| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0351/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 99
Б.С-, М.Ш- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0351/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолтой, М-ийн Ш-, Б-ийн С- нарт холбогдох, 2018000000402 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч ерөнхий Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, О- овогт М-ийн Ш-,
Монгол улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ийн С-.
Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А- Д-” караокед иргэн М.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Ш- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын - дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “А- Д-” караокед иргэн Б.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч О- овогт М-ийн Ш-ийг, шүүгдэгч Х- овогт Б-ийн С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 12 сарын хугацаанд буюу эхний арван нэгэн сард сар бүр 41000 төгрөг, арван хоёр дахь дахь сард 49.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5., 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Ш- шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.С- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.т тус тус зааснаар шүүгдэгч М.Ш-ээс 300.000 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг, Их сургуулийн **-** тоотод оршин, ********** регистрийн дугаартай, Б-ийн С-т олгох,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, М.Ш- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх хуралдаанд миний бие тавгүйрч, нүд бүрэлзэн хэвийн биш байсан ба 2020.10.21-нд өөрийн хүүхдээ сургуулиас нь авах гэж яваад гадаа гудамжинд ухаан алдаж унан хүнд байдалд орсон, хааяа үе үе бие тавгүйтэж хэвийн биш байдаг. Цаашид биеэ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эрүүл мэндийн шалтгааныг харгалзаж н үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох шийтгэл болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргээс үзвэл шүүгдэгч Б.С- М.Ш- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- Д-” караокед үйлчлүүлж байхдаа хоорондоо маргалдан улмаар зодолдож бие биеийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох өөрсдийнх нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Ц.Э-, Г.А- нарын мэдүүлэг мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020-09-07-ны өдрийн 712, 708 дугаартай:
...Б.С-ийн биед баруун зулайд шарх, баруун нүдний алим, зүүн шуу,хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, баруун зулайн гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй .., гэсэн дүгнэлт /х.хийн 12-13-р хуудас /
-М.Ш-ийн биед дух, зүүн зовхи, хамарт цус хуралт, зүүн мөр, цээжинд зулгаралт тогтоогдсон, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, зүүн зовхины цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй , гэсэн дүгнэлт /х.хийн 19-20-р хуудас / болон тухайн үед болсон үйл баримт, цаг хугацаагаар нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.
Мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С- нь ...би ажилгүй энэ байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү... гэснийг харгалзан үзэж шүүх түүнд дээрх ялыг оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан ...торгуулийн ял оногдуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР