Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01332

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 971 дүгээр магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй

Б.Б-, Т.Х- нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498.080.000 төгрөг, Т.Х-аас 1.851.580.000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Т.Х-, Б.Б- нар нь Энх-Өглөө ХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станц ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж буй тендерийн ажлыг гүйцэтгэж дуусгахад мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч, яамнаас санхүүжилт орж ирэнгүүт чиний мөнгийг төлөх тул эргэн төлөгдөх бүрэн баталгаатай гэж хэлж итгүүлэн нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас орж ирсэн санхүүжилтээ гэрээнд зааснаас өөр дансаар нууцаар авч, өөр зүйлд захиран зарцуулж, амласан ёсоороо зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй. Т.Х-, Б.Б- нартай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 200.000.000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, Б.Б-ын 2205110767 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 110.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 70.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 195.000.000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Б.Б-ын 2205110767 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн, Т.Х-тай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 300.000.000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын хүү 7 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Т.Х-ы 5001403249 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 250.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Т.Х-ы дансанд 250.000.000 төгрөг, Б.Б-ын 5079091071 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 150.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 10.000.000 төгрөг, Т.Х-ы 5003588593 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Т.Х-, Б.Б- нартай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200.000.000 төгрөг, хүү 135.466.667 төгрөг, алданги 167.733.333 төгрөг, нийт 503.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б-оос 251.600.000 төгрөг, Т.Х-аас 251.600.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 195.000.000 төгрөг, хүү 133.640.000 төгрөг, алданги 164.320.000 төгрөг, нийт 492.960.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б-оос 24.480.000 төгрөг, Т.Х-аас 246.480.000 төгрөг, хариуцагч Т.Х-тай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 250.000.000 төгрөг, хүү 121.333.334 төгрөг алданги 185.666.667 төгрөг, нийт 557.000.000 төгрөгийг Т.Х-аас, мөн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300.000.000 төгрөг, хүү 231.000.000 төгрөг, алданги 265.500.000 төгрөг, нийт 796.500.000 төгрөгийг Т.Х-аас нийт зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498.080.000 төгрөг, Т.Х-аас 1.851.580 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х- Б.Б- нарын шүүхэд гаргасан тайлбарт: Энх-Өглөө ХХК нь Эрчим хүчний яамнаас зарласан Баруун-урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станцын ажил гүйцэтгэх тендерт шалгарч дээрх ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч Б.Э-тай тухайн үед хамтарч ажиллахаар тохирсон. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Т.Х-ы дансанд 70.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-ын дансанд 150.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дээрх төлбөр нь хамтран ажиллах тохиролцооны дагуу шилжүүлсэн төлбөр болохоос зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр биш. Эдгээр мөнгийг шилжүүлж байхад бид зээлийн гэрээ байгуулаагүй, энэ талаар ямар нэг тохироо хийгээгүй. Б.Б-, Т.Х- нар 2016 оны 3 дугаар сарын эхээр нэхэмжлэгч Б.Э-д хандаж 200.000.000 төгрөг шаардлагатай байна гэхэд та хоёр өмнө нь 250.000.000 төгрөгийг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 195.000.000 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрвөл дээрх мөнгийг өгч болно гэж хэлсэн. Тухайн 200.000.000 төгрөг хүсэхээс өмнө 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Э-аас 70.000.000 төгрөг тендерийн ажлын хөрөнгө оруулалт хэлбэрээр авчихсан байсан. Улмаар Б.Э- нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ын Голомт банк дахь 2205110767 тоот дансанд 195.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг тухайн үед нь буцааж нэхэмжлэгч Б.Э-ын дансруу тэр дор нь шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Э- нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу тухайн өдрөө бидэнд 195.000.000 төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулуулсан. Дээрх зээлийн төлбөрийг бид хүлээн аваагүй бөгөөд өмнө авсан зээлийн хүү гэж 195.000.000 төгрөг гаргаж ирээд түүнийгээ миний дансанд шилжүүлсэн үйлдэл хийгээд буцаагаад авсан. Бид тендерийн ажил гүйцэтгэх явцад дутагдалтай байсан санхүүжилтийг Б.Э-аас авч тухайн ажил дууссаны дараа авсан мөнгөндөө тодорхой хэмжээний ашиг өгч тооцоо дуусахаар тохирсон боловч оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа нэрээр их хэмжээний хүү тооцсон зээлийн гэрээнүүдэд биднийг гарьн үсэг зуруулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Э-тай 195.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь бодит байдал дээр бид Б.Э-аас 195.000.000 төгрөг зээлж аваагүй бөгөөд дүр үзүүлэн байгуулсан хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Бид Б.Э-тай харилцан тохиролцож өөрсдийн компаний гүйцэтгэж байгаа тендерийн ажилд хамтран ажиллахаар тохирсон. Энэхүү тохироог амаар байгуулсан бөгөөд Б.Э- тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж улсаас гүйцэтгэсэн ажлын төлбөр орж ирэхэд тодорхой хэмжээгээр мөнгийг нь өсгөж өгөхөөр тохирсон. Гэтэл Б.Э- бичгээр үйлдсэн баримт авч үлдэнэ гэж хэлээд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ гэрээ ч мөн адил зээлийн гэрээ биш бөгөөд цаад тохироо нь хамтран ажиллах гэрээ байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын эхээр бидэнд 200.000.000 төгрөгийн хэрэгцээ гарсан тул Б.Э-д хандсан. Гэтэл Б.Э- нь та хоёр 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн, энэ мөнгөний хүү 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 193.567.700 төгрөг болсон гэдэг бичиг хийж өг, тэгвэл 200.000.000 төгрөг өгч болно гэсэн. Ингээд Т.Х- миний бие Б.Э-ын шаардсаны дагуу дээрх бичгийг хийж өгсөн. Энэ бичгийн дагуу дээрх 193.567.700 төгрөгийн хүүнд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр №:411/16:10 тоот зээлийн гэрээ байгуулсан. Иймд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 411/16:10 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Т.Х- Б.Б- нар нь Энх-Өглөө ХХК-ийн 51 хувийг түр нэр дээр чинь шилжүүлье, Эрчим хүчний яамнаас санхүүжилт орох Төрийн банкны 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгоё, санхүүжилт орж ирэх даруйд зээлийн гэрээний дагуу төлбөрүүдээ бүгдийг аваарай, чиний гарын үсгээр мөнгө авах учраас бид 2 санхүүжилтын мөнгийг авах эрхгүй болчихож байгаа юм, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байна гэж гуйсны үндсэн дээр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 200.000.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 195.000.000 төгрөгийг тус тус нэмж зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас санхүүжилт авах дансны дугаараа надаас нууцаар удаа дараа өөрчилж, надад мэдэгдэлгүйгээр санхүүжилтүүд авч, өөр зүйлд захиран зарцуулж зээлийн гэрээний төлбөрөө эргүүлэн төлөлгүй хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 195.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь мөн адил талууд сайн дураар харилцан тохиролцож байгуулсан гэрээ бөгөөд зээлийн төлбөрт авсан мөнгөө юунд зарцуулах нь зээлдэгч нарын асуудал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаарТ.Х-аас 1.063.901.665 төгрөг, Б.Б-оос 425.810.000 төгрөг тус тус гаргуулж Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 859.948.335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.906.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Х-аас 5.477.458 төгрөг, Б.Б-оос 2.287.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 971 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Т.Х-аас 1.063.901.665 төгрөг, Б.Б-оос 425.810.000 төгрөг тус тус гаргуулж, Б.Э-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 859.948.335 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 411/16/10 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад 11.906.250 төгрөгийг гэсний дараа хариуцагчийн 11.133.000 төгрөгийг тус тус гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 4.857.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Х- Б.Б- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх 2015 оны 8 сарын 10-ны өдөр Б.Э-, Т.Х- нарын хооронд байгуулагдсан 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээг талууд анх зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэй байгуулсан. 2016 оны 3 сарын 15-ны өдөр "зээлийн гэрээний сунгалт” гэрээ байгуулж зээлийн хүүг сарын 8 хувь болгон өөрчилж, гэрээний хугацааг анх авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээнд 2016 оны 12 сарын 31-нийг хүртэл сунгасан. Иймд зээлийн хүүг 2015 оны 8 сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 сарын 15-ны өдөр хүртэл 9 хувийн хүүтэйгээр тооцоход 7 сар 05 хоногийн хугацааны хүү 161.250.000 төгрөг, 8 хувийн хүүтэйгээр тооцоход 190.666.666 төгрөг нийт 351.916.666 төгрөг болж байгаагаас Т.Х-ы 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Э-ын дансанд шилжүүлсэн 193.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 158.916.666 төгрөг болж байгаагаас үндсэн зээл 250.000.000 төгрөгийг нэмж 408.916.666 төгрөгийг Т.Х- хариуцан төлөх үндэстэй байна дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Э- 2015 оны 7 сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөг, 2015 оны 7 сарын 30-ны өдөр 150.000.000 төгрөг нийт 220.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-ын дансанд шилжүүлсэн. Энэ үед талууд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байсан. Хариуцагч Б.Б- 220.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн боловч энэхүү мөнгөнд хүү төлөхөөр тухайн үед бичгийн гэрээгээр тохиролцоо хийгээгүй. 2015 оны 8 сарын 10-ны өдөр Б.Э-тай Б.Б- зээлийн гэрээ байгуулаагүй харин Т.Х-тай зээлийн гэрээ байгуулсан. 220.000.000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө гэрээнд оролцоогүй тал Б.Б-ын дансанд шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүснэгт байдлаар тооцоо хийхдээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн 2015 оны 8 сард 10.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч энэхүү мөнгө хариуцагч нарын дансанд орж ирээгүй. Улмаар 2016 оны 3 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний сунгалт байдлаар Б.Э-, Т.Х- нар гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний гол агуулга нь гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээний сунгалтанд зээлийн хүү 8 хувь, зээлийн хэмжээ 250.000.000 төгрөг гэж заасан боловч 2016 оны 3 сарын 16-ны өдөр энэхүү 250.000.000 төгрөгийг хариуцагч нар аваагүй. 2015 оны 8 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл байдлаар бичгээр байгуулж байгаа боловч гэрээнд заасан 250.000.000 төгрөгийг Т.Х- бодит байдал дээр хүлээн аваагүй. Иймд дээрх 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Т.Х- хамааралгүй бөгөөд 240.000.000 төгрөгийг Б.Б- зээлийн аман хэлцлийн дагуу авсан. Шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад шилжүүлсэн мөнгөнд яагаад хүү тооцож байгаа, мөн гэрээнд оролцогч биш этгээдэд яагаад хариуцуулж байгаа талаараа эрх зүйн хувьд дүгнэлт хийгээгүй. Иймд хариуцагч нар энэхүү гэрээний дагуу үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү 158.916.666 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 3 сарын 15-ны өдрийн №397/17:30 дугаар Б.Э-, Т.Х- нарын хооронд байгуулагдсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээг зээлдүүлэгч Б.Э-аас 2016 оны 3 сарын 11-ний өдөр зээлдэгч Б.Б-ын дансанд 70.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Б-ын дансанд 110.000.000 төгрөг, 2016 оны 3 сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ зээлээс зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул гэрээний хугацаа зээлийн хүү 192.000.000 төгрөгийг үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хамт бүгд 392.000.000 төгрөгийг Т.Х-, Б.Б- нар адил тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үндэстэй гэж дүгнэсэн. Энэхүү бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2016 оны 3 сарын 17-ны өдөр Б.Б-ын дансанд 130.000.000 төгрөг шилжиж орж ирсэн энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхдаа буюу 2016 оны 03 сарын 11-ний өдөр хариуцагч Б.Б-ын дансанд аман тохироогоор байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн 70.000.000 төгрөгт хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шийдвэрээс хариуцагч нар зээлийн хүү 192.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй харин үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Э- нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр хариуцагч Т.Х-тай гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Энэхүү актаар 2015 оны 8 сарын 10-ны өдөр зээлсэн 250.000.000 төгрөгийн хүү 193.567.700 төгрөг гэж тооцоо хийсэн. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь хариуцагч Т.Х-д 250.000.000 төгрөг шилжүүлээгүй. 2015 оны 3 сарын 17-ны өдөр байгуулсан 195.000.000 төгрөг зээлсэн тухай гэрээ нь Т.Х-д зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй 250.000.000 төгрөгөөс бодсон 193.567.700 төгрөгийн хүүд тооцож байгуулсан гэрээ байдаг. Ингээд Б.Э- нь Б.Б-ын Голомт банкны 2205110767 тоот дансанд 195.000.000 төгрөг шилжүүлээд буцаагаад “Т.Х-ы 250.000.000 төгрөгийн зээлийн 8, 9, 10, 11, 12, 01, 02, 03 сарын хүү” гээд гаргуулаад авсан байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд болон тухайн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө буцаан гаргасан гүйлгээний утга зэргээ шууд нотлогдоно. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх алданги тооцохдоо зээл болон зээлийн хүүгийн хэмжээг нийлүүлэн бодсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт “хүүгээс анз тооцохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 208.4 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заасан. 2015 оны 01 сарын 20-ноос 2017 оны 8 сарын 23-ны өдөр хүртэл улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үеийн хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 224.2.3 дахь хэсэгт “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан. Иймд хуулийн дээрх заалтын дагуу 2017 оны 01 сарын 20-ноос 2017 оны 8 сарын 23-ны өдөр хүртэл хүү алданги төлөх ёсгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, шийдвэрт заагдсан үндсэн зээлээс 195.000.000 төгрөг, зээлийн хүү 609.282.832 төгрөг, алданги 135.428.333 төгрөг, нийт 939.711.165 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.Б-, Т.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498.080.000 төгрөг, Т.Х-аас 1.851.580.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх Т.Х-аас 1.063.901.665 төгрөг, Б.Б-оос 425.810.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдлийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч Б.Б-, Т.Х- нар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээнд хариуцагч Б.Б-, Т.Х- нар нийт 1.489.711.665 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү зээлийг авч санхүүжүүлсэн Эрчим хүчний яам, Энх-Өглөө ХХК-ийн хооронд байгуулж хэрэгжүүлсэн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км агаарын шугам барих ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр хянагдсан нэмэлт санхүүжилт 3 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Энх-Өглөө ХХК-ийн дансанд шилжүүлсэний дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлсөн байх, Сангийн яамнаас шилжүүлэх 3 тэрбум төгрөгийг Энх-Өглөө ХХК-ийн Хас банк дахь 5001403237 тоот дансаар хүлээн авах бөгөөд энэхүү данснаас 1.489.711.665 төгрөгийн гүйлгээ хийх эрхийг төлбөр авагч Б.Э-д шилжүүлэх, Сангийн яамнаас шилжүүлэх санхүүжилтийн төлбөр хойшлогдох, тодорхой бус шалтгаанаас үүдэн хугацаа алдах тохиолдолд энэхүү санхүүжилт Энх-Өглөө ХХК-ийн дансанд орох хүртэл хугацаагаар төлбөр төлөх хугацаа сунгагдаж, энэ хугацаанд төлбөр авагч нь төлбөр гаргуулахаар гүйцэтгэх хуудас гаргуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахгүй байж, Энх-Өглөө ХХК-ийн 51 хувийн хувьцааг Б.Э-д барьцаалан, төлбөрөө бүрэн төлж дууссан тохиолдолд Т.Х- Б.Б- нарт эргүүлэн шилжүүлэх, Б.Э-д Энх-Өглөө ХХК-ийн Хас банкны 5001403237 тоот дансны гарын үсгийн эрх олгохоор харилцан тохиролцов гэжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Б.Б-, Т.Х- нар гарын үсэг зурсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 971 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Б.Б-, Т.Х- нар нийт 1.489.711.665 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү зээлийг авч санхүүжүүлсэн Эрчим хүчний яам, Энх-Өглөө ХХК-ийн хооронд байгуулж хэрэгжүүлсэн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км агаарын шугам барих ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр хянагдсан нэмэлт санхүүжилт 3 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Энх-Өглөө ХХК-ийн дансанд шилжүүлсэний дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлсөн байх, Сангийн яамнаас шилжүүлэх 3 тэрбум төгрөгийг Энх-Өглөө ХХК-ийн Хас банк дахь 5001403237 тоот дансаар хүлээн авах бөгөөд энэхүү данснаас 1.489.711.665 төгрөгийн гүйлгээ хийх эрхийг төлбөр авагч Б.Э-д шилжүүлэх, Сангийн яамнаас шилжүүлэх санхүүжилтийн төлбөр хойшлогдох, тодорхой бус шалтгаанаас үүдэн хугацаа алдах тохиолдолд энэхүү санхүүжилт Энх-Өглөө ХХК-ийн дансанд орох хүртэл хугацаагаар төлбөр төлөх хугацаа сунгагдаж, энэ хугацаанд төлбөр авагч нь төлбөр гаргуулахаар гүйцэтгэх хуудас гаргуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахгүй байж, Энх-Өглөө ХХК-ийн 51 хувийн хувьцааг Б.Э-д барьцаалан, төлбөрөө бүрэн төлж дууссан тохиолдолд Т.Х- Б.Б- нарт эргүүлэн шилжүүлэх, Б.Э-д Энх-Өглөө ХХК-ийн Хас банкны 5001403237 тоот дансны гарын үсгийн эрх олгохоор харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4.857.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ