Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01922

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1668 дугаар магадлалтай,

Б.Бын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрээр С.Эрхэмбаяраас 23 533 598 төгрөг гаргуулж, Дайманд файнанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа болно. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах 5 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоолуудыг худалдан борлуулахаар шийдвэр тусгаагүй байхад албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг С.Эрхэмбаяртай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзаж мэдлээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнгөнд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд би гомдолтой байна. Надад нэг ч мэдэгдэл, тогтоол өгөөгүй байж миний хөрөнгийг дур мэдэн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба намайг тус худалдаанд оруулалгүй хийсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн70 дугаар зүйлийн 70.2.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж заасныг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн авто зогсоолын үнийг тус бүрийн үнийг 17 500 000 төгрөгөөр тогтоосоор байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус бүрийн үнийг 8 750 000 төгрөгөөр оруулахаар бичсэн байхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт 44.3, 63.4 дэх хэсэгт заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний өмчлөлийн Ү-0000000000дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах эрхийн Ү-0000000000улсын бүртгэлтэй, 5 тоот 12.5 м.кв талбай бүхий 2 ширхэг авто зогсоолуудыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрт худалдан борлуулах хөрөнгө гэж заагаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар захирамжаар С.Эрхэмбаяраас 23 674 616 төгрөгийг гаргуулж, Даймонд финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Эрхэмбаярт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 16, 2016 оны 12 дугаар сарын 22, 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 02 дугаар сарын 16, 2017 оны 3 дугаар сарын 22-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Төлбөр төлөгч С.Эрхэмбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, зоорийн давхарын 5 тоот 12.5 м.кв талбай авто зогсоолуудыг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид 3/8999 тоот албан бичгээр, 99111393 дугаар утсанд мессеж хэлбэрээр, мөн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр утсанд нь залгаж тус тус мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч С.Эрхэмбаяр нь барьцаа хөрөнгийг тус бүр 35 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлсэн ба төлбөр авагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/84 тоот хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолыг тус бүр 17 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Эрхэмбаяр болон өмчлөгч Б.Б нарт барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/18237, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22376 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж биечлэн хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг тус бүр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 12 250 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 8 750 000 төгрөгөөр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагчид санал болгох тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 4/28670, 4/28940, 4/28939 тоот мэдэгдлийг өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч С.Эрхэмбаяр нь үндэслэлгүй гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1668 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрээр С.Эрхэмбаяраас 23 533 598 төгрөг гаргуулж, Дайманд файнанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 65 дугаар байрны зоорийн давхар 6 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай 12.5 мкв автозогсоол, мөн тус хаягт байрлах 5 тоот Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай 12.5 мкв автозогсоолуудыг худалдан борлуулахаар шийдвэрт тусгаагүй байхад албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг С.Эрхэмбаяртай 2017 оны 12 сарын 25-ний өдөр уулзаж мэдлээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнөгөд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд би гомдолтой байна. Надад нэг ч мэдэгдэл, тогтоол өгөөгүй байж миний хөрөнгийг дур мэдэн 2 дах албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба намайг тус худалдаанд оруулалгүй хийсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж заасныг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн автозогсоолын үнийг тус бүрийн үнийг 17 500 000 төгрөгөөр тогтоосоор байхад 2 дах албадан дуудлага худалдаанд тус бүрийн үнийг 8 750 000 төгрөгөөр оруулахаар бичсэн байхыг хүлэзн зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн Ү-0000000000дугаартай Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 хороолол \13372\, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 байрны зоорийн давхар 6 тоот 12.5 м.кв автозогсоол, мөн хаягт байрлах эрхйин Ү-0000000000дугаар улсын бүртгэлтэй, 5 тоот 12.5 м.кв талбай бүхий 2 ширхэг автозогсоолыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 4165 дугаар шийдвэрт худалдан борлуулах хөрөнгө гэж заагаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байх тул 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүх хангаагүй нь буруу болжээ. Шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдэх байсан. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШШГГт холбогдуулан 2017 оны 10 сарын 27-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй байхад миний өмчлөлийн 2 ширхэг автозогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, ...өмчлөгч надаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал аваагүйгээс гадна дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй...” нь хууль зөрчсөн гэж тодорхойлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04165 дугаар шүүгчийн захирамжаар С.Эрхэмбаяр нь 23 533 598 төгрөгийг Даймонд файнанс ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Төлбөр төлөгч С.Эрхэмбаяр нь Даймонд финанс ББСБ ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авахдаа Б.Бын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоот автозогсоолуудыг барьцаалсан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс дээрх автозогсоолуудыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан,  төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг авсан, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон, анхны болон албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Бд Шинжээчийн үнэлгээг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/18238, 3/18237 тоот албан бичгээр мэдэгдсэн, Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан,албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг Б.Бд баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан тул үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр явуулна. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллаар ажиллагааг хийж, төлбөр гаргуулах хөрөнгө байгаагүй тул барьцааны гэрээг үндэслэж Б.Бын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан ба уг ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хяналтын гомдолд дурдсан агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1668 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА