Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00455

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00455

 

 

Алтан дорнын хүч ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Хог тээвэрлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 388 300 331 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Алтан дорнын хүч" ХХК нь 2013 оноос хойш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай Хог тээвэрлэх гэрээ байгуулан тус дүүргийн 3, 4, 5, 19 дүгээр хорооны айл өрх, аж ахуй нэгжийн хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, ил задгай хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Хог тээвэрлэх гэрээнд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг айл өрхийн хог хаягдлын хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдүүлэхээр тусгагдсан бөгөөд санхүүжилт олгох журам, тооцооллын аргачлалыг Нийслэлийн Иргэлийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1245 дугаар тогтоолоор баталсан. "Алтан дорнын хүч" ХХК-ийн зүгээс гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэлээ сар бүр дүгнүүлэн, тооцоо нийлж хамтран ажилласан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2013 оны санхүүжилтийг бүрэн өгсөн ба 2014 онд 274 504 403 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 127 811 295 төгрөг, 2015 онд 170 633 199 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 44 260 062 төгрөг, 2016 онд 193 695 726 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 99 030 195 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 4 сар хүртэл 40 335 155 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 19 766 600 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож нийт 388 300 331 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу олгох ёстой нэмэлт санхүүжилтийг бүрэн өгөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа шаардаж байсан боловч санхүүжилт шийдэгдэнэ, хүлээж бай гэх мэт тодорхой бус хариу өгч бидний ажилд хүндрэл учруулсаар байна. Цаашид "Алтан дорнын хүч" ХХК-ийн зүгээс хог тээвэрлэх үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Хог тээвэрлэх гэрээ"-ний үүрэгт 2014, 2015, 2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 388 300 331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн 3-5, 19 дүгээр хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014-2017 оны Хог тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 3-5, 19 дүгээр хорооны бүсийн айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Гэрээний хугацаанд сар болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэмэлт санхүүжилт нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7, 8.11-д тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1 тонн тутамд 2300-2700 төгрөг байхаар журамласныг баримтлан нэмэлт санхүүжилтийг олгосон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар төсвийн захирагч аливаа төсөв хөрөнгийг зарцуулах эрхийг бусдад шилжүүлж болох хэдий ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар хариуцлагатай хандахыг хуульчилсан байдаг. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн сар бүрийн ажлын гүйцэтгэлийг дүүргийн холбогдох албан тушаалтан хянаж, гэрээний гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг төлөөлж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн нь баталгаажуулж нэмэлт санхүүжилтийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд захирагчийн ажлын алба энэхүү гэрээнд нэг тал болж оролцсон мөн төсвийн захирагч болж байна. Нэхэмжпэгчийн 2014-2017 оны 6 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж сар болгон холбогдох санхүүжилтийг олгож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 388 300 311 төгрөг буюу нэмэлт санхүүжилтийн асуудалд манай байгууллага жинхэнэ хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэлт санхүүжилтийн талаар хичнээн рейс хийсэн, ямар төлбөрийг хэрхэн тооцсон талаарх үндэслэл, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлийг үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан нэгтгэлд 4 дүгээр хороо 75 рейс, төвлөрсөн хогийн цэгийн тасалбараар 57 рейс, 18 рейсийн тасалбар байхгүй, мөн оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн 19 дүгээр хорооны нэхэмжлэгчийн нэгтгэлээр 152 гэх боловч, тасалбар 136 буюу 16 тээвэрлэлтийн гүйцэтгэлийн тасалбар байхгүй байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч гүйцэтгэлийг дутуу эсхүл нотлох баримтыг өгөөгүй байна. Эдгээр баримтуудад дээр дурдсан хог ачуулсан аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг байхгүй. Мөн тухайн асуудлыг хариуцсан хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, хорооны нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан ажилтаны баталгаажуулсан гарын үсэг зэрэг нь огт байхгүй зэргээс үзвэл эрхийн зөрчилтэй гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлийн төсөв буюу нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлага гарсан тохиолдолд манай талд нэн даруй мэдэгдэж байх учиртай. Гэтэл тухайн сарын гүйцэтгэлд нэн даруй мэдэгдсэн эсхүл энэ тухай албан бичгээр мэдэгдсэн үйл баримт нь нотлогдохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 338 300 331 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-иас улсн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 099 460 төгрөгийн 2 099 452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлгоос, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2 09 452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолоор зохицуулдаг. Хариуцагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "... захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлсөн. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн байхад шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн дээрх тайлбарыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирын гаргасан гэрч
асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчээс мэдүүлэг,
тайлбар аваагүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан хог тээвэрлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 388 300 331 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 61 дугаар, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 166 дугаар хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 95 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 30 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 76 дугаар хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 74-84, 6-9,11-14, 135-140,143-170 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.

 

Талууд дээрх гэрээнүүдэд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хавсралт 3-т заасан хуваарийн дагуу захиалагчаас нэхэмжлэх эрхтэй, хог хаягдлын үйлчилгээний сар тутмын ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болон хог хаягдлын үйлчилгээнд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын дагуу дүгнэж санхүүжилтыг хавсралт 3-ыг үндэслэн цаг хугацаанд нь шилжүүлнэ, хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь ... хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтыг ... нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно гэж тус тус заажээ. /хх-ийн 76-77, 136,139,149 тал/

 

Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам-ын 8.8.2-д Улаанбаатар хотын захирагчийн алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ, 8.8.3-т Дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгоно гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ он, сар бүрээр гаргаж зохих гэрээнд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд хянуулсан тооцоо нийлсэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ талаар хариуцагч байгууллага маргаагүй болно. /хх-ийн 20-30, 32-43 тал/

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй байна

 

Анхан шатны шүүх хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас баталгаажуулсан баримтууд дахь дүн нь Алтан дорнын хүч ХХК-д холбогдох дүнтэй тохирсон, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон үлдэгдэл ажлын хөлсний тооцооллын талаарх нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын үр дүнг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ ...нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохироогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын төсөвт байдаггүй гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12/45 дугаар хог тээврийн тариф батлах тухай тогтоолын хавсралтад 1км-т 1 тонн хог тээвэрлэх тарифыг 2 700 төгрөгөөр баталсан, талууд уг тарифыг баримтлан тооцсон тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон гэж үзсэн нь зөв байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02839 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО