Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2022/02530

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 24-109 тоотод оршин суух, Ноён цорос овогт Батхүүгийн Даваадалай /РД:ЧД75090213/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 18, өөрийн байранд оршин байрлах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох,

 

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,722,911 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газар биелүүлээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,722,911 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Төрийн албаны тухай хууль хамаарахгүй, харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбоотой буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч З.Дашдаваа шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,871,500 төгрөгийг олгохыг цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хариуцагч талаас давж заалдсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлал, хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсон.

Мөн шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговор болох 5,871,500 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоот дансанд шилжүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. гэж заасан бөгөөд Б.Даваадалайн цалин хөлсийг бууруулалгүйгээр урд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил албан тушаалд томилсон боловч тэрээр одоог хүртэл томилсон ажилд ажиллаагүй түүнд цалин хөлс олгох үндэслэлгүй байна. Иймд Б.Даваадалайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цагдаагийн ерөнхий газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил үүрэг гүйцэтгэсэн этгээдэд цалин хөлс олгохоор заасан байна. Цалин хөлсний хувьд тодорхойгүй яаж тооцоолсон нь ойлгомжгүй байна. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,722,911 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 591 дүгээр тушаалаар Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,871,500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваадалайд олгохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 265 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 3-5 дугаар тал/

 

Шүүх Б.Даваадалайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5,871,500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваадалайд олгохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газар биелүүлээгүй байна.

Иймд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 33.722.911 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Төрийн албаны тухай хууль хамаарахгүй, харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбоотой буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсон.

Мөн шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговор болох 5,871,500 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоот дансанд шилжүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. гэж заасан бөгөөд Б.Даваадалайн цалин хөлсийг бууруулалгүйгээр урд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил албан тушаалд томилсон боловч тэрээр одоог хүртэл томилсон ажилд ажиллаагүй түүнд цалин хөлс олгох үндэслэлгүй байна. Иймд Б.Даваадалайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн ерөнхий газрын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил үүрэг гүйцэтгэсэн этгээдэд цалин хөлс олгохоор заасан байна.

Цалин хөлсний хувьд тодорхойгүй яаж тооцоолсон нь ойлгомжгүй байна ... гэж маргажээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл бодитоор биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.Даваадалай нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,972,204 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04034 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй ба энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 336 дугаар шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Даваадалай, төлбөр төлөгч Цагдаагийн ерөнхий газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00628 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1347 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 133 дугаар зүйлийн 133.1 гэснийг 103 дугаар зүйлийн 103.5 гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/01541 дугаар тогтоолоор давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 10-16, 23-27 дугаар тал/

 

Ажил олгогч Цагдаагийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргаагүй, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдал арилаагүй болох нь зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Б.Даваадалайд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гараагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваагүй болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Даваадалай ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.

 

Цагдаагийн ерөнхий газар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж заасан байх тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Даваадалайд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 2 жил 8 сар 15 хоног ажилгүй байсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Даваадалайг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Даваадалайн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 33,722,911 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 33,722,911 төгрөг гаргуулан Б.Даваадалайд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй., мөн хуулийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт нэхэмжлэгч Б.Даваадалайн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 33,722,911 төгрөгийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Даваадалайд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваадалай болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС