Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/00731

 

 

 

 

 

 

 

 

2021    03     29                                         181/ШШ2021/00731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Н.З-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 4 дүгээр сарын цалин 895,273 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.О/, нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Н.З нь А ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нягтлан бодогчоор байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулж ажилласан. Тус компаний гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн коронавирусээс сэргийлэх зорилгоор гэрээр ажиллах байхад тус компаний захирал Б.Х 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр яаралтай ир гэж дуудахад нь ажил дээрээ очтол сейф, ширээний түлхүүрийг хураан авч, Оросын санхүүгийн программд нэвтрэх эрхийг блок хийж хаалгаад, ажлын нөүтбүүк болон шүүгээний түлхүүр, ажлын түлхүүр зэргийг булааж аваад хөөж гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасны дараа бид ажлаас халаагүй гэсэн зүйл ярьдаг.

Н.З нь ажиллах хугацаандаа компанид ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ямар үндэслэлээр гэнэт хөөж гаргах шалтгаан болсныг өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй.

Энэ үйл баримт болох утас, имэйл хаяг, тухайн программд нэхэмжлэгчийн зүгээс үзлэг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 11 сарын хугацаанд ажилгүй байж эрх нь зөрчигдөж хохирсон. Хариуцагчийн зүгээс цалин өгөхгүй гэдгээ удаа дараа хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэхээр удаа дараа ярилцсан ч тус компаниас эвлэрэн хэлэлцэх хүсэл зоригоо илэрхийлээгүй. Ажлаас үндэслэлгүй халах шинж нь тухайн хүнийг ажил эрхлэх бололцоогоор хангахгүй дээрээс нь цалин хөлс олгохгүй байдлаар тодорхойлогддог. Нэхэмжлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг программд орох эрхийг хаасан. Дээр нь цалинг өгөхгүй зэрэг шинжээр ажлаас үндэслэлгүй халагдсан байна. Иймд Н.З-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Д.О нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч компаний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн Н.З нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар тус компаний нягтлан бодогчийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байгаад А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Туршилтын хугацааг дуусгаж, ажилд томилох тухай тушаалаар тус компаний нягтлан бодогчийн албан тушаалд үндсэн ажилтнаар орсон бөгөөд одоогоор компаниас түүнийг нягтлан бодогчийн ажлаас халсан албан ёсны тушаал, шийдвэр огт гаргаагүй болно.

Н.З-г анх ажилд авахдаа компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Н.Зтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Улмаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээсээ ажиллах тухай тушаалын дагуу нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ ажиллах зөвшөөрлийг компаний зүгээс олгосон байдаг. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилдаа ирэх байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Компаний гүйцэтгэх захирал Б.Х руу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Миний бие муу байна, би гэрээсээ ажиллана гэсэн мессежийг бичиж ажлаа тасалсан. Ингэж явж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яагаад ажлаа таслаад байна вэ? гэхэд би хүний ажил явдалтай байна гэж бичсэн бас албан ёсны чөлөө аваагүй. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа хүлээлгэж өгье гэж мэдэгдсэн.

Ажилтан өөрийн ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж, ажлаа тасалж явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компаний зүгээс Н.З-г ажлаас халах шийдвэрийг гаргаагүй, ажлаа ирж хий гэсэн мэдэгдлийг 2 удаа явуулсан. Хоёр удаа албан бичиг явуулахдаа сүүлийн албан бичигт та ирэхгүй бол ажлаас албан ёсоор хална гэдгээ мэдэгдсэн. Ингээд Н.З дуртай үедээ ажилдаа ирдэггүй, захирлынхаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа нь нэг талаас сахилгын зөрчил, гэхдээ сахилгын зөрчил болгонд арга хэмжээ авах шаардлага байхгүй. Ажил хийхгүй явж байгаад цалин хөлс гаргуулаад авна гэсэн хувийн санаа бодол байна гэж харсан. Ажилтны хувьд харамсалтай нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасны дагуу ажлаа тасалдаг, сахилгын зөрчил гаргадаг. Бид таныг ажлаас халаагүй, та ажлаа таслаад яваад байна. Ирж ажлаа хий гэж 2 удаа мэдэгдэл явуулахад харамсалтай нь ирээгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8-д Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэж заасан. Энэ хүн 2020 оны 04 сарын 16-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан ч ирээгүй бүхэл бүтэн 10 хоног ажлаа хаяж явсан ажиллаагүй хүнд цалин өгөх ёстой юу гэдэг асуудал гарч ирнэ.

Н.З-гийн хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчил үе, үе гаргадаг. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Жишээ нь, компаний 4 дүгээр сарын НӨАТ-ын тайланг хуулийн хугацаанд явуулаагүй. НӨАТ-ын тайланг хуулийн хугацаанд Татварын албанд гаргах өгөх үүрэгтэй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халаагүй байхад хууль зүйн гол үр дагавар факт нь ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаа хийхгүй байх, ажлын байрнаас хөөх, ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй байх зөрчилтэй үйлдэл гаргаагүй. Ажиллах нөхцөл байсан, өөрөө итгэл эвдсэн. Хариуцагчийн зүгээс ажил үүргээ гүйцэтгэхэд санаатай саад учруулаад ажлыг нь хийлгэхгүй байхыг шаардах зэргээр компаний зүгээс идэвхтэй буруутай үйлдэл хийгээгүй. Ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлд мэдээж ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байхыг ойлгодог. Ажилтныг ажил үүргээ гүйцэтгүүлэхгүй байхад ажил олгогчийн буруутай үйлдэл болон саад учруулаагүй талаар 2-3 үндэслэл байна. Нэгдүгээрт, 2 удаа ажил үүргээ гүйцэтгээч гэж албан бичиг явуулсан боловч огт ажилдаа ирээгүй. Иймд энэ хүн ажлаа хийх гэтэл ажил үүрэг гүйцэтгэх боломж олгохгүй байвал ажил олгогчийг буруутгаж болно. Ажил олгогч Ажил үүргээ гүйцэтгэж болно, ажлаа хий гээд 2 удаа албан бичиг явуулж байхад Н.З яагаад ирж болоогүй вэ гэдэгт шүүх дүгнэлт хийж үзээсэй гэж хүсч байна.

Хоёрдугаарт, ажил олгогч ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулаагүйг нотлох гол үндэслэл бол 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н.З өөрөө ажлаа өгье гэж бичээд хүсэлтээ илэрхийлсэн. Түүнээс хойш ажилдаа ирээгүй. Ажлаа өгье гээд ирэхгүй явж байгаа хүний үйлдэлд ажил олгогчийг буруутгаж болохгүй. Өөрөө ажлаа өгье гэж бичээгүй бол өөр, ажлаа өгье гэж бичихээр ажил олгогчид ажлаа өгөх гэж байна гэсэн бодол төрнө. Энэ өдөр бичсэн мессеж бол талуудын хүсэлт зоригийг маш тодорхой илэрхийлж байна. Нарийн ярьвал 2020 оны 04 дүгээр сарын 15-нд гэрээр ажиллах хугацаа дуусч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилдаа ирэх ёстой байсан. Дуртайдаа ажлаа хийхгүй, таслаад алга болсонд ажил олгогч буруугүй. Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан гэж үзэж болох уу, ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байхад чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагаа ерөөсөө явуулаагүй байдаг. Ийм нөхцөл байдлыг харахад ажил олгогч ажилтныг ажлаас халаагүй, ажлаас халаагүй ч ажилтныг ажлаас халсантай адилтгаж үздэг.

А ХХК дээр дурдсан үндэслэлүүдээр ажилтан Н.З-г ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүйг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Д.О нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Н.З-гаас 2020 оны 04 дүгээр сарын цалин 895,273 төгрөгийг буцааж гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд 49.1-д ажилтны Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан. Сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл нь А ХХК-ийн зүгээс дэлхийн хэмжээнд гарч буй цар тахалаас сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээс ажиллах тухай тушаалаар нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ өөрийн үүрэгт ажлаа хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл Н.З нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тасалсан. Уг өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан учраас үлдэгдэл цалинг олгох үндэслэл байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн шийдвэрийн дагуу манай компани аргагүйн эрхэнд төлсөн. Хэдий төлсөн ч хүлээн зөвшөөрөхгүй, өгөх үндэслэлгүй гэж үзэн шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Аливаа хууль тогтоомж зөрчсөн асуудал өөр, өөрийн харъяалалд хамаардаг. Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны 04 дүгээр сарын цалинг дутуу өгсөн гэдгийг хуулиараа шалгаж тогтоож гомдлыг хангаж шийдсэн. Хариуцагч талын ийм зөрчил байдаг юм гэдгийг манайхаас баримтыг өгсөн. Харамсалтай нь цалин олгоогүй зөрчлийг хуулиараа 5,000,000 төгрөгөөр торгохоор зохицуулсан байхад 500,000 төгрөгөөр торгосон. Энэ хууль зөрчсөн үйлдлийг холбогдох дээд шатны байцаагч нь шалгаад тухайн мэргэжлийн хяналтын байцаагч өөрөө хууль бус ажиллагаа явуулсан байна гэж үзээд 2020 оны 06 дугаар сарын 25-ндА ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгосон. Эрх нь хөндөгдөөд тэрнийхээ төлөө өөрөө явсан хүнийг буруушааж ярьж байгааг би ойлгохгүй байна.

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлын программыг хааж, хөөж загнаж, элдэв ааш гаргасан. Дээрээс нь ажлаа өгсөн гэсэн байна. Тэгвэл хүсэлт хаана байгаа вэ? Хэрэгт баримт байхгүй байхад аман яриагаар ярих нь хэрэгт ач холбогдолгүй. 2020 оны 8 дугаар сард чи ажилдаа ор гэхдээ цалин өгөхгүй хүрээд ирээ гэсэн. Эвлэрэх байсан бол тухайн үед эвлэрэх боломж байсан. Энэ хүн шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандсаны төлөө компанидаа дуудагдаад чи ажилдаа ир, чамд цалин өгөхгүй гэсэн асуудал байж болохгүй. Хариуцагчийн тайлбараа ялгаж салгах хэрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.З нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гаргасан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж тодруулсан. /хх1-2, 122/

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, ажлаас халсан гэж үзэж шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/07924 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.З нь захирамжид заасан зөрчлийг арилгаж, шүүхэд дахин 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

1.    Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

Нэхэмжлэгч Н.З нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Туршилтын хугацаа дуусгаж, ажилд томилох тухай тушаалаар А ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч Н.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ажил олгогч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй тул ажлаас халсантай адилтган үзнэ гэж, хариуцагч нь Нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирэхгүй, ажлаа орхиж явсан. Ажил олгогчийн зүгээс ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байх ямар нэг үйлдэл гаргаагүй. Ажлаас халсан тушаал, шийдвэр гараагүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцааг үүсгэх, дуусгавар болгох үндэслэл, журмыг тодорхойлон заасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх нь ажилтан болон ажил олгогчийн үүрэг юм.

Хэрэгт авагдсан баримтаар, А ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №АХ2020/01-01 тоот тушаалаар нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ ажиллах зөвшөөрөл олгосон байна. /хх53/

Мөн А ХХК-ийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №АХ2020/04-01 тоот тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, компаний нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан гэх үндэслэлээр нягтлан бодогч Н.З-д Хөдөлмөрийн тухай хуульд заасан сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. /хх54/

Нэхэмжлэгч Н.З нь гэрээс ажиллах тухай тушаалын хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилдаа ирэх ёстой байсан боловч ирээгүй болох нь талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхгүй болсон шалтгааныг нэхэмжлэгч Хулан захирал 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр ир гэж дуудахад нь очиход Оросын санхүүгийн программыг блок хийж хаалгаад ажлын нөүтбүүк болон шүүгээний түлхүүр, ажлын түлхүүр зэргийг хураан авсан гэж, хариуцагч тал Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сараас хойш ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, өөрийн хариуцсан ажлаа огт хийгээгүй. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлын өрөөний шүүгээний түлхүүр, ажлын өрөөний түлхүүр зэргийг өөрөө ширээн дээр үлдээгээд явсан гэж харилцан зөрүүтэй тайлбарладаг.

Зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Н.З, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Х нарын хооронд харилцсан мессеж, мейл, фэйсбүүк чат зэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд Б.Хгаас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч Н.Згийн фэйсбүүк чат руу илгээсэн Hi. Залгаарай ярих юм байна гэх зурвас, нэхэмжлэгч Н.Згаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Хгийн 99004575 дугаарт илгээсэн Ажлын түлхүүр, нөүтбүүк хурааж аваад ямар нөхцөлөөр тайлан нэхээд байгааг ойлгохгүй байна. 2-т 4 дүгээр сарын цалин олгоогүй байж би наад тайлан хийх шаардлагагүй байж дээ гэх мессеж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Би чамтай ярих, уулзах шаардлага байхгүй. Бүх юмаа булааж аваад нохой шиг хөөж гаргачихаад одоо би чамайг огт танихгүй хүн шиг явсан нь дээр гэх мессеж, [email protected] хаягнаас bayar.khulan.axoftglobal.com хаяг руу бичсэн мэйл зэрэгт Б.Хгаас тайлбар өгөөгүй байгааг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн Хулан захирал 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр ир гэж дуудахад нь очиход Оросын санхүүгийн программыг блок хийж хаалгаад ажлын нөүтбүүк болон шүүгээний түлхүүр, ажлын түлхүүр зэргийг хураан авсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х нэхэмжлэгч Н.З-г 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ дуудаж, Оросын холбооны улсын 1C entrepreneur нягтлан бодох бүртгэлийн программд нэвтрэх эрхийг хааж, 2020 оны 4 дүгээр сарын цалин хөлсийг олгохгүй, ажлын түлхүүр, ширээний түлхүүр зэргийг хурааж авсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас Нэхэмжлэгч Н.З 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр захирал Б.Х-д ажлаа хүлээлгэж өгье гэж мэдэгдсэн, 2 удаа ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгэх талаар албан бичиг явуулсан боловч ирээгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Н.З хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан үйлдлээс шалтгаалж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаас хүлээлгэж өгөх талаар бичсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн А ХХК-иас нэхэмжлэгч Н.З-д 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлж, ажил, таслахаа зогсоож, ажилдаа ирж, хариуцсан ажлаа хийх, мэдэгдлийг аваад 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө ажилдаа ирэхгүй бол ажлаас халах тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатараас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А5/20-040 тоот албан бичгээр Танай байгууллагаас иргэн Н.Згийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоож, түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байвал энэ тухай тайлбараа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж А ХХК-д хариу хүргүүлсэн байна. /хх103-104, 109-110/

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн, хариуцагч байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 25, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй байхад А ХХК буюу ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар ямар нэг эрхийн актыг өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.

Ажил олгогч нь дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан эрхийн акт гаргах үүрэгтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуульд заасан эрх зүйн үр дагаврыг үүсгэх юм.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулсны үр дагавар болон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан тул ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд тус хуулийг дагаж мөрдөн, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан албан ёсны эрх зүйн акт гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдэл нь хууль зүйн хувьд ажлаас халагдсан ажилтны шаардах эрхийг хэрэгжүүлэх үр дагавартай адилхан байх тул ажилтан ажлын байранд буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Н.З-г А ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох хуулийн зохицуулалттай.

А ХХК-ийн нягтлан бодогчийн ажлын байранд нэхэмжлэгч Н.Згийн 1 сард авч байсан дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу тооцоход 7,393,389 төгрөг /2020 оны 2,3,4 дүгээр сарын цалингийн дундаж/ гарч байх тул Н.З-гийн ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын 2,464,463 /7,393,389:3/ төгрөг, 1 өдрийн 114,626 /2,464,463:21,5/ төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч Н.З-гийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 227 хоногоор тооцож 26,020,102 төгрөг /114,626 х227/ хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.З-гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч А ХХК-д даалгах нь зүйтэй.

2.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

А ХХК нь нэхэмжлэгч Н.З-гаас 2020 оны 04 дүгээр сарын цалин 895,273 төгрөгийг буцааж гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, А ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4 сарын үлдэгдэл цалин гэх утгатай 895,273 төгрөгийг Н.Згийн 5011237158 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх56/

А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.З нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тасалсан. Уг өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан учраас үлдэгдэл цалинг олгох үндэслэл байхгүй гэж тайлбарладаг.

А ХХК нь нэхэмжлэгчийн ажил тасалсан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаарх баримтгүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Н.Згаас 2020 оны 4 дүгээр сарын цалин 895,273 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.ЗгА ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,020,102 төгрөгийгА ХХК-иас гаргуулж Н.Зд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.З-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг А ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,782 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,051 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ