Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00460

 

 

 

 

 

 

 

 

“Б С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02633 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн хариуцагч “Н Г” ХХК-д холбогдуулан гаргасан 341 364 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б С ХХК-ийн өмч болох Чандмань төвийн барилгын 4 давхрын 125 квадрат метр талбай бүхий 402, 403 тоот өрөөнүүдийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглах 013/006 тоот түрээсийн гэрээ байгуулан нэг сарын түрээсийн төлбөр 5 875 000 /ашиглалтын зардал, нэмэгдсэн өртгийн албан татвар орсон/ төгрөгийг дараа сарын 05-ны өдрийн дотор, цахилгаан ашигласны зардлыг тоолуурын заалтаар сар бүр түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэл хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тус тус түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээж ирсэн. Түрээсийн гэрээг нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг өрөөгөө /402 тоот/ хүлээлгэн өгч, түрээсийн байрны талбайн хэмжээг 92 метр квадрат болгон багасгаж, жил бүрийн 12 дугаар сарын сарын 31-ний өдрөөс дараа оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1-2 жилийн хугацаагаар гэрээгээ сунган өнөөг хүртэл ажиллаж байна. Тус компани нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш байрны түрээс болон цахилгааны төлбөрийг хугацаандаа төлөхгүй хойшлуулан явсаар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар байрны түрээсийн төлбөр 294 356 000 төгрөг, алданги 44 979 150 төгрөг, хэрэглээний зардлын 2 010 545 төгрөг, нийт 341 345 695 төгрөгийн өр үүсээд байна. Хуримтлагдсан өр, төлбөрийг барагдуулах талаар 2016 оноос хойш манай компанийн гэрээ хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн ажилтан, компанийн удирдлагын зүгээс удаа дараа уулзаж, нэхэмжлэл, мэдэгдэл, шаардлага өгч, тус компанийн тайлбар, саналд хүлээцтэй хандсаар ирсэн боловч түрээслэгч талаас өр төлбөрийг багасгах, барагдуулах талаар санал, санаачилга гаргаагүй. Иймд Б С ХХК, Н Г ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 013/006 тоот байрны түрээсийн гэрээг үндэслэн Н Г ХХК-аас 2015 оны 9 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаан дах түрээсийн гэрээний төлбөр 294 356 000 төгрөг, алданги 44 979 150 төгрөг, хэрэглээний зардал 2 010 545 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 18 500 төгрөг, нийт 341 364 195 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 1 864 771 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дах заалтыг баримтлан хариуцагч Н ГХХК-аас 281 550 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 59 813 695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1 864 771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н Г ХХК-аас 1 565 702.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч “Баттрэйд Си” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд бидний зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийг гардаж авах, хариу тайлбар өгөх боломжийг нэхэмжлэгч нь өгөөгүй юм. Учир нь нэхэмжлэгч “Баттрэйд Си” ХХК нь түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар манай оффисын зориулалттай байр болох 403 тоотыг битүүмжлэн “Н Г” ХХК-ийн тамга, тэмдэг холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байгууллагын ажилчдын эд хөрөнгөнд хууль бусаар халдсан. Биднийг түрээсийн төлбөрөө өгсөн цагт оффис дотор байгаа эд зүйлээ аваарай гэсэн бегөөд 4 сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож компанид хохирол учруулж байсан. “Н Г” ХХК-ийн зүгээс компанийн эд хөрөнгө баримт, бичиг, тамга, тэмдгийг авах талаар удаа дараа албан бичиг шаардлагуудыг өгч байсан боловч хүлээж авахгүй хариу өгөхгүй байсан болно. Энэ хугацаанд нэхэмжлэлийг гардаж авч чадахгүй хариу тайлбар өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шуүх хурал товлогдож “Н Г” ХХК нь шүүх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон. Гэтэл анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзсэнээр төлөөлөгчийг шүүх хуралдаанаас гаргаж шүүх хуралдааныг хийсэн болно. Итгэмжлэлийг өгөхдөө хариуцагчийн зүгээс компанийг төлөөлөх гүйцэтгэх захирал миний бие эзгүй байсан учир компанийн гадаад худалдаа хариуцсан мэргэжилтнээр гарын үсэг зуруулан компанийн тамгыг дарсан. Хэдийгээр компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж итгэмжлэл олгосон нь байгууллагын буруутай үйлдэл мөн боловч тус компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг явуулаад байхад шүүх түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 168 дутаар зүйлийн 168.1.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэгтэйгээр оролцох хууль зүйн боломжийг талуудад олгох ёстой. Шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн” гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талууд хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Б С ХХК нь хариуцагч Н Г ХХК-д холбогдуулан 341 364 195 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Б С ХХК-ийн өмчлөлийн Даймонд плаза төвийн 4 давхарт байрлах 402, 403 тоот нийт 125 м.кв талбай бүхий өрөөнүүдийг ашиглалтын зардал орсон дүнгээр буюу сарын 5 875 000 төгрөгөөр 2014 оны 01 дүгээр сарын сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Н Г” ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хэргийн 9-11 дүгээр тал/ Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах заалтад заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.

Харин талууд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хугацааг сунгах тохиролцоог хийсэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах заалтад заасан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. эргийн 12-16 дугаар тал/ Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дах заалтад заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний сунгалтууд нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хариуцагч 402 тоот өрөөг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэхээ больсон нь нэхэмжлэгч талын тайлбар болон Н Г ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/108 дугаартай Б С ХХК-д ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. /хэргийн 22 дугаар тал/ Улмаар 403 тоот өрөөг хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 58 сарын хугацаанд ашиглаж, 2015 оны 9 дүгээр сараас эхлэн төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан уулзалт, ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 17-19 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасны дагуу Б С ХХК нь Н Г ХХК-аас 403 тоот өрөөг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 58 сарын хугацаанд өрөөг эзэмшиж ашигласантай холбоотойгоор 294 356 000 төгрөгийн хэмжээнд хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал буюу нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 18 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс алданги 44 979 150 төгрөг, хэрэглээний зардал 2 010 545 төгрөгийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхээс дээрх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

            Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2020/10308 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг 2020 оны 8 дугаар сарын 12, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2020/10857 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байна. /хэргийн 39,43 дугаар тал/ Улмаар хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулсан байх ба хариуцагч талаас дээрх шаардлага, түүний үндэслэлийг нотолсон баримтуудыг үгүйсгэсэн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчээс шалтгаалан тайлбар өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэдэг нь хэргийн баримтаар нотлогдсонгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй эсэх тайлбар, түүний үндэслэлийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй нь бусдын үйл ажиллагаанаас болсон гэх байдал тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлосон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч С.Эринбилэгийн 90002812 дугаарын утсаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 11 миниутад мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. /хэргийн 57 дугаар тал/ Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан байх ба түүнийг танилцсанаас хойш нэхэмжлэгч талаас нэмж баримт ирүүлээгүй байна. /хэргийн 51 дүгээр тал/

            Хариуцагч “Н Г” ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Цогнямд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон боловч уг итгэмжлэлд итгэмжлэл олгох эрх бүхий этгээд С.Эринбилэг бус түүний нөхөр, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гэх н.Бямбацогт гарын үсэг зурсан талаар Б.Цогням хүлээн зөвшөөрч тайлбарлажээ. Иймд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхээс Б.Цогнямыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж шүүх хуралдаанд оролцуулалгүй нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсгийг зөрчөөгүй. Нөгөө талаар зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Түүнчлэн хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд гардууснаас 25 хоногийн дараа түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд, мөн хуулийн  71 дүгээр зүйлд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх түрээсийн гэрээний үүрэгт 281 532 000 төгрөг, нотариатын зардал 18 500 төгрөг, нийт 281 550 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                    ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                     С.ЭНХТӨР