Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/00557

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/00557

 

ДУ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00348/и

ДУ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ДУ аймгийн ............ тоотод оршин суух Б овогт С.О /РД:..., утас: ....../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ДУ аймгийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК -д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.М, гэрч Д.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь тус байгууллагад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот хөдөлмөрийн гэрээгээр тусгай зориулалтын авто машины жолооч гэсэн орон тоон дээр орж ажиллах болсон. Ажилд ороод халагдах хүртлээ аливаа нэг зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өглөө ажилдаа очоод цагаа бүртгүүлж байж байгаад барих машингүй учир Хаан банкны АТМ-д залгиулсан цалингийн картаа авахаар ажлаасаа гарсан. Банканд дугаарлаж хүлээж байгаад картаа аваад эргээд ажил руугаа очих замд танилуудтайгаа тааралдсан. Тэд ууж байсан архинаасаа ёс болгоод хийж өгөхөд нь нэг амсаад ажилтай гэдгээ хэлээд ажил дээрээ ирэхэд ажил тарах дөхсөн байсан. Ажлын үүдэнд байгууллагын даргатайгаа тааралдахад архи үнэртэж байна гэж хэлэхэд нь учир явдлаа хэлсэн. Тухайн үед би удирдлагаа хүндэлж маргаж мэтгэлцээгүй, ингээд намайг хурлаар оруулаад цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулна гээд гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичиж захиргаанд өг гэсэн. Ингээд бичсэн өргөдлийг болоогүй байна буруугаа хүлээсэн байдлаар өргөдлөө бич гээд ЗААА-ны дарга Д.Ц 4 удаа хуулуулж засуулж бичүүлсэн. Би цалингийн 20 хувь хасуулах шийтгэл авахуулаад асуудал шийдэгдэх юм байна гэж ойлгоод маргаж мэтгэлцэхгүйгээр удирдлагынхаа аяыг хараад хүссэнээр нь өргөдлөө бичиж өгсөн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан ..... тоот тушаал гаргасан байсан. Анхнаасаа намайг хууран мэхэлж цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авна гэж ойлгуулж баахан өргөдөл бичүүлж үнэн явдлаа бичсэн өргөдлийг минь өөрсдийнхөө санаанд нийцсэн байдлаар дахин дахин засуулж, бичүүлж авчихаад дараа нь хууран ажлаас халсанд нь гомдолтой байна. Дарга Ж.М нь намайг архи уусан байсан тэр нь 1-2 метрийн зайнаас үнэртэж байсан гэж байгаа боловч энэ нь үнэмшилгүй байдаг. 1-2 метр зайнаас үнэртэхээр архи би уугаагүй үнэхээр 1-2 метрийн зайнд үнэртэхээр уусан бол би өөрийгөө аваад явах хэмжээний чадалгүй согтуу байсан байсан. Харин ажил руугаа яараад хурдан алхаж явсанаар халууцаад нүүр царай улайсан байсаныг согтуу байна гэж андуурсан байж болох юм. Би архи уугаагүй байхад ажлын байранд архи уусан, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалт зөрчсөн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан явдлыг удирдлагын зүгээс гаргасан үндэслэлгүй шийдвэр гэж ойлгож байна. Харин ажлын цагийн дундуур гарч явсан нь миний буруу ба энэ зөрчилдөө тохирсон арга хэмжээг авахуулахад надад татгалзах зүйл байхгүй юм. Иймд ЦДҮС, ТӨХК-ийн захиргаа аж ахуйн үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлсэн тогтоож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь тус компанийн төвийн бүсийн салбарт 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргаа аж ахуйн албанд жолоочоор, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тусгай зориулалттай автомашины жолоочоор томилогдон ажиллаж байсан. С.О нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажил дээрээ ирт бүртгүүлээд өөрийн хариуцсан албан тушаалтнаас хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авалгүй дураараа гарч явсан байна. Ажил тарсны дараа цагаа бүртгүүлэхээр ирэхдээ согтуу ирсэн ба хурууны бүртгэлийн машины хажууд салбарын дарга Ж.М, автын механик Б.Баяр нартай тааралдаж гадуур явж байгаад найз нартайгаа тааралдаж архи уусан гэдгээ хэлсэн. С.Огийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн талаар салбарын даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэх үед 100 грамм орчим архи уусан нь үнэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн утгатай мэдүүлэг гаргаж өгсөн. Салбарын даргын зөвлөлийн хурлаас С.Огийн энэ үйлдлийг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл байна гэж шийдвэрлэхэд саналаа төв удирдлагад хүргүүлсэн. Төв удирдлагаас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тус салбарын Захиргаа аж ахуйн албаны жолооч ажилтай С.Ог ажлаас халах саналыг хүргүүлсэн. Төв удирдлагаас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тус салбарын захиргаа аж ахуйн албаны жолооч ажилтай С.Ог ажлаас халах саналыг зөвшөөрсөн. Ингээд С.О Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлий 38.1.2-д зааснаар захиргааны санаачилгаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан юм. С.Отай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-ийн в дэх заалтад ажилтан ажлаас цагаар согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар зохицуулсан байдаг. Аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх үүрэгтэй ажилладаг эрчим хүчний ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх нь байж боломгүй үйлдэл юм. С.О нь нэхэмжлэлдээ ажлын цагаар чөлөө авалгүй гарч яваад найзуудтайгаа таарч архи уусан тухайгаа тодорхой бичсэн байгаа нь архи ууснаа хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. мөн гаргасан мэдүүлэгтээ 100 грамм орчим архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь ажилд ороод халагдах хүртлээ зөрчил гаргаагүй сахилгын шийтгэл авч байгаагүй гэжээ. Нэхэмжлэгч жолоочоор ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хувийн ажилд компанийн автомашинаар явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж аюул саад тохиолдоход бүрэн зогсоох арга хэмжээ авч чадалгүй автомашиныг унагаасан нь Компанийн автотехникийн комиссын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн актаар тогтоогдож салбарын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 тоот тушаалаар цалин бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж байснаас харахад хариуцагч нь нэхэмжлэлийг үнэн зөв бичсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Мөн С.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ямар дүрэм журам хууль тогтоомж зөрчиж ажлаас халсан талаар огт дурдаагүй байна. Иймд С.Ог Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халсан учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч С.О нь Цахилгаан дамжуурах үндэсний сүлжээ ТӨХК-нд тусгай зориулалтын болон суудлын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний төвийн бүсийн салбарын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компаний Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2а, Ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журмын 4.1, Салбарын дүрмийн 4.5, 5.1.8, Хөдөлмөрийн гэрээний 4.1.10, 6.2, 6.2.3в, гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 01/282 тоот албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр жолооч С.Огийн өөрийн гаргасан тайлбарыг тус тус үндэслэн Захиргаа аж ахуйн албаны тусгай зориулалтын болон суудлын автомашины жолооч С.О нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын цагийг хийдүүлэн ажлын цагаар архи уусан, орой 17 цаг 45 минутанд ажлын цаг бүртгэлийн төхөөрөмжинд цаг бүртгүүлэхээр ажлын байранд согтуу ирж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцлаж, түүнийг тусгай зориулалтын болон суудлын автомашины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч С.О нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний төвийн бүсийн салбарын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.О нь 2018 оны 02 дугаар сарын 12 ны өдөр ажлын цагийг хийдүүлэн, ажлын цагаар архи уусан, орой 17 цаг 45 минутанд ажлын цаг бүртгэлийн төхөөрөмжинд цаг бүртгүүлэхээр ажлын байранд согтуу ирсэн болох нь хавтас хэрэгт авагдсан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний төвийн бүсийн салбарын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд ...С.О:- Өдөр хоолны дараа цалингийн картаа залгиулчихаад банк ороод оочиртой байхаар нь хүлээгээд 16 цаг өнгөрсөн. Нэхийгийн хажууд Солонгост хамт ажиллаж байсан найз нартайгаа таарахад архи өгсөн. 50 гр татчихсан. Хуруугаа бүртгүүлэх гээд ажил дээрээ ирэх үед даргатай таарсан. Цаг 17:40 минут болж байсан..., гэрч Б.П...2018 оны 02 дугаар сарын 12-ны орой С.О ажлын байр луу архи үнэртүүлээд орж байсан...ажлын байрнаас гарахдаа С.Отай таарсан. С.О надад даргатай таарчихаад паакталчихлаа л гэж хэлээд өөр зүйл хэлээгүй... гэсэн мэдүүлэг, гэрч З.Б ...С.О даргатай хамт гарч ирж байсан. Би машинаас харахад С.Огийн нүүр нь улаачихсан явж байсан... гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч С.О нэхэмжлэлдээ ...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өглөө ажилдаа очоод цагаа бүртгүүлж байж байгаад барих машингүй учир /он гарснаас хойш машин засвартай байгаа тул машин жолоодож ажилд гараагүй, цагаа бүртгүүлээд байдаг байсан/ ..... банкны АТМ-д залгиулсан цалингийн картаа авахаар ажлаас гарсан. Банкинд дугаарлаж хүлээж байгаа картаа аваад эргээд ажил руугаа очих замд танилуудтайгаа тааралдсан. Тэд ууж байсан архинаасаа ёс болгоод хийж өгөхөд нь нэг амсаад ажилтай гэдгээ хэлээд ажил дээрээ ирэхэд ажил тарах дөхсөн байсан. Ажлын үүдэнд байгууллагын даргатайгаа тааралдахад Архи үнэртэж байна гэж хэлэхэд нь учир явдлаа хэлсэн... гэсэн тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3/в/-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар, албан томилолтоор болон ажлын байрнаас гадагш албан ажлаа гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн ... тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2/а/-д ажлын байранд эсхүл албан томилолтоор болон ажлын байрнаас гадагш албан ажлаа гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.О нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч С.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Огийн хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ДУ аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА