Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/02633

 

 

 

 

 

2020 оны10 сарын23 өдөр

181/ШШ2020/02633

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С ХХК /РД:2068419/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 3, Чандмань төвийн байр 4 давхар 402 тоот хаягт байрлах ******* групп ХХК /РД:5651964/-д холбогдох

 

341,364,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* групп ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.С ХХК-ийн өмч болох Чандмань төвийн барилгын 4 давхрын 125 квадрат метр талбай бүхий 402, 403 тоот өрөөнүүдийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглах 013/006 тоот Түрээсийн гэрээ байгуулан байрны нэг сарын түрээсийн төлбөр 5,875,000.00 /ашиглалтын зардал, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон/ төгрөгийг дараа сарын 5-ны дотор, цахилгаан ашигласны зардлыг тоолуурын заалтаар сар бүр түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэл хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тус тус түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээж ирсэн. Түрээсийн гэрээг нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Түрээсийн төлбөрийн байдлаасаа шалтгаалан 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс нэг өрөөгөө /402 тоот/ хүлээлгэн өгч, түрээсийн байрны талбайн хэмжээг 92 метр квадрат болгон багасгаж жил бүрийн 12 дугаар сарын сарын 31-ний өдрөөс дараа оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 1-2 жилийн хугацаагаар гэрээгээ сунган өнөөг хүртэл ажиллаж байна. Тус компани нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш байрны түрээс болон цахилгааны төлбөрийг янз бүрийн шалтаг шалтгаан тоочин гэрээнд заасан хугацаанд төлөхгүй хойшлуулан явсаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар байрны түрээсийн төлбөр 294,356,000 төгрөг, алданги 44,979,150 төгрөг, хэрэглээний зардлын 2,010,545 төгрөг, нийт 341,345,695 төгрөгийн өр үүсээд байна. Хуримтлагдсан өр, төлбөрийг барагдуулах талаар 2016 оноос хойш манай компанийн гэрээ хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн ажилтан, компанийн удирдлагын зүгээс удаа дараа уулзаж, нэхэмжлэл, мэдэгдэл, шаардлага өгч, тус компанийн тайлбар, саналд хүлээцтэй хандсаар ирсэн боловч түрээслэгч талаас өр төлбөрийг багасгах, барагдуулах талаар санал санаачилга гаргаж тодорхой ахиц үр дүнд хүргэхгүй одоо төлнө, удахгүй төлнө, өнөөдөр өгнө гэх мэтээр хуурч өдий хүрлээ. 2020 онд 9 удаа уулзаж ярилцсан боловч төлбөрөө барагдуулахгүй өр авлага нь хуримтлагдсаар байна. Иймд Б.С ХХК, ******* групп ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 013/006 тоот байрны түрээсийн гэрээг үндэслэн ******* групп ХХК-аас 2015 оны 9 сараас хойш 2020 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд хуримтлагдсан дараах төлбөрүүдийг гаргуулж өгнө үү. Үүнд: Байрны түрээсийн гэрээний төлбөр 294,356,000 төгрөг, алдангид 44,979,150 төгрөг, хэрэглээний зардлын 2,010,545 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 18,500 төгрөг, нийт 341,364,195 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 1,864,771 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С ХХК нь хариуцагч ******* групп ХХК-д холбогдуулан 341,364,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 сарын 28-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл бүхий этгээд шүүх хуралдаанд ирснийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Б.С ХХК болон ******* групп ХХК нарын хооронд 2013 оны 11 сарын 22-ны өдөр Түрээсийн гэрээ нэртэй гэрээ /хх-9-11 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Б.С ХХК нь ******* групп ХХК-д Сүхбаатар дүүргийн  хойд талд байрлах Б.С ХХК-ийн Даймонд плаза 4 давхарт байрлах 402, 403 тоот нийт 125 м.кв талбай бүхий өрөөнүүдийг ашиглалтын зардал орсон дүнгээр буюу сарын 5,875,000 төгрөгөөр 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэх, ******* групп ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрээнд дарагдсан улсын бүртгэгчийн тэмдгээр тогтоогдож байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.

Түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд талууд гэрээний хугацааг сунгах тохиролцоог хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Түрээсийн гэрээний сунгалт нэртэй баримтууд /хх-12-16 тал/-аар тогтоогдож байх ба уг сунгалтуудыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

Иймд 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь заалтад Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 2015 оны 8 сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй тул 2015 оны 08 сараас 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 294,356,000 төгрөгийг, алдангид 44,979,150 төгрөгийг, хэрэглээний зардал буюу цахилгааны төлбөрт 2,010,545 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд 18,500 төгрөгийг, нийт 341,364,195 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа задлан тайлбарласан.

Хариуцагч нь 2015 оны 08 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын хооронд 2020 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-17 тал/, 2020 оны 03 сарын 19-ний өдрийн огноо бүхий Хамтарсан уулзалт, ярилцлагын тэмдэглэл нэртэй баримт /хх-18,19 тал/-уудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь түрээсэлж байсан 2 өрөөний нэг өрөөг буюу 402 тоот өрөөг 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэхээ больсон болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* групп ХХК-ийн 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 01/108 дугаартай Б.С ХХК-д хандсан албан бичиг /хх-22 тал/-ийн агуулгаар тогтоогдсон.

Иймд 2015 оны 08 сараас хойших буюу 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 58 сарын хугацаанд ******* групп ХХК нь Б.С ХХК-ийн 403 тоот өрөөг ашигласан гэж үзнэ.

Хэдийгээр талуудын хооронд анх байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн түрээсийн гэрээний хугацааг сунгах талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх боловч ******* групп ХХК нь Б.С ХХК-ийн 403 тоот өрөөг 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшин, ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч ******* групп ХХК-ийг энэ хугацаанд нэхэмжлэгч нь Б.С ХХК-ийн 403 тоот өрөөг үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглан хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь заалтад Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу Б.С ХХК нь ******* групп ХХК-аас 403 тоот өрөөг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсантай холбоотой үнийг шаардах эрхтэй байна.

2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 58 сарын хугацаанд өрөөг эзэмшиж ашигласны төлбөрт нэхэмжлэгч 294,356,000 төгрөгийг нэхэмжилснийг 58 сард хуваан тооцож үзэхэд нэг сард 5,075,103 төгрөг болж байх ба хариуцагч ийнхүү тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... гэж заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сарын түрээсийн төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцон нэхэмжилсэн талаар тодруулахад 4,854,000 төгрөгөөр тооцсон гэх тайлбарыг гаргасан тул 4,854,000 төгрөгийг 58 сараар үржүүлэн тооцож, 281,532,000 төгрөгийг хариуцагч ******* групп ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.С ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 44,979,150 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь заалтад Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгчид хүчин төгөлдөр бус байх хэлцэлд үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан алданги шаардах эрх үүсэхгүй, нэхэмжлэгчийн хариуцагчаас алдангид 44,979,150 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хэрэглээний зардалд буюу хэрэглэсэн эрчим хүчний зардлын төлбөрт 2,010,545 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ зардлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зардал нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас хэрэглээний зардалд буюу хэрэглэсэн эрчим хүчний зардлын төлбөрт 2,010,545 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал буюу нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 18,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтууд дахь нотариатын үйлчилгээний хөлс хураасан талаарх тэмдэглэгээгээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нийт 19,500 төгрөгийн нотариатын үйлчилгээний халс төлсөн байдал тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчид зохих төлбөрийг төлөхгүй байсантай холбогдуулан нэхэмжлэгч уг зардлыг өөрөөсөө гаргасан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээнд буюу 18,500 төгрөгийн хэмжээнд уг шаардлагыг хангаж, хариуцагч ******* групп ХХК-аас 18,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* групп ХХК-аас 281,550,500 /281532000+18500/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 59,813,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ******* групп ХХК-аас 281,550,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 59,813,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1,864,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* групп ХХК-аас 1,565,702.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР