Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 156/шш2022/00166

 

 

 



 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

     ....................

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................. байрлах,......... 

Хариуцагч: ................. оршин суух, Ц. С

Нэхэмжлэлийн шаардлага: 13 140 240,06 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Хариуцагч: Ц.С

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ц, Ц.С нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 500 000 төгрөгийг.............салбарын төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд ................. байр, 08 тоот хаягт байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Ж.Ц, Ц.С нар нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2 345 765,91 төгрөг, зээлийн хүүд 2 780 631,06 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлдэгч Ж.Ц нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С-аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн төлбөр 12 154 234,09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986 005,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг, нийт 13 140 240,06 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Ц, Ц.С нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 500 000 төгрөгийг ................ төв тооцооны төвөөс 60 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Х..................байрлах зөөврийн зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалан авсан. Ж.Ц, Ц.С нар нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2 345 765,91 төгрөг зээлийн хүүд 2 780 631,06 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд үндсэн зээлдэгч Ж.Ц нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.С-аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 12 154 234,09 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 986 005,97 төгрөг, нийт 13 140 240,06 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авахуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Ц.С нь энэ зээлийг сард 100000-150000 төгрөгөөр төлж барагдуулах санал гаргасан боловч энэ графикаар төлүүлэхэд 8 жилийн хугацаа шаардаж байх тул банк хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би жирэмсэн байсан, аавыгаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгчих гэсэн учраас гарын үсэг зурж өгсөн. Ийм асуудал үүснэ гэж мэдээгүй. Одоо миний хувьд гэртээ хүүхдээ хараад байдаг учраас энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй. Би банкин дээр очоод энэ зээлийг сард 100 000 төгрөг эсвэл 150 000 төгрөгөөр төлж байхыг санал гаргахад хүлээж аваагүй. Би мөнгийг төлөх боломжгүй, энэ зээлийн мөнгийг би аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн............. дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ................ дугаартай Барьцааны гэрээ, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, LOS программ дээр ажиллах журмын хавсралт 8, Зээл хүсэгчийн анкет, Оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг болно.

5. Хариуцагчаас Ж.Ц-ын нас барсны гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ............хадгалагдаж байгаа хариуцагчийн зээлийн хувийн хэрэгт үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргав.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч Ц.С-д холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 13 140 240,06 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь аав маань хамтран зээлдэгч хэрэгтэй байна гэхээр би гэрээнд гарын үсэг зурсан, энэ мөнгийг би төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6 570 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 6 570 120 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч Хаан банк, иргэн Ж.Ц, Ц.С нарын хооронд 2018 оны 11-р сарын 15-ны өдөр ........... тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар байгуулжээ. Энэ гэрээнд хариуцагч Ц.С нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож банкнаас 14 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлжээ. /Хэргийн материалын 8-10-р тал/

Үндсэн зээлдэгч Ж.Ц нь 2019 оны 05 сарын 29-ны өдөр зуурдаар нас барж /хэргийн материалын 87-р тал/ зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Ц.С-аар 2020 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл төлүүлсэн. 2020 оны 09 сарын 01-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2.345.765.91 төгрөг, хүү 2.780.631.06 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 12 154 234.09 төгрөг, зээлийн хүүнд 986 005.97 төгрөг нийт 13 140 240.06 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь би энэ мөнгийг аваагүй, гарын үсэг зурсан гэж маргах боловч үнийн дүнг буюу үндсэн зээл, зээлийн хүүгийн үнийн дүн дээр маргадаггүй болно.

Хариуцагч Ц.С нь 1993 оны 10 сарын 16-ны өдөр төрсөн ба зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохдоо 25 настай байсан нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байжээ. Иймээс өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох насанд хүрсэн байх тул ямар харилцаанд орж, ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа бүрэн ойлгох чадвартай байсан гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эртхэй байхаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн аав маань хамтран зээлдэгч хэрэгтэй байна гэхээр гарын үсэг зурсан, би энэ мөнгийг хариуцахгүй гэж байгаа тайлбар үндэслэлгүй ба эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нэгэнт гэрээний нэг тал болж өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээний харилцаанд орсон бол өөрийн үйлдлийг хариуцах үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Гэхдээ хариуцагч нь зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч байна. Тухайлбал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Ц.С нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул 2018 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар хариуцах нь зүйтэй байна.

Иймээс хариуцагч Ц.С нь ямар хэмжээгээр үүрэг хүлээхийг тодорхойлох шаардлагатай ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9Хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээд хэд хэдэн өвлөгчтэй бол тэдгээр нь тус бүрдээ өв залгамжлалаар өөрт ногдох өвтэй хувь тэнцүү хэмжээгээр үүрэг хүлээнэ гэж хуульчилсан ба үүрэг гүйцэтгэгч Ж.Цогтбаатар нь 2019 онд нас барснаар үндсэн зээлдэгчийн бүх үүргийг хамтран зээлдэгч дангаараа хүлээх нь учир дутагдалтай байна. Тухайлбал үндсэн зээлдэгч нь нас барсан, хамтран зээлдэгч Ц.Санчирмаа нь түүний төрсөн охин болох нь тогтоогдож байгаа боловч бүх үүргийг хариуцахгүй. Энэ нь Иргэний хуулийн тусгай зохицуулалтаар зохицуулагдах ба Ж.Ц-ын эрх, үүрэг өв залгамжлын харилцаагаар үргэлжлэх боломжтой юм.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульчилсан ба Ж.Ц нас барсанаар түүний хүлээх үүрэг нь түүний эд хөрөнгө, бусад эрхийг өвлөж авсан этгээдэд шилжихээр байх тул 2018 оны 11 сарын 15-ны өдөр .........-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.С дангаар хүлээхгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч ц.С-ийн хувьд энэхүү зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ хувьд оролцсон байх тул өөрийн үүргийг хүлээх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хуульчилсан байх тул зээлийн гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хариуцагч Ц.С хариуцах үүрэгтэй гэж дүгнэлээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 6 570 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ. Үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 6 570 120 төгрөгийг нэхэмжлэгч нь Ж.Ц-ын эрх, үүргийг өвлөсөн этгээдээс нэхэмжлэх боломжтой болохыг дурдаж байна.

2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 15-ны өдрийн ................. дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан. Дээрх барьцааны гэрээнээс үзэхэд энэ гэрээг нэхэмжлэгч ..........., Ж.Ц нарын хооронд байгуулсан байх ба барьцаалуулагч гэдэг дээр Ж.Ц, Ц.С нар гарын үсэг зурсан хэдий ч гэрээний талууд гэдэгт Ц.С оролцоогүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 462750 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас 6 570 120 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул энэ хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 120 072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг болох 13 140 240.06 төгрөгт 223 651 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагат 70200 төгрөг нийт 293 851 төгрөг төлөх байсан боловч илүү төлсөн 98699 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.С-аас 6 570 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 570 120 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120 072 төгрөг, улсын орлогоос 98 699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ