Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0014

 
     

“Торгон хийц” ХХК- ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч, Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хариуцагч Д.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Торгон хийц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ундармаад холбогдох

Сурагчдын дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24,556,275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Торгон хийц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газар, Боловсролын газраас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу манай компани Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Манай компани энэхүү үүргийнхээ дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийлүүлэх дүрэмт хувцсыг нийлүүлсэн боловч борлуулагдсан дүрэмт хувцасны төлбөр дутуу хийгдсэн. Иймээс бид борлогдсон дүрэмт хувцасныхаа төлбөрийн үлдэгдлээ авахаар тооцоо нийлэхэд сурагчдад борлуулсан дүрэмт хувцасны төлбөрийн зарим хэсгийг тус сургуулийн нийгмийн ажилтан манайд шилжүүлээгүй байсан тул 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай хэлцэл хийж нийгмийн ажилтан Д.Ундармаа нь 27.981.819 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээн талууд баталгаажуулсан. Гэтэл энэхүү төлбөр өнөөдрийг хүртэл бүрэн хийгдээгүй тул шүүхэд хандан дараахь шаардлагыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Д.Ундармаагаас 24.556.275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, гүйцэтгэгч компани болох Торгон хийц хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2014 онд хамтран ажиллах гуравласан гэрээ байгуулж, сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Манай зүгээс захиалагчаас ирүүлсэн хүүхдийн тооны дагуу хувцсаа нийлүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуульд 156.288.800 төгрөгийн бараа нийлүүлсэн боловч 19.893.749 төгрөгийн барааг буцаасан. Үүнийг хасахаар 136.395.051 төгрөгийн авлага үүсч 111.832.776 төгрөг төлсөн байдаг, үлдсэн 24.556.275 төгрөгийг тус сургуулиас авахаар шаардахад уг мөнгийг нийгмийн ажилтан Д.Ундармаа хураан авч хувьдаа хэрэглэсэн байсан. Тиймээс Өр барагдуулах тухай хэлцлийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.Ундармаатай байгуулж, төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барагдуулахаар тохирсон боловч одоо болтол төлөөгүй байгаа. Хариуцагч Д.Ундармаа хариу тайлбартаа тус төлбөрийг төлөх талаар маргаагүй, харин борлуулалтын урамшуулал 10 хувийг авах ёстой гэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд урамшуулал авах, хөлсөөр ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бид сургуультай л харьцаж байсан учир урамшуулал авах үндэслэл байхгүй. Мөн 431.466 төгрөгийг дүрэмт хувцас үлдсэн ба үүнийг буцаана гэж тайлбарласан байсан. ... Гуравласан гэрээ нь Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт байгаа бөгөөд хариуцагч энэ тал дээр маргаагүй учир бид гэрээг заавал хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагч Д.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ундармаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 онд Аймгийн Боловсрол соёлын газрын сонголтоор Улаанбаатар хотын Торгон хийц хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмт хувцсыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэрэглүүлэх болж сургуулиудад дүрэмт хувцсыг шууд бэлнээр хүлээлгэж өгсөн. Тухайн үед дүрэмт хувцсыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан ба дүрэмт хувцсыг сургуулийн нярав А.Лхагвадорж, технологийн багш Б.Мөнхсайхан, Д.Мөнхтуяа, Б.Янжмаа, Б.Бүрэнбаяр нар 156.288.800 төгрөгийн хувцсыг хүлээн авсан ба 19.893.749 төгрөгийн хувцасны буцаалт хийж 136.395.051 төгрөгийн хувцас үлдсэн байна. Үүнээс 111.938.776 төгрөгийг /баримт тулгасан/ тушааж, 24.456.275 үлдсэн байна. Үүнээс одоо байгаа бүтээгдэхүүн дунд ангийн эмэгтэй зангиа 260.000, бага ангийн эрэгтэй хүрэм өмд 62.856, ахлах ангийн эрэгтэй хүрэм өмд 108610, нийт 431.466 төгрөгийн үлдэгдлийг буцаалт хийнэ. Үнийн дүнгээс хасаж тооцно. ... Торгон хийц хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2014 онд манай сургуулийн захиралтай гэрээ хийж гарын үсэг зураагүй байдаг. Нийт сургуулиуд энэ компанийн хувцас хэрэглэнэ гэсэн байдлаар шууд хуваарилсан гэж үзэж байна. Иймд дараах байдлаар шийдэж өгнө үү. Нийт нэхэмжилсэн 24.456.275 төгрөгөөс 431.466 төгрөгийг хасах, мөн борлуулалтын урамшууллын 10 хувийн ашиг 13.639.505 төгрөгийг хасч, үлдэгдэл 10.385.304 төгрөгийг төлнө гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч Д.Ундармаад холбогдох сурагчдын дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдэл 24.556.275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Торгон хийц хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Торгон хийц хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо: ... Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт “...Торгон хийц ХХК, Д.Ундармаа нарын хооронд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлж, борлуулах тухай гэрээ байгуулсан, эрх зүйн ямар харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч нотолж чадахгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх шаардлагатай юм.” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ Д.Ундармаатай сурагчдын дүрэмт хувцас нийлүүлж, борлуулах тухай гэрээ байгуулсан гэх нэг ч үг үсэг, өгүүлбэр дурьдаагүй, ийм тайлбар үйл баримтын талаар шүүх хуралдаанд гаргаагүй бөгөөд Д.Ундармаатай сурагчдын дүрэмт хувцас нийлүүлж, борлуулах тухай гэрээ байгуулаагүй учраас энэ талаар нотлох баримт хаана ч байхгүй, байхгүй баримтыг нэхэмжлэгч гаргах боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасан зөрчил байсан бол анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 болон 65.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан боловч ийнхүү шийдвэрлээгүй атлаа дээрх үндэслэлээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамааруулан дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт “..иргэн Д.Ундармаад холбогдуулан ... төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй, ... хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй ..” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд дээрх дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байна. Шүүх нэхэмжлэлд тодорхойлогдсон буюу нэхэмжлэгчийн сонгосон хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч яагаад ийнхүү дүгнэх болсноо ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй, нотлох баримттайгаар тайлбарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг Д.Ундармаа хариуцах нь хуульд нийцээгүй гэх дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаарх дээрх дүгнэлтүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах боломжтой гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь Хөвсгел аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” ерөнхий боловсролын сургуультай сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ байгуулсан боловч дүрэмт хувцасны үнийг эцэг, эхчүүдээс өөртөө хураан авч ашигласан сургуулийн нийгмийн ажилтан Д.Ундармаатай тооцоо нийлэх буюу Өр барагдуулах тухай хэлцэл хийсэн. Нэгэнт Д.Ундармаа нь тухайн үед уг төлбөрийг өөрөө авсан, манай компанид төлөхөө илэрхийлсэн тул манай компани түүнтэй байгуулсан дээрх хэлцлийг үндэслэн шаардах эрхтэй. ... Иймд дээрх үндэслэл тайлбарыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Торгон хийц” ХХК нь хариуцагч Д.Ундармаад холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдэл төлбөр 24,556,275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг” хэлэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлно. Гэтэл шүүх “эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон, Д.Ундармаа хариуцагч этгээд биш” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

“Торгон хийц” ХХК-ны менежер Ө.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” ЕБС-ийн нийгмийн ажилтан Д.Ундармаа нар нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сурагчийн дүрэмт хувцасны тооцоо хийж, Д.Ундармаа нь дүрэмт хувцасны үлдэгдэл тооцоо 27,981,819 төгрөг  төлөхөөр тохиролцож  өр барагдуулах тухай баримт үйлдсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,385,304 төгрөг төлөхийг зөвшөөрсөн  тайлбар гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.Ундармаа нь   “431,466 төгрөгийг буцаалт хийнэ, борлуулалтын урамшууллын 10%-ийн ашиг 13,639,505 төгрөгийг хасч үлдэгдэл 10,385,304 төгрөг төлөх”-ийг зөвшөөрч байх боловч хэрэгт  дүрэмт хувцас буцаах,  урамшуулал тооцох талаар зохигч  тохиролцсон тухай баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлаа баримтаар  нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч Д.Ундармаагаас 24,556,275 /хорин дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөг гаргуулж, “Торгон хийц” ХХК-д олгосугай.” гэж , 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Д.Ундармаагаас улсын тэмдэгтийн хураамж 280,732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Торгон хийц” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,900 /хоёр зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                                  ШҮҮГЧИД                              Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            Т.ГАНБАТ