Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 68

 

С.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00348/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч С.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нараас:

С.О- нь тус байгууллагад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот хөдөлмөрийн гэрээгээр тусгай зориулалтын авто машины жолооч гэсэн орон тоон дээр орж ажиллах болсон. Ажилд ороод халагдах хүртлээ аливаа нэг зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өглөө ажилдаа очоод цагаа бүртгүүлж байж байгаад барих машингүй учир Хаан банкны АТМ-д залгиулсан цалингийн картаа авахаар ажлаасаа гарсан. Банканд дугаарлаж хүлээж байгаад картаа аваад эргээд ажил руугаа очих замд танилуудтайгаа тааралдсан. Тэд ууж байсан архинаасаа ёс болгоод хийж өгөхөд нь нэг амсаад ажилтай гэдгээ хэлээд ажил дээрээ ирэхэд ажил тарах дөхсөн байсан. Ажлын үүдэнд байгууллагын тааралдахад архи үнэртэж байна гэж хэлэхэд нь учир явдлаа хэлсэн.  Тухайн үед би удирдлагаа хүндэлж маргаж мэтгэлцээгүй, ингээд намайг хурлаар оруулаад цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулна гээд гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичиж захиргаанд өг гэсэн. Бичсэн өргөдлийг болоогүй байна буруугаа хүлээсэн байдлаар өргөдлөө бич гээд захиргаа аж ахуйн албаны дарга Д.Цэцэг 4 удаа хуулуулж засуулж бичүүлсэн. Би цалингийн 20 хувь хасуулах шийтгэл авхуулаад асуудал шийдэгдэх юм байна гэж ойлгоод маргаж мэтгэлцэхгүйгээр удирдлагынхаа аяыг хараад хүссэнээр нь өргөдлөө бичиж өгсөн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан Б/31 тоот тушаал гаргасан байсан. Анхнаасаа намайг хууран мэхэлж цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авна гэж ойлгуулж баахан өргөдөл бичүүлж үнэн явдлаа бичсэн өргөдлийг минь өөрсдийнхөө санаанд нийцсэн байдлаар дахин дахин засуулж, бичүүлж авчхаад дараа нь хууран ажлаас халсанд нь гомдолтой байна. Дарга Ж.Мөнхжаргал нь намайг архи уусан байсан тэр нь 1-2 метрийн зайнаас үнэртэж байсан гэж байгаа боловч энэ нь үнэмшилгүй байдаг. 1-2 метр зайнаас үнэртэхээр архи би уугаагүй үнэхээр 1-2 метрийн зайнд үнэртэхээр уусан бол би өөрийгөө аваад явах хэмжээний чадалгүй согтуу байх байсан. Харин ажил руугаа яараад хурдан алхаж явснаар халууцаад нүүр царай улайсан байсныг согтуу байна гэж андуурсан байж болох юм. Би архи уугаагүй байхад ажлын байранд архи уусан, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалт зөрчсөн гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсан явдлыг удирдлагын зүгээс гаргасан үндэслэлгүй шийдвэр гэж ойлгож байна. Харин ажлын цагийн дундуур гарч явсан нь миний буруу ба энэ зөрчилдөө тохирсон арга хэмжээг авхуулахад надад татгалзах зүйл байхгүй юм. Иймд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн захиргаа аж ахуйн үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлсэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын  төлөөлөгч Ж.Мөнхжаргалаас:

С.О- нь тус компанийн төвийн бүсийн салбарт 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргаа аж ахуйн албанд жолоочоор, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тусгай зориулалттай автомашины жолоочоор томилогдон ажиллаж байсан. С.О- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажил дээрээ ирж бүртгүүлээд өөрийн хариуцсан албан тушаалтнаас хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авалгүй дураараа гарч явсан байна. Ажил тарсны дараа цагаа бүртгүүлэхээр ирэхдээ согтуу ирсэн ба хурууны бүртгэлийн машины хажууд салбарын дарга Ж.Мөнхжаргал, автын механик Б.Баяр нартай тааралдаж гадуур явж байгаад найз нартайгаа тааралдаж архи уусан гэдгээ хэлсэн. С.О-гийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн талаар салбарын даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэх үед 100 грамм орчим архи уусан нь үнэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн утгатай мэдүүлэг гаргаж өгсөн. Салбарын даргын зөвлөлийн хурлаас С.О-гийн энэ үйлдлийг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл байна гэж шийдвэрлэхэд саналаа төв удирдлагад хүргүүлсэн. Төв удирдлагаас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тус салбарын Захиргаа аж ахуйн албаны жолооч ажилтай С.О-г ажлаас халах саналыг хүргүүлсэн. Төв удирдлагаас Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тус салбарын захиргаа аж ахуйн албаны жолооч ажилтай С.О-г ажлаас халах саналыг зөвшөөрсөн. Ингээд С.О- Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д зааснаар захиргааны санаачилгаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан юм. С.О-тай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-ийн в дэх заалтад ажилтан ажлаас цагаар согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар зохицуулсан байдаг. Аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх үүрэгтэй ажилладаг эрчим хүчний ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх нь байж боломгүй үйлдэл юм. С.О- нь нэхэмжлэлдээ ажлын цагаар чөлөө авалгүй гарч яваад найзуудтайгаа таарч архи уусан тухайгаа тодорхой бичсэн байгаа нь архи ууснаа хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. мөн гаргасан мэдүүлэгтээ 100 грамм орчим архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь ажилд ороод халагдах хүртлээ зөрчил гаргаагүй сахилгын шийтгэл авч байгаагүй гэжээ. Нэхэмжлэгч жолоочоор ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хувийн ажилд компанийн автомашинаар явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж аюул саад тохиолдоход бүрэн зогсоох арга хэмжээ авч чадалгүй автомашиныг унагаасан нь Компанийн авто техникийн комиссын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн актаар тогтоогдож салбарын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 тоот тушаалаар цалин бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж байснаас харахад хариуцагч нь нэхэмжлэлийг үнэн зөв бичсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Мөн С.О- нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ямар дүрэм журам хууль тогтоомж зөрчиж ажлаас халсан талаар огт дурдаагүй байна. Иймд С.О-г Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халсан учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-гийн хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Учир нь С.О- нь орой 17:45 минутад буюу ажлын цаг дууссаны дараа ажлын байранд ирсэн байгаа нь тухайн өдрийн хөдөлмөрийн харилцаа дууссанаас хойш ирсэн нь түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. С.О-г архи уусан согтуу байсан гэдгийг ямар нэгэн байдлаар шалгаж тогтоогоогүй харин захиргаа аж ахуйн албаны дарга Д.Цэцэгийн хэлж өгч 4 дахин буцааж бичүүлсэн тайлбарыг баримт болгосон нь тухайн ажилтныг согтуу байсныг нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Тухайн үед С.О-гийн эзэмшилд байсан тусгай зориулалтын автомашин нь засвартай ажил гүйцэтгэх боломжгүй байснаас С.О- цагаа бүртгүүлээд сул зогсож байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх холбогдох хуулийн заалтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй ажлын бус цагаар гэснийг үндэслэн ажилтныг буруутгасан нь үндэслэлгүй дүгнэлт. С.О- нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд ажил тарсны дараа ажлын байрандаа ороогүй зөвхөн үүдний цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлэхээр очсон нь тогтоогддог. Ажлын бус цагаар архи үнэртүүлсэн байдлаар цагаа бүртгүүлэхээр ирсэн байдлыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо С.О- нь орой 17цаг 45 минутад буюу ажлын цаг дууссаны дараа ажлын байранд ирсэн байгаа нь тухайн өдрийн хөдөлмөрийн харилцаа дууссанаас хойш ирсэн нь түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэжээ.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3/в/-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар, албан томилолтоор болон ажлын байрнаас гадагш албан ажлаа гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн ... тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар,

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2/а/-д ажлын байранд эсхүл албан томилолтоор болон ажлын байрнаас гадагш албан ажлаа гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч С.О- нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ       

                                                        ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ