Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01635

 

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01635

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г Б” ХХК -нд холбогдох

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г Б” ХХК-ийг томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, бие даасан шарадлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Э А Ж” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Г Б” ХХК-тай 107/150 тоот зээлийн гэрээ, 107/150 тоот зээлийн барьцааны гэрээ,Т07/115 тоот болон Т07/116 тоот зээлийн батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 250,000 еврог тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 7.25 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ “Э А Ж” ХХК нь биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрээр “Э А Ж” ХХК-аас 579,795,672 төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон 1 дүгээр байрны 22 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008698 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгийн төлбөрт тооцон авсан. “Э А Ж” ХХК нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 429,795,672 төгрөгийг төлөхгүй байгаа.

Голомт банк нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Э А Ж” ХХК, “М С” ХХК болон ”М Ш” ХХКХХК-уудад холбогдуулан зээлийнгэрээний үүрэгт нийт 12,495,923 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ-ний үндсэн дээр эвлэрсэн. Тус гэрээний 2.5-д хариуцагч “Э А Ж” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Капитрон банк болон Хадгаламж банкинд дараах төлбөрийг төлөх үүрэгтэй болно. Үүнд:

Ажиллагаа явуулж буй байгууллага

Төлбөр авагч

ГҮйцэтгэх баримт бичиг

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

Капитрон банк

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 сарын 29-ний өдрийн 281 дүгээр шийдвэр

Хадгаламж банк

................................................

 

2.6-д Хариуцагч нар нь гэрээний 2.4-д заасан төлбөрт “Э А Ж” ХХК болон “М Ш” ХХК-ийн дараах эд хөрөнгийг 2.5-д заасан өрийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд , эсхүл түүний нэр заасан этгээдэд шилжүүлэн өгч төлбөр тооцоо /гэрээний 2.10-д зааснаас бусад/-г дуусгавар болгохоор харилцан тохиролцов., 2.8-д ...Гэрээний 2.5-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээнэ. Гэрээний 2.5-д заасанчлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөл зохих төлбөрийг төлөх, уг ажиллагааг дуусгавар болгох ажлыг нэхэмжлэгч тал зохион байгуулна. гэж тохиролцсон байна.

Дээрх эвлэрлийн гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4894 тоот шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч нар эвлэрлйин гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг болон “Э А Ж” ХХК-ийн бүх хувьцааг бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт Голомт банкинд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч “Г Б” ХХК нь тус компанийн “К Б” ХХКнд төлөх төлбөрийг төлөхгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г Б” ХХКийг томилж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г Б” ХХК нь Капитрон банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2014 оны эвлэрлийн гэрээ нь “Г Б” ХХК болон “Э А Ж” ХХК, “М Ш” ХХКХХК, “М Ш” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээний тал бус этгээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э А Ж” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитрон банкны нэхэмжлэлтэй “Э А Ж” ХХК-нд холбогдох зээлийн төлбөрт 576,805,644 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг Хан-Уул дүүргийн шүүхээр 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэгдсэн. Уг шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 588 дугаар тогтоолоор эцэслэн баталгаажсан байдаг. Шүүхийн шийдвэрт төлбөрийг ямар хөрөнгөөс гаргуулахыг маш тодорхой заасан бөгөөд тэдгээр хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдрийг хүртэл явагдаж байгаа.

“Э А Ж” ХХК нь одоогийн байдлаар эрх зүйн чадвартай, иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд болно. Компанийн эрх залгамжлалын асуудал нь компани татан буугдах, өөрчлөн байгуулагдах, өөрчлөгдөх тохиолдолд бий болох асуудал ба компани хуучин хэвээр оршин тогтнож байгаа нөхцөлд эрх үүргээ өөрөө хэрэгжүүлдэг. “Э А Ж” ХХК нь дээр дурдсан шүүхийн шйидвэр гарснаас хойш татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрчлөгдсөн зүйл байхгүй болно. Тиймээс эрх залгамжлагчтай байх, тогтоох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К Б” ХХКнь хариуцагч “Г Б” ХХК-нд холбогдуулан төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-тай байгуулж, шүүгчийн захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний дагуу “Э А Ж” ХХК-ийн Капитрон банкинд төлбөл зохих төлбөрийн үүргийг албадан хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд “Г Б” ХХК-ийг төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-ийн эрх залгамжлагчаар томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ...Шүүхийн өмнө талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.6-д “Э А Ж” ХХК ... -ийн дараах эд хөрөнгийг 2.5-д заасан өрийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд ... шилжүүлэн өгч ... төлбөр тооцоог дуусгавар болгохоор харилцан тохиролцов гэж заасан ба энэ заалтад дурдсан 2.5-д “Э А Ж” ХХК-ийн манай банкинд төлөх өрийг Хадгаламж банкинд төлөх өрийн хамт тодорхой дурдсан байдаг. Тус хэргийн нэхэмжлэгч тал нь “Г Б” ХХК байсан тул манайд төлөх ёстой “Э А Ж” ХХК-ийн өр “Н Б” ХХКинд шилжсэн гэж бид үзэж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Талуудын хооронд өр шилжих харилцаа явагдаж буй үед тухайн өрийг шаардах эрх бүхий эзэмшигч этгээдтэй тохиролцохыг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд шаардсан байдаг. Гэтэл өрийг шаардах эрх бүхий Капитрон банктай манай банкны зүгээс тохиролцох ажиллагаа явагдаагүй учир тус эвлэрлийн гэрээг “Э А Ж” ХХК-ийн бусдад төлөх өрийг бид шилжүүлэн авах тухай хэлцэл гэж үзэх боломжгүй. Харин “Э А Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс Голомт банкинд гагцхүү хувьцаагаа шилжүүлэх агуулгатай хэлцэл байсан. гэж хариу маргаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э А Ж” ХХК-ийн төлөөлөгч хариуцагчийн татгалзлыг дэмжиж, тухайн үед “Г Б” ХХК болон “Э А Ж” ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ өр төлбөрийг шилжүүлэх зорилгогүй байсан. Манай компани сүүлийн нилээд хэдэн жилд Капитрон банкинд төлөлт хийгээгүй нь үнэн. Гэхдээ энэ төлбөрийг төлөхөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

1.  Нэхэмжлэгч “К Б” ХХКнь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э А Ж” ХХКтай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 107/150 тоот зээлийн гэрээ байгуулж 250,000 еврог тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 7.25 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тус үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрт “Э А Ж” ХХК-ийг Капитрон банк ХХК-нд 579,795,672 төгрөг төлөхийг шаардсан үйл баримтын тухайд талууд харилцан маргаагүй болно. Түүнчлэн дээрх өрөөс 150,000,000 төгрөгийг орон сууцаар тооцон хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 429,795,672 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй, тус төлбөрийн асуудлаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хэрэгжиж байгаа үйл баримтыг харилцан зөвшөөрч байна.

 

2.  Хариуцагч “Г Б” ХХК нь “Э А Ж” ХХК-аас 1,835,669.98 ам долларын зээлийн төлбөр шаардаж Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна /хх-ийн 64-69 дүгээр тал/.

Эвлэрлийн гэрээний 2.5-д хариуцагч “Э А Ж” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Капитрон банкинд өртэй болохыг дурдсан байх ба тус гэрээний 2.6-д хариуцагч нар нь гэрээний 2.4-т заасан төлбөрт “Э А Ж” ХХК болон “М Ш” ХХКХХК-ийн дараах эд хөрөнгийг 2.5-д заасан өрийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд ... шилжүүлэн өгч төлбөр тооцоог дуусгавар болгохоор харилцан тохиролцов гэжээ. Тус маргааны хувьд эвлэрлийн гэрээний нэхэмжлэгч тал нь “Г Б” ХХК байгаа бол хариуцагч тал нь тус банкинд зээлийн өр төлбөр бүхий “Э А Ж” ХХК, “М Ш” ХХКХХК, “М Ш” ХХКХХК нар байжээ.

Хариуцагч “Г Б” ХХК нь эвлэрлийн гэрээний дээрх заалтыг тайлбарлахдаа энэ нь зээлийн өрийг хувьцаагаар хаах тухай тохиролцоо учир Голомт банкинд “Э А Ж” ХХК-ийн өр төлбөр шууд шилжих талаар зохицуулаагүй хэмээн тайлбарлаж байгаа.

Гэвч шүүх дээрх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

1)    Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болсон эвлэрлийн гэрээ хэргийн зохигчдын хооронд байгуулагддаг. Эвлэрлийн гэрээнд хэргийн зохигчдын зэрэгцээ тухайн хэргийн зохигч бус этгээдүүдийг татан оролцуулсан байх боловч гэрээний үндсэн зорилго нэхэмжлэгч “Г Б” ХХК болон хариуцагч “Э А Ж” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн маргааныг зохицуулахад чиглэгдсэн байх тул “Э А Ж” ХХК-ийн өр төлбөр, “Э А Ж” ХХК-ийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, шаардах эрхийн тухай асуудал эн тэргүүнд гэрээний зүйл байсан гэж үзэх үндэстэй.

Энэ ч агуулгаар тухайн үед “Г Б” ХХК нь түүнд 1,835,669.98 ам.доллар буюу 3,379,303,222.88 төгрөгийн өртэй /хх-ийн 65, 67 дугаар тал байсан “Э А Ж” ХХК-ийн өрөнд тус компанийн өмчлөлийн

а. 5693 м2 талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

б. 11686 м2 талбай бүхий газар эзэмших эрх,

в. уг газар дээрх бусад барилга байгууламжууд, дэд бүтэц, factory outlet, guard house, хашаа гэх мэт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө /хх-ийн 67 дугаар тал/-үүдийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар заасан байна.

Харин дээрхээс гадна нэмэлтээр “Э А Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд хэргийн зохигч биш Т.Н, Б.А, Ш Ж П нараас тус компанийн хувьцааны өмчлөх эрхийг 100 хувь шилжүүлж авахаар эвлэрлийн гэрээнд заажээ. Хэдийгээр хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А, Ш Ж П нар нь хэрэгт хариуцагчаар татагдаагүй боловч өөрсдийн хувьцааг нь эзэмшдэг компаниудын үүсгэсэн өрийг дарах зорилгоор хувьцаагаа шилжүүлэх тохиролцоо дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тохиролцооноос гадна хийсэн байхыг үгүйсгэхгүй боловч энэ нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ аливаа бусад өр төлбөр, эрхийг шилжүүлэх тухай биш гагцхүү хувьцаа шилжүүлэх хэлцэл байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нотолж чадахгүй юм. Хэрэв хувьцаа хэмээх үнэт цаасны дор компанийн бүхий л өр төлбөр, эрх үүрэг эдийн засгийн утгаараа “Г Б” ХХКинд шилжинэ хэмээн тайлбарлавал “Э А Ж” ХХК-ийн өмчлөлөөс дээр дурдсан харьцангуй үнэ цэнэ бүхий томоохон үл хөдлөх хөрөнгийг чухамхүү “Э А Ж” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээлгүй “Г Б” ХХК тухайлан өмчлөлдөө шилжүүлсэн явдал ойлгомжгүй болох юм.

2)   Түүнчлэн эвлэрлийн гэрээ нь “Э А Ж” ХХК-ийн 3,379,303,222.88 төгрөгийг оролцуулан “М Ш” ХХКХХК, “М Ш” ХХК-иудын нийт 12,454,759,820 төгрөгийн өр төлбөртэй холбоотой харилцааг зохицуулжээ. Тус гэрээний 2.10-т “М Ш” ХХКХХК-нд холбогдох 1,038,389,820 төгрөгийн өрөөс бусад өрийг дээр дурдсан “Э А Ж” ХХК-ийн 3 төрлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, өмчлөгчдийн хувьцаа, “М Ш” ХХКХХК-ийн 510 м2 агуулахын зориулалттай нэг үл хөдлөх эд хөрөнгөөр хаахаар тохиролцсон байна. Энэ нь “Э А Ж” ХХК-ийн “Г Б” ХХКинд шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн цар хүрээг түүний тус банкинд үүсгэсэн өртэй зүй ёсоор харьцуулахад хүргэж байна. Гэрээний 2.6-д зааснаар нийт 11 тэрбум гаруй өр төлбөрийг /”М Ш” ХХК-нд холбогдох дээрх 1 тэрбум гаруй өрийг хасаад2 компанийн 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, “Э А Ж” ХХК-ийн 100 хувийн хувьцаагаар хаахаар тохирсон байх ба энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар гэрээний 2.12-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан маргаан бүхий зээлтэй холбоотой бүх барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйлийг үүргээс чөлөөлөхөөр заасан байна. Дээр дурдсан 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийн 3 нь “Э А Ж” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд түүнд үл хамаарах нэг үл хөдлөх эд хөрөнгө нь “М Ш” ХХК-ийн 510 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна.

 

3)   Нөгөөтэйгүүр эвлэрлийн гэрээний 2.6-д ...өрийг... нэхэмжлэгчийн өмчлөлд ...шилжүүлэхээр харилцан тохиролцов гэснийг анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг байгуулахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Эвлэрлийн гэрээний 2.5-д заасан өрийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай тодорхой бөгөөд хоёрдмол утгагүй дурдсан байгааг энд анхаарвал зохино. Үнэ цэнэ бүхий томоохон үл хөдлөх эд хөрөнгийг “Э А Ж” ХХК-ийн өмчлөлөөс гаргаж түүний өөрийн болон бусад компанийн өр төлбөрийг хаах зорилгоор ашигласан хэмээн дүгнэх үндэслэл бүхий байх үед “Э А Ж” ХХК-ийн бусдад төлөх өрийг хамт шилжүүлэн авсан байх ч боломжтой юм.

Эдгээр нөхцөл байдлаар эвлэрлийн гэрээ байгуулах тухайн үед нэхэмжлэгч “Г Б” ХХК, хариуцагч “Э А Ж” ХХК нарын хооронд “Г Б” ХХКинд үүсгэсэн өр төлбөрөө өөрт байсан томоохон үнэ цэнэ бүхий үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө буюу активыг, зарим өр төлбөр буюу пассивын хамт, тэр ч байтугай хувьцаа эзэмшигчид нь хувьцааны өмчлөх эрхээ хүртэл шилжүүлэх замаар дуусгавар болгох хүсэл зоригтой байсныг илтгэнэ гэж шүүх дүгнэлээ.

3.  Хариуцагч “Г Б” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу өр төлбөр шилжих үед шаардах эрхийг эзэмшигч этгээдтэй харилцан тохиролцсон байхыг шаарддаг бөгөөд хэрэв өр төлбөрийг нь шилжүүлж авахыг хүссэн бол тухайн үед “К Б” ХХК-тай энэ талаар тохиролцох байсан хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д өр шилжих тухай зохицуулсан бөгөөд өр шилжих тохиолдолд эдийн засаг, эрх зүйн хувьд харьцангуй эмзэг байр сууринд байх этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгч байдаг. Энэ ч агуулгаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу шаардах эрх бүхий этгээд түүнд өр төлөх этгээд солигдох үйл явцыг зөвшөөрсөн байх нь чухал. Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан ... эзэмшигчтэй нь тохиролцсоноор ... гэх томьёоллыг шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч болон өрийг шилжүүлэн авч буй этгээдийн зөвшөөрлөөр гэх агуулгаар хэрэглэх бүрэн боломжтой. Өрийг өөртөө шилжүүлэн авсан “Г Б” ХХК нь эвлэрлийн гэрээний 2.6-д дээрх өрийг өөртөө шилжүүлэн авах хүсэл зоригоо нэгэнт илэрхийлсэн байх бөгөөд тус илэрхийллийг хүлээж авах эсэхийг зүй ёсоор шийдвэрлэвэл зохих “К Б” ХХКнь уг шилжилтийг дэмжин зөвшөөрч байна.

Шаардах эрх бүхий этгээд болох “К Б” ХХКнь энэ үйлдлийг эсэргүүцээгүй дэмжин зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан эрх олгогдоогүй этгээдийн үйлдлийг хожим дэмжин зөвшөөрсөн хэрэг мөн.

4.  Хариуцагч “Г Б” ХХК-ийн төлөөлөгч эрх залгамжлал хэмээх ойлголт нь хуулийн этгээдийг татан буулгасны үр дүнд бий болох үзэгдэл хэмээн маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх залгамжлагч тогтоогдож болох үндэслэлүүдийг томьёолжээ. Эрх залгамжлал тогтоогдох нэгэн үндэслэл нь талуудын аль нэг нь байхгүй байх гэх ойлголт байх бөгөөд үүний нэгэн хэлбэрт шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлэх хэмээх ойлголт хамаарч байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасны дагуу шүүхээс эрх залгамжлагчаар тогтоосон бол шийдвэр гүйцэтгэгч эрх залгамжлан авах этгээдээр солих ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тусгайлан хэрэглэгдэх нарийвчилсан хууль билээ.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед оролцогч талуудыг эрх залгамжлагчаа солихын тулд гагцхүү тэдгээр хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан байхыг шаардахгүй гэж шүүх дүгнэлээ.

Эдгээр үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г Б” ХХК-ийг томилох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Капитрон банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Б” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К Б” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1-т заасны дагуу “Г Б” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э А Ж” ХХК-ийн эрх залгамжлагчаар томилсугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Капитрон банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Б” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-нд олгосугай.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА