Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00994

 

 

 

 

 

 

 

 

 

Н.З-гийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00731 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.З-гийн хариуцагч "А" ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 04 сарын цалин 895 273 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Н.З- нь "А" ХХК-д 2019 оны 03 сарын 04-ний өдөр нягтлан бодогчоор байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулж ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн короновирусээс сэргийлэх зорилгоор гэрээр ажиллах байхад захирал Б.Хулан 2020 оны 05 сарын 04-ний өдөр “ажил дээр яаралтай ир” гэсний дагуу очиход ОХУ-ын санхүүгийн программд нэвтрэх эрхийг хаалгаж, ажлын нөүтбүүк болон шүүгээний түлхүүр, ажлын түлхүүр зэргийг булааж аваад, хөөж гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасны дараа ажлаас халаагүй гэсэн.

Н.З- нь ажиллах хугацаандаа компанид ноцтой хохирол учруулаагүй бөгөөд ямар үндэслэлээр гэнэт хөөж гаргаснаа тайлбарлаагүй. Энэ үйл баримтыг нотлох баримт болох утас, и-мэйл хаяг, программд нэхэмжлэгчийн зүгээс үзлэг хийлгэсэн. Нэхэмжлэгч 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 сарыг хүртэл нийт 11 сарын хугацаанд ажилгүй байсан тул хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж, хохирсон гэж үзнэ. Хариуцагч нь цалин өгөхгүй гэдгээ удаа дараа хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэхээр удаа дараа ярилцсан боловч тус компаниас эвлэрэн хэлэлцэх хүсэл зоригоо илэрхийлээгүй. Ажлаас үндэслэлгүй халах шинж нь тухайн хүнийг ажил эрхлэх бололцоогоор хангахгүй, цалин хөлс олгохгүй байдлаар тодорхойлогддог ба цалин өгөхгүй гэдэг шинжээр ажлаас үндэслэлгүй халагдсан байна.

Иймд Н.З-г ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Н.З- нь "А" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 сарын 04-ний өдрийн тушаалаар тус компанийн нягтлан бодогчийн албан тушаалд 01 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2019 оны 04 сарын 04-ний өдрийн “Туршилтын хугацааг дуусгаж, ажилд томилох тухай” нягтлан бодогчийн албан тушаалд үндсэн ажилтнаар орсон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2020 оны 01 сарын 28-ны өдрийн гэрээсээ ажиллах тухай тушаалын дагуу 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ ажиллах зөвшөөрлийг түүнд олгосон. Ингээд 2020 оны 04 сарын 16-ны өдрөөс ажилдаа ирэх байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Компанийн гүйцэтгэх захирал Б.Хулан руу 2020 оны 04 сарын 20-ны өдөр “Миний бие муу байна, би гэрээсээ ажиллана” гэсэн мессеж илгээж, ирээгүй. Улмаар 2020 оны 05 сарын 04-ний өдөр “яагаад ажлаа таслаад байна вэ” гэхэд “ажил явдалтай байна” гэж бичээд албан ёсны чөлөө аваагүй. 2020 оны 05 сарын 07-ны өдөр “ажлаа хүлээлгэж өгье” гэж мэдэгдсэн. Ажилтан өөрийн ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж, ажлаа тасалж явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн зүгээс Н.З-г ажлаас халах шийдвэр гаргаагүй, ажлаа хий гэсэн мэдэгдлийг 2 удаа явуулсан. Сүүлд “ирэхгүй бол ажлаас албан ёсоор хална” гэдгээ мэдэгдсэн.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дахь хэсэгт “ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Н.З- 2020 оны 04 сарын 16-ны өдрөөс хойш 10 хоног ажлаа хаяж явсан тул цалин өгөхөд асуудал үүснэ. Н.З-д 2020 оны 04 сарын 13-ны өдөр захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Хариуцагчийн зүгээс ажил үүргээ гүйцэтгэхэд санаатай саад учруулаад ажлыг нь хийлгэхгүй байхыг шаардах зэргээр компанийн зүгээс идэвхтэй буруутай үйлдэл хийгээгүй. 2020 оны 05 сарын 07-ны өдөр Н.З- өөрөө ажлаа өгөх хүсэлт гаргаж, үүнээс хойш ажилдаа ирээгүй. Энэ нь талуудын хүсэл зоригийг маш тодорхой илэрхийлж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл нь "А" ХХК-ийн зүгээс дэлхийн хэмжээнд гарч буй цар тахлаас сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 28-ны өдрийн “Гэрээс ажиллах тухай” тушаалаар нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ өөрийн үүрэгт ажлаа хийхийг зөвшөөрсөн. Гэтэл 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тасалсан.

Иймд Н.З-гаас 2020 оны 04 сарын цалин 895 273 төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны 04 сарын цалинг дутуу өгсөн гэдгийг тогтоож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн. 2020 оны 05 сарын 04-ний өдөр ажлын программыг хааж, хөөж загнасан. Ажлаас гарах хүсэлтээ өгсөн гэх нотлох баримт байхгүй. 2020 оны 08 сард шүүхэд хандсаны дараа “...чи ажилдаа ор гэхдээ цалин өгөхгүй хүрээд ир...” гэж хэлсэн нь үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.З-г "А" ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 020 102 төгрөгийг "А" ХХК-аас гаргуулж Н.З-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.З-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг "А" ХХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 782 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288 051 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулхаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. "А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан нэхэмжлэгч Н.З-г 2020 оны 05 сарын 04-ний өдөр дуудан уулзаж, санхүүгийн программд нэвтрэх эрхийг хассан нь нотлох баримтаар нотлогдоогүй. Зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар байдаг. Уг тайлбар нотлох баримтаар нотлогдох ёстой. Мөн шүүх санхүүгийн программд нэвтрэх эрхийг Н.З-гаас “ажлаа өгье” гэж мэдэгдсэнээс хойш түр хязгаарласан байхад нотлох баримтгүйгээр 05 сарын 04-ний өдөр хаасан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. "А" ХХК-иас Н.З-г ажлаас халсан шийдвэр гаргаагүй.

Гэхдээ ажлыг нь хийлгээгүй, саад учруулсан үйлдэл огт хийж байгаагүй нь тодорхой байдаг. Анхан шатны шүүх хариуцагч талын нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хууль зүйн үндэслэл, баримтыг ямар үндэслэлээр няцааж, хүлээж авах үндэслэлгүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. “Талууд харилцан зөрүүтэй тайлбарладаг” гэж шийдвэртээ дурдсан боловч нэхэмжлэгчийн тайлбарыг авч, хариуцагчийн тайлбарыг хүлээн аваагүй үндэслэлээ шийдвэртээ тодорхойлоогүй. Мөн шүүх нэхэмжлэгчийн “ажил явдал гарчихлаа, ирэх 7 хоногт ажлаа хүлээлгэж өгье” гэж мэдэгдсэн үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйгээс гадна уг нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн дээрх ажлаа хүлээлгэж өгөх тухай мэдэгдэлд үндэслэж, санхүүгийн программд нэвтрэх эрхийг түр хязгаарласан нь зүй ёсны үйлдэл юм.  

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15-д “ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд олгоно” гэж заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь "А" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн гэрээс ажиллах тухай тушаалын дагуу гэрээсээ ажлаа хийх тушаалтай байсан. Улмаар 2020 оны 04 сарын 16-ны өдрөөс ажлын байранд ажлаа хийх ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, тасалсан. Ингээд 2020 оны 04 сарын 20-ны өдөр “бие жаахан онцгүй байна, гэрээсээ ажиллана” гэх мессежийг явуулсан бөгөөд өөрийн дур зоргоор гэрзэсээ ажиллана гээд мөн ажил тасалсан. Үүний дараа “ирэх 7 хоногт ажлаа хүлээлгэж өгье” гэх мессежийг ирүүлж, 2020 оны 05 сарын 04-ний өдөр компани дээр ирээд ажлын өрөөний түлхүүр, шүүгээний түлхүүр зэргийг ширээн дээр үлдээгээд явсан байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажил дээрээ ирээгүй, ажлаа тасалсан атлаа 2020 оны 06 сарын 15-ны өдөр гэнэт шүүхэд “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаар нь гайхаж, “ажлаа таслаад байна, ирж ажлаа хийнэ үү” гэх агуулга бүхий мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн боловч Н.З- өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй, ирддэггүй нь ажил хийх сонирхолгүй байгааг илэрхийлж байна. Н.З-гийн өөрөө ажлаа орхиж, ажлаа хийхгүйгээр "А" ХХК-аас цалин гаргуулж авах гэсэн санаа зорилготой үйлдэлд шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй.

Шүүх “Хөдөлмөрийн гэрээ цуцалсан албан ёсны эрх зүйн акт гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг 2020 оны 05 сарын 4-ний өдрөөс хойш ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдэл нь хууль зүйн хувьд ажлаас халагдсан ажилтны шаардах эрхийг хэрэгжүүлэх үр дагавартай адилхан” гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас “та 2020 оны 04 сарын 15-ны өдөр яагаад ажилдаа ирээгүй юм бэ” гэж асуухад үндэслэл бүхий тайлбар өгч, асуултад хариулж чадаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн санаа зорилгоор, өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажилдаа ирээгүй болохыг нотолж байна.

Мөн шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч Н.З- нь гэрээс ажиллах хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 04 сарын 16-ны өдрөөс ажилдаа ирэх ёстой байсан боловч ирээгүй болох нь зохигчдын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна ...” гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч дуртай үедээ ажилдаа ирээд, дургүй үедээ гэрээсээ ажиллана гээд ажлаа тасалж буй үйлдэл хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарна.

Нэхэмжлэгчийн зүгээс “анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын өрөө, шүүгээний түлхүүр хураан авч ажпын байрнаас хөөж гаргасан” гэж үндэслэлгүйгээр худал хэлж маргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд 24.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч Н.З- өөрөө компанийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байсан давуу байдлаа ашиглаж, өөрийн хөдөлмөрийн гэрээг компаниас зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэлгүй авч явсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээ өөрөө авч явж, устгасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үйл баримт аудио, дүрс бичлэгээр нотлогддог. Мөн дээрх асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу шалгалтын явцад Н.З- нь компанитай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г өөрөө тус газрын байцаагчид гаргаж өгсөн. Үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт “ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэхмжлэгч Н.З-г ажлаас огт халаагүй, халсан тушаал, шиидвэр гараагүй тул ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 49.8 дах хэсэгт “ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно” гэж тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.З-гийн ажилласан cap буюу 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажилд нь тохируулан цалинг нь олгосон бөгөөд 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 31-ны өдрийг хүртэлх үлдэгдэл цалин, мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 05 сарын цалин   2 000 000 төгрөг, 06 сарын эхний 15 хоногийн цалин 1 000 000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Н.З- 05, 06 сард огт ажил хийгээгүй байж, цалин хөлс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

"А" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.9, 6.2.10, 6.2.24, 6.2.26,  6.2.27, 6.2.28-д заасныг Н.З- зөрчсөн. Өөрөө эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж компанийн дотоод нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан, ажил тасалсан зэрэг хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан. Иймд "А" ХХК-ийн захирлын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн “Сахилгын арга хэмжээ авах тухай”, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авч, тушаалыг Н.З-д танилцуулахад хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Мөн ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Шүүх нэхэмжлэгчийн ажил тасалсан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад "А" ХХК нь хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар баримтгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч маргаан бүхий уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг гомдлын дагуу шалгаад хариуцагч компанийг Н.З-д 2020 оны 04 сарын цалин хөлсийг түүнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд улсын байцаагчийн албан шаардлагын дагуу аргагүйн эрхэнд "А" ХХК-иас Н.З-д 04 сарын үлдэгдэл цалин 895 273 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд "А" ХХК-иас Н.З-д шилжүүлсэн 2020 оны 04 сарын үлдэгдэл цалин болох 895 273 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримт, нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлж, дүгнээгүй. Иймд нэхэмжлэгчид 26 020 102 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч "А" ХХК-д даалгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.З- нь хариуцагч "А" ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ажил олгогчийн зүгээс 2020 оны 05 сарын 04-ний өдөр ажлын программд нэвтрэх эрхийг хааж, нөүтбүүк, шүүгээ, өрөөний түлхүүрийг хураан авч, ажил хийх нөхцөлийг хязгаарласан үйлдэл гаргаж, ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэх агуулгаар тайлбарласан байна. /хх 1, 118-119/

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр ажил олгогчийн зүгээс гаргаагүй, түүний ажил хийх эрхийг хязгаарлаагүй, ажилтан нь 2020 оны 04 сарын 16-ны өдрөөс хойш ажил тасалсан тул тухайн сард илүү олгосон цалин 895 273 төгрөгийг гаргуулна” гэх үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 43-44, 108-109/

 

Хэрэгт авагдсан "А" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд /хх51-53/, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч компанид нягтлан бодогч албан тушаалд томилогдож, 2019 оны 03 сарын 04-ний өдрөөс нэг сарын туршилтын хугацаагаар, үүнээс хойш буюу 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажилласан ба ажил олгогчийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн тушаалаар 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 04 сарын 15-ны өдөр хүртэл гэрээсээ ажилласан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

Харин ажил олгогч нь ажилтныг 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ажил хийх боломжийг хязгаарлаж, ажлаас чөлөөлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Зохигчдын дээрх тайлбар, тэдгээрийн хооронд харилцсан гар утасны зурваст шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх115-116, 123/, ажил олгогчоос ажилтанд хаягласан 2020 оны 08 сарын 25-ны өдрийн АХ2020/08-03, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн АХ2020/09-04 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн баримт зэргийг харьцуулан үзвэл, ажил олгогч "А" ХХК нь ажилтан Н.З-г ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажлаас буруу халсан, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд хариуцагч "А" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.З-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зохицуулсан. Хариуцагч байгууллагаас Н.З-д шилжүүлсэн 2020 оны 04 сарын үлдэгдэл цалин 895 273 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хуулийн зохицуулалтад заасан хугацаанд гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 сарын 08-ны өдөр “2020 оны 04 сард олгогдсон цалингийн талаар” гомдол буюу сөрөг нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.З-гийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч "А" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00731 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус  заасан үндэслэлгүй тул хариуцагч "А" ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Н.З-д холбогдуулан гаргасан илүү олгосон цалин 895 273 төгрөг гаргуулах тухай хариуцагч "А" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                                                ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.НЯМБАЗАР