Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02839

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр               Дугаар 181/ШШ2017/                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

“Хог тээвэрлэх гэрээ”-ний үүрэгт 388.300.331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ” ХХК нь 2013 оноос хойш Нийслэлийн С  Тамгын газартай “Хог тээвэрлэх гэрээ” байгуулан тус дүүргийн 3, 4, 5, 19 дүгээр хорооны айл өрх, аж ахуй нэгжийн хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, ил задгай хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Хог тээвэрлэх гэрээнд гүйцэтгэсэн алжын санхүүжилтыг айл өрхийн хог хаягдлын хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдүүлэхээр тусгагдсан бөгөөд санхүүжилт олгох журам, тооцооллын аргачлалыг НИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1245 дугаар тогтоолоор баталсан. “ ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэлээ cap бүр дүгнүүлэн, тооцоо нийлж хамтран ажилласан ба 2013 онд С  Тамгын газраас нэмэлт санхүүжилтийг бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. С  Тамгын газрын зүгээс 2013 оны санхүүжилтийг бүрэн өгсөн ба 2014 онд 274.504.403 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 127,811,295 төгрөг, 2015 онд 170,633,199 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 44,260,062 төгрөг, 2016 онд 193,695,726 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 99,030,195 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 4 cap хүртэл 40,335,155 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 19,766,600 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож нийт 388,300,331 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу олгох ёстой нэмэлт санхүүжилтийг бүрэн өгч байхыг С  Тамгын газраас удаа дараа шаардаж байсан боловч санхүүжилт шийдэгдэнэ, хүлээж бай гэх мэт тодорхой бус хариу өгч бидний ажилд хүндрэл учруулж байна. Цаашид “ ” ХХК-ийн зүгээс хог тээвэрлэх үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон тул С  Тамгын газраас “Хог тээвэрлэх гэрээ”-ний үүрэгт 2014, 2015, 2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 388,300,331 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн  Тамгын газарт холбогдох иргэний хэргийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт 388.300.331 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус дүүргийн 3-5, 19 дүгээр хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014-2017 оны Хог тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 3-5, 19 дүгээр хорооны бүсийн айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Гэрээний хугацаанд cap болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно”, 8.11 дэх хэсэг “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянан, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1 тн тутамд 2300-2700 төгрөг байхаар журамласныг баримтлан нэмэлт санхүүжилтийг олгосон. Мөн нийслэлийн  2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэг “хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжлнэ” гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Төсвийн тухай хуулиар хариуцлагатай байхыг хуульчилсан мөн хуулийн 6 дугаар зүйлин 6.6 дахь хэсэгт төсвийн захирагч нь өөрийн эрх үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасанчлан төсвийн захирагч аливаа төсөв хөрөнгийг зарцуулах эрхийг бусдад шилжүүлж болох хэдий ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар хариуцлагатай хандахыг хуульчилсан. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн cap бүрийн ажлын гүйцэтгэлийг дүүргийн холбогдох албан тушаалтан хянаж, гэрээний гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг төлөөлж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, Ахлах мэргэжилтэн нь баталгаажуулж нэмэлт санхүүжилтийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд захирагчийн ажлын алба энэхүү гэрээнд нэг тал болж оролцсон мөн төсвийн захирагч болж байна. Дээрх НМТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтыг журмаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн 2014-2017 оны 06 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж cap болгон холбогдох санхүүжилтийг олгож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 388 сая төгрөг буюу нэмэлт санхүүжилтийн асуудалд манай байгууллага жинхэнэ хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэлт санхүүжилтийн талаар хичнээн рейс хийсэн, ямар төлбөрийг хэрхэн тооцсон талаарх үндэслэл, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр cap бүрийн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгохоор гэрээнд /2015 оны гэрээний 2-р бүлгийн 5 зүйлд/ тусгасан. Үүнд: 1. Төвлөрсөн хогийн цэгийн диспетчерийн бүртгэл

2. Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч, хог ачуулсан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг, утасны дугаар бүхий баримт, 3. Батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэсэн хог хаягдлыг тээвэрлэсэн бүртгэл, 4. Үүсмэл хогийн цэгүүдийн зурган тайлан, 5. Харьяа хорооны  тодорхойлолт зэргийг тусгаж баталгаажуулахаар гэрээнд заасан. Гэтэл нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлийг үзэхэд, /сонголтоор шалгахад/ нэхэмжлэгчээс гаргасан нэгтгэлд 4-р хороо 75 рейс, төвлөрсөн хогийн цэгийн тасалбараар 57 рейс, 18 рейсийн тасалбар байхгүй, мөн оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн 19 дүгээр хорооны нэхэмжлэгчийн нэгтгэлээр 152 гэх боловч, тасалбар 136 буюу 16 тээвэрлэлтийн гүйцэтгэлийн тасалбар байхгүй байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч гүйцэтгэлийг дутуу эсхүл нотлох баримтыг өгөөгүй байна. Эдгээр баримтуудад дээр дурдсан хог ачуулсан аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг байхгүй, мөн тухайн асуудлыг хариуцсан хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч /хорооны нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан ажилтан/-ийн баталгаажуулсан гарын үсэг зэрэг нь огт байхгүй зэргээс үзвэл эрхийн зөрчилтэй гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлийн төсөв буюу нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлага гарсан тохиолдолд манай талд нэн даруй мэдэгдэж байх учиртай. Гэтэл тухайн сарын гүйцэтгэлд нэн даруй мэдэгдсэн эсхүл энэ тухай албан бичгээр мэдэгдсэн аливаа үйлдэл нь нотлогдохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч   ХХК нь хариуцагч С  тамгын газарт холбогдуулан “Хог тээвэрлэх гэрээ”-ний үүрэгт 388.300.331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч С  тамгын газар нь   ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн  тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө бөгөөд нөгөө талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд “нэмэлт санхүүжилтийг өгч болно” гэж заасан нь уг санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              ХХК болон С  тамгын газрын хооронд 2013 оны 06 сарын 04-ний өдөр 61 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ” /хх-6-9 тал/, 2013 оны 10 сарын 10-ны өдөр “Хог тээвэрлэх гэрээ” /хх-11-14 тал/, 2015 оны 08 сарын 03-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” /хх-74-84 тал/, 2015 оны 01 сарын 10-ны өдөр “Хог тээвэрлэх түр гэрээ” /хх-131-132 тал/, мөн 2017 оны 03 сарын 01-ний өдөр “Хог тээвэрлэх түр гэрээ” /хх-133-136 тал/, 2016 оны 01 сарын 15-ны өдрийн “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” /хх-139-152 тал/, 2015 оны 08 сарын 04-ний өдрийн “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” /хх-153-166 тал/ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр   ХХК нь С 3-5, 19 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах, С  тамгын газар нь   ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээг дүгнэн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоос, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээр төлбөр тооцоог хийхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдийн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх ба талууд гэрээний ин төгөлдөр байдлын талаар маргаангүй байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч   ХХК нь хариуцагч С  тамгын газраас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч   ХХК нь 2013 оны санхүүжилтийг бүрэн өгсөн, 2014 онд 274 5040403 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгос ёстой байсан боловч 127 811 295 төгрөг, 2015 онд 170 633 199 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох байсан боловч 44 260 062 төгрөг, 2016 онд 193 695 726 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох байснаас 99 030 195 төгрөг, 2017 оны 1 сараас 4 сарыг дуусталх хугацаанд 40 335 155 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох байсан боловч 19 766 600 төгрөгийн буюу нийт 1 774 323 460 төгрөгийн ажил гүйцэтгэснээс нийт 1 386 023 129 төгрөгийн ажлын хөлс олгогдсон, 388 300 331 төгрөгийн ажлын хөлс дутуу олгогдсон гэсэн тооцоолол /хх-15-43 тал/-ыг гаргаж өгсөн бөгөөд уг тооцоолол нь Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг С  тамгын газраас баталгаажуулсан баримтууд /хх-85-112 тал/ дахь   ХХК-д холбогдох дүнтэй тохирсон, хариуцагч С  тамгын газар нь   ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцоололд маргахгүй байх тул нэхэмжлэгч   ХХК-ийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагчид буюу С  тамгын газарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ хариуцагч нь   ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй гэж тайлбарлаж байх боловч талууд ажлын хөлс болон нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаартай тогтоол /хх-176-177 тал/-ын хавсралтаар батлагдсан 1 км-т 1 тонн хог тээвэрлэх тариф буюу 2 700 төгрөгийн тарифийг баримтлан тооцож байсан болох нь зохигчдийн тайлбар,  Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг С  тамгын газраас баталгаажуулсан баримтууд /хх-85-112тал/-аар тогтоогдож байх тул талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу тохиролцсон байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ нэмэлт санхүүжилт нь дүүргийн  тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам” /хх-118-128 тал/-ын 8 дугаар зүйлийн 8.8.2, 8.8.3 дахь заалтуудад зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлэн, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан байх тул нэмэлт санхүүжилттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч   ХХК нь хариуцагч С  тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, уг нэмэлт санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өмнө хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь С  тамгын газар байна.

Хариуцагч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралт журмын 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтад “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” гэж заасан, уг заалт нь санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт тул нэмэлт санхүүжилт олгохгүй байж болно гэж тайлбарлаж байх боловч дээрх заалт нь ажил гүйцэтгэх гэрээний талуудын хоорондын төлбөр тооцоотой холбоотой харилцааг зохицуулаагүй, харин дүүргийн орлого хог хаягдлын үйлчилгээний санхүүжилтэд хүрэлцэхгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт байх ба журамд ийнхүү заасан нь хариуцагч С  тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч   ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч С  тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 388 300 331 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч   ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

              1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С  тамгын газраас 388.300.331 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч   ХХК-д олгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч   ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.099.460 төгрөгийн 2.099.452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С  тамгын газраас 2.099.452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч   ХХК-д олгосугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ