Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 34

 

“Ч-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01336/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ч-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О-” ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанд холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6 дугаар хороолол, 11-р байрны 2-р орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг худалдаж авсан үнэ болох 8.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Ч-” ХХК-ийн захирал Б.Чинбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нараас:

“О-” ХХК-иас Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 баг 6 дугаар хороолол 11 байрны 2 орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг худалдаж авсан үнэ болох 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Худалдан авч байна гэж ойлгоод өгсөн 8.000.000 төгрөгөө гаргуулъя. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Ч-” ХХК-ийн нягтлан Б-, “О-” ХХК-ийн захирал Э- нар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 баг 6 дугаар хороолол 11 байрны 2 орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг 8.000.000 төгрөгийг бие биедээ шилжүүлж байгаа маягаар бичгээр хэлцэл хийж худалдаж авсан. 2014 оны 1 дүгээр сараас “Ч-” ХХК тухайн байрандаа үйл ажиллагаа явуулаад байж байхад нь “Арвандөрөв” СӨХ, Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас дуудаж түрээсийн гэрээ хэлцэл хий гэдэг байдлаар 2014 оны 1 сард түрээсийн гэрээ хийгдэж, тухайн үл хөдлөх хөрөнгө буюу зоорийн давхрыг түрээсийн байдлаар эзэмшсэн. Тухайн байрыг худалдаж авсан гэж ойлгож байсан. ...2017 онд тодруулж асуухад Энэ бол нийтийн эзэмшлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө учраас ямар нэг байдлаар худалдан борлуулах хууль зүйн үндэслэл байхгүй. “О-” ХХК бол манайхтай гэрээ байгуулан ашиглаж байсан, танай компанид зарах эрх байхгүй тул СӨХ-тэй гэрээ хэлцэл байгуулсны үндсэн дээр эзэмшиж ашигладаг хөрөнгө гэдгийг хэлж ойлголцсон байдаг. Хариуцагч байгууллага бол төлөхгүй гэж татгалзаж байгаа боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэнэ үү гэж хүсэж байна гэжээ.

            Хариуцагч “О-” ХХК-ийн захирал Б.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай нараас:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдсан асуудал болоогүй. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Э- болон “Ч-” ХХК-ийн нягтлан Буманжаргалтай ярилцаж тохироод ажлын байраа үргэлжлүүлэн түрээслүүлээч гэж хүссэний дагуу тохироод хэлцэл хийсэн байгаа. Э- бол зоорийн давхрыг ашиглах явцдаа 8.000.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Шал тааз бүх зүйлийг сольсон. Энэ зардалд орсон мөнгөө “Ч-” ХХК-аас авсан. СӨХ бол түрээсийн гэрээний дагуу засвар үйлчилгээний мөнгийг буцааж олгодоггүй, тийм болохоор засан сайжруулалт хийсэн мөнгийг өгөөд миний ашиглах эрхийг үндэслээд СӨХ-тэй гэрээ байгуулаад ашиглах эрхийг шилжүүлсэн. Өмнө нь 4,5 сая төгрөгөөр тус зоорийн давхрын талбайг ашиглах эрхийг шилжүүлэн авч байсан. Үүнээс хойш Э- ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө зарсан байсан бол мэдэх боломжтой байсан. Анх ямар байдалтай байсан талаар болон өмнө хийгдэж байсан түрээсийн гэрээг “Ч-” ХХК-д хүлээлгэж өгсөн. 2014 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс түрээсийн гэрээ дуусгавар болж байсан. Үүнийг “Ч-” ХХК мэдэж байсан. Бид бусдын өмчийг худалдан борлуулчхаад зугтсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяагаас:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам, сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны + 00 тэмдгээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.

2. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрх үүргийг гүйцэтгэх захирал эдлэхээр заасан.

3. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 5 дугаар тогтоол Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг баталсан байдаг. Журмаар нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахыг хүсэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд, СӨХ, аймгийн Засаг даргын ажлын алба журмыг мөрдөж ажиллахаар заасан байдаг. Журмын дагуу Захирагчийн албанд 2016 онд гэрээ байгуулахаар “Ч-” ХХК-ийн ирүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Арван дөрөв Сөх-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболдын гаргасан 2018 оны 1/119 тоот хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн гэрээ байгуулсан байдаг. ...Захирагчийн албанд “О-” ХХК болон “Ч-” ХХК нарын хооронд зоорийн давхрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж мөнгө төгрөг өгч авалцсан, хүлээн авсан тухай мэдэгдээгүй, баримт байхгүй тул огт хамааралгүй нэхэмжлэл гаргаж байна. Иймд аймгийн Захирагчийн ажлын алба нь Дархан сумын Өргөө баг, “Ч-” ХХК-аас төлбөр хураамж аваагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “О-” ХХК-иас 8.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ч-” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Ч-” ХХК нь хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Захирагчийн албанд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...нэхэмжлэгч нь 2013.12.17-ны өдөр хариуцагч “О-” ХХК-ийн захирал Б.Э-тай хэлцэл хийж түүний "Арвандөрөв" СӨХ-тэй түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан объектын ашиглах эрх болон тус объектод хийсэн засан сайжруулалтыг 8.000.000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл талууд хоорондоо тохиролцон худалдаж болох эд юмсыг үнэлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч “Ч-” ХХК нь хүсэл зоригийнхоо дагуу хариуцагчид 8.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тиймээс хариуцагч тухайн цаг хугацаанд хэлцэл хийхдээ түрээсийн гэрээгээр ашигладаг гэдгээ нуугаагүй бөгөөд объектын тохижилтыг “Ч-” ХХК-ийн захирал, нягтлан нарт үзүүлсний үндсэн дээр тэдгээрийн зөвшөөрлийн дагуу хэлцэл хийж өөрийн “Арвандөрөв” СӨХ-тэй байгуулсан түрээсийн гэрээнүүдийн болон засвар хийж тохижуулсан баримтууд, фото зургийг эх хувиар өгсөн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдсээр байж өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу маргаан бүхий объектын ашиглах эрх болон тохижуулалтыг 8.000.000 төгрөгөөр үнэлж худалдан авсан ба үүнийгээ ч ойлгож байсны үндсэн дээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 6-р хороолол 11-р байрны 2-р орцны 25 м.кв талбай бүхий объектын 2014 оны 01 сараас эхлэн өдийг хүртэл “Арвандөрөв” СӨХ-тэй түрээсийн гэрээ байгуулан ашигласаар ирсэн нь тогтоогддог. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Ч-” ХХК  нь  хариуцагч  “О-” ХХК, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанд холбогдуулан Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг худалдан авсан үнэ болох 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар   нэхэмжилснийг, хариуцагч  нар нь зөвшөөрөөгүй  маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын “Чинбум  аривжих” ХХК-д холбогдох хэсгийг   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан  бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын  албанд холбогдох хэргийг, нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  байна.

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож “Арвандөрөв” СӨХ-ны харьяа байрны, 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг 8.000.000 төгрөгөөр  худалдах-худалдан авах гэрээ  байгуулжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дархан сумын 11 дүгээр багийн 12 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг Б.Э- нь “Арвандөрөв” СӨХ-тэй  байгуулсан  түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаад  \хэргийн 78 дугаар тал\,  “Ч-” ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлснээр “Арвандөрөв” СӨХ-тэй  түрээсийн гэрээ байгуулан эзэмшдэг болох нь  зохигчдын  шүүхэд гаргасан тайлбараар   тогтоогдсон  болно.

            Зохигчид  нэг нь зоорийн давхрыг худалдах эрхгүй мөртлөө  худалдсан гэж, нөгөө нь зоорийн давхрыг эзэмших эрх болон засан сайжруулалтыг худалдсан гэж  маргасан  байна.

            Нэхэмжлэгч болон хариуцагч нь хоёулаа “Арвандөрөв” СӨХ-ны харьяа нийтийн зориулалттай орон сууцны  байрны зоорийн давхрыг  түрээслэгчид  байна.

            Түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн  төлбөрийг төлөх, түрээслүүлэгчийн  зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээслэх, гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу  гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх  үүрэгтэй байна.

            Түрээслүүлэгч “Арвандөрөв” СӨХ-ны зөвшөөрөлгүйгээр түрээслэгч нь эзэмших, ашиглах эрхийг  бие даан хэрэгжүүлэх  боломжгүй  болохыг Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн  318.1, 323 дугаар зүйлийн  323.1, 326 дугаар  зүйлийн  326.1 дэх хэсэгт  заажээ.

            Худалдах-худалдан  авах гэрээний зүйл,  эзэмших эрх  байж болдог хэдий ч  энэ нь дээрх  хуулийн үндэслэлээс гадна эд хөрөнгийн  өмчлөгч мөн байх  тохиолдолд хэрэгждэг тул  түрээслэгч  этгээдэд  хамааралгүй  байна.

            Шүүх  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн  75.2.2 дахь  хэсгийг зөв тайлбарлажээ. Учир нь  нийтийн  зориулалттай орон сууцны зоорийн давхар нь  Иргэний хуулийн  84 дүгээр зүйлийн 84.3-т заасанчлан   “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэж заасан байх тул  маргааны зүйл болох зоорийн давхрыг  үл хөдлөх хөрөнгө  гэж үзнэ.

            Анхан шатны шүүхийн “...талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар   хууль зөрчсөн,  хийсэн үеэсээ  хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д...,  ... заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн...,” гэж дүгнэсэн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт  авагдаагүй  байна.

            Иймд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдолд  дурдсанаар  шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ