Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 07

 

 

              С.Д-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой С.Д-д холбогдох, 2035000000156 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгч С.Д-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .......-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .........., ..... хамт Увс аймгийн .......... сум, .... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт С-ын Д, регистрийн дугаар: ............

Шүүгдэгч С.Д нь Увс аймгийн Тариалан сумын нутаг Аагаагийн олон булаг гэх газраас 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед зохих зөвшөөрөлгүйгээр 1.6367 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 388’879 /гурван зуун наян найман мянга найман зуун далан ес/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт С-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих”-оор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Д давж заалдах шатны журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх надад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял өгснийг миний бие тухайн үед зөвшөөрч байсан. Гэтэл эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хот руу он гараад нүдний болор солиулах хагалгаанд орох болсон тул нийтэд тустай ажил хийх ялаа эдлэх боломжгүй болсон тул шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй боловч С.Д-ын гомдлыг дэмжиж байна. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн. С.Д-ын зүүн нүд болортой ба зүүн нүдний эмгэг баруун нүдэнд төлөөлж байгаа тул одоогоор баруун нүдэнд хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.  Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тохирсон, нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулсан байгаа. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох  2035000000156 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед Увс аймгийн Тариалан  сумын нутаг “Аагаагийн олон булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.6367 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 388.879 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн талаар  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан  шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Д нь “Шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот явж нүдний болор суулгах хагалгаанд орох болсон тул нийтэд тустай ял эдлэх боломжгүй болсон. Иймд миний нийтэд тустай ажил хийлгэх ялыг  торгох ялаар сольж өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх  ялыг  сонгож, уг ялын доод хэмжээ болох  хоёр зуун дөчин  цаг нийтэд тустай ажил хийлгэхээр  тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд тохирсон байна.

Нөгөө талаар, шүүгдэгч С.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч “Улаанбаатар хот явж нүдний болор суулгах хагалгаанд орно” гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу түүний гомдол нотлох баримтад үндэслээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Д-д оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                                 Н.МӨНХЖАРГАЛ