Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 167

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт С-ын Д-д холбогдох эрүүгийн 2035000000156 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ын Д 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Д нь Увс аймгийн Тариалан сумын нутаг Аагаагийн олон булаг гэх газраас 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед зохих зөвшөөрөлгүйгээр 1.6367 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 388’879 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000156 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн “..2020 оны 3 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой санахгүй байна тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц гэгч нь тус сумын 3 дугаар багийн нутагт байрлах Аагаагийн олон булаг гэх нэртэй газар хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээллийг авсан бөгөөд уг мэдээллийн дагуу Засаг даргын тамгын газраас байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олон булаг гэх нэртэй газар луу явсан. Тухайн бүрэлдэхүүнд Ч.Ц, байгаль хамгаалагч Ч.А, жолоочоор Засаг даргын тамгын газрын жолооч Н.Б өөрийнхөө ахын бор ногоон өнгийн Зил-130 загварын автомашинтай, мөн манайд нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн Х.Б, Д.О нар хамт явсан. Хууль бусаар мод бэлтгэгдсэн байсан гэх газар очиж бэлтгэгдсэн зөвшөөрөлгүй байсан моднуудыг уулаас машин руу зөөж тээвэрлэж тус сумын цагдаагийн хэсгийн хашаанд хураасан байсан. Уг модыг С.Д гэгч хууль бусаар бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч М.Э-ын “...2020 оны 3 дугаар сард тус аймгийн Тариалан сумын нутаг битүү гэх газар байсан. Тухайн газар манай гэр өвөлжиж байсан бөгөөд малын хашаа багадаад байхаар нь малын хашаа барихаар болоод нөхөр Д нь мод бэлтгэхээр болсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр С.Д өглөө гэрээс ганцаараа мотоциклтой, өөрийн дружба хөрөөгөө аваад явсан. Тэр өдөр би гэртээ байсан бөгөөд орой ирэхдээ тус аймгийн Тариалан сумын нутаг Олон булаг гэх газар цөөхөн мод бэлтгэсэн талаараа хэлсэн. ...тухайн үед зохих зөвшөөрөлгүйгээр эрхийн бичиггүй мод бэлтгэсэн бөгөөд модны бичиг авчхаад модоо ачиж авахаар болсон...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Д.О-ын “...Тухайн газарт очиход ой модны захад мод тайраад унагаачихсан байдалтай байсан. Миний харснаар тухайн газарт 20 гаруй мод унагаачихсан байсан бөгөөд модны мөчрийг салгаагүй тайраад унагаачихсан байсан. Бид нар модны захад байж байхад мод ачихаар явсан бусад хүмүүс машинтайгаа ирсэн бөгөөд бид нар тухайн модны мөчрийг нь салгаад газрын уруу чирээд машин байгаа газар хүргээд тэндээ машины тэвшний хэсэгт зарим моднууд багтахгүй болохоор нь хоёр метрээр тайрч ачаад Тариалан сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ч.А-гийн “...Тариалан сумын 3-р багийн нутаг Аагаагийн олон булаг гэх нэртэй газарт очиход ойн модны захад нойтон Шинэс шургааг мод тайраад унагаачихсан, модны мөчрийг нь модноос салгаагүй байсан. Бид нар тухайн газарт очоод тухайн моднуудын мөчрийг нь цавчиж салгаад зарим моднуудыг нь хоёр метрээр тайраад заримыг нь уртаар нь машин дээр ачаад Тариалан сумын төв рүү зөөвөрлөсөн. Уг нь уртаар нь тавих гэсэн боловч зарим моднууд 6 метр орчим урт байсан учраас машины тэвшинд багтахгүй байсан. ...С.Д гэгч нь урьд өмнө надаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй. 2019 оны намар С.Д гэгч нь надаас мод авмаар байна гэж хэлж байсан гэхдээ мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл, эрхийн бичиг авч байгаагүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Ч.Ц-гийн “...Олон булаг гэх нэртэй газарт бэлтгэсэн байсан модыг тухайн залуучуудын хамтаар мөчрийг нь салгаад, уулын бэлээс доош автомашин руу чирч зөөвөрлөөд автомашины тэвшний хэсэгт ачсан. Зарим моднууд 6 метр хүртэл урттай байсан учраас 2 метр орчмын хэмжээтэй тайраад автомашины хэсэгт ачаад Тариалан сум руу оруулаад цагдаагийн хэсгийн хашаанд буулгасан. Тухайн модонд үзлэг хийхэд нийт 78 ширхэг нойтон Шинэс мод байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Н.Д-ийн “...Би нэг өдөр мал хариулаад явж байхад Аагаагийн олон булаг гэх газрын ууланд ой модны захад нойтон хэрэглээний Шинэс мод тайрчихсан, тухайн модны мөчрийг нь салгаагүй байсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц гэгч нь над руу гар утсаар яриад Олон булаг гэх газарт мод бэлтгэсэн талаар ярьж асуухаар би мод бэлтгэсэн байгааг хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “...Тус аймгийн Тариалан сумын 3-р баг 1. N 490 410 442, Е 0910 440 746, 2. N 490 410 511, Е 0910 440 805, 3. N 490 410 481, Е 0910 440 658, 4. N 490 410 329, Е 0910 440 711 солбилцолд орших Аагаагийн олон булаг гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Мод нийтдээ 1.6367 метр куб болж байна. Дээрх мод нь хэрэглээний мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг 1.6367 м3 нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 388’879 төгрөг болж байна...” гэх 6 дугаартай дүгнэлт[7],

8. Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...2020 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тариалан суманд 6 жил ашигласан дружба хөрөөний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 20’000 /хорин мянга/ төгрөг, 10 жил ашигласан мустанг-5 загварын мотоцикл 150’000 /нэг зуун тавин мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 259 дугаартай дүгнэлт[8],

9. Шүүгдэгч С.Д-ын яллагдагчаар өгсөн “...Тариалан сумын 3-р багийн нутагт байрлах Аагаагийн олон булаг гэх нэртэй газарт очоод тухайн газарт баруун талын бэлийн зах хэсгээс Шинэс мод тайрч бэлтгэсэн. Би нийт 20 гаруй модыг тайрч унагаасан бөгөөд тухайн үедээ сүх авч яваагүй, модны мөчрийг модноос салгаж чадахгүй болохоор нь тухайн газарт нь тайраад унагаад байсан юмаа...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг[9] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Тариалан сумын нутаг 3 дугаар багийн нутаг “Аагаагийн олон булаг” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй боловч шүүгдэгч С.Д нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.6367 метр куб Шинэс мод бэлтгэсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрч М.Эрхэмбаяр, Д.О, Н.Б, Ч.А, Ч.Ц нарын мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д-ын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг 3 дугаар багийн нутаг “Аагаагийн олон булаг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 23 /ачихдаа 78 ширхэг болгож хуваасан/ ширхэг буюу 1.6367 метр куб хэмжээтэй нойтон Шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 388’879 /гурван зуун наян найман мянга найман зуун далан ес/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /388.879х3/=1’166’137 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун гучин долоо/ төгрөг байна. Шүүгдэгч нь Увс аймгийн Тариалан сумын байгаль хамгаалах сангийн 100151355405 тоот дансанд 777’000 төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 389’636 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.Э-ын мэдүүлэг[10], гэрч С.Б-ийн мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[13] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Д-аас хохиролд төлсөн 777’000 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Байгаль хамгаалах сангийн 100151355405 дугаартай данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар бэлтгэсэн 388’879 төгрөгийн үнэ бүхий 1.6367 метр куб 78 ширхэг шинэс модыг, шүүгдэгч С.Д-ын эзэмшлийн 150’000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоциклийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дружба хөрөөний үнэ болох 20’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт С-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Д-аас хохиролд төлсөн 777’000 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Байгаль хамгаалах сангийн 100151355405 дугаартай данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 388’879 төгрөгийн үнэ бүхий 1.6367 метр куб 78 ширхэг шинэс модыг, шүүгдэгч С.Д-ын эзэмшлийн 150’000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоциклийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дружба хөрөөний үнэ болох 20’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.Д-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоцикл, 1.6367 метр куб 78 ширхэг шинэс модыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА

 


[1] хх-ийн 61-62 дугаар хуудас

[2] хх-ийн 64-65 дугаар хуудас

[3] хх-ийн 68-69 дүгээр хуудас

[4] хх-ийн 72-73 дугаар хуудас

[5] хх-ийн 74-75 дугаар хуудас

[6] хх-ийн 76-77 дугаар хуудас

[7] хх-ийн 84-86 дугаар хуудас

[8] хх-ийн 92 дугаар хуудас

[9] хх-ийн 101-103 дугаар хуудас

[10] хх-ийн 66-67 дугаар хуудас

[11] хх-ийн 78-79 дүгээр хуудас

[12] хх-ийн 114 дүгээр хуудас

[13] хх-ийн 131 дүгээр хуудас