Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 353

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00058 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ӨБХ” ХХК-д холбогдох

Цалин хөлс 10 136 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 04 дүгээр сард “ӨБХ ХХК-д барилгын талбайн инженерээр ажилд орсноос хойш тасралтгүй 7 жил гаруй ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаас халагдах болсон шалтгаан нь “ӨБХ” ХХК 2018 оны эхнээс эхлэн цалин огт өгөөгүй улмаар өмнө олгосон шагналын журмаар олгосон урамшуулал болох орон сууцны хөнгөлөлтийг буцаан авах шаардлага тавьж эцэст нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүрэл шахалт дарамт үзүүлэх болсон. Миний бие Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд өргөдөл гаргасанд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 тоот ирүүлэхдээ маргааныг цаашид шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн. Иймд нэхэмжлэгч миний бие “ӨБХ” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэлх хугацааны цалин 7.136.991 төгрөг, 2015, 2016, 2017 оны ээлжийн амралт 3.022.813 төгрөг, нийт 10.136.804 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ӨБХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь “ӨБХ” ХХК-д барилгын инженер хэмээх хариуцлагатай ажил, албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд 2014 онд тус компанийн барьж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах 640 айлын Хаппи таун хотхоны 4 ширхэг орон сууцны барилгыг хариуцсан инженерээр томилогдон ажилласан. Гэтэл Хаппи таун хотхоны оршин суугч, байр захиалагч иргэдээс барилгын чанарын асуудлаар удаа дараа гомдол ирүүлэх болсон бөгөөд инженер Д.Г нь уг барилгын засвар үйлчилгээ, чанарын асуудлыг хариуцан ажилласан боловч үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсний улмаас компанийн нэр хүнд, хөрөнгө мөнгөнд багагүй хэмжээний хохирол учирсан. Тухайлбал барилга байгууламжийн засварын хувьд дээврийн салхивч, орцын хаалга, айлуудын ханын цууралт, обой урагдсан, плита цуурсан, цонхны сийгэлт, гаржийн засвар зэргийг инженер Д.Г хариуцсан ажлыг дутуу гүйцэтгүүлсний улмаас компанийн хувьд барилгын засварын ажилд дахин дахин хөрөнгө гаргаж хохирсон юм. Иймд нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ӨБХ /РД:2047764/ ХХК-аас 7,113,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,022,813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨБХ ХХК-аас 128,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Барилга хариуцсан даамал ажилтай инженер Д.Г нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тул хариуцсан барилгын засварын ажилд олон дахин зарцуулсан зардал мөнгийг цалингаас суутгах тухай шийдвэр гарч 2018 оны 01 сараас 05 сар хүртлэх цалинг түүнд олгоогүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх хугацаанд дээрх маргаантай холбоотой гомдол, шаардлагыг хуулинд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргах эрх нь байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн тул 2018 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртлэх цалин болох 7.113.991 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондох цалин хөлсний маргааныг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ӨБХ” ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сараас 05 дугаар сард ажилласан цалин 7 136 991 төгрөг, 2015, 2016, 2017 онуудын ээлжийн амралтын мөнгө 3 022 813 төгрөг, нийт 10 136 804 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Хариуцагч “ӨБХ” ХХК-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан өөрөө хүсэлт гаргасныг үндэслэжээ. /хх-12/ Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацааны цалин хөлсийг олгоогүй талаар маргаагүй болох нь тус компанийн 2018 оны 18/75 тоот албан бичиг, цалингийн тооцоо гэх баримтаар тогтоогдсон.

          

           Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ “...барилгын засварын ажилд дахин дахин хөрөнгө гаргаж компанид хохирол учруулсан” гэж тайлбарласан боловч хариуцагчийн ямар буруутай үйлдлээс хэдэн төгрөгийн ямар хохирол учирсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй, татгалзал үндэслэлгүй байхаас гадна Д.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2018 оны А/03 тоот тушаалыг түүнд гардуулсан гэх баримтыг гаргаж өгөөгүй, уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүртэл цалин хөлсөө байнга шаардаж байсан, байгууллагын зүгээс санхүүжилт алга, дараа сараас удирдлагын түвшинд хэлэлцээд өгнө гэсээр өдий хүрсэн гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй, харин ч цалингаас нь суутгал хийх тухай мэдэгдэл өгч байснаас үзэхэд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд” Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд хандах 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэлтэй байна.

           Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “129.2”  гэснийг хасч, “47 дугаар” гэсний өмнө “5 дугаар зүйлийн 5.2, 55 дугаар зүйлийн 55.1,” гэж нэмж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ