Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00837

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00058 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар магадлалтай, 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

ӨБХ ХХК-д холбогдох, 

Олгогдоогүй цалин хөлс 10.1396.804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2011 оны 4 дүгээр сард ӨБХ ХХК-д барилгын талбайн инженерээр ажилд орсноос хойш тасралтгүй 7 жил гаруй ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаас халагдах болсон шалтгаан нь ӨБХ ХХК 2018 оны эхнээс эхлэн цалин огт өгөөгүй улмаар өмнө олгосон шагналын журмаар олгосон урамшуулал болох орон сууцны хөнгөлөлтийг буцаан авах шаардлага тавьж эцэст нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүртэл шахалт дарамт үзүүлэх болсон. Миний бие Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд өргөдөл гаргасанд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 тоот ирүүлэхдээ маргааныг цаашид шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн. Иймд ӨБХ ХХК-аас 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацааны цалин 7.136.991 төгрөг, 2015, 2016, 2017 оны ээлжийн амралт 3.022.813 төгрөг, нийт 10.136.804 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ӨБХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Г- нь ӨБХ ХХК-д барилгын инженер хэмээх хариуцлагатай ажил, албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд 2014 онд тус компанийн барьж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах 640 айлын Хаппи таун хотхоны 4 ширхэг орон сууцны барилгыг хариуцсан инженерээр томилогдон ажилласан. Гэтэл Хаппи таун хотхоны оршин суугч, байр захиалагч иргэдээс барилгын чанарын асуудлаар удаа дараа гомдол ирүүлэх болсон бөгөөд инженер Д.Г- нь уг барилгын засвар үйлчилгээ, чанарын асуудлыг хариуцан ажилласан боловч үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсний улмаас компанийн нэр хүнд, хөрөнгө мөнгөнд багагүй хэмжээний хохирол учирсан. Тухайлбал барилга байгууламжийн засварын хувьд дээврийн салхивч, орцын хаалга, айлуудын ханын цууралт, обой урагдсан, плита цуурсан, цонхны сийгэлт, гаржийн засвар зэргийг инженер Д.Г- хариуцсан ажлыг дутуу гүйцэтгүүлсний улмаас компанийн хувьд барилгын засварын ажилд дахин дахин хөрөнгө гаргаж хохирсон юм. Иймд нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00058 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ӨБХ /РД:2047764/ ХХК-аас 7.113.991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.022.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨБХ ХХК-аас 128.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 129.2 гэснийг хасч, 47 дугаар гэсний өмнө 5 дугаар зүйлийн 5.2, 55 дугаар зүйлийн 55.1, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очироос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ... Нэхэмжлэгч Д.Г- нь 2018.07.05-д өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2018.08.31-д олгогдоогүй цалин, амралтын мөнгө гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Инженер Д.Г- нь 2014 онд Баянзүрх дүүрэгт барьж буй 640 айлын Хаппи таун орон сууцны барилгыг хариуцсан инженер /даамал/-ийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл захиалагч иргэдээс барилгын чанарын асуудлаар олон дахин гомдол ирүүлэх болсон бөгөөд компаниас барилгын засварын ажилд дахин зарцуулсан зардал мөнгийг хариуцсан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн барилгын даамал Д.Г-ын цалингаас суутгах тухай шийдвэр гарч 2018 оны 01 сараас 5 сар хүртлэх цалинг олгоогүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх хугацаанд дээрх маргаантай холбоотой гомдлын шаардлагыг эрх бүхий байгууллагад гаргаагүй ба өөрийн хүсэлтээр ажлаас гарсныхаа дараа шүүхэд гомдол гаргасан нь хуулийн зарим заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тусгайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулиар хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан зохицуулалт, хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэх маргаан, шүүхээр хянан шийдвэрлэх маргаан болон хөдөлмөрийн маргааны талаар шаардлага гаргах хугацаа зэргийг тодорхой хуульчилж өгсөн. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Ажил олгогч, ажилтаны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч Д.Г-ын гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан “шүүхээр хянан шийдвэрлэх маргаан”-д хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх ёстой ба гомдлыг Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт дэд болон салбар хорооны дүрмийн 5.1, 6.1-д зааснаар хугацаа хэтэрсэн гэж үзэж гомдлыг хүлээн авах боломжгүй тухай Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хорооноос түүнд мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар эрх нь зөрчигдсөн асуудлаар гомдол гаргах хугацааг, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 01-05 сарын цалин 7.113.991 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч тухайн шаардлагатай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хандаагүй, сүүлд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.08.31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтаны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж заасныг үндэслэсэн юм. Гэтэл нэхэмжлэгч Д.Г- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2018 оны 01-05 сарын цалинг аваагүй үе буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс шаардах эрхийг нь тоолоход нэхэмжлэгч нь хуулинд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдлын шаардлага гаргаагүй байна. Иймд хуулийн дээрх заалтуудыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Г- ӨБХ ХХК-д холбогдуулан тус компанид барилгын инженерээр ажиллаж байх үеийн буюу 2018 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын цалин 7.136.991 төгрөг, 2015, 2016, 2017 онуудын ээлжийн амралтын олговор 3.022.813 төгрөг, нийт 10.136.804 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч “үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандснаас байгууллагад хохирол учруулсан” гэж татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр  олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заажээ.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч ӨБХ ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр барилгын инженерээр ажиллаж байгаад тус компанийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, 2018 оны 1-5 сарын цалин хөлсөө аваагүй болохыг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г-ын буруугаас байгууллагад хохирол учирсан гэж  нэхэмжлэлээс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгчийн ямар гэм буруутай үйлдлээс байгууллагад хэдий хэмжээний хохирол учирсан, нэхэмжлэгч эд хөрөнгийн хязгаарлагдмал эсхүл бүрэн хариуцлага хүлээх эсэх нь хэргийн баримтаар  тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Г- цалин шаардаж нэхэмжлэл гаргах хуульд заасан  хугацааг хэтрүүлээгүйг хоёр шатны шүүх  зөв дүгнэжээ.

Харин нэхэмжлэгч Д.Г- 2015, 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлээ хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандан шийдвэрлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан, хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүх засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 130.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ