Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00442/и |
Дугаар | 181/ШШ2017/01365 |
Огноо | 2047-05-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2047 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2017/01365
2017 оны 05 сарын 16-ны өдөр Дугаар 181/ШШ2017/001365 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч
Ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Заяа, түүний өмгөөлөгч М.Цэрэндаваа, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм. Тус газар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон эд хөрөнгийн зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 22-ны өдөр мэдэгдэл ирүүлж хөдөлмөрийн гэрээ дууссан тул ажлаас чөлөөлөв гэжээ. Ажил олгогч нь уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг ажил олгогч баримтласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тушаал гаргах ёстой байтал тушаал гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй юм. Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн гэрээнд яг ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгаагүй нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Г.гийн ажлын байр байгаад нэмэлт төсөл хэрэгжиж байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй болж байна. Энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүх хангаагүй. Г. нь ажил эрхлэлтийн гарын авлагатай танилцсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гарын авлагатай танилцсан гэж үзэх боломжгүй байна. Мөн ажилтныг ажлаас чөлөөлөхөд тушаал гаргах ёстой байтал мэдэгдэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “...ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргасан. Иймд Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн гаргасан тайлбарт: Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн явуулж буй үйл ажиллагаа нь тус бүр 3 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээгээр тодорхойлогддог. Ийм учраас ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг бөгөөд нэхэмжлэгч Г.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгааг мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд заавал тушаал гаргах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Одоогоор дараагийн төсөл хэрэгжиж байгаа. Манай байгууллагын зүгээс заавал дагаж мөрдөх баримт бичиг болох ажил эрхлэлтийн гарын авлагын 4 дэх хэсэгт зааснаар сул ажлын байранд ажилтан авахдаа нээлттэй ур чадварын өрсөлдөөн зарлаж сонгон шалгаруулсны үндсэн дээр ажилд авах заалттай. Үүний дагуу манайх сонгон шалгаруулалтад орох эрх чинь нээлттэй гэдгийг Г.д хэлсэн, өөрөө ч үүнийг мэдэж байсан атлаа эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд сонгон шалгаруулалтанд ороогүй нь ажил эрхлэх боломжоо өөрөө алдсанд манай байгууллагын буруу байхгүй. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг нь жил бүр ажилтнуудын үр дүнг дүгнэж, урамшуулал олгодог бөгөөд энэ үеэр Г.д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа, сунгагдах боломжгүйг хэлж тайлбарласан. Манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, талуудын тохирсон хугацаа дуусаж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг Г.д мэдэгдсэн. Г. нь манай байгууллагад 9-10 жил ажиллаж байгаа тул байгууллагын дотоод дүрэм журмыг сайн мэднэ. Манай байгууллагад ажил эрхлэлтийн гарын авлага гэж байдаг түүнд хөдөлмөрийн гэрээнд заагдсан бүх зүйл тусгагдсан байдаг. Тус гарын авлагыг ажилтан бүрд танилцуулж 4.1-д ажилтан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Г.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Ажил олгогч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ажилтан Г. нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Г. нь “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-д төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр /төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол/ дуусгавар болгохоор тохиролцжээ. /хх-6-13х/
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн байна.
Хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Г.д гардуулан өгчээ.
Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 болон хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байх тул ажил олгогч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал заавал гаргахыг шаардахгүй гэж үзнэ.
Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн сааначилгаар цуцлагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний талууд аливаа үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар ажил олгогч нь ажилтанг ажлаар хангах, цалин хөлс олгох зэрэг хууль болон гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “цаашид сунгагдахгүй болсон” нөхцлийг нотлох үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байх тулд төсөл цаашид хэрэгжсэн эсэх нь тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалт нь талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгахгүй бол хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох учиртай юм.
Иймд нэхэмжлэгч Г.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-т холбогдох, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн Г.г ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Г.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ