Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00464

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2202 дугаар магадлалтай,

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ГБ ХХК-д холбогдох, 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБ ХХК-ийг томилуулах тухай иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭАЖ ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ГБ ХХК-тай 107/150 тоот зээлийн гэрээ, 107/150 тоот зээлийн барьцааны гэрээ, Т07/115 тоот болон Т07/116 тоот зээлийн батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 250.000 еврог тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 7.25 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ ЭАЖ ХХК нь биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрээр ЭАЖ ХХК-аас 579.795.672 төгрөг гаргуулж, КБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон 1 дүгээр байрны 22 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008698 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгийн төлбөрт тооцон авсан, үлдэгдэл төлбөр болох 429.795.672 төгрөгийг төлөөгүй байгаа. ГБ ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЭАЖ ХХК, Монфрэш сүү ХХК болон Монфрэш шүүс ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12.495.923 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээний үндсэн дээр эвлэрсэн. Хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг болон ЭАЖ ХХК-ийн бүх хувьцааг бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт ГБ ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч ГБ ХХК нь тус компанийн КБ ХХК-д төлөх төлбөрийг төлөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБ ХХК-ийг томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2014 оны эвлэрлийн гэрээ нь ГБ ХХК болон ЭАЖ ХХК, Монфрэш сүү ХХК, Монфрэш шүүс ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээний тал бус этгээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭАЖ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭАЖ ХХК-д холбогдох зээлийн төлбөрт 576.805.644 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг Хан-Уул дүүргийн шүүхээр 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрт төлбөрийг ямар хөрөнгөөс гаргуулахыг маш тодорхой заасан бөгөөд тэдгээр хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа. ЭАЖ ХХК нь эрх зүйн чадвартай, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд болно. Компанийн эрх залгамжлалын асуудал нь компани татан буугдах, өөрчлөн байгуулагдах, өөрчлөгдөх тохиолдолд бий болох асуудал ба компани хуучин хэвээр оршин тогтнож байгаа нөхцөлд эрх үүргээ өөрөө хэрэгжүүлдэг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1-т заасны дагуу ГБ ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч КБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБ ХХК-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2202 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ЭАЖ ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 дүгээр шийдвэрээр 579.795.672 төгрөгийг КБинд төлөх үүрэг хүлээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа орон сууцыг 150.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд үлдэгдэл 429.795.672 төгрөгийг төлөөгүй байгаа. Гэтэл ГБ эвлэрлийн гэрээгээр төлбөр төлөх үүргийг өөртөө шилжүүлж аваагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс ЭАЖ ХХК-ийн өрийг банк өөртөө шилжүүлэн авсан гэж мэтгэлцдэг. Нэхэмжлэгч тал шаардлагаа дараах нотлох баримтаар баталгаажуулж байгаа. Үүнд ЭАЖ ХХК нь тус банкинд барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, дээрх өрийн хамтаар ГБинд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд үүнийг нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4894 дүгээр захирамжаар баталгаажуулсан байна. Шүүхээр баталгаажсан дээрх эвлэрлийн гэрээний 2.4, 2.6, 2.8 дугаар заалтад ЭАЖ ХХК-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг ГБ шилжүүлж авсан болох нь тодорхой харагдаж байдаг. Мөн ГБ ЭАЖ ХХК-ийн бусдад төлөх төлбөрийн төлж өгнө гэсэн гэрээ хийж, хувьцаа болон бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан болохыг тус компанийн анхны хувьцаа эзэмшигч буюу эвлэрлийн гэрээний нэг тал болох иргэн Т.Насанхүү, Б.Алтангэрэл нар нотолж шүүхэд тодорхойлолт хүргүүлсэн. Гэвч ГБ ЭАЖ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг нь өөрөө аваад, компанийн нэрийг нь өөрчилөөд, хувь хүнд шилжүүлчихээд үйл ажиллагаа явуулдаггүй ЭАЖ ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу өөрийн хуулийн зөвлөхөөс ав гэдэг. Давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБийг тогтоох үндэслэлгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн нь худлаа бөгөөд нэг ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй юм. ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБыг тогтоохоос татгалзсан шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэртэй холбогдуулан манай банк шүүхэд гомдол гаргаж байсан. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаар тогтоолоор “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ГБ болон ЭАЖ ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний талаар дүгнэлт өгөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан нөхцөл бий болж, ГБ ЭАЖ ХХК-ийн өрийг өөртөө шилжүүлэн авсан эрх залгамжлан авбал зохих этгээд гэдгийг тогтоох боломж байхгүй юм” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагыг эвлэрлийн гэрээгээр төлбөр төлөгчийн эрх залгамжлагчийг тогтоох боломжгүй гэсэн болно. Түүнээс биш давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБийг тогтоох үндэслэлгүй” гэсэн нэг ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд ГБ нь ЭАЖ ХХК-ийн бусдад төлөх төлбөрийн төлж өгнө гэж нийт 12.886.370.000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж авчихаад Татварын алба болон Хадгаламж банкинд төлөх төлбөрийг төлчихөөд ганцхан нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хууль бус шаардлага тавьж төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. ГБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үүрэг бүхий этгээд мөн бөгөөд ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБийг тогтоолгосноор нэхэмжлэгч нь олон жил бусдаас авч чадахгүй байгаа шүүхийн шийдвэртэй авлагаа бүрэн авах боломж бүрдэнэ. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг бүрэн хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ГБны давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан маргааныг шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж зөв дүгнэсэн атлаа “...ГБ нь хариуцагч мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай, ийнхүү тодруулах нь КБ ХХК нь шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэх, түүний шаардах эрх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр үүссэн эсэх нөхцөл байдлыг дүгнэхэд ач холбогдолтой” гэж нэхэмжлэгчийн шаардлага нэхэмжлэлд тодорхой заагдсан байхад түүний өөр нөхцөлийг тодорхойлох, нэг ёсондоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр, түүнд заагаагүй, талууд анхан болон давж заалдах шатны шүүхээр маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх бус дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээг иш татаж байгаа тохиолдолд тухайн гэрээнд хариуцагч, нэхэмжлэгч оролцсон эсэх талаар Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасныг үндэслэн дүгнэлт хийсэн нь ач холбогдолгүй болно гэж дүгнэсэн бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч гэрээний тал биш гэдэг нь тодорхой, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд оролцогч биш, энэ гэрээг иш татах шаардлагагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох шаардлагагүй байсан болно. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх нь хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж магадлал гаргах бөгөөд уг иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар ямар нэгэн үйл баримт байхгүй бөгөөд зохигчийн зүгээс болон шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн талаар тайлбар, үндэслэл гаргаагүй, энэ талаар зохигч маргаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс журам зөрчсөн гэсэн үндэслэл гаргаж ийнхүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч ЭАЖ ХХК-ийн эрх залгамжлагчаар ГБ ХХК-ийг томилуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Дээрх хэрэгт ЭАЖ ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч КБ ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шаардах эрхээ иргэн Б.Дд шилжүүлж, тэрээр нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч зохигч хяналтын журмаар гомдол гаргасан боловч талууд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээд ЭАЖ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 1.1-т заасан төлбөр болох 429.795.672 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах бөгөөд 97.411.672 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 332.384.000 төгрөгт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хороолол, 203 дугаар байр, 2 дугаар орц 10 давхрын 79 тоотод байрлах 70.72 м.кв орон сууц, мөн байрны 2 дугаар орц 11 давхрын 84 тоотод байрлах 70.72 м.кв орон сууцуудыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь гуравдагч этгээдийг эвлэрлийн гэрээний 2.2-т заасан төлбөр буюу дээрх үүргийг гүйцэтгэнэ гэдгийг нэхэмжлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй тохиолдолд тус төлбөрийн үүргийг хариуцан гүйцэтгэхээр баталгаа гаргаж, энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болохоор харилцан тохиролцов гэжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч КБ ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан Б.Д, хариуцагч ГБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд ЭАЖ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нар гарын үсэг зурсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2202 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд ЭАЖ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 1.1-т заасан төлбөр болох 429.795.672 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах бөгөөд 97.411.672 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 332.384.000 төгрөгт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хороолол, 203 дугаар байр, 2 дугаар орц 10 давхрын 79 тоотод байрлах 70.72 м.кв орон сууц, мөн байрны 2 дугаар орц 11 давхрын 84 тоотод байрлах 70.72 м.кв орон сууцуудыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь гуравдагч этгээдийг эвлэрлийн гэрээний 2.2-т заасан төлбөр буюу дээрх үүргийг гүйцэтгэнэ гэдгийг нэхэмжлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй тохиолдолд тус төлбөрийн үүргийг хариуцан гүйцэтгэхээр баталгаа гаргаж, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70.200 төгрөг, хариуцагч 70.200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ