Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00348

 

        Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц-т холбогдох

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 722 911 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч З.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг Ц биелүүлээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 722 911 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Д шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр Ц-ын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дугаар тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Д-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 871 500 төгрөгийг олгохыг Ц т даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Ц-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалаар Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 5 871 500 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоот дансанд шилжүүлсэн.

 Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-н цалин хөлсийг бууруулалгүйгээр урд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил албан тушаалд томилсон боловч тэрээр одоог хүртэл томилсон ажилд ажиллаагүй түүнд цалин хөлс олгох үндэслэлгүй. Иймд Б.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Ц-аас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил үүрэг гүйцэтгэсэн этгээдэд цалин хөлс олгохоор заасан. Цалин хөлсийг ойлгомжгүй бодож, тооцсон байна гэжээ.

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33 722 911 төгрөгийг хариуцагч Ц-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, 

     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дох хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ц-т даалгаж,

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326 570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн төлөөлөгч З.Д давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр Ц-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дугаар тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Д-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөг олгохыг Ц-т даалгаж шийдвэрлэсэн. Ц-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговорт 5 871 500 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэж заасан бөгөөд Б.Д-н цалин хөлсийг бууруулалгүйгээр урд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил албан тушаалд томилсон боловч тэрээр одоог хүртэл томилсон ажилд ажиллаагүй тул цалин хөлс олгох үндэслэлгүй.

 Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 722 911 төгрөгийн  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөхөөр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэхээр тус тус заасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц-т холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33 722 911 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр “Ц-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Д-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 871 500 төгрөг олгохыг Ц-т даалгаж” шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 265 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 3-5, 43-51 дугаар тал/

Иймд  хариуцагч Ц нь Б.Д-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь тогтоогдсон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил арилаагүй болох нь талуудын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

   Нэхэмжлэгч Б.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг сэргээн явуулах, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 17-22 дугаар тал/

Иймд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанг ажилд эгүүлэн томилоогүй буюу эрхийн зөрчил арилаагүй үргэлжилсээр байсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04034 дугаар шийдвэрээр олговор тогтоосон хугацаанаас хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, ажилгүй байсан хугацааг 2 жил 8 сар 15 хоногоор тооцож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 33 722 911 төгрөгийг  хариуцагч Ц-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөө шүүхийн шийдвэрийн дагуу 1 333 389 төгрөг /7,8,9 сарын цалин хөлснөөс тооцон/ гэж, 2016 оны 02 дугаар сарын 17-ноос 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин 33 722 911 төгрөг гэж тус тус тайлбарласныг хариуцагч тал маргаагүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч З.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч З.Дашдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА