгохоор заасан. Үүнд: Улсын төсвөөс буюу Эрүүл мэндийн яам 380 000 000 төгрөг, Ховд аймгийн Орон нутгийн Хөгжлийн сан 220 000 000 төгрөг, Германы техникийн хамтын ажиллагааны төсөл /GTZ/ 218.945.646 төгрөгийн дүнгээр санхүүжилтийг тус тус хувааж хийхээр гэрээгээр тохиролцсон. Орон нутгийн хөгжлийн сан болон Германы техникийн хамтын ажиллагааны төсөл /GTZ/-ийн санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдсэн. Харин ЭМЯ-наас 380 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос Эрүүл мэндийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/47, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/201 тоот тушаалаар нийт 361 000 000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлснээр манай компанид уг мөнгө олгогдсон. Бид гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээгээр хүлээсэн ажлаа чанартай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагч Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 74 000 000 төгрөгийн санхүүжилттэй Засварын нэмэлт ажлын гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 38 000 000 төгрөгийн санхүүжилттэй Хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын засвар шинэчлэлтийн нэмэлт ажлын гэрээг тус тус нэмж байгуулсан бөгөөд гүйцэтгэгчийн үүргээ амжилттай гүйцэтгэж, гэрээний дагуу ажлын үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус Улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Эдгээр нэмэлт гэрээнүүдэд улсын төсвийн буюу Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн санхүүжилт хийхээр тохиролцоогүй болно. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний Эрүүл мэндийн яамнаас хийгдэх санхүүжилтийн үлдэгдэл 19 000 000 төгрөгийг 2016, 2017 онуудад төдийгүй өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсаар байгаа боловч огт хариу өгөөгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлж, уг санхүүжилтийн мөнгөний үлдэгдэл 19 000 000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироож байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний Тусгай нөхцлийн 11-т Алданги ногдуулах хэмжээг хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна гэж талууд бичгээр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тооцож үзвэл 19 000 000х0.05% = 6 108 500 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ТШ-2016-Ажил-12 тоот Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 19 000 000 төгрөг, алданги 6 108 500 төгрөг, нийт 25 108 500 төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн яам нь “Х” ХХК-ийн барьсан барилгын санхүүжилтийг хариуцах үүрэг огт хүлээгээгүй. Эрүүл мэндийн сайд нь эрх шилжүүлэх хоёр тушаал гаргаж, Ховд аймгийн Засаг даргад эрхээ шилжүүлсэн байна. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргад сүүлд шилжүүлсэн 171 000 000 төгрөгийг төсөвт суугаагүй ч гэсэн яамны сайд багцаасаа шийдвэрлэсэн, эхлээд 190 000 000 төгрөгийг, дараа нь 171 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Манай яам нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа 3 талт гэрээ гэдгийг байгуулаагүй, байгуулах ч хууль эрх зүйн үндэс байхгүй, Ховд аймгийн Засаг дарга нь өөрөө тендер зарлаад ажил гүйцэтгэгчээс сонгон шалгаруулаад, “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, хяналт тавих, санхүүжүүлэх үүргээ хүлээсэн байна. Сайд нь гаргасан тушаалынхаа хүрээнд өгөх ёстой 190 000 000 төгрөг болон 171 000 000 төгрөг, нийт 361 000 000 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргад шилжүүлээд өгчихсөн байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа санхүүжилтийн дутуу гэх 19 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.

Хэрэв санхүүжилт дутуу байгаа бол Ховд аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн орлогоосоо дутуу гээд байгаа санхүүжилтийг нь олгож зохицуулах үүрэгтэй, манай яаманд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамнаас 25 108 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 492 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 25 106 500 төгрөгийг гаргуулж "Х" ХХК-д олгож шийдвэрлэх ёстой байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс доорхи бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлага хангах заалт бүхий магадлал гаргаж өгөхийг хүсье. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь харилцан ярилцаж, хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр халдвартын эмнэлгийн дулааны техникийн засварын ажлыг "Х" ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Ийнхүү харилцан тохиролцсон ёсоороо дээрх их засварын ажлын 380 сая төгрөгийг санхүүжүүлэхээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2/450 тоот албан бичгээр мэдэгдэж байсан зэрэг баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад материалуудаар батлагдаж байгааг анхаарна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн дутуу 19 000 000 төгрөг, алданги 6 108 500 төгрөг, нийт 25 108 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй нотлох баримт болох 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Аймгийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын гэрээ нь Ховд аймгийн Засаг дарга, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн дулаан техникийн засварын ажлын санхүүжилтийн гэрээг Эрүүл мэнд спортын яам, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй байгуулсан байна.

     /хэргийн 15-16, 107-108 дах тал/

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатайгаас гадна нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн Эрүүл мэндийн сайдын тушаалууд /хх173-174/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 492 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ