Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00272

 

         Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б, Т.Б нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 110 200 118.98 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Б, Т.Б нар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус банктай орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 112 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,65 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Ч.Б, Т.Б нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байр 22 тоотод байрлах 125,13 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 зүйлд зааснаар банкны санаачилгаар гэрээг цуцлах хүсэлтэй байна.

Зээлдэгч нар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөөгүй, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар үндсэн зээл 101 852 181 төгрөг, хүү 8 327 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 144 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг нийт 110 200 118 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Т.Б нараас 110 200 118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар БЗД-ийн 6-р хороо 13-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 29-р байр 22 тоот 125.13 м.кв талбайтай 5 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Т.Б нараас 779 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 779 151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Б, Т.Б нар давж заалдах гомдолдоо: Бид шүүхээс нэхэмжлэлийг гардан авч, өмгөөлөгч А.О-тай өмгөөллийн гэрээ байгуулан, өөрсдөө болон өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэгч банктай холбогдож, эвлэрэх боломжтой бол эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд хариу тайлбараа өгөхөөр хүлээж байсан.

Гэтэл шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралтай гэсэн учир товын дагуу өмгөөлөгчтэйгээ байгуулсан гэрээгээ авч 13.30 цагт шүүхэд очсон. Шүүгчийн туслах “танай хурал өнөөдөр биш маргааш юм байна, маргааш хурал дээрээ өмгөөлөгчтэйгээ гэрээгээ нэг мөр аваад ир” гэсний дагуу маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13.14 минутад өмгөөлөгчийн хамт очиход үүдний харуул “цайны цаг учир 13.30 цаг өнгөртөл дотогш хүн оруулахгүй” гэсэн. Ирснээ мэдэгдэх гэж би өөрийн 88047132 дугаарын болон өмгөөлөгчийн 95104455 дугаарын утаснаас А.Мөнхзул шүүгчийн туслах н.Галдандагвын 88089791 дугаарын утас руу 13.15 цагаас эхлэн залгасан боловч утсаа аваагүй, утас нь дуудаж байсан. Тус шүүхийн үүдэнд харуулын хажууд цайны цаг өнгөрөх хүртэл зогсож хүлээсэн ба үүдний харуул “цайны цагтай зэрэгцүүлж хурал товлодоггүй юм аа танай хурал 13.35 цагт байна” гэж үүдэнд өлгөсөн хурлын тов бүхий хуудсыг үзүүлсэн. Цайны цаг дуусч 13.35 цагт үүдэнд байсан хүмүүсийг дотогш оруулж, А.Мөнхзул шүүгчийн туслахын ширээн дээр очиж хүлээгээд, утасны дугаар руу залгахад утас нь ширээн дээр байсан ба 13.45 цагт ажлын байран дээрээ ирсэн. Бид хуралд орох гэж байгаа учраа хэлэхэд “танай хурал 13.30 цагт эхэлсэн байна” гэж хэлсэн. Бид шүүх хурлаас 20 минутын өмнө ирж, шүүхийн харуул дотогш нэвтрүүлээгүй, үүдний танхимд цайны цаг дуустал хүлээсэн, хуралдаа орох гэж шүүгчийн туслахыг хайж, хүлээж байсан бүх үйл явдал тус шүүхийн үүдний танхим болон шүүгчийн туслахуудын танхимд байрлуулсан камерын бичлэгээр бүрэн нотлогдох болно.

Иймд өмгөөлөгч, хариуцагч нар шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирсэн байтал өөрсдийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар шүүхийн дотоод зохион байгуулалт, шүүгчийн туслахын хариуцлагагүй үйлдлээс болж хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлүүлэх эрхээ эдлэн тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэн шударгаар хэрэг маргааныг шүүлгэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х  ХХК нь хариуцагч Ч.Б, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 110 200 188.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Х  ХХК нь зээлдэгч Ч.Б, Т.Б нарт 112 000 000 төгрөгийг, жилийн 19.80 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцсон байна. Зээлийн гэрээний зээлдэгч талд Ч.Б, Т.Б нар гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн ба тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг хэн алинаас шаардах эрхээ өөрөө тодорхойлох хүрээнд хоёуланд нь холбогдуулан нэхэмжлэл гаргасаныг буруутгах үндэслэлгүй.

Дээрх зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн, мөн хуулийн 451.2 дах хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 22 тоо хаягт байршилтай, 000273444 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 125.13 м.кв талбай бүхий, 5 өрөө орон сууцанд барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 10 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.Б, Т.Б нараас үндсэн зээл 101 852 181 төгрөг, хүү 8 327 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 144 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг нийт 110 200 118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нарт гардуулж, мөн өдөр түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлажээ. Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар 14 хоногийн дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Ч.Б, Т.Б нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар 14 хоногийн дотор тайлбар, татгалзлаа гаргаагүй тул анхан шатны шүүх мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “нэг талын тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарын хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу үйл баримтыг зөв дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч Т.Б-гийн “өмгөөлөгч авах хүсэлт”-ээр хойшлуулсан ба анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцэж шийдвэр гаргах хүртэл хугацаанд хариуцагч нар тайлбар гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байсан гэж дүгнэхээр байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал, түүний үндэслэл, гэрээний үүрэг, түүний доголдлын талаар тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцсэн.

Мөн хариуцагч нарын “бид, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө шүүхэд хүрэлцэн ирсэн боловч бидний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн туслахын хариуцлагагүй үйлдлээс болж хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар шүүх хуралдаан 13 цаг 38 минутад эхэлсэн буюу шүүх хуралдаан товолсон цагаасаа хойно эхэлсэн байх тул хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779 151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА