Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2204

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/02204

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөрхотхон 45а байр, 141 тоотод оршин суух Байчууд овогт Рэнчингийн Бын /РД67081010/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 18-10 гудамж, 1 тоотод байрлах Л-нд холбогдох

71 766 845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бахдамдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалаг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл /ШТЭҮ-0252/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.   

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бахдамдэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            НИК төв салбарын Туулын гүүр ШТС-ын эрхлэгч Р.Б миний бие худалдан авагч Монлаа ХХК-ийн 2015 оны 12 сарын 07-нд худалдан авсан шатахуунын төлбөр болох 134 797 800 төгрөгийг Туулын гүүр шатахуун түгээх станцад худалдан авагчийн нэрийн өмнөөс хувиасаа 2016 оны 01 сарын 05-нд төлж барагдуулсан бөгөөд үүний улмаас надад учирсан хохирлыг дараах дүнгээр Монлаа ХХК-с нэхэмжилж байна. Үүнд: 2018 оны 01 сарын 10-ны байдлаар үнийн дүнгийн төлөгдөөгүй үлдэгдэл 29 797 800 төгрөг, Мон-Лаа ХХК болон Туулын гүүр ШТС-н хооронд байгуулсан санамж бичгийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн хүү ЗЗ 969 045.60 төгрөг, иргэн Б.Баярцэнгэлд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8 000 000 төгрөг, нийт 71 766 845,60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бд төлүүлж хохиролгүй болгохыг даалгаж өгнө үү.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Мон лаа ХХК нь НИК төв салбарын Туулын гүүр шатахуун түгээх станцаас Р.Бын зөвшөөрлөөр буюу зуучилснаар 2015 оны 12 дугаар сарын 07-нд 80 338 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-нд 54 409 800 төгрөгийн хамт нийт 77 470 литр 134 797 800 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг зээлээр авч, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 25-наас 29-ний хооронд төлөхөөр тохиролцсон байдаг. Гэвч 2016 оны 01 сар гарахад хариуцагч Мон лаа ХХК нь төлбөрөө төлөөгүйн улмаас НИК тайлан тооцоогоо гаргахад өр төлбөр гарсан тул зөвшөөрсөн буюу зуучилсан хүний хувьд компанийг хохиролгүй болгохоор дизель түлшний төлбөрийг иргэн Б.Баярцэнгэлээс 50 000 000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл 74 797 800 төгрөгийг гэр бүлээсээ болон бусдаас авч барагдуулсан юм. Гэтэл хариуцагч Мон лаа ХХК нь 2016 оны 4 сарын 30-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 105 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болон санамж бичгийн дагуу тохирсон хүү болон зээлийн хүүнд төлсөн мөнгийг өгөхгүй байна.

            Иймд дизель түлшний үлдэгдэл төлбөр 29 797 800 төгрөг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 15, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус НИК ХХК-ийн төв салбар Туулын гүүр ШТС, Мон лаа ХХК-тай байгуулсан төлбөр барагдуулах тухай санамж бичгийн дагуу тооцсон хүү болох 33 969 045 төгрөг, иргэн Р.Баярцэнгэлээс 50 000 000 төгрөгийг болон бусдаас болон банкнаас зээлж хүүнд нь 8 000 000 төгрөгийг төлсөн тул хүү 8 000 000 төгрөг, нийт 71 766 845 төгрөгийг  бусдаас болон банкнаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Хамтран ажилладаг учраас тус болж байхад үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс хохирол учруулчихаад үндсэн төлбөрийг л төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй. Иргэн хүн тус болсноор хохирч байна, бүхий л нөөц бололцоогоо ашиглаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь хүртэл аваад төлсөн байдаг. Санамж бичгүүдээр зээлийн гэрээ байгуулагдсан хүү тохирсон, бид хуулиар олгогдсон боломжийн хүрээнд нэхэмжилж байгаа. Бусдаас болон банкнаас зээлсэн  хүүг хуулиар тогтоосон хүү гэж үзээд гаргаж өгнө үү. Зөвхөн дизель түлшний үлдэгдэл мөнгийг төлнө гэдэг нь хуульд нийцэхгүй гэв. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монлаа ХХК-д холбогдуулан иргэн Р.Баас бензиний үнэ 134 797 800 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компаниас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 80 338 000 төгрөгний, 2015 оны 12 дугаар сарын 08-нд 54 409 800 төгрөгний нийт 77 470 литр 134 797 800 төгрөгний үнэ бүхий дизелийн түлшийг Туулын гүүр ШТС-аас авсан нь үнэн болно. Үүнээс хойш манай компаниас 2016 оны 04 дүгээр сарын 30-нд 25 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 25 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 105 000 000 төгрөгийг иргэн Р.Бд өгсөн. Одоо үлдэгдэл дизель түлшний үнэ 29 797 800 төгрөгийг манай компаниас гаргуулан иргэн Р.Бд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Санамж бичгийн дагуу төлбөрийн хүү 33 969 04,60 төгрөг, ХААН банкинд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8 000 000 төгрөг нийт 41 969 045.60 төгрөгийг манай компаниас төлөх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэдгийг зөрчсөн, гэрээ байгуулаагүй учир хүү нэхэмжлэх эрхээ алдсан, мөн санамж бичгийн дагуу хүү нэхэмжлээд байгаа боловч уг баримт нь зээлийн гэрээ биш, бизнесийн баримт бичиг, мөн эх хувь нь байхгүй байна. Бид төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь үнэн, ажил хэрэг боломжгүй болсон учраас төлж чадаагүй, НИК ХХК-ийн төв салбар Туулын гүүр шатахуун түгээх станцаас авсан дизель түлшний үнийг нэхэмжлэгч Р.Б төлсөн талаар маргахгүй. Бид түүний төлсөн дизель түлшний үнэд 105 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс үлдэгдэл төлбөр 29 797 800 төгрөгийг маргаангүй зөвшөөрч төлөхөд бэлэн. Харин хүү, алданги тооцохоор НИК ХХК-тай ч нэхэмжлэгчтэй ч харилцан тохиролцоогүй тул бусад хүү, зардал гэж нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч “Мон Лаа” ХХК-д холбогдуулан 71 766 845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Мон лаа” ХХК нь шатахуун зээлээр авч, түүний үнэ болох 134 797 800 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул 50 000 000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлж, 74 797 800 төгрөгийг гэр бүлээсээ гаргаж, төлбөрийг нь төлсөн тул шатахууны үнийн үлдэгдэл 29 797 800 төгрөг, хүү 33 969 045 төгрөг, зээлийн хүүнд  төлсөн 8 000 000 төгрөг, нийт 71 766 845 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Быг зээлээр авсан шатахууны үнийг төлсөн талаар маргаагүй, шатахууны үнийн үлдэгдэл 29 797 800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч хүү төлөх үндэслэлгүй, хүү, алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй гэж маргасан.

 

Хариуцагч “Мон лаа” ХХК нь НИК ХХК-ийн Туулын гүүр шатахуун түгээх станцаас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 31 270 литр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 46 200 литр, нийт 77 470 литр 134 797 800 төгрөгийн дизель түлшийг зээлж авсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ШТМ-ын зарлагын падаан, санамж бичгүүд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5, 10-12, 13-19-р хуудас/

Хариуцагч “Мон лаа” ХХК-ийн НИК ХХК-ийн Туулын гүүг шатахуун түгээх станцаас авсан дизель түлшний үнэ болох 134 797 800 төгрөгийг нэхэмжлэгч Р.Баяжаргал нь төлж барагдуулсан болох нь НИК ХХК-ийн тодорхойлолт, Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд зээлээр авсан дизель түлшний үнийг нэхэмжлэгч төлж барагдуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд түлшний үнэд нэхэмжлэгчид 105 000 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6, 49-50-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өр төлбөр болох 134 797 800 төгрөгийг сайн дураараа төлсөн тул хариуцагчаас зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дизель түлшний төлбөрийн үлдэгдэл 29 797 800 төгрөг, санамж бичгийн дагуу тооцогдсон хүү 33 969 045 төгрөг, зээлийн хүүнд  төлсөн 8 000 000 төгрөг, нийт 71 766 845 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч нь дизель түлшний төлбөрийн үлдэгдэл 29 797 800 төгрөгийг төлөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн хүүнд төлсөн 8 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, санамж бичиг нь бизнесийн баримт бичиг, уг баримтаар хүү, алданги төлөхийг тохиролцоогүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй учир хүү шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Б.Баярцэнгэлтэй зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, уг мөнгийг хариуцагчийн өр төлбөрт НИК ХХК-нд төлсөн гэж тайлбарлаад зээлийн гэрээ болон гэрээний сунгалтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч нь төлбөр төлсөн талаар маргаагүй, харин хүүг төлөх үндэслэлгүй гэсэн боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хүүнд 4 000 000 төгрөгийг төлж зардал гарсан байх тул түүний Б.Баярцэнгэлээс зээлсэн 50 000 000 төгрөгний 2 сарын хүү болох 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 7-8-р  хуудас/ 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусдаас зээлсэн болон банкнаас зээлсэн мөнгөний хүүнд мөн л 4 000 000 төгрөгийг төлж зардал гарсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар гаргуулж өгнө үү гэсэн боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь өр төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү төлөхөөр харилцан тохиролцсон болох нь НИК ХХК-ийн хүү тооцсон хүсэлт, мөн түүнтэй байгуулсан Санамж бичгүүдээр нотлогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан НИК ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв салбарын “Мон лаа” ХХК-нд 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтэд “...”Мон лаа” ХХК-ийн удирдлагууд та бүхэн 1 сарын 15-нд үндсэн төлбөр дээр 5 хувийн хүүг өдрөөр нь тооцож шатахууны төлбөрийг барагдуулна уу” гэсэн байх бөгөөд хариуцагчид гардуулсан эсэх, уг 5 хувийн хүүг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар баримтгүй байх тул уг хүсэлтийг талуудын хооронд хүү төлөх талаар харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэв. /хэргийн 9-р хуудас/

Мөн НИК ХХК-ийн Төв салбарын Туулын гүүр ШТС-ыг төлөөлж захирал Б.Батмөнх, эрхлэгч Р.Б нар болон “Мон лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амраа, менежер Х.Батсайхантай нарын хооронд хариуцагч “Мон лаа” ХХК-ийн зээлээр авсан нийт 77 470 литр 134 797 800 төгрөгийн үнэ бүхий түлшний төлбөрийн талаар 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус тус Санамж бичиг үйлджээ. /хэргийн  10-12-р хуудас/

Хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Санамж бичигт “...төлбөрийг барагдуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр авсан арга хэмжээний нэг болох дээрх үнийн дүнгээр барьцаалсан зээлийн гэрээний дагуу бодогдох зээлийн хүүг 2016 оны 2 дугаар сарын 01-ний хүртэл сарын 5 хувиар, 2016 оны 4 сарын 10 хүртэл сарын 6 хувиар бодож тухайн зээлийн гэрээнүүдийг үндэслэн Мон лаа ХХК хариуцах төлбөрийг 2016 оны 4 сарын 10-ны өдөр барагдуулах үүрэг хүлээх ба хэрэв 2016 оны 4 сарын 10-ны дотор бүрэн барагдуулж чадаагүйд хүрвэл харилцан ойлголцож цаашид барагдуулах”-аар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх Санамж бичгийн дагуу хариуцагч нь хүү 33 969 045 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан боловч санамж бичигт дурдсан “....төлбөрийг барагдуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр авсан арга хэмжээний нэг болох дээрх үнийн дүнгээр барьцаалсан зээлийн гэрээ”-г шүүхэд ирүүлээгүй, өрийг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр барагдуулсан гэж НИК ХХК-ийн хүсэлтэд дурдсанаар буюу өрийг төлснөөр хариуцагч “Мон лаа” ХХК-ийн НИК ХХК-нд төлөх үүрэг дуусгавар болж, НИК ХХК-ийн шаардах эрх нь өрийг төлсөн нэхэмжлэгчид шилжсэн байхад Санамж бичгийг НИК ХХК-ийн Туулын гүүр ШТС-тай байгуулсан байна.

Иймд хариуцагч “Мон лаа” ХХК-иас дизель түлшний үлдэгдэл төлбөрт 29 797 800 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 4 000 000 төгрөг, нийт 33 797 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 37 969 045 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                    

                                                                                                                

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “Мон лаа” ХХК-иас 33 797 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 969 045 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 784 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326 939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.ХУЛАН