Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01181

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01181

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрээр С.Эаас 23 533 598 төгрөг гаргуулж, Дайманд файнанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа болно. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот Ү-2204031772 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах 5 тоот Ү-2204031774 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоолуудыг худалдан борлуулахаар шийдвэр тусгаагүй байхад албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг С.Этай 2017 оны 12 сарын 25-ны өдөр уулзаж мэдлээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнгөнд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд би гомдолтой байна. Надад нэг ч мэдэгдэл, тогтоол өгөөгүй байж миний хөрөнгийг дур мэдэн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба намайг тус худалдаанд оруулалгүй хийсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж заасныг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн авто зогсоолын үнийг тус бүрийн үнийг 17 500 000 төгрөгөөр тогтоосоор байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус бүрийн үнийг 8 750 000 төгрөгөөр оруулахаар бичсэн байхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд миний өмчлөлийн Ү-2204031772 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах эрхийн Ү-2204031774 улсын бүртгэлтэй, 5 тоот 12.5 м.кв талбай бүхий 2 ширхэг авто зогсоолуудыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрт худалдан борлуулах хөрөнгө гэж заагаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар захирамжаар С.Эаас 23 674 616 төгрөгийг гаргуулж, Даймонд финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Эт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 16, 2016 оны 12 дугаар сарын 22, 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 02 дугаар сарын 16, 2017 оны 3 дугаар сарын 22-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Төлбөр төлөгч С.Эын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031772 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031774 дугаартай, зоорийн давхарын 5 тоот 12.5 м.кв талбай авто зогсоолуудыг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид 3/8999 тоот албан бичгээр, 99111393 дугаар утсанд мессеж хэлбэрээр, мөн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр утсанд нь залгаж тус тус мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч С.Э нь барьцаа хөрөнгийг тус бүр 35 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлсэн ба төлбөр авагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/84 тоот хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Шинжээч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолыг тус бүр 17 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Э болон өмчлөгч Б.Б нарт барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/18237, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22376 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж биечлэн хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг тус бүр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 12 250 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 8 750 000 төгрөгөөр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу төлбөр авагчид санал болгох тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 4/28670, 4/28940, 4/28939 тоот мэдэгдлийг өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Төлбөр төлөгч С.Э нь үндэслэлгүй гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч С.Э үндэслэлгүй гомдол гаргаж төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 04165 дугаар захирамжаар С.Эаас зээлийн гэрээний үүрэгт 23 533 598 төгрөгийг гаргуулан Даймонд файнанс ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч С.Эыг 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 01 тоот зарлан дуудах мэдэгдлээр дуудсан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлээр төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны дотор төлөхийг мэдэгдэж, тухайн өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдэж, төлбөр төлөгч С.Эт төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг тайлбарласан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/18 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолуудыг төлбөр төлөгч С.Эыг байлцуулан битүүмжилж, түүнд хариуцуулсан ба тухайн өдөр 02 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг өгч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлөхийг мэдэгдэж, уг мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч С.Эт гардуулан өгсөн ба мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, С.Этай төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар ярилцаж тэмдэглэл үйлджээ. Төлбөр төлбөгч С.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...23 сая гаруй төгрөгийг барьцаанд байгаа 2 ширхэг авто зогсоолыг хууль журмын дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд албадан борлуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг бичиж өгсөн байна.

Төлбөр төлөгч С.Э нь Даймонд финанс ББСБ ХХК-аас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа, иргэн Б.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031772, Ү-2204031774 дугааруудад бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолуудыг барьцаалан бүртгүүлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2017/02 дугаар Эд хөрөнгө хураасан тогтоол-оор битүүмжилсэн байсан Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолуудыг хурааж, төлбөр төлөгч С.Эт хураасан эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг мэдэгдсэн байх бөгөөд тухайн өдөр 2017/01 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл үйлдэж, төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөх хугацааг олгож, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдсэн ба энэ өдөр барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бтай 99111393 дугаарын утсаар нь ярьж, түүнд болон түүний ээжид нь тухайн хөрөнгийг нь хураасан талаар тус тус мэдэгдэж, танилцуулсан талаар тэмдэглэл үйлджээ./хх-ийн 34-36 дугаар хуудас/

Мөн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөгч С.Этай уулзаж, ярилцан төлбөрийг төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахыг сануулсан байна./хх-ийн 38 дугаар хуудас/

Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1/8889 дугаар албан бичгээр төлбөр төлөгч С.Эт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг төлөхийг сануулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байх ба С.Э нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүрийг 35 000 000 төгрөгийн үнэтэй ба нийтдээ 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг өгсөн байна. Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3/8999 дугаар албан бичгээр түүний барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг өгөхийг мэдэгдэж түүний оршин суух Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-49 тоот хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түүний 99111393 дугаарын гар утасруу нь ...барьцаалагдсан эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлнэ үү, албадан дуудлага худалдаанд орох гэж байна гэсэн мессежийг илгээж тус тус мэдэгдсэн талаарх холбогдох баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 38-44 дүгээр хуудас/

Хариуцагч байгууллага нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бын 99111393 дугаарын утас руу 89093355 дугаараас залгаж таны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 ширхэг авто зогсоол албадан дуудлага худалдаанд орох гэж байна. С.Э нь нийт 70 000 000 төгрөгөөр үнэлсэн, та үнийн саналаа ирүүлэхгүй юм уу гэхэд, С.Э төлбөр төлнө гэсэн одоо хүртэл төлөөгүй байгаа юм уу, энэ асуудлыг мэдэх хүмүүстэй яриад эргээд холбогдоё гээд утсаа салгав гэсэн тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна. /хх-ийн 45 дугаар хуудас/

Төлбөр авагч Даймонд файнанс ББСБ ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17/84 дугаар албан бичгээр ...барьцааны хөрөнгийн өмчлөгчийн зүгээс үнэлэхээс татгалзаж, өнөөдрийг хүртэл зугтаж байгаа тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хараат бус, мэргэжлийн үнэлгээчний үнэлсэн үнэлгээг үндэслэн хуульд заасан зохих хувиар бууруулж, албадан дуудлага худалдаанд яаралтай оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Төлбөр төлөгч С.Э нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас хуульд заасан журмын дагуу шинжээчийг 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон бөгөөд тус компани нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 331 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай тайланг гаргаж ирүүлснийг төлбөр авагч, төлөгч нарт танилцуулж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3/18238 дугаар албан бичгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийн өмчлөгч Б.Бд, мөн өдрийн 3/18237 дугаар албан бичгээр төлбөр төлөгч С.Эт тус тус Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 17 500 000 төгрөгийн 70 хувь буюу 12 250 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн мэдэгдлийг тус тус шуудангаар хүргүүлсэн байна./хх-ийн 46-54 дүгээр хуудас/

Барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ...миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулахаар үнэ тогтоож байгаад гомдолтой байна гэсэн гомдол гаргасан байх бөгөөд тухайн гомдлыг нь хянаад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор хариуг өгчээ.

Хариуцагч байгууллага нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/20 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг, мөн өдрийн Албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай баримтыг тус тус үйлдэж, төлбөр төлөгч С.Эт 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22376 дугаар албан бичгээр ...барьцаа хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу дээрх үнэлгээнээс багагүй үнээр бие даан худалдан брлуулах эрхтэй тул саналаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн, мөн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/22973 дугаар албан бичгээр өмчлөгч Б.Бд, мөн 3/22974 дугаар албан бичгээр төлбөр төлөгч С.Эт тус тус ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 17 500 000 төгрөгийн 70 хувь буюу 12 250 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт оруулахыг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг тус тус үйлдэж баримтжуулсан байна.

Анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахад, төлбөр төлөгчийн барьцааны хөрөнгөнд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар тэмдэглэл үйлдсэн байна. Тэрээр хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10\05 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол үйлдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар тогтоож, энэ талаар өмчлөгч болох Б.Б, төлбөр төлөгч С.Э нарт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3\25632 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Б.Бын мэдэгдлийг баталгаат шуудангаар хаягаар нь хүргүүлснийг шуудан хүргэгчээс Оюунцэцэг гэдэг хүн \ээж нь\ 2017 оны 10 дугаар сарын 23-нд гарын үсэг зурж хүлээн авсан болох нь Монгол шуудан ХК-аас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08\232 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан хүргэлтийн дэвтрийн хуулбарын 2494 дугаарт бүртгэгдэн, тэмдэглэгдсэн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Бын шүүхэд гаргасан ...эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнгөнд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд гомдолтой гэх түүний гомдол дээр дурдсан нөхцлүүд болон шүүхээс шалгасан баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад барьцааны эд хөрөнгөнд үнийн санал ирүүлээгүй, худалдан борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр баталгаажигдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлүүдэд заасны дагуу барьцааны эд хөрөнгийн өмчлөгч Б.Б, төлбөр төлөгч С.Э нараас үнийн санал авах болон холбогдох ажиллагааг хуульд заасан журмыг дагуу явуулсан гэж үзлээ.

Иймд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ