Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/шш2018/00403

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00403

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Т.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498,080,000 төгрөг, Т.Х-аас 1,851,580,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 3 сарын 17-ны өдрийн №411/16:10 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2. дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Х, Б.Б нар нь Энх-Өглөө ХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулагдсан 2014 оны 4 сарын 04-ний өдрийн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станц ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж буй тендерийн ажлыг гүйцэтгэж дуусгахад мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч, компанийн Төрийн банкны 106000024938 дугаартай дансанд яамнаас санхүүжилт орж ирэнгүүт чиний мөнгийг төлөх тул эргэн төлөгдөх бүрэн баталгаатай гэж хэлж итгүүлээд нийт 8 удаагийн Зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан юм. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас орж ирсэн санхүүжилтээ гэрээнд зааснаас өөр дансаар нууцаар авч, өөр зүйлд захиран зарцуулж, амласан ёсоороо зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүртэл маш ихээр хохироосон.

Нэхэмжлэгч нь дээрх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байна гэсэн хариуг Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 8 сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Т.Х, Б.Б нар нь Б.Э-тай байгуулсан дараах Зээлийн гэрээнүүдийн үүргийг гүйцэтгээгүй байна. Үүнд:

1.Зээлдэгч Т.Х, Б.Б нар 2016 оны 3 сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Б.Бын 2205110767 тоот дансанд 2016 оны 3 сарын 17-ны өдөр 110,000,000 төгрөг, 2016 оны 3 сарын 11-ний өдөр 70,000,000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн,

2. Зээлдэгч Т.Х, Б.Б нар, 2016 оны 3 сарын 17-ны өдөр, 195,000,000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Б.Бын 2205110767 тоот дансанд 2017 оны 3 сарын 17-ны өдөр шилжүүлсэн,

3.Зээлдэгч Т.Х, 2016 оны 5 сарын 06-ны өдөр, 300,000,000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын хүү 7 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Т.Х-ы 5001403249 тоот дансанд 2016 оны 5 сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2016 оны 5 сарын 11-ний өдөр 250,000,000 төгрөг шилжүүлсэн.

4.Зээлдэгч Т.Х, 2015 оны 8 сарын 10-ны өдөр 250,000,000 төгрөг, хугацаа 2015.07.27-2016.12.31, сарын хүү 9 хувь, 2016.03.15-ны өдрөөс 8 хувь хүүтэй тус тус гэрээ байгуулж, Б.Б-ын 5079091071 тоот дансанд 2015 оны 7 сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2015 оны 8 сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 8 сард 10,000,000 төгрөг, Т.Х-ы 5003588593 тоот дансанд 2015 оны 7 сарын 27-ны өдөр 70,00,000 төгрөг шилжүүлсэн.

Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасны дагуу талууд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмын хүрээнд байгуулагдсан, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр хэлцлүүд юм.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх хэсгүүдийг тус тус үндэслэн дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

1.Хариуцагч Т.Х, Б.Б нартай 2016.03.15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үдсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 135,466,667 төгрөг, алданги 167 733 333 төгрөг, нийт 503 200 000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Боос 251.600.000 төгрөг, Т.Хаас 251.600.000 төгрөг

2.Хариуцагч Т.Х, Б.Б нартай 2016.03.17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 195,000,000 төгрөг, зээлийн хүү 133,640,000 төгрөг, алданги 164,320,000 төгрөг, нийт 492,960,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б-оос 24,480,000 төгрөг, Т.Х-аас 246,480,000 төгрөг

3.Хариуцагч Т.Х-тай 2015.08.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 121,333,334 төгрөг алданги 185,666,667 төгрөг, нийт 557 000 000 төгрөгийг Т.Х-аас,

4. Хариуцагч Т.Х-тай 2016.05.06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 231,000,000 төгрөг, алданги 265,500,000 төгрөг, нийт 796,500,000 төгрөгийг Т.Х-аас,

Нийт Зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498,080,000 төгрөг, Т.Х-аас 1,851,580,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Т.Х Б.Б нар нь Эрчим хүчний яамнаас авсан тендерын ажлаа үргэлжлүүлж, санхүүжилтээ авахад нь мөнгө хэрэгтэй байна, зээл олгооч гэж хүссэний дагуу удаа дараа хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж байсан. Гэтэл зээлийн төлбөр болон хүүгээ хугацаандаа төлөхгүй явсаар 2016 оны 3 сарын 10-ны өдөр Б.Э-тай уулзаад ахиж мөнгө зээлэх боломж байгаа эсэхийг асуусан юм.

Өмнөх зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байгаа учраас тэдэнд дахиж мөнгө зээлэх боломжгүй тухай хэлэхэд хэд хоногийн дараа надтай ахин уулзаж Чамаас өөр найдах хүн алга, яаж ийж байгаа хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч, бид 2 өмнөх зээлийн гэрээний хүүгээ төлье, Энх-Өглөө ХХК-ийн 51 хувийг түр нэр дээр чинь шилжүүлье, Эрчим хүчний яамнаас санхүүжилт орох Төрийн банкны 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгоё, санхүүжилт орж ирэх даруйд Зээлийн гэрээний дагуу төлбөрүүдээ бүгдийг аваарай, чиний гарын үсэгээр мөнгө авах учраас бид 2 санхүүжилтын мөнгийг авах эрхгүй болчихож байгаа юм, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байгаад байна гэж гуйсан. Ингээд тэдний үгэнд итгээд 2016 оны 3 сарын 15-ны өдөр 200,000, 000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр 195,000,000 төгрөгийг тус тус нэмж зээлж, Зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас санхүүжилт авах дансны дугаараа надаас нууцаар удаа дараа өөрчилж, надад мэдэгдэлгүйгээр санхүүжилтүүд авч, өөр зүйлд захиран зарцуулж Зээлийн гэрээний төлбөрөө эргүүлэн төлөлгүй хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн.

2017 оны 3 сарын 17-ны өдөр байгуулсан 195,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ нь мөн адил талууд сайн дураар харилцан тохиролцож байгуулсан гэрээ бөгөөд зээлийн төлбөрт авсан мөнгөө юунд зарцуулах нь зээлдэгч нарын асуудал юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энх-Өглөө ХХК нь Эрчим хүчний яамнаас зарласан Баруун-урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станцын ажил гүйцэтгэх тендерт шалгарч дээрх ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч Б.Э-тай тухайн үед хамтарч ажиллахаар тохирсон.

Дээрх тендерийн ажлыг эхлээд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээр төрөөс санхүүжилт авах хэлбэрээр ажиллаж байсан. Тухайн ажлыг гүйцэтгэх явцад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Э-д дээрх тендерийн ажилд хөрөнгө оруулж төрөөс санхүүжилт олгох үед оруулсан хөрөнгийг нь тодорхой хувиар өсгөж өгөх санал тавьсан. Бидний дээрх саналыг Б.Э хүлээн зөвшөөрсөн бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах баталгаа болгож нэхэмжлэлд дурдсан зарим зээлийн гэрээг байгуулсан.

Дээрх зээлийн гэрээнүүд нь өнөөгийн зах зээлд мөрдөгдөж байгаа зээлийн хүүгээс даруй хэд дахин илүү хэмжээгээр тусгагдсан бөгөөд тухайн үед зээл бус хөрөнгө оруулалт байдлаар авч байсан учир сүүлд нь хууль шүүхийн байгууллагад очиж үндэслэлгүйгээр их хэмжээний зээл, хүү, алданги бодогдох хэмжээнд очихгүй байх гэж тооцож байсантай холбоотой. Хэрэв бид зээл авахаар байсан бол Б.Эаас 8-9 хувийн хүүтэй зээл авах бус банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 2-3.5 хувийн хүүтэй мөнгө зээлэх бүрэн боломжтой байсан гэдгийг энд хэлэхийг хүсэж байна.

Мөн Б.Э нь оруулж байгаа хөрөнгийн баталгаа болгож олон тооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн төрсөн ах *******ын нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч байсан.

Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

1.2015 оны 8 сарын 10-ны өдөр 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу 2015 оны 8 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу өөр төлбөр бидэнд шилжүүлсэн асуудал байхгүй. Харин 2015 оны 7 сарын 27-ны өдөр Т.Х-ы дансанд 70,000,000 төгрөг, 2015 оны 7 сарын 30-ны өдөр Б.Б-ын дансанд 150,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дээрх төлбөр нь хамтран ажиллах тохиролцооны дагуу шилжүүлсэн төлбөр болохоос зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр биш.

Эдгээр мөнгийг шилжүүлж байхад бид зээлийн гэрээ байгуулаагүй, энэ талаар ямар нэг тохироо хийгээгүй байсан.

Иймд Зээлийн гэрээ байгуулахаас өмнө хамтран ажиллах тохиролцооны дагуу шилжүүлсэн 220,000,000 төгрөгт ямар нэг хүү, алданги тооцох үндэслэл байхгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн 30,000,000 төгрөгт зах зээлийн лүндаж хүүгээр бодож бодит байдалд нийцүүлэн хүү тооцох ёстой.

2.Б.Б, Т.Х нар 2016 оны 3 сарын эхээр нэхэмжлэгч Б.Э-д хандаж 200,000,000 төгрөг шаардлагатай байна гэхэд та хоёр өмнө нь 250,0000,000 төгрөгийг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 195,000,000 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрвөл дээрх мөнгийг өгч болно гэж хэлсэн. Тухайн үед бидний ажилд мөнгө маш их хэрэгтэй байсан учир Б.Э-ын шаардлагыг гүлээн зөвшөөрсөн. Тухайн 200,000,000 төгрөг хүсэхээс өмнө 2016 оны 3 сарын 11-ний өдөр Б.Э-аас 70,000,000 төгрөг тендерийн ажлын хөрөнгө оруулалт хэлбэрээр авчихсан байсан. Улмаар Б.Э нь 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Бын Голомт банк дахь 2205110767 тоот дансанд 195,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг тухайн үед нь буцааж нэхэмжлэгч Б.Эын дансруу тэр дор нь шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 3 сарын 17-ны өдөр буюу тухайн өдрөө бидэнд 195,000,000 төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулуулсан. Дээрх зээлийн төлбөрийг бид хүлээн аваагүй бөгөөд өмнө авсан зээлийн хүү гэж 195,000,000 төгрөг гаргаж ирээд түүнийгээ миний дансанд шилжүүлсэн үйлдэл хийгээд буцаагаад авсан. Иймд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөх ямарч үндэслэлгүй юм. Энэхүү асуудалд бид сөрөг нэхэмжлэл гаргаж тайлбарт дурдсан асуудлыг нотлох баримтаар бүрэн нотолж өгөх болно.

3.2016 оны 3 сарын 15-ны өдөр Б.Э-аас 200,000,000 төгрөг өгөхийг хүсэхэд дараа нь та нараас мөнгөө авах баталгаа хэрэгтэй гээд 8 хувийн хүүтэй зээлж байгаа хэлбэрээр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 сарын 17-ны өдөр 130,000,000 төгрөг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Б.Э нь 200,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа боловч 2016 оны 3 сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг дээрх гэрээнд хамаатуулж байх шиг байна. 2016 оны 3 сарын 11-ний өдөр 70,000,000 төгрөг шилжүүлж байхад дээрх 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй байсан бөгөөд дээрх гэрээгээр зөвхөн 130,000,000 төгрөг шилжсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

4.2016 оны 5 сарын 06-ны өдөр Б.Эаас 300,000,000 төгрөг авсан.

Анх мөнгийг авахдаа анхны тохирооны дагуу тендерийн ажлын дутуу санхүүжилтийг нөхөх зорилгоор авч байсан. Гэтэл Б.Э нь мөнгө өгсний баталгаа болгож байна гээд сарын 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Ингэж мөнгө өгөхдөө нэхэмжлэгч Б.Э манай Энх-Өглөө ХХК-ийн дүрмийн сан дахь хувьцааны 31 хувийг өөртөө барьцаа болгон шилжүүлж авсан.

Зээл авснаас хойш Б.Э нь дээрх 300,000,000 төгрөгтөө ашиг болон хүү гэж их хэмжээний мөнгө нэхэж биднийг дарамталж байсан учир 2016 оны 7 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Э-ын ХААН банк дахь 5031379799 тоот дансанд 200,000,000 төгрөг төлж дээрх өгсөн мөнгөнөөс 100,000,000 төгрөг үлдсэн. Тухайн төлбөрийг төлөхдөө Энх-Өглөө ХХК 31 хувийн хувьцааны зээлээс төлөв гэж гүйлгээний утганд бичсэн байгаа.

Бид нэхэмжлэлийн шаардлагаас бодитойгоор авсан 2015 оны 8 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 30,000,000 төгрөг, түүнээс өмнө хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан 220,000,000 төгрөг, 2016 оны 3 сарын 15-ны өдрийн гэрээний дагуу авсан 130.0. 000 төгрөг, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн гэрээний дагуу авсан төлбөрөөс үлдэгдэл 100,000,000 төгрөг, нийт 480,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 2016 оны 02 сарын 03-ны өдөр Б.Эын ХААН банкны 5031379799 тоот дансанд 340,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэхүү төлбөрийн 186,000,000 төгрөг нь өмнө авсан мөнгө байсан бөгөөд үлдэх 100 сая гаран төгрөг нь дээрх 480,000,000 төгрөгөөс хасагдаж эцсийн байдлаар үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэлд дурдсан их хэмжээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид тендерийн ажил гүйцэтгэх явцад дутагдалтай байсан санхүүжилтийг Б.Э-аас авч тухайн ажил дууссаны дараа авсан мөнгөндөө тодорхой хэмжээний ашиг өгч тооцоо дуусахаар тохирсон боловч оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа нэрээр их хэмжээний хүү тооцсон зээлийн гэрээнүүдэд биднийг гарьш үсэг зуруулж байсан. Төрөөс авсан тендерийн ажлыг цөг тухайд нь гүйцэтгэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байсан учир аргагүйн эрхэнд нэхэмжлэгч Б.Э-ын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан.

Бид нийт 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийн ажил гүйцэтгэсэн бөгөөд ам.доллар, болон юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг хүрэлцэхгүй болж түүнийгээ өөрсдийн хөрөнгө болон бусдаас авсан хөрөнгө оруулалтын мөнгөөр нөхөж байсан бөгөөд нийт 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийн ажлыг 11.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн. Энэхүү нөхцөл байдал нь Б.Э-д ашиг хуваарилах боломжгүй болгоод байгаа. Гэхдээ бид Б.Э-аас нэхэмжлэлд дурдсан гэрээнээс өмнө зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлж авч байсан бөгөөд зөвхөн хүүнд 900 гаруй сая төгрөг төлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь зөвхөн зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр хүүгийн хэмжээнд мөнгө хүүлэгч байдлаар бидэнд хандаж ирсэн бөгөөд бидний гүйцэтгэсэн тендерийн ажил анх төлөвлөж байсан хэмжээнд үр өгөөжөө өгч чадаагүй нөхцөл байдлыг мэдсээр байж их хэмжээний хүү, алданги болон төлөгдсөн төлбөрийг хасаж тооцолгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна.

Бидний гүйцэтгэсэн ажил амжилттай болсон бол нэхэмжлэгч Б.Э мөн ашгийг нь хүртэх байсан. Бид тухайн ажлыг амжилттай болно гэж тооцож нэхэмжлэгчийн өөрийнх нь зүгээс гаргаж тавьж байсан өндөр хүүтэй зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан гэдгийг шүүхийн зүгээс анхаарахыг хүсэж байна. Манай компани зээлийн хөрөнгөөр тухайн дутагдалтай байсан санхүүжилтээ хаах сонирхолтой байсан бол банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 1 дахин бага хүүтэй зээл авах боломжтой байсан.

Анхнаасаа хамтран ажиллах тохиролцооны дагуу хөрөнгө оруулалт хэлбэрээр нэхэмжлэгч Б.Э-аас мөнгө авч байсан гэдгийг анхаарахыг хүсэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: 2016 оны 3 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Этай 195,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээ мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр бид Б.Э-аас 195,000,000 төгрөг зээлж аваагүй бөгөөд энэхүү гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Бид Б.Э-тай харилцан тохиролцож өөрсдийн компаний гүйцэтгэж байгаа тендерийн ажилд хамтран ажиллахаар тохирсон. Энэхүү тохироог амаар байгуулсан бөгөөд Б.Э тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж улсаас гүйцэтгэсэн ажлын төлбөр орж ирэхэд тодорхой хэмжээгээр мөнгийг нь өсгөж өгөхөөр тохирсон. Гэтэл Б.Э бичгээр үйлдсэн баримт авч үлдэнэ гэж хэлээд 2015 оны 8 сарын 10-ны өдөр 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ гэрээ ч мөн адил зээлийн гэрээ биш бөгөөд цаад тохироо нь хамтран ажиллах гэрээ байсан. Ингээд 2016 оны 3 сарын эхээр бидэнд 200,000,000 төгрөгийн хэрэгцээ гарсан тул Б.Э-д хандсан. Гэтэл Б.Э нь та хоёр 2015 оны 08 сарын 10-ны өдөр 250,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн, энэ мөнгөний хүү 2016 оны 3 сарын 16-ны өдрийн байдлаар 193,567,700 төгрөг болсон гэдэг бичиг хийж өг, тэгвэл 200,000,000 төгрөг өгч болно гэсэн. Ингээд Т.Х миний бие Б.Э-ын шаардсаны дагуу дээрх бичгийг хийж өгсөн. Энэ бичгийн дагуу дээрх 193,567,700 төгрөгийн хүүнд 2016 оны 03 сарын 17-ны өдөр №: 411/16:10 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Энэхүү зээлийн гэрээний дагуу мөнгөө шилжүүлсэн гэж харагдуулахын тулд

2017    оны оны 3 сарын 17-ны өдөр манай нөхөр Б.Б-ын Голомт банк дахь 2205110767 тоот дансанд 195,000,000 төгрөг шилжүүлж мөн өдрөө буцаагаад халиуны зээлийн хүү гэж гүйлгээ хийлгэн өөрийхөө дансанд шилжүүлж авсан.

Эдгээр үйл баримт нотлох баримтаар бүрэн нотлогдох бөгөөд бид Б.Эаас бодит байдал дээр 195,000,000 төгрөг аваагүй бөгөөд өөрөө манай нөхрийн дансанд хийж хэдхэн минутын дараа буцаагаад шилжүүлээд авсан. Ингэж авахдаа 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд 193,000,000 төгрөгийг өөрийхөө дансанд авсан. Буцаан шилжүүлж авсан 193,000,000 төгрөг Б.Э-ын шилжүүлсэн 195,000,000 төгрөг мөн болохыг банкны гүйлгээ хийсэн баримтаар бүрэн нотлогдох бөгөөд манай нөхрийн дансанд ийм хэмжээний мөнгөний үлдэгдэл тухайн үед байгаагүй.

Иймд Б.Э нь өмнө тохирсон хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 250,000,000 төгрөгт 193,567,700 төгрөгийн хүү тооцуулж байна гэж бичүүлж авчихаад дээрх хүүний дүндээ зээлийн гэрээ байгуулан биднээс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2016 оны 03 сарын 17-ны өдрийн № 411/16:10 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хучин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Зээлийн гэрээний үүрэг Б.Боос 498,080,000 төгрөг, Т.Х-аас 1,851,580,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар 2016 оны 3 сарын 17-ны өдрийн №411/16:10 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2. дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь Энх-Өглөө ХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулсан Баруун-урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/б кв дэд станцын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажиллахаар Б.Этай тохиролцож, нэхэмжлэгч уг ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах, улсын төсвөөс тендерийн ажлын мөнгө орж ирэхээр уг мөнгийг хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу өсгөж өгөхөөр зээлийн гэрээ хэлбэрээр гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар:

1. 2015 оны 8 сарын 10-ны өдөр Б.Э, Т.Х нарын хооронд 250.000.000 төгрөгийг 2015 оны 7 сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, сарын 9 хувийн хүүтэй зээлэх, зээлийг эргүүлж төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Энэ зээлийн гэрээгээр 2015 оны 7 сарын 30-ны өдөр Б.Эаас Б.Бын дансанд 150.000.000 төгрөг, 2015 оны 8 сарын 10-ны өдөр Б.Эаас Б.Бын дансанд 20.000.000 төгрөг, мөн сард 10.000.000 төгрөг, Б.Э-аас Т.Х-ы ХААН банкин дахь 5003588593 тоот дансанд 70.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

2. 2016 оны 3 сарын 15-ны өдөр №397/17:30 дугаартай Зээлийн гэрээг Б.Э, Т.Х нарын хооронд байгуулж, 200.000.000 төгрөгийг 2017 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэл, сарын 9 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргүүлж төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. 2016 оны 3 сарын 17-ны өдөр энэ гэрээнд зээлийн хамтран зээлдэгчээр Б.Б оролцохыг талууд зөвшөөрч, хамтран үүрэг гүйцэтгэхээр болсон тул хамтран зээлдэгчээр Б.Б-ыг нэмж оруулан, зээлийн 200.000.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлж өгөхөөр тохиолцсон. Энэ гэрээгээр 2016 оны 3 сарын 11-ний өдөр Б.Б-ын дансанд 70.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Б-ын дансанд 110.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

3.2016 оны 3 сарын 17-ны өдөр №411/16:10 дугаартай гэрээг Б.Э, Т.Х, Б.Б нарын хооронд байгуулж, 195,000,000 төгрөгийг 2017 оны 3 сарын 17-ны өдрийг хүртэл, сарын 8 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргүүлж төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон. Энэ гэрээгээр Б.Э-аас Б.Б-ын дансанд 2016 оны 3 сарын 17-ны өдөр 195.000.000 төгрөг шилжүүлсэн.

4. 2016 оны 5 сарын 06-ны өдөр Б.Э, Т.Х нарын хооронд зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргүүлж төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Энэ гэрээгээр 2016 оны 5 сарын 11-ний өдөр Б.Э-аас Т.Х-ы дансанд 250.000.000 төгрөг, 2016 оны 5 сарын 09-ний өдөр Б.Эаас Т.Х-ы дансанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Б.Э нь Т.Х, Б.Б нартай нийт 4 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 945.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан тухайн өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 7-9 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргүүлж төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч хүлээн авсан, тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээж хэлцэл байгуулж талууд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. 2015 оны 8 сарын 10-ны өдөр Б.Э, Т.Х нарын хооронд байгуулагдсан 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

Талууд анх зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэй байгуулсан. 2016 оны 3 сарын 15-ны өдөр Зээлийн гэрээний сунгалт гэрээ байгуулж, зээлийн хүүг сарын 8 хувь болгон өөрчилж, гэрээний хугацааг анх авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээнд 2016 оны 12 сарын 31-нийг хүртэл сунгасан. /хавтаст хэргийн 9-р хуудас/

Иймд зээлийн хүүг 2015 оны 8 сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 сарын 15 хүртэл сарын 9 хувийн хүүгээр тооцоход 7 сар 05 хоногийн хугацааны хүү /22.500.000 х 7 сар 05 хоног/ 161.250.000 төгрөг,

2016 оны 3 сарын 15-наас 2016 оны 12 сарын 31-ний хоорондох 9 сар 16 хоногийн хүүг сарын 8 хувийн хүүгээр тооцоход /20.000.000 х 9 сар 16 хоног/ 190.666.666 төгрөг, нийт зээлийн хүү 351.916.666 төгрөг болж байгаагаас Т.Х-ы 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Эын дансанд 250 сая төгрөгийн 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3 сарын 15 хүртэлх зээлийн хүү гэж шилжүүлсэн 193.000.000 төгрөгийг /хэргийн 23, 80 дугаар хуудас/ хасаж тооцоход зээлийн хүүгийн үлдэгдэл 158.916.666 төгрөг болж байгаа бөгөөд үндсэн зээл 250.000.000 төгрөгийн хамт бүгд 408.916.666 төгрөгийг Т.Х хариуцан төлөх үндэслэлтэй байна.

2.2016 оны 3 сарын 15-ны өдрийн №397/17:30 дугаартай Б.Э, Т.Х нарын хооронд байгуулагдсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

Энэ гэрээгээр зээлдүүлэгч Б.Э-аас 2016 оны 3 сарын 11-ний өдөр зээлдэгч Б.Б-ын дансанд 70.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Бын дансанд 110.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ зээлээс зээлдэгч нар эргэн төлөлт хийгээгүй тул гэрээний хугацааны зээлийн хүү /16.000.000 х 12 сар/ 192.000.000 төгрөгийг үндсэн зээл 200.000.000 төгрөгийн хамт бүгд 392.000.000 төгрөгийг Т.Х, Б.Б нар адил тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үндэслэлтэй байна.

3. 2016 оны 3 сарын 17-ны өдөр №411/16:10 дугаартай Б.Э, Т.Х, Б.Б нарын хооронд байгуулагдсан 195,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

Талууд зээлийн хэмжээ, хугацаа, хүүгийн талаар харилцан бичгээр тохиролцож гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болж, зээлдэгч Б.Эаас зээлдүүлэгч Б.Бын дансанд 2016 оны 3 сарын 17-ны өдөр зээлийн 195.000.000 төгрөг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогдох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлдэгч нар зээл, зээлийн хүү төлөөгүй тул гэрээ байгуулсан хугацааны зээлийн хүү /15.600.000 х 12 сар/ 187.200.000 төгрөг, үндсэн зээл 195.000.000 төгрөг бүгд 382.200.000 төгрөгийг Т.Х, Б.Б нар адил тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үндэслэлтэй байна.

4. 2016 оны 5 сарын 06-ны өдөр Б.Э, Т.Х нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

Талууд зээлийн хэмжээ, хугацаа, хүүгийн талаар бичгээр тохиролцож гарын үсэг зурсан, 2016 оны 5 сарын 11-ний өдөр Б.Эаас Т.Хы дансанд 250.000.000 төгрөг, 2016 оны 05 сарын 09-ний өдөр Б.Эаас Т.Хы дансанд 50.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

Гэрээний 4-р заалт Нэмэлт нөхцөл хэсэгт уг зээлийн гэрээний барьцаа болгож Т.Х нь Энх-Өглөө ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувиасаа 31% шилжүүлсэн болно. Зээлийн эргэн төлөлт бүрэн хийгдэж дуусмагц уг хувьцааг буцаан шилжүүлнэ гэж талууд тохиролцсоны дагуу зээлдэгч Т.Х 2016 оны 7 сарын 01-ний өдөр зээлдүүлэгч Б.Эын дансанд Энх-Өглөө ХХК 31% хувьцаа зээлээс төлөв гэсэн зориулалтаар 200.000.000 төгрөгийг буцаан төлснийг нэхэмжлэгч 4 удаагийн өгсөн зээлийн хүүд хувааж тооцон тайлбар гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

Хариуцагч зээлийн гэрээний 4-р заалтаар тохиролцсоны дагуу Энх-Өглөө ХХК 31%-ийг буцаан шилжүүлж авах зорилгоор үндсэн зээлд 200.000.000 сая төгрөг төлөх зориулалтаар эргэн төлөлт хийсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар үндсэн зээлийн төлбөр хийгдсэн гэж үзэж 300.000.000 төгрөгийн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2016 оны 5 сарын 11-нээс 2016 оны 7 сарын 01 хүртэл хугацааны зээлийн хүү /21.000.000 х 1 сар 20 хоног/ 35.000.000 төгрөг, үндсэн зээлээс үлдсэн 100.000.000 төгрөгийн зээлд гэрээний хугацаанд төлөх хүү /2016.07.01- 2017.05.06 хүртэл хугацаагаар тооцоход 7.000.000 х 10 сар 05 хоног/ 71.166.666 төгрөг, үндсэн зээл 100.000.000 төгрөг бүгд 171.166.666 төгрөгийг зээлдэгч Т.Х хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Дээрх тооцооллоос дүгнэхэд хариуцагч Т.Х зээл, зээлийн хүүд 967.183.332 төгрөг, хариуцагч Б.Б зээл, зээлийн хүүд 387.100.000 төгрөг, хариуцагч нар бүгд 1.354.283.332 төгрөг хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алданги 783.220.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар зээлийн хэмжээ их, зээлийн хүү харьцангуй өндөр байгааг харгалзан алдангийн хэмжээг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувь болгон багасгаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1.354.283.332 төгрөгийн 10 хувь болох 135.428.333 төгрөгийг хариуцагч нарын хариуцан төлөх зээлийн төлбөр дээр хариуцах хэмжээгээр нь тооцон нэмж, Т.Хаас 967.183.332 төгрөг + 96.718.333 төгрөг = 1.063.901.665 төгрөг, Б.Боос 387.100.000 төгрөг + 38.710.000 = 425.810.000 төгрөг тус тус, бүгд 1.489.711.665 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн дүнгээс 859.948.335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119., 120.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр дугаар зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар Т.Хаас 1.063.901.665 төгрөг, Б.Боос 425.810.000 төгрөг тус тус гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 859.948.335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,906,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Хаас 5,477,458 төгрөг, Б.Боос 2,287,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР