Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/00397

 

 

 

 

 

 

 

 

 

2021 02 23 181/ШШ2021/00397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, А.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, МК ХХК-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний алданги 20 073 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч МК ХХК-тай 2017 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн Б-17/77 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч тал болох хариуцагч МК ХХК нь гэрээний 1.2-д зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороонд баригдаж байсан Polaris apartment цогцолбор хорооллын Б блокны 2 орцын 5 давхрын 501 тоотод байрлах 51.95 метр квадрат талбайтай бүхий 2 өрөө орон сууцныг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм дүрмийн дагуу гүйцэтгэж гэрээний 3.2-д заасан 2018 оны 3-р улиралд захиалагч тал болох А.Л надад хүлээлгэн өгөх, миний бие гэрээний 2.2, 2.3-т заасан төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Захиалагч А.Л би гэрээний 2.2, 2.3-т заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гэрээнд заасан хугацаанаас өмнө бүрэн биелүүлсэн боловч гүйцэтгэгч МК ХХК нь гэрээний 1.2, 3.2-т заасан 51.95 метр квадрат бүхий орон сууцыг 2018 оны 3-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй.

Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.2-д зааснаар 2018 оны 3-р улиралд буюу 2018 оны 09 сарын 01-ний өдөр батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэгч нь 2019 оны 09 сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Гэрээ байгуулах үед захиалагч талын захиалсан орон сууц болох Polaris apartment цогцолбор хорооллын Б блокны 2 орцын 5 давхрын 501 тоот орон сууц огт баригдаагүй байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1%-иар алданги захиалагч талд төлнө гэж заасан. Орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгт хугацаа буюу 2018 оны 11 сарын 01-ны өдрөөс хугацаа хэтрүүлсэн өдөр буюу 2019 оны 09 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 322 өдрийн хугацаа хэтэрсэн байна.

Гүйцэтгээгүй үүрэг буюу гэрээний нийт үнийн дүн болох 62 340 000 төгрөгийн 0,1 хувь нь 62 340 төгрөг бөгөөд нийт 322 өдрийн 20 073 480 төгрөгийн алданги шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хугацаа хэтрүүлсэн алданги 322 өдрийн 20 073 480 төгрөгийг хариуцагч МК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МК ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн А.Л нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Лтай байгуулсан гэрээгээр МК ХХК нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 5.5 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан. Гэтэл Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийг хэрхэн тодорхойлж ямар үнийн дүнгийн хэдэн хувиас тооцож алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна. Учир нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг барилгын ажлын явц хэдэн хувьтай явагдаж байсан цаг хугацаанаас тооцож бодоогүй гэрээ байгуулсан цаг хугацаанаас, гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Манай компанийн хэрэгжүүлж байсан төслийн ажил нь гэрээнд дурдсан хугацаа болох 2018.09.01 өдрийн байдлаар 82,9 хувийн гүйцэтгэлтэй, гэрээний 5.5-д дурдсан алданги тооцож эхлэх өдөр болох 2018.11.01 өдрийн байдлаар 88,2 хувийн гүйцэтгэлтэй байсан. Иймд гэрээний үнийн дүнгийн 11,8 хувиас алданги тооцох ёстой байсан. А.Лд захиалсан орон сууцыг нь 2019.08.01 өдөр хүлээлгэн өгсөн. Иймд хугацаа хэтрүүлсэн хоногийг 2019.09.19 өдөр бус 2019.08.01 өдөр хүртэл тооцох ёстой.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт дурдсан МК ХХК-ийн гэм буруугаас болоогүй хугацаа хэтрэхэд хүргэсэн дараах хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэнийг дурдаж байна. Үүнд: Орон сууц захиалан бариулах гэрээний тавдугаар зүйлийн 5.1-д захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл Төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа Төрийн бодлого шийдвэр зэрэг болно.

Мөн тус гэрээний 5.2-д зааснаар дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул гэрээнд заасан алдангийг манай компани төлөх үндэслэл бүрдэхгүй юм. Учир нь энэхүү тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй нь гадна холболтын угсралтын ажлыг өмнө нь батлагдсан зургийн дагуу хийх боломжгүй нөхцөл байдал үүсч, зургийг өөрчлөх, техникийн нөхцөлийг дахин гаргуулах шаардлага гарч Төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар бидний ажил удааширсан нь алданги төлөхгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт дурдсан анзын хэмжээ илтэд гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Үүнд: МК ХХК-ийн зүгээс захиалагч нар ашиглалтад ороогүй орон сууцыг захиалж байгаа учир гэрээндээ захиалагчид ашигтай байдлаар нэг м.кв үнийг 200000 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалах боломж олгосон. Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв үнэд өөрчлөлт оруулаагүй. Захиалагч чанартай, бүрэн цутгамал байрыг 1 200 000 төгрөг захиалж аваад 20 073 480 төгрөгийг эргүүлэн шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч МК ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний алданги 20 073 480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

А.Л нь МК ХХК-тай 2017 оны 09 сарын 19-ний өдөр Б-17/77 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 хороо Polaris apartment цогцолбор хорооллын Б блокны 2 орц, 5 давхарын 51,95 м.кв талбайтай 2 өрөө бүхий 501 тоот орон сууцыг 62 340 000 төгрөгөөр захиалан бариулах, МК ХХК нь орон сууцыг барьж, захиалагч талд 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч А.Л нь төлбөрийг гэрээ байгуулахад 27 340 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийн 10 000 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 30-ны өдрийн дотор, 25 000 000 төгрөгийг 2018 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-07-09х/

Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай байх тул гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч МК ХХК-ийг орон сууцыг захиалагчид 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй гэж, хариуцагч МК ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон, компаниас 3 372 000 төгрөгийг орон сууцны хамтран өмчлөгч Г.Саранцэцэг авч мкв зөрүү болон алдангийн асуудлаар гомдол гаргахгүй гэж бичиж өгсөн тул захиалагч алданги шаардах эрхгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацааг хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэггүй, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлоогүй, анзын хэмжээ илтэд их гэж тооцох нөхцөл байдал үүссэн гэж талууд маргаж байна.

 

2017 оны 09 сарын 19-ний өдрийн Б-17/77 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.2-д орон сууцны барилгыг 2018 оны 3-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө гэж, мөн 5.5-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1%-р алданги захиалагч талд төлнө гэж тус тус заажээ.

Ийнхүү талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Л нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар, автомашины дулаан зогсоолтой 384 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах тухай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан 2019.09.19-ны өдрөөр орон сууцыг хүлээн авсан гэж тодорхойлсон. Хариуцагч МК ХХК нь А.Лд захиалсан орон сууцыг нь 2019.08.01-ний өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна.

Гэрч Г.О нь захиалагч А.Лд захиалсан орон сууцны түлхүүрийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн, МК ХХК-ийн А.Лд хандсан 2019.07.03-ны өдрийн 002/116 тоот Хариу мэдэгдэх тухай албан бичгээр 2019.07.30-ны өдөр захиалагч нарт орон сууцыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн зэргээр захиалагч А.Лд орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-1х/

 

Талууд Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзын гэрээг байгуулсан тул үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээр анзын гэрээгээр тохиролцсон алданги шаардах эрх үүснэ. Иймээс МК ХХК нь орон сууц хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэсэн нь А.Лтай байгуулсан гэрээний бүх үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

МК ХХК-д гаргасан Г.С-ийн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээс үзэхэд МК ХХК нь Г.С-т орон сууцны мкв-ын зөрүү 3 372 000 төгрөгийг олгосон байна. /хх-84-85х/

Харин МК ХХК-ийн Санхүүгийнхээ албанд гаргасан албан бичигт Г.С ... нарын м2-ын зөрүү олгох талаар гаргасан өргөдлийг Гүйцэтгэх захирал хянан үзэж м2-ын зөрүү болон алдангийн асуудалд дахин гомдол гаргахгүй байхаар шийдвэрлэсэн болно гэж бичигдснийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал Г.Саранцэцэгийг алданги шаардах эрхээсээ татгалзсан хэлцлийг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрээний 5.1-д Захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь:

         Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан,

         Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл,

         Төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавараар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа,

         Төрийн бодлого шийдвэр зэрэг болно гэжээ.

 

Хариуцагч МК ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаан-аар барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдох болсон талаар урьдчилан Захиалагч А.Лд мэдэгдсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч МК ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд цаг агаарын нөхцөл байдал, сантехник, бохир, цахилгаан, дулаан, шилэн кабел татахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн байгууллагуудад хандахад төрийн байгууллагууд асуудлыг шийдвэрлэхгүй удаасан нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын 2018, 2019 оны өдөртөө 5 градусаас хүйтэн өдрүүд, Шөнөдөө 0 градусаас хүйтэн өдрүүдийг тодорхойлсон баримт /хх-66х/ нь цаг уурын ердийн нөхцөл байдлыг тодорхойлсон баримт байна. Иймээс Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий нөхцөл байдал болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

МК ХХК-иас төрийн байгууллагад хүргүүлж байсан албан бичиг /хх-42-45, 47-51, 55-59, 65, 67х/, болон төрийн байгууллагаас ирүүлсэн хариу албан бичиг /хх-46х/, Техникийн нөхцөл /хх-52-54, 60-64/ зэргийг шинжлэн судлахад барилгын ажилд зайлшгүй шаардлагатай техникийн нөхцлийн зөвшөөрөл авах, хугацаа сунгуулах асуудлуудаар төрийн байгууллагад хандаж байсан байх бөгөөд эдгээрийг барилгын ажил гүйцэтгэгчийн зүгээс зайлшгүй хийх шаардлагатай.

Эдгээр баримтаар Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас барилгын ажил удааширсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч МК ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

Гэрээний 3.2-д зааснаар МК ХХК нь орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд батлагдсан зургийн дагуу барьж, А.Лд хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ зөрчиж орон сууцыг захиалагч А.Лд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар 2018 оны 3 дугаар улирал 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусах бөгөөд гэрээний 5.5-д заасны дагуу 60 хоногийг нэмж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн алдангийг тооцохоор байна.

Гэрээний 5.5-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн-гээс алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд МК ХХК нь орон сууц хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул орон сууцны нийт үнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж нэхэмжлэгч үзсэн нь үндэслэлтэй байна.

Алдангийг тооцоолбол, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 243 хоног, орон сууцны үнэ 62 340 000 төгрөгийн 0,1% нь 62 340 төгрөг, 62 340 төгрөгийг 243 хоногт үржүүлэхэд 15 148 620 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

Худалдах худалдан авах гэрээний худалдагчийн бэлтгэн нийлүүлэхээр гаргасан зардал, орон сууцны үнэ зэргийг алдангийн хэмжээтэй харьцуулахад алдангийг илт их гэж үзэхээр байна. МК ХХК нь зах зээлийн үнээс бага үнээр захиалагчийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлсэн, орон сууц хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагчид учирсан хохирлыг барагдуулах зорилгоор мкв зөрүү 3 372 000 төгрөг төлсөн /хх-84-85х/ зэргийг харгалзан шүүх алдангийг 70%-иар багасгах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Алданги 15 148 620 төгрөгийг 70%-иар багасгаж тооцоход /15 148 620 х 70% = 10 604 034 төгрөг, 15 148 620 10 604 034 төгрөг = 4 544 586 төгрөг/ 4 544 586 төгрөг байна.

 

Дээрхи үндэслэлээр МК ХХК-иас алданги 4 544 586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Лд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч МК ХХК-иас 4 544 586 /дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Лд олгож, нэхэмжлэлээс 15 528 894 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас 87 663 /наян долоон мянга зургаан зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж А.Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА