Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 487

 

С.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0680 дугаар магадлалтай, С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.О-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “..Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 98 дугаар байрын 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г-97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.О-ыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0680 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.О-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “4 өрөө орон сууц” гэсний дараа “1А-1-8 тоот агуулах” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх анх С.О-ыг эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэснийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт гэсэн зохицуулалтад юу хамаардах эсэхийг тодруулах" шаардлагатай байна гэж анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү ажиллагааг огт хийгээгүй, үүнийг давж заалдах гомдолдоо тусгасан боловч давж заалдах шатны шүүх мөн адил огт авч үзээгүй нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Анх 801 тоот үл хөдлөх хөрөнгийг “Апрель” ХХК 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Могул Скай” ХХК-тай гэрээ байгуулж авахдаа 2011 оны 06 дугаар сарын тооцоо нийлсэн актыг үндэслэж, өрөндөө суутгаж авсан байр юм. Үүнийг анхан шатны шүүх тодруулахгүйгээр шууд “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс өмнө хийгдсэн байх тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу бүртгэх боломжгүй гэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл С.О нь шударгаар олж авсан хөрөнгөө өмчлөх болон захиран зарцуулах эрх нь үүсээгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь С.О-ын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад заасны дагуу С.О үл хөдлөх хөрөнгө шударгаар олоод авчихсан, одоо тус байрандаа байнгын айдас түгшүүртэй хэдий ч түүнийгээ эзэмшиж байна. Харин иргэний хэргийн 3 шатны шүүхээр өмчлөх эрхийг нь тогтоосоор байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас түүнийг “Улаанбаатар хотын банк” ХХК-иас бичгээр зөвшөөрөл авж ирж байж бүртгүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн хариуг өгсөн нь тодорхойгүй байна.

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "...дараах тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсангийн гудамжны Могул Таун хотхоны 98 байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоолын өмчлөгчөөр анх У.Бямбажавыг, түүнээс эрхийг нь шилжүүлэн авсан С.О-ын өмч болохыг тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр, эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримтууд гэх холбогдох бүхий л бичиг баримтууд байхад хариуцагч тэд нарыг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй "Могул Скай” ХХК-ийн “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр С.О-ын Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгийг нь бүртгээгүй эс үйлдэхүй гаргасан. Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 5.5.1 “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5.5.4-т “барьцааны” гэж зааснаар өмчлөх эрх болон барьцаа нь тус тусдаа бүртгэлээр хийгддэг бөгөөд мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-д тус тус зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны шаардлага хэвээр хадгалагдах, барьцаа хүчинтэй хэвээр байх зохицуулалт үйлчилдэг тул С.О-ын хуулиар олгогдсон өмчлөх эрхийг баталгаажуулах явдал нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч хөндөхгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл огтхон ч байхгүй байтал гагцхүү “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцаанд байгаа гэх үндэслэлээр С.О-ын үл хөдлөх хөрөнгийг бүртгэхгүй байгаа нь дээрх хуулийн 14.2-т заасны дагуу "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно" гэснийг зөрчсөн. Иргэний хуулийн 112.1, 343.1, 343.3-т тус тус заасны дагуу С.О нь үүргээ бүрэн биелүүлж “Могул Скай” ХХК-иас холбогдох бичиг баримтыг цуглуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн байхад түүний өмчийг “Улаанбаатар хотын банк” ХХК-иас зөвшөөрлийг авах шаардлагатай гэх үндэслэлээр бүртгэхгүй байгаа нь ойлгомжгүй байхад 2 шатны шүүх үүнийг нь зөв гэж дүгнээд байгаад гомдолтой байна. Хэрвээ 2 шатны шүүхийн шийдвэрт тусгасан дүүргийн иргэний хэргийн 2014 оны 4010 тоот шийдвэр болон “Улаанбаатар хотын банк”, “Могул Скай” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас бүртгэх боломжгүй байна гэж үзэж байгаа тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд “...барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах” гэж заасан ба 28.1-д “...барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх юм. Энэхүү зүйлд зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор “Улаанбаатар хотын банкны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба хариуцагч “Могул скай” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж ойлгож байна. Гэтэл 2 шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дээрх заалтыг огт дурдахгүйгээр. хэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглэлгүйгээр, холбогдох хуулиудыг буруу тайлбарлан 433 тоот шийдвэр, 221/МА2017/0680 дугаар магадлалыг гаргасан гэж үзэж байна. С.О нь Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 182 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заагдсан эрхээ эдлэх боломжгүй болсон байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот болон 1А-19 тоот автозогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг С.О-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “...улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “...Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж тус тус заасантай нийцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 30 хувийн гүйцэтгэлтэй 3564 м.кв талбай бүхий 98 дугаар, 95 хувийн гүйцэтгэлтэй 2717 м.кв талбай бүхий 97 дугаар байруудыг “Могулскай” ХХК-ийн нэр дээр 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000151030, 000151031 дугаартай гэрчилгээ олгогдсон, “Улаанбаатар хотын банк” ХХК болон “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн, үүнд маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд болох 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоол зэрэг нь хамрагдсан байна.

Мөн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 13 дугаар тогтоолоор “Могулскай” ХХК-иас зээлийн төлбөрт 2,055,460,140 төгрөгийг гаргуулж “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаалсан хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг заажээ.

Үүнээс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд шилжилт, хөдөлгөөн хийхгүй байхыг хариуцагчид даалгасан зэрэг үйл баримтуудтай холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагджээ.

Нэхэмжлэгч С.О нь 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Апрель” ХХК болон “Могулскай” ХХК-тай байгуулсан 3 талт “..эрх шилжүүлэх гэрээ”, У.Бямбажаваас С.О-д үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр зэргийг үндэслэн дээрх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн байна.

Эдгээр гэрээ, шүүхийн шийдвэр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулж, С.О-ын нэр дээр бүртгэх үндэслэл болохгүй.

Учир нь, С.О-ыг орон сууц захиалагчийн эрхийг өөрт шилжүүлэн авахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд “Могулскай” ХХК-ын өмчлөлд бүртгэгдсэн, Уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээгээр барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэл болжээ. 

Иймд С.О-ын гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн шийдвэр дээрх байдлаар хуульд нийцжээ.

Хэрэгт авагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүд, гэрээний үүргийн биелэлтийн талаар буюу харъяаллын бус асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүйгээс гадна барьцааны гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Захиргааны хэргийн шүүх өөрийн харъяаллын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхүүд энэ маргааны үйл баримтад хамаарах Улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, энэ маргаан нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхтэй хамааралтай биш, харин барьцааны гэрээг бүртгэсэн хүчин төгөлдөр улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулахтай холбоотой маргаан байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх зохицуулалт энэ маргаанд хамааралгүй юм.

Үүнээс гадна шүүхүүд “...1А-1-8 тоот агуулах, болон 1А-19 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг С.О-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах...” тухай нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчөөгүй, “...мэдүүлэг гаргаж байгаагүй, ...захиргааны акт гараагүй байх тул энэ маргааныг захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн зүйл заалтыг зөв тайлбарласан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0680 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ