Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/02567

 

 

 

 

 

2020 оны 10сарын 16өдөр

181/ШШ2020/02567

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ж.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.Гт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүхү хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр Ж.Баасанчимэгээс 17,686,158 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Ж.Баасанчимэг миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017183 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 хороо 10 хороолол 14Б-60 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 38,500,000 төгрөг хэмээн үнэлсэн байна. Энэ үнэлгээг надад 2020 оны 08 сарын 28-ны өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж , харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Миний бие Ориент инвест ББСБ ХХК-д 2020 оны 08 сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд цаашид мөн төлөлтийг хийж төлбөр тооцоог хийж дуусгана. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Мөн Баянгол дүүргийн 10 хорооллын нутаг дэвсгэрт байрлах 1 орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 60-80 сая төгрөгийн үнэ ханштай эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй маш их гомдолтой байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах 4\154-30430 тоот мэдэгдлийг 2020 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байгаа тул улсын бүртгэлийн Ү- 2205017183 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 38,500,000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр Ж.Баасанчимэгээс 17,686,158 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Баасанчимэгийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн тоот хаягт байрлах 18 метр квадрат талбайтай нэг өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Ж.Баасанчимэг болон төлбөр авагч нараас Монгол улсын Иргэний хуулийн 177-р зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууц нь 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад үнэлгээг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4-154/24142, 4-154/24143 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ж.Баасанчимэг нь орон сууцаа бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах санал гаргаж, энэ хугацаанд хөрөнгөө бие даан худалдан борлуулаагүй байна. Иймд шинжээчийн үнэлсэн үнэ болох 55,000,000 төгрөгийн 70 хувь буюу 38,500,000 төгрөгөөр дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр оруулахад 41,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болно. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2020 оны 4/154- 30430, 4/154-30431 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, 177.1 дэх хэсэгт заасны дагуу Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 55 дугаар зүйл, 55.7-д заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч орон сууцыг нь 38,500,000 төгрөгөөр үнэлсэн гэж яриад байна. 38,500,000 төгрөгөөр биш 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн санал дээр тохироогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө 60 сая орчим төгрөгийн үнэтэй гээд байдаг. 55 сая 60 сая ойролцоо байгаа. Нэхэмжлэгч үнэлгээ гарсны дараа өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан. Хэлж байгаа үнээрээ худалдан борлуулах боломжтой байсан. Гэвч зарагдаагүй байгаа. Мөн хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг нь хариуцагч Н.Гт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар захирамж /хх-45 тал/-аар Ж.Баасанчимэг нь Ориент инвест ББСБ ХХК-д 17,493,250 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 182/ГХ2020/00068 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-44 тал/ олгосноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-46 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 20280226 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-52 тал/, 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 20280226-1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-57 тал/-уудаар  тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан байна.

Төлбөр төлөгч Ж.Баасанчимэг нь 2020 оны 06 сарын 04-ний өдөр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх санал /хх-60 тал/-ыг Н.Гт гаргасан байх ба төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт /хх-61 тал/-ийг Н.Гт гаргажээ.

Н.Г нь 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 6/336 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-62 тал/-оор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид хууль сануулсан /хх-63-65 тал/ байна.

Н.Г дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь 2020 оны 06 сарын 19-ний өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-66-81 тал/-г Н.Гт ирүүлсэн байх ба Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байр 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017183 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 55,000,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Төлбөр төлөгч Ж.Баасанчимэг нь үнэлгээний тайлантай 2020 оны 06 сарын 29-ний өдөр танилцсан болох нь түүний үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн агуулга бүхий Н.Гт хандан гаргасан хүсэлт /хх-84/-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Баасанчимэг нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд 2020 оны 09 сарын 02-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан үнэлгээний талаарх гомдлыг үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх боловч тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэн нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн хариуцагч Н.Гт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Баасанчимэгийн хариуцагч Н.Гт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2020/11832 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР