Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00009

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00009

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 48 дугаар байранд байрлах, Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 7-21 тоотод оршин суух, ........... дугаар регистртэй, эмэгтэй, Эрдмийн далай ерөнхий боловсролын цогцолбор сургуульд нийгмийн ажилтан ажилтай, Онход овогт Дын Уд холбогдох

Сурагчдын дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24.556.275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2016/01268/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газар, Боловсролын газраас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу манай компани Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Манай компани энэхүү үүргийнхээ дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийлүүлэх дүрэмт хувцсыг нийлүүлсэн боловч борлуулагдсан дүрэмт хувцасны төлбөр дутуу хийгдсэн. Иймээс бид борлогдсон дүрэмт хувцасныхаа төлбөрийн үлдэгдлээ авахаар тооцоо нийлэхэд сурагчдад борлуулсан дүрэмт хувцасны төлбөрийн зарим хэсгийг тус сургуулийн нийгмийн ажилтан манайд шилжүүлээгүй байсан тул 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай хэлцэл хийж нийгмийн ажилтан Д.У нь 27.981.819 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээн талууд баталгаажуулсан. Гэтэл энэхүү төлбөр өнөөдрийг хүртэл бүрэн хийгдээгүй тул шүүхэд хандан дараахь шаардлагыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Д.Угаас 24.556.275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Октябрийн районд 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, шүүхэд төлөөлөх эрхийн 0893 дугаар үнэмлэхтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-75 тоотод оршин суух, ЧИ81121419 дугаар регистртэй, Боржигон овогт Бгийн Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, гүйцэтгэгч компани болох Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2014 онд хамтран ажиллах гуравласан гэрээ байгуулж, сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Манай зүгээс захиалагчаас ирүүлсэн хүүхдийн тооны дагуу хувцсаа нийлүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуульд 156.288.800 төгрөгийн бараа нийлүүлсэн боловч 19.893.749 төгрөгийн барааг буцаасан. Үүнийг хасахаар 136.395.051 төгрөгийн авлага үүсч 111.832.776 төгрөг төлсөн байдаг, үлдсэн 24.556.275 төгрөгийг тус сургуулиас авахаар шаардахад уг мөнгийг нийгмийн ажилтан Д.У хураан авч хувьдаа хэрэглэсэн байсан. Тиймээс Өр барагдуулах тухай хэлцлийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.Утай байгуулж, төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барагдуулахаар тохирсон боловч одоо болтол төлөөгүй байгаа. Хариуцагч Д.У хариу тайлбартаа тус төлбөрийг төлөх талаар маргаагүй, харин борлуулалтын урамшуулал 10 хувийг авах ёстой гэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд урамшуулал авах, хөлсөөр ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бид сургуультай л харьцаж байсан учир урамшуулал авах үндэслэл байхгүй. Мөн 431.466 төгрөгийг дүрэмт хувцас үлдсэн ба үүнийг буцаана гэж тайлбарласан байсан. 2014 онд зарим сургуулиуд дээр хэрэглэж байсан хувцсаа угааж индүүдээд буцааж өгсөн асуудал гарсан учир боломжгүй юм. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар бүх хувцас зарагдаж дууссан гэж манай талаас ойлгож байсан. Гуравласан гэрээ нь Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт байгаа бөгөөд хариуцагч энэ тал дээр маргаагүй учир бид гэрээг заавал хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 онд Аймгийн Боловсрол соёлын газрын сонголтоор Улаанбаатар хотын Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмт хувцсыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэрэглүүлэх болж сургуулиудад дүрэмт хувцсыг шууд бэлнээр хүлээлгэж өгсөн. Тухайн үед дүрэмт хувцсыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан ба дүрэмт хувцсыг сургуулийн нярав А.Л, технологийн багш Б.М, Д.Мөнхтуяа, Б.Янжмаа, Б.Бүрэнбаяр нар 156.288.800 төгрөгийн хувцсыг хүлээн авсан ба 19.893.749 төгрөгийн хувцасны буцаалт хийж 136.395.051 төгрөгийн хувцас үлдсэн байна. Үүнээс 111.938.776 төгрөгийг /баримт тулгасан/ тушааж, 24.456.275 үлдсэн байна. Үүнээс одоо байгаа бүтээгдэхүүн дунд ангийн эмэгтэй зангиа 260.000, бага ангийн эрэгтэй хүрэм өмд 62.856, ахлах ангийн эрэгтэй хүрэм өмд 108610, нийт 431.466 төгрөгийн үлдэгдлийг буцаалт хийнэ. Үнийн дүнгээс хасаж тооцно. Боловсрол соёлын газраас дүрэмт хувцасны мөнгийг эцэг, эхээс анги удирдсан багш, анги удирдсан багшаас нийгмийн ажилтан, нийгмийн ажилтан банкинд мөнгийг тушаах дараалал гаргаж заавал энэ байдлаар мөнгийг тушаахыг шаардсан. 2014, 2015 оны турш эцэг эхчүүд, багш нараас дүрэмт хувцасны мөнгийг нэхэх, шахах, шаардах ажлыг биднээр хийлгэсэн ба өөрийн үндсэн ажлын хажуугаар хийж гүйцэтгэсэн. Миний хувьд энэхүү их хэмжээний мөнгийг өөрийн гараар цуглуулж компанийн дансанд шилжүүлэхэд их хүндрэлтэй байсан. Эцэг эх, багш нараас хураан авч дуусгасан нь үнэн. Үүнээс нэг ч төгрөгийн урамшуулал, шимтгэл надад өгөөгүй. 10.000.000 /арван сая/ төгрөгийг хэрэглэсэн тооцоо байна. Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2014 онд манай сургуулийн захиралтай гэрээ хийж гарын үсэг зураагүй байдаг. Нийт сургуулиуд энэ компанийн хувцас хэрэглэнэ гэсэн байдлаар шууд хуваарилсан гэж үзэж байна. Иймд дараахь байдлаар шийдэж өгнө үү. Нийт нэхэмжилсэн 24.456.275 төгрөгөөс 431.466 төгрөгийг хасах, мөн борлуулалтын урамшуулалын 10 хувийн ашиг 13.639.505 төгрөгийг хасч, үлдэгдэл 10.385.304 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Уд холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24.556.275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн сурагчдын дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24.556.275 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Угаас гаргуулж авна, хариуцагч нь нийт нэхэмжилсэн 24.456.275 төгрөгөөс буцаах барааны үнэ 431.466 төгрөг, борлуулалтын урамшуулалын 10 хувийн ашиг 13.639.505 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл 10.385.304 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

2014 онд нэхэмжлэгч Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газар, Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулиудын дунд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ байгуулан, төсөл хэрэгжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

Зохигч болох Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани, Д.У нарын хооронд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлж, борлуулах тухай гэрээ байгуулсан, эрх зүйн ямар харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч нотлож чадахгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх шаардлагатай юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа сурагчдын дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24.556.275 төгрөгийг тус сургуулийн нийгмийн ажилтан Д.У хураан авч хувьдаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрч өр барагдуулах тухай хэлцлийг байгуулж, төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барагдуулахаар тохирч гарын үсэг зурсан тул тэрээр хариуцагч мөн гэж тайлбарлан, иргэн Д.Уд холбогдуулан дээрх төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй, эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл Т х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх тухай гэрээ байгуулсан этгээдээс үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй ба Д.У тухайн хэргийн хариуцагч этгээд биш байна.

Иймд Д.Угаас дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24.556.275 төгрөг гаргуулах тухай Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийг эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн ба хариуцагч Д.Уд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч Д.Уд холбогдох сурагчдын дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдэл 24.556.275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА