Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01375

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01375

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Зээл, хүүгийн төлбөрт 152,280,751 иен буюу 3 293 832 644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Золбоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ДХК нь АХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 150,000 ам доллар, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 100,000 иен, 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 8 417 000 иен тус тус шилжүүлсэн болно. АХХК нь дээрх зээлийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/41 тоот албан бичгээр ...зээлдэгч талаас төлөх ёстой үлдэгдэл болох 137 712 682 иенийг ирэх жилийн 3000 га талбайд тариалах ургацаар төлөх хүсэлтэй байна... гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан юм. Бид зээлийн төлбөрийг барагдуулах талаар АХХК-ийн дээрх хүсэлтийг харилцан хэлэлцсэний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 06-нд Хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр зээлийг 2017 оны 9 дүгээр сар дуустал тодорхой хүүтэйгээр үргэлжлүүлэх, энэ хугацаанд төлбөрийг гурвалжин будаагаар төлөх боломжийг олгосон болно. Эдгээр гэрээний төлбөрийн үүрэг хугацаандаа биелэгдээгүй, харилцан тохиролцож Барьцааны гэрээгээр баталгаажуулсан барьцаа хөрөнгө худалдаалагдаж итгэлцэл алдагдсан учраас хариуцагч АХХК-аас дээр дурдсан Хамтран ажиллах гэрээний гурав дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан зээлсэн 124 922 683 иен, хүү 27 358 068 иен, нийт 152 280 751 иен буюу /ханш: иен-21,63 төг/ 3 293 832 644 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч ДХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч АХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 104 000 000 иенийн зээл, хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Бид хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээ Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу нарийвчлан тооцолгүйгээр, харин Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 06-нд байгуулсан Хамтран ажиллах гэрээний гуравдугаар хэсэгт заасан төлбөрийн дүнг үндэслэсэн, хариуцагч талд ашигтай байж болох нөхцлийг харгалзсан байгааг юуны өмнө дурдмаар байна.

Хариуцагчийн тайлбарлаж байгаа зээл, хүүгийн төлбөрт зөвхөн 104 000 000 иенийг төлөхийг зөвшөөрч байгааг доорх байдлаар няцааж байна. Үүнд:

Хариуцагч АХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу ДХК-иас 2015.8.12016.1.1 хүртэл 5 сарын хугацаатай сарын 0,8 хувийн хүүтэй 100 000 000 иен зээлсэн /зээлийг 2015 оны 7 дугаар сарын 29-нд Това банкнаас бүрэн шилжүүлсэн/ ба гэрээний хугацааны хүү нь 4 881 505 иен болно. Харин талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний 2.8-д заасны дагуу энэхүү зээлийг хугацаандаа төлөгдөөгүй алданги нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тооцогдоно. Дээрх өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 741 хоногийн хугацаанд зээлийн дүнгийн 0.06 хувиар алданги тооцвол 44 460 000 иен болж байна. Үүнээс үзвэл зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын бүрэлдэхүүн хэсэг нь болох зээл, зээлийн хүү, алдангийн дүн л гэхэд 149 400 000 иен болно. Хариуцагч тал энэхүү зээлийн зориулалтыг будаа тариалах зориулалттай байсан, ургац алдсан байгалын давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хариу тайлбарын 2-т дурдсан зээл, хүү, алдангиас гадна ДХК-иас АХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 30-нд шилжүүлсэн 150 000 \нэг зуун тавин мянга\ ам.доллар буюу ойролцоогоор 18 450 000 \Арван найман сая дөрвөн зуун тавин мянга\ иен, мөн 2015 оны 10 дугаар сарын 2-нд шилжүүлсэн 8 417 000 \найман сая дөрвөн зуун арван долоон мянга\ иен, нийт 26 800 000 иенийг нэхэмжилсэн байгаа. Хариуцагч тал тайлбартаа энэхүү төлбөрийг огт дурдаагүй байна. Иймээс хариуцагч АХХК-иас нэхэмжилсэн зээл, хүү, алданги, бусад төлбөрийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: АХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ДХК-тай Зээлийн гэрээ байгуулж, нэг зуун сая иенийг 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сарын 0.8 хувийн хүүтэй, хоног тутам 0.06 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон билээ. Энэхүү мөнгийг манай компани өөрийн үндсэн үйл ажиллагаа болох газар тариаландаа зарцуулахаар зээлсэн бөгөөд зээлсэн мөнгийг өөрийн тариалсан гурвалжин будаагаар эргэн төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Гэтэл цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод тухайлбал, тариалангийн эхэн үед буюу 6-7 сард тариалангийн бүс нутагт бороо хургүй, ган болсноос болоод манай компани ургац алдаж, алдагдалд орж санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Энэхүү байдлаа нэхэмжлэгч байгууллагад удаа дараа тайлбарлаж зээл төлөх хугацааг хойшлуулах талаар харилцан ярилцаж ойлголцож байсан. Ингээд хоёр талаасаа харилцан ярилцаж дээрх тохиролцоог эцсийн байдлаар ярилцаж 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд мөн л цаг агаарын хэт хуурайшилттай нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагч байгууллагын зүгээс гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас болж гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон билээ.

Иймд хариуцагч компанийн хувьд зээлийн гэрээгээр зээлж авсан 100 000 000 иенийг болон түүнд оногдох хүү болох 4 000 000 иен, бүгд 104 000 000 иенийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг буюу хүүгээс хүү бодсон хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх үнийн дүн дээр хариуцагч талаас эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой байгаа болно. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа Хамтран ажиллах гэрээг үндэслэн гаргасан байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр мөн үү, үгүй юу гэдгийг судалж үзье. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 285 дугаар зүйлд заасны дагуу хийх ёстой. Гэтэл уг гэрээнд ДХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх иргэн Э.Сайнсанаа, манай компанийг төлөөлж М.Д нар гарын үсэг зуржээ. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Зээлдүүлсэн гэх мөнгийг шилжүүлж өгсөн эсэхийг тайлбарлая: 100 000 000 иений хувьд зээлийн гэрээ байгуулж, хүүг тохирсон бичгээр хийсэн үед л хүү авах ёстой, хөрөнгө буюу мөнгө зээлдэгчид очсон байх ёстой, гэрээгээр тохирсон хугацааны хүүг л тооцох заалттай байдаг. Гэтэл зээлийн гэрээний 2.1, 2.2-т зааснаар хүүг алдаатай тооцсон гэж үзээд зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар манай компанийг 2016 оны 11 сард албан бичгээр хүсэлт ирүүлснээр Хамтран ажиллах гэрээг хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн энэхүү Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр мөн эсэхийг судлах ёстой. Гэрээний 2.1-д гарын үсэг зурсан боловч тамга тэмдэг дараагүй байна. Хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй этгээд хэн юм бэ гэхээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр 2017 оны 04 сарын 5-нд Мөнхнасан байна гэтэл тухайн гэрээнд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулахдаа Зээлийн гэрээг дүгнэж, түүндээ хүү, алданги тооцсныг зөвшөөрөхгүй. Иймээс, зээлийн гэрээний дагуу 100 000 000 иен, түүний хүү 4 000 000 иен, нийт 104 000 000 иенийг л төлөх үндэстэй, Хамтран ажиллах гэрээнд тооцсон 124 922 683 иенийг хүү, алдангитай цуг нэхэмжилж байна гэж үзэж байна. Харин тухайн хамтран ажиллах гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйл болсон үед алданги торгуулиас чөлөөлнө гэж заасан байгаа тул шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд 48 280 751 иений алданги, торгуулиас чөлөөлж өгөхийг хүсэлт болгож байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДХК нь хариуцагч АХХК-д холбогдуулан, зээл, хүүгийн төлбөрт 152 280 751 иен буюу 3 293 832 644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг 152 280 751 иен буюу иенийн ханшийг 21,63 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцсон талаар тайлбарлаж, хэрэгт авагдсан Монгол банкны ханшийн тодорхойлолтод авагдсан 1 иен 21,53 төгрөгөөр тооцож гаргуулахыг зөвшөөрсөн болно.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Зээлийн гэрээний дагуу авсан 100 000 000 иен буюу түүний хүү 4 000 000 иен, нийт 104 000 000 иенийг төлөхийг зөвшөөрч, алданги, торгуульд нэхэмжилсэн 48 280 751 иенийг төлөх үндэсгүй гэж маргадаг.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчдын хооронд 2015 оны 04 сарын 30-ны өдөр 150 000 ам.доллар буюу ойролцоогоор 18 450 000 иенийг зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр амаар байгуулж зээлдүүлсэн, 2015 оны 07 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2015 оны 07 сарын 29-ний өдөр 100 000 000 иенийг, 5 сарын хугацаатайгаар, 0.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, мөн 2015 оны 10 сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр, амаар байгуулж 8 417 000 иенийг тус тус зээлдүүлэгч ДХК нь зээлдэгч АХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр зээлийг өгч авсан талаар талууд маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч АХХК нь авсан зээлээ төлөөгүйгээс ДХК-д хандан, 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 01\41 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгээр ...Манай 2 компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч талаас төлөх ёстой үлдэгдэл болох 137,712,682 иенийг ирэх жилийн 3000 га талбайд тариалах ургацаар төлөх хүсэлтэй байна. Иймд та бүхэн манай хүсэлтийг хүлээн авч 2 тал уулзаж гэрээ байгуулах хүсэлтэй байна гэсэн хүсэлт тавьсныг нь ДХК хүлээн авч талууд харилцан тохиролцож 2017 оны 03 сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулж, өмнөх зээлийн гэрээгээр зээлдүүлсэн иенийн төлөгдөөгүй үлдэгдлийг 124 922 683 иен гэж тодорхойлон тооцож, 12 сарын хугацаатайгаар, хүүг 0.06 хувиар тогтоож, нийт 152 280 751 иенийг төлүүлэхээр харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар гаргаж өгсөн Хамтран ажиллах гэрээгээр тодорхойлогдож байна.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр зохигчид нь зээлийн гэрээгээр авсан иенийн оронд 3000 тн гурвалжин будааг бүрэн хүлээлгэн өгч төлж барагдуулахаар тохиролцсон байх боловч тухайн гэрээгээр тохиролцсон үүргээ хариуцагч АХХК нь биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээний тооцоог нийлж тодорхойлон тогтоосон 152 280 751 иенийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэлээ. Тухайлбал, хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон гэх 124 922 683 иенийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу бодитоор энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй байх тул уг гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Иймээс, шүүх талуудын хооронд 2015 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр өгч авалцсан 100 000 000 иен, гэрээгээр тохирсон 5 сарын хугацааны хүүг тухайн гэрээнд зааснаар 0.8 хувиар тооцож 4 000 000 иенийг нэхэмжлэгч тал нэхэмжлэхээр, хариуцагч тал төлөхөөр шүүх хуралдаан дээр харилцан тохиролцсон тул энэхүү талуудын тохирсон байдлаар нь тооцох, уг гэрээний 2.8-д заасан хугацаанд эргэн төлөгдөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.06%-н алданги тооцно гэсэн заалтаар алданги \100 000 000 иенийн 1 өдрийн 0.06% = 60 000 иен/-ийг хугацаа хэтэрсэн 241 хоног /нэхэмжлэгчийн тодорхойлсон/-оор тооцож 14 460 000 иен, нийтдээ 118 460 000 иен буюу 2 550 443 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн 152 280 751 иенийг 21.63 төгрөгөөр тооцон 3 293 832 644 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байх боловч өөрсдийнх нь хэрэгт бичгийн баримтаар хавсаргаж өгсөн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанд 1 иен 21.53 төгрөг байх тул энэхүү баримтыг үндэслэн тооцох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч АХХК-иас 118 460 000 иен буюу /ханш 21.53 төг/ 2 550 443 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33 820 751 иен буюу 728 160 769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ДХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 753 025 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 910 169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ