Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00221

 

Р.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02204 дугаар шийдвэртэй, Р.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох

  Дизель түлшний үнэ, алдангид нийт 71 766 845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НИК төв салбарын Туулын гүүр ШТС-ын эрхлэгч Р.Б худалдан авагч М ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-нд худалдан авсан шатахууны төлбөр 134 797 800 төгрөгийг Туулын гүүр ШТС-д худалдан авагчийн нэрийн өмнөөс хувиасаа 2016 оны 01 дүгээр сарын 05-нд төлж барагдуулсан бөгөөд үүний улмаас учирсан хохирлоо М ХХК-иас нэхэмжилж байна. Хариуцагч М ХХК нь НИК төв салбарын Туулын гүүр ШТС-аас Р.Б-н зөвшөөрлөөр буюу зуучилснаар 2015 оны 12 дугаар сарын 07-нд 80 338 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-нд 54 409 800 төгрөг, нийт 77 470 литр 134 797 800 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг зээлээр авч, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 25-29-ний хооронд төлөхөөр тохиролцсон байдаг. Гэвч 2016 оны 01 дүгээр сар гарахад хариуцагч М ХХК нь төлбөрөө төлөөгүйн улмаас НИК компанийг хохиролгүй болгохоор дизель түлшний төлбөрийг иргэн Б.Б-ээс 50 000 000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл 74 797 800 төгрөгийг гэр бүл болон бусдаас авч барагдуулсан.

 Гэтэл хариуцагч М ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 105 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болон санамж бичгийн дагуу тохирсон хүү болон зээлийн хүүнд төлсөн мөнгийг өгөхгүй байна.

Иймд дизель түлшний үлдэгдэл төлбөрт 29 797 800 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 15, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус “НИК” ХХК-ийн төв салбар Туулын гүүр ШТС, М ХХК-тай байгуулсан санамж бичгийн дагуу тооцсон хүү болох 33 969 045 төгрөг, иргэн Р.Б-ээс 50 000 000 төгрөгийг зээлж хүүнд төлсөн 8 000 000 төгрөг, нийт 71 766 845 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 80 338 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-нд 54 409 800 төгрөг, нийт 77 470 литр буюу 134 797 800 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг Туулын гүүр ШТС-аас авсан. Үүнээс хойш компаниас 2016 оны 04 дүгээр сарын 30-нд 25 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 25 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 105 000 000 төгрөгийг иргэн Р.Баянжаргалд төлж, үлдэгдэл дизель түлшний үнэ 29 797 800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Санамж бичгийн дагуу төлбөрийн хүү 33 969 04,60 төгрөг, ХААН банкинд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8 000 000 төгрөг, нийт 41 969 045,6 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэж заасныг зөрчсөн, гэрээ байгуулаагүй тул хүү нэхэмжлэх эрхээ алдсан, мөн санамж бичгийн дагуу хүү нэхэмжлээд байгаа боловч уг баримт зээлийн гэрээ биш, бизнесийн баримт бичиг, мөн эх хувь нь байхгүй байна. Бид төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь үнэн, НИК ХХК-ийн төв салбар Туулын гүүр ШТС-аас  авсан дизель түлшний үнийг нэхэмжлэгч Р.Б төлсөн талаар маргахгүй. Бид түүний төлсөн дизель түлшний үнэд 105 000 000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 29 797 800 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, алданги тооцохоор НИК ХХК болон нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй тул бусад хүү, зардал гэж нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 33 797 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 969 045 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 784 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326 939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: М ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор одоогоос 3 жилийн өмнө 134 797 800 төгрөгийн дүн бүхий дизель түлшийг 2 хоногийн хугацаанд төлөхөөр тохиролцож худалдан авсан, М ХХК тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас зээлээр худалдах шийдвэрийг гаргасны хувьд компанийг хохиролгүй болгохоор хадгаламжин дах мөнгө болон бусдаас зээл авч М ХХК-ийн өрийг төлсөн болно. Анх 2017 оны 08 дугаар сараас эхлэн шүүхэд хандсан боловч тус компани хаягандаа байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлилж энэ хэрэг үүсгэгдэн шүүхээр жил гарангийн дараа хэлэлцэгдсэн. Гэтэл шүүх миний эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хэрхэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага жилийн хугацаанд бултаж, зугатан байгаа үйлдэлийг үнэлэлгүйгээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Шүүх дүгнэлтдээ санамж бичигт дурдсан “...үнийн дүнгээр барьцаалсан зээлийн гэрээг”-г шүүхэд ирүүлээгүй, НИК ХХК-ийн шаардах эрх дуусгавар болсон байхад санамж бичгийг байгуулж, тохиролцсон гэж дүгнэн Иргэний хуульд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангаж байгуулсан зээлийн гэрээ болон Санамж бичгийг үнэлэлгүйгээр хуулийг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан байна.

Санамж бичигт дурдсан 2016 оны 01 дүгээр сарын 05-нд авсан арга хэмжээний нэг болох зээлийн гэрээ нь аман хэлбэрээр талууд тохиролцсоныг санамж бичигт тодорхойлохдоо утгын хувьд алдаатай оруулсан боловч санамж бичиг нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээг дурдаж, төлбөл зохих хүүгийн хэмжээ, хугацааг тохиролцож талууд зөвшөөрсөн байхад гэрээний ерөнхий нөхцөл, дурдсан зээлийн гэрээг гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт заасныг хэрэглэлгүй дүгнэлт гаргасан. Шаардах эрх “НИК” ХХК-иас Р.Б-д шилжсэн байхад “НИК” ХХК-ийн өмнөөс санамж бичгийг хийсэн гэж дүгнэсэн нь М ХХК өөрсдөө ирж 2 хоногийн хугацаатай зээлээр худалдаж авах хүсэлт гаргаж, дизель түлшийг авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн, төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл үүссэний улмаас зээлийн гэрээнд шилжиж үнийн дүн, хугацааг тохирч тодорхой хүү төлөхөөр зөвшөөрч тохиролцсон шалтгаант холбоог үнэлэлгүй, мөн 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад зөвхөн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр даалгасан нь миний эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 37 969 045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дизель түлшний үнэ, алдангид нийт 71 766 845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч дизель түлшний үлдэгдэл төлбөр 29 797 800 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

М ХХК нь “НИК” ХХК-ийн Туул гүүр шатахуун түгээх станцаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 46 200 литр, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 31 270 литр нийт 77 470 литр дизель түлшийг нийт 134 797 800 төгрөгөөр худалдаж авсан, худалдан авагчийн өмнөөс “НИК” ХХК-д уг төлбөрийг нэхэмжлэгч Р.Б төлсөн, дизель түлшний үнэ 105 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн, 29 797 800 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэг талаас “НИК” төв салбарын Туулын гүүр ШТС-г төлөөлж захирал Б.Б, эрхлэгч Р.Б нар нөгөө талаас М ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 15, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд байгуулагдсан санамж бичгийн дагуу төлөгдөөгүй үлдсэн 33 969 045 төгрөг, иргэн Б.Б-тэй байгуулсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүүнд төлсөн 8 000 000 төгрөг, нийт 71 766 845 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь дизель түлшний үлдэгдэл 29 797 800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгч болон “НИК” ХХК-тай хүү, алданги төлөх талаар харилцан тохиролцоогүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Р.Б нь санамж бичгийн дагуу хүү шаардах эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн “НИК” төв салбарын Туулын гүүр ШТС болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан санамж бичгүүд иргэн Р.Б-д холбогдоогүй, дээрх 2 компаниудад холбоотой байна. /х.х-ийн 10-12 дугаар тал/ Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагч М ХХК нь түлшний үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч Р.Б 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  иргэн Б.Б-тэй 50 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр, зээлийн гэрээ байгуулан, уг гэрээний хугацаа дууссан өдрөөс 1 сараар сунгасан бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /х.х-ийн 7-8 дугаар тал/

Анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2 сарын хүүнд төлсөн 4 000 000 төгрөг, дизель түлшний үлдэгдэл 29 797 800 төгрөг нийт 33 946 0415 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу хүүнд төлсөн 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                       ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА