Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00741

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00741

 

 

 

А.Л- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00397 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Л- нэхэмжлэлтэй хариуцагч М ХХКд холбогдуулан гаргасан алдангид 20 073 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М ХХКтай 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б-17/77 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд баригдаж байсан .........цогцолбор хорооллын  тоотод байрлах 51,95 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх, миний бие төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар хугацаанаас өмнө бүрэн биелүүлсэн боловч хариуцагч сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй.

Орон сууц захиалан бариулах гэрээний 3.2-д зааснаар 2018 оны 3 дугаар улиралд буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр сууцыг өгсөн.

Гэрээ байгуулах үед захиалагч талын захиалсан орон сууц болох ..............цогцолбор хорооллын Б блокны сууц огт баригдаагүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги захиалагч талд төлнө гэж заасан. Орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгт хугацаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаа хэтрүүлсэн өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 322 өдрийн хугацаа хэтэрсэн.

Гүйцэтгээгүй үүрэг буюу гэрээний нийт үнийн дүн болох 62 340 000 төгрөгийн 0,1 хувь нь 62 340 төгрөг бөгөөд нийт 322 өдрийн 20 073 480 төгрөгийн алданги шаардаж байна. Иймд алдангид 20 073 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалан байгуулах гэрээгээр М ХХК нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 5.5 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийг хэрхэн тодорхойлж, ямар үнийн дүнгээс хэдэн хувиас тооцож алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

Манай компанийн хэрэгжүүлж байсан төслийн ажил гэрээнд дурдсан хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 82,9 хувийн гүйцэтгэлтэй, гэрээний 5.5-д дурдсан алданги тооцож эхлэх өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 88,2 хувийн гүйцэтгэлтэй байсан. Иймд гэрээний үнийн дүнгийн 11,8 хувиас алданги тооцох ёстой байсан. А.Л-д захиалсан орон сууцыг нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Иймд хугацаа хэтрүүлсэн хоногийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бус 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцох ёстой.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт дурдсан М ХХК-ийн гэм буруугаас болоогүй хугацаа хэтрэхэд хүргэсэн дараах хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн. Үүнд: Орон сууц захиалан бариулах гэрээний 5.1-д захиалсан сууцны байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан,байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа төрийн бодлого шийдвэр зэрэг болно.

Мөн тус гэрээний 5.2-д зааснаар дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба алданги төлөх үндэслэл болохгүй. Гадна холболтын угсралтын ажлыг өмнө нь батлагдсан зургийн дагуу хийх боломжгүй нөхцөл байдал үүсч, зургийг өөрчлөх, техникийн нөхцөлийг дахин гаргуулах шаардлага гарч Төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар бидний ажил удааширсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт дурдсан анзын хэмжээ илтэд гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Үүнд: Захиалагч нар ашиглалтад ороогүй орон сууцыг захиалж байгаа учир гэрээндээ захиалагчид ашигтай байдлаар нэг м.кв үнийг 200 000 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалах боломж олгосон. Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв үнэд өөрчлөлт оруулаагүй. Захиалагч чанартай, бүрэн цутгамал байрыг 1 200 000 төгрөг захиалж аваад 20 073 480 төгрөгийг эргүүлэн шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч М ХХКиас 4 544 586 /дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Л-д олгож, нэхэмжлэлээс 15 528 894 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХКиас 87 663 /наян долоон мянга зургаан зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж А.Лд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон атлаа гэрээний дагуу орон сууц хүлээлгэж өгсөн хугацааг буруу тодорхойлсон.

Учир нь зөвхөн гэрчийн мэдүүлгээр орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэх тайлбараар үйл баримтыг тогтоосон. Хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/364 дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус барилгыг ашиглалтад хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн түлхүүр авснаар тус орон сууцыг бодитойгоор эзэмшиж, ашиглах боломжгүй бөгөөд тухайн үед орон сууц нь цэвэр усаар хангагдаагүй хүн амьдрах боломжгүй байсан.

Нэхэмжлэгч нь худалдан авч байгаа эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлж авсан хугацаагаар бус Барилга байгууламж ашиглалтад орсон өдөр хүртэл алданги тооцсон байгаа харгалзаж үзээгүй. Барилгын тухай хуулийн 37.6 дуусаагуй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн үүргийг захиалагч хүлээдэг. Нэхэмжлэгчийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сууцыг хүлээж авсан гэж дүгнэж алданги тооцох хугацааг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин гэрээний дагуу алдангийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсон байгааг хүлээн зөвшөөрнө. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 293 өдөр болж байгаа бөгөөд нэг өдрийн 62 340 төгрөгөөр тооцоход нийт 18 265 620 төгрөг болж байгаа. Анхан шатны шүүх 50 хоногийн 3 117 000 төгрөгийн алданги тооцоогүй тул гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг хэрэглэж алдангийн хэмжээг 70 хувиар бууруулсан гэж үзэж байв.

Анхан шатны шүүх захиалагчид учирсан хохирлыг барагдуулах зорилгоор 3 372 000 төгрөг төлснийг харгалзан үзсэн. Гэвч 3 372 000 төгрөг нь эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой буюу гэрээнд заасан метр квадрат талбайд хүрэхгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас метр квадратын зөрүүг төлсөн төлбөр хариуцагч "М" ХХК-ийн санал болгосон үнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээнд тусгасан болохоос хөнгөлттэй гэх нөхцөл гэрээнд байдаггүй.

Талууд гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ хуульд заасан хэмжээнээс бага буюу 0,1 хувиар тогтоосон, мөн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрээгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талын эрх ашгийг илүүд үзэж алдангийн хэмжээг багасан. 10 604 034 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нийт 13 721 034 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 13 721 034 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Хууль буруу хэрэглэж гэрээг дүгнэсэн тухайд: Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2. Алдангийг тооцохдоо хуулийг буруу хэрэглэсэн. Гүйцэтгэгч нь гэрээт ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэж барилга угсралтын ажлаа хийж гүйцэтгэж байсан. Гэрээний нийт үнийн дүн 62 340 000 төгрөгөөс алданги тооцсон нь буруу.

3. М ХХК .................төслийн А, Б блокын улсын комисст хүлээлгэн өгсний дараа орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн мөнгөн төлбөрт 3 372 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гүйлгээг хийхдээ захиалагч нартай харилцан тохиролдож алдангийн асуудалд дахин гомдол гаргахгүй байхаар протокол үйлдэж гарын үсэг зуруулсан. Энэ хэлцлийг анхан шатны шүүхээс шаардах эрхээсээ татгалзсан хэлцэл гэж үзэхгүй гэж тайлбарласныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 4 544 5886 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 87 663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Лд олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч М ХХКд холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алдангид 20 073 480 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал түүний гэм буруугаас болоогүй гэж маргажээ.

 

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б-17/77 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үйл баримт гэрээний хувь, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 7-9 / Гэрээгээр Марч констракшн ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд ........ цогцолбор хорооллын............... тоот сууцыг 2018 оны 3 дугаар улиралд А.Л-д хүлээлгэн өгөх, захиалагч гэрээний 2.2, 2.3-т заасан төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

Гэрээний 2.2, 2.3-т заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зохих, ёсоор, хугацаанаас өмнө бүрэн биелүүлсэн тухайд талууд маргаангүй. /хх 13-16/ Мөн хариуцагч нь барилгыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн нь актаар нотлогджээ./хх 26/

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Гэрээ хэрэгжээд дууссан. Талууд гагцхүү хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, М ХХК нь анз төлөх үндэслэлтэй эсэх, анзын хэмжээ зэрэгт маргаантай байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй юм.

 

Талуудын гэрээний 5.5-д хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги захиалагч талд төлнө гэж заасан тул хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч буруутай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй. /хх 8/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх нөхцөл байдлууд эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй тул 4 544 586 төгрөгийн анз гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж болох нь шүүхийн эрх хэмжээ юм.

Хариуцагч нь Тогтоосон хугацаанд барилга ашиглалтад ороогүй нь гадна холболтын угсралтын ажлыг өмнө нь батлагдсан зургийн дагуу хийх боломжгүй нөхцөл байдал үүсч, зургийг өөрчлөх, техникийн нөхцөлийг дахин гаргуулах шаардлага гарч төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар ажил удааширсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь Дээрх үйл явдал буюу техникийн нөхцөл хүссэн, хугацаа сунгуулахаар хандсан албан бичгүүд нь 2019 оны огноотой байх тул гэрээний хугацаа хэтэрсэнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэр гэж үзэх боломжгүй гэж маргасан хэдий ч тухайн техникийн нөхцөл өөрчлөгдсөн үйл баримтыг талууд үгүйсгээгүй. Техникийн нөхцөл өөрчлөгдөх, барилгыг Улсын комисс хүлээж авахгүй удаашрах зэрэг нь хэргийн нөхцөл байдалд хамаарах бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тооцож үзсэн шүүхийн эрх хэмжээг буруутгах боломжгүй.

 

Анзын хэмжээ илт их гэж анхан шатны шүүх үнэлэхдээ гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой эсэх, орон сууцны зах зээлийн нийт үнэлгээ, талуудын тэнцвэр зэргийг тооцож үзсэн байна.

 

Харин анзын тооцооллын хувьд нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүн болох 62 340 000 төгрөгийг хугацаанд нь төлсөөр байхад сууцыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн гэсэн агуулгаар шаардсан байх тул буруу тооцоолсон гэж дүгнэх боломжгүй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой хэдий ч гэрээг хэрэгжүүлэх явцад нөхцөл байдал өөрчлөгдөх, төрийн байгууллагын шийдвэрээс хамаарах зэрэг нөхцөлүүд үүсч болдог.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, талуудын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00397дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 560 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 663 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД