Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01384

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01384

Орхон аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун Дэнжийн ******* тоотод оршин суух, ******* овогт  /регистрийн дугаар: / нарт холбогдох,

 

гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Ж., Т.*******, хариуцагч Т.*******гийн өмгөөлөгч , хариуцагч өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэцэн ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө "Сэцэн" ХХК-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд сахиул болох Амгаланбаатар төвд орж ирээд хонож байх хойгуур түүний найз гэх Т.*******, Ж. нар 2 эмэгтэйн хамт очиж архи ууж гал алдсанаас байшин шатаж компанид маань 41.845.120 төгрөгийн хохирол учирсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг 16 минутанд Орхон аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т.Буянхишиг 99384673 дугаарын утсаар байшин шатаж байгаа тухай дуудлага өгснөөр Гал унтраах.аврах нэгдүгээр зэрэглэлийн 56-р ангийн 2-р салааны захирагч, ахлах ахлагч Б.Амарбаяр салааны захирагч 1 хүн, аврагч жолооч 1 хүн, аврагч гал сөнөөгч 4 хүний бүрэлдэхүүнтэйгээ DEIWOO ОРХ 99-94 улсын дугаартай автоцистерн /АЦ-40У/-1 авто машинтай 14 км замыг 15 минут туулж очоод гал түймрийг бүрэн унтраасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 118/28 дугаартай актаар нотлогдоно. Дээрх актыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч хохирлын хэмжээгээр хэрэг хэрэгсэхгүй болгогдсон. Нэхэмжилж байгаа сууцны үнээс гадна 3.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нар мэдэж байгаа болно. Иймд дур мэдэн хүний орон байранд хууль бусаар орж улмаар эд хөрөнгийг маань галдан шатааж хохирол учруулсан Т.*******, Ж. нараас сууцны үнэ 41.845.120 төгрөг гаргуулан "Сэцэн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ... Байшинд байсан эд хөрөнгийг маань байсан, байгаагүй гэж их маргадаг. Гэхдээ би тэр байшингийн эзэн нь учраас тэнд ямар ямар эд зүйл байсныг сайн мэднэ. Би эзэн нь учраас байсан эд зүйлээ үнэн зөвөөр нь л шаардаж байна. Би илүү нэг ч юм нэхээгүй. Тэр байшинг барьсан, манайд ажиллаж байсан хүмүүс бүгдийг гэрчилж мэдүүлсэн. Гэвч тэр хүмүүсийн ярьсныг нэг их анзаарахгүй байгаа санагдаж байна. Амгаланбаатар, Баярбадрах гэх хүмүүс бүгд мэдүүлэг өгч байсан. Тиймээс албан ёсоор гаргасан үнэлгээний дүнгээр л байшингийнхаа үнийг шаардаж байна гэв.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таксинд явж байтал ******* Хүлэг захын урд тааралдсан. Тэрээр саяхан танилцсан 2 хүнтэйгээ жаахан ярьж архи машинд чинь ууя гэж гуйсаар би зөвшөөрсөн. ******* 2 эмэгтэй дагуулж ирээд машинаа гэртээ орхиод миний машинд 2 шил архи уусан. Ингээд би явлаа гэхэд хонох газар хайж 2 айлд очсон. Дараа нь Бүрэнбүст орно, тэнд байшин байгаа хүргээд өг гэсэн. Ингээд 10 000 төгрөгөөр бензин хийж хүргүүлсэн. Тэнд очоод байшингийн ойролцоо нэг айлд орсон. Нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй *******гийн асуусан Амгаа гэгч хүнийг байхгүй гэж хэлээд *******тэй машинд орж суун, байшинд очоод уг байшинг онгойлгож өгсөн. Энэ үед 24 цаг болж байсан байх. Би *******д хандан явлаа гэхэд биднийг нэг мөсөн явахад яв, буцах унаа байхгүй гэсэн. Тэр 3 нэг шил архи задалж ууж байгаад унтацгаасан. Би ч бас унтсан. Гэнэт чимээ гарах чимээгээр сэрээд хартал байшингийн яндангийн орчим таазнаас шатаж байсан. Ингээд бид тэднийг дуудаж сэрээгээд галыг унтраах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гал команд дуудах гэтэл гар утас унтарсан байсан. ******* хая, явъя гэсээр явсан. Энэ үед 04:30 цаг болж байсан. Миний хувьд энэ айлын байшин гал авалцсан шалтгааныг юунаас болсныг сайн мэдэхгүй байгаа. Би өөрөө галдаж шатаагаагүй, тэр байр саванд очих шаардлага байхгүй тул нэхэж буй 41 845 120 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Харин******* ХХК-ийн өмчлөлийн уг байшинг хэн хариуцаж, харж хамгаалж байсан, тэр хариуцаж буй хүмүүс нь Т.*******тэй ямар харилцаа холбоотой болох зэргийг тогтоож байж хариуцах эзнийг олж зөв тогтоох ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь******* ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус амралтын газар 3 хүний хамт очсон бөгөөд бидний санамсар болгоомжгүй байдлаас болж уг гал түймэр гараагүй, тэгээд ч тус амралтын газрын сахиул Амгаланбаатарын эхнэр бидэнтэй хамт худаг орж 20 литр ус авч өгч өөрөө байшин онгойлгож гал түлж өгсөн. Түүнчлэн тус******* ХХК пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гарсан гэж үзэж байна. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал түймэр хэний буруутай үйлдлээс болж гарсныг тогтоолгож байж буруутай этгээдүүд уг хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна. .... Байшин дотор нь 4 гэр хураалгаастай байсан, нарны энергийн толь, аккумлятор, паркетан шал зэрэг эд зүйлс байсан гэж нэхэмжилж байгаа. Тийм эд зүйлс огт байгаагүй. Би дараа нь манаач хийж байсан хүнтэй нь хүнсний зах дээр уулзаад та үнэн зөвөөр нь гэрчилж өгөхгүй яасан юм бэ? гэхэд Би сайн мэдэхгүй байна. гуай л тэгж хэл гэсэн гэж хэлсэн. Тиймээс хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг******* ХХК гаргах эрхгүй юм. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө******* ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй гэдэг нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тодорхой болсон. Тухайн байшин нь хуучин Оросын барак байшин байсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө хэлсэн. Тиймээс тухайн байшинд гал түймрээс урьдчилан сэргийлэх наад захын арга хэмжээг авсан байсан эсэх нь тодорхойгүй, гал түймэр гарахад энэ байдал нөлөөлсөн байж болохоор байна. Гал гарсан байдлаас харахад яндангийн ойролцоох дээврийн хэсгээс гал гарсан байдаг. Эндээс харвал галыг хариуцагч нар санаатайгаар тавьсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Нөгөө талаар байшингийн галын аюулгүй байдлыг хангах нэхэмжлэгч талын хариуцлагагүй үйлдэл ч мөн нөлөөлсөн гэж үзэж байна. Шатсан байшинд 4-5 хүн байсан. Санаатай үйлдэл биш бол эс үйлдэхүй байсныг үгүйсгэхгүй. Эс үйлдэхүйн улмаас хэрвээ хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой бол тухайн байшин болон доторх эд хөрөнгийг нь харж хамгаалж байсан Амгаланбаатар болон түүний гэр бүлийн хүмүүс ч мөн давхар хариуцлага хүлээх ёстой. Шатсан байшинд ямар ямар эд хөрөнгө байсан гэдэг нь тодорхой биш. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар тодорхой баримт, нотолгоо өгөхгүй байж, бүхнийг шүүх шийдэх юм шиг аашилж болохгүй байх. Шатсан байшинг Тольдох Оюуны Өгөөж ХХК анх 41 сая төгрөгөөр үнэлж, дараа нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр үнийн дүн нэмэгдсэн байдаг. Ингэхдээ дотор нь байсан эд зүйлийн талаар үнэлгээ гаргах боломжгүй гэсэн. Учир нь ямар эд зүйл байсан гэдгийг тогтоох эх сурвалж нь тодорхойгүй байдаг. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн талаар улсын бүртгэлийн газарт ч бүртгэл байхгүй. Тухайн эд хөрөнгө хэдэн онд баригдсан, түүнээс хойш хэрхэн ашиглагдаж, элэгдэж хорогдсон гэдгийг тогтоох ёстой. Гэтэл энэ бүхэн тодорхойгүй байна. Эндээс дүгнээд хэлбэл******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн хөрөнгө гэх боловч өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаагүй байна. Гэхдээ хэрвээ шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа бол өмчлөгчийн зүгээс хэрэгт хамаарах асуудлуудыг тооцох ёстой. Эс үйлдэхүйн улмаас хүлээх хариуцлагыг тэнд байсан хүмүүс тэгш хариуцаж, мөн нэхэмжлэгч талын өмчөө арчилж хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн үү гэдгийг харгалзан үзэх ёстой байх гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.*******гийн өмгөөлөгчөөр уг шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Т.*******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь тухайн шатсан байшин нь иргэн ийн өмч байсан уу, аль эсвэл******* ХХК-ийн өмч байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаанаас харахад иргэн болон******* ХХК-ийн аль алиных нь ч нэр дээр тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ иргэн хүний хувьд бүртгэлгүй эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Цаашлаад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Тухайн шатсан байшин хэдэн онд баригдсан, дотор нь ямар ямар эд зүйл байсан эсэх нь тодорхойгүй байгаа зэргээс харвал нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж дүгнэж байна. 1-р хавтаст хэргийн 96-р тал дахь 2017.11.04-ний өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол, 98-р тал дахь хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээс харахад ямар, ямар эд хөрөнгө байсныг мэдэхгүй, зөвхөн бүрэн тавилгатай байсан гэж мэдүүлсэн байна. Мөн 1-р хавтаст хэргийн 100-р тал дахь дахин өгсөн мэдүүлэгт монгол гэр болон гэрийн эсгий байсан гэдгийг огт дурьдаж байгаагүй. Шүүхийн шатанд энэ талаар нэмж мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байна. Шатсан байшин нь 1970-1980 онд баригдаж байсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө сая хэллээ. Өөрөөр хэлбэл тухайн байшин нь Эрдэнэт хот анх байгуулагдах үед баригдаж байсан, маш хуучны байшин байсан байна. Засаж сайжруулсан байсан гэх боловч шатамхай материалаар баригдсан байшин байсан. Гал гарсан нь хэний гэм буруутай үйлдлээс шалтгаалсан бэ гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй байдаг. Ингээд дүгнээд хэлэхэд тухайн байшин, байрлаж байсан газар нь******* ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байх учир нэхэмжлэлийг******* ХХК-ийн нэрээр гаргах нь буруу бөгөөд хариуцагч Т.*******гийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гал түймэр гарсан гэдгийг нотолж тогтоосон зүйл байхгүй, тухайн байшин маш хуучны, галын аюулгүй байдал хангаж байсан эсэх нь тодорхойгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэцэн ХХК түүний захирал нь Т.*******, Ж. нарт холбогдуулан  2017 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө******* ХХК-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцны сахиул Амгаланбаатарыг төв орохоор явсан хойгуур түүний найз гэх Т.*******, Ж. нар 2 эмэгтэйн хамт очиж, архи ууж гал алдсанаас байшин шатаж, компанид 41.845.120 төгрөгийн хохирол учирсан тул хохирлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.*******, Ж. нар нь ...байшин бидний буруутай үйлдлийн улмаас шатаагүй гэж, хариуцагч нарын өмгөөлөгч , нар ...тухайн шатсан байшин******* ХХК-ийн өмчлөлийнх гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь******* ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч болох нь тус компанийн дүрмээр тогтоогдож байгаа, шүүх хуралдаанд нь Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууц нь компанийн өмчлөлийнх, улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй, би өөрөө барьж агаар салхинд гарахдаа очиж амардаг гэж тайлбарласан ба тухайн байшингийн өмчлөлийн талаар өөр маргаж байгаа хүн, хуулийн этгээд байхгүй бөгөөд, ийн эзэмшил, ашиглалтад байсан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул байшин шатсаны улмаас******* ХХК-д учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Т.*******, Ж. нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө******* ХХК-ийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд очиж гал түлж, архи уусан бөгөөд, тэднийг уг байшинд байхад /унтаж/ гал гарч байшин шатсан үйл баримт хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 118/28 дугаартай Галын түймэр гарсан тухай акт-д гал түймэр хаанаас гарсан, юунаас болсон шалтгаан нөхцөлийн талаар дурьдаагүй байна.

Хэдий тийм ч, Т.*******, Ж. нар нь тухайн өдөр хоёр эмэгтэйн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун баг Хөх чулуут гэх газарт байрлах******* ХХК-ийн байшингийн /шатсан/ түлхүүрийг сахиулын эзгүйд Т.Буянхишигээс /түлхүүрийг нь орхисон байсан/ авч, тэнд гал түлж, архи ууж байгаад унтсан бөгөөд сэрэхэд нь гал гарч байсан гэдэг.

Хариуцагч Т.*******, Ж. нар нь байшингийн түлхүүрийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авч, байшинд нэвтрэн орж гал түлэн, архи ууж хоносон үйлдэл нь гал түймэр гарсан гэм хорын шалтгаан нөхцөлтэй холбоотой гэж үзэхээр байна.

Тиймээс Т.*******, Ж. нар нь Сэцэн ХХК-ийн шатсан байшингийн хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хариуцагч нарын хүсэлтээр хохирлын үнэлгээ хийлгэхээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон бөгөөд Ашид билгүүн ХХК нь шатсан байшингийн үнэлгээг 12.288.000 төгрөг, байшингийн зах зээлийн дундаж үнийг 20.000.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүх дээрх хоёр үнэлгээг дундажлан шатсан байшингийн хохирлын үнэлгээг 16.144.000 төгрөгөөр тооцож, хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Тодруулбал үнэлгээг 2019 оны 02 сарын 04-ний өдөр хийсэн байх ба инфляци бусад шалтгаан нөхцлийг тооцож байшингийн үнэлгээг тогтоосон болно.

Хариуцагч нар ...Байшин дотор нь 4 гэр хураалгаастай байсан, ...паркетан шал зэрэг эд зүйлс байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тийм эд зүйлс огт байгаагүй... гэж маргасан ба тухайн маргаад байгаа гэр, паркетан шал зэрэг эд зүйл Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан үнэлгээнд ороогүй байх ба байшинд байсан бусад эд зүйлийн хохирлын үнэлгээг Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2017 оны 11 сарын 06-ны 17-271 тоот шинжээчийн дүгнэлтээр 6.789.400 төгрөгөөр тооцсон үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шатсан байшингийн хохирлын үнэлгээг 16.144.000 төгрөгөөр, байшинд байсан бусад эд зүйлийн хохирлын үнэлгээг 6.789.400 төгрөгөөр тооцож нийт 22.933.400 төгрөгийг хариуцагч Т.*******, Ж. нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэлээс 18.911.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.176 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 136.308 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Т.*******, Ж. нараас 22.933.400 /хорин хоёр сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэцэн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.911.720 /арван найман сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.176 /гурван зуун жаран дооон мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, Ж. нараас тус бүр 136.308 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сэцэн ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД   Б.БЯМБАСҮРЭН

 

Л.АРИУНЦЭЦЭГ