Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/00573

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/00573

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, түүний өмгөөлөгч Т.Н, нарийн бичгийн даргад Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.А нь анх 2002 оноос тус компанид нүүрс шигшигчээр ажилд орж 2011 оны 11-р сараас эхлэн О ХХК-ийн Уурхайн талбарын бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байсан. Би түүнээс хойш тасралтгүй ажиллаж 2012 онд О ХХК-ийн шилдэг ажилтан болж байсан.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирлын НР4578 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ.

Уг тушаалын 1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргаж, сануулах сахилгын зөрчил хүчинтэй байхад дахин сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тусгасан байна.

Энэхүү тушаал нь огт үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Г.Ганзоригийн удирдлаганд ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг оффис дотор хүлээж бай гэсэн юм. Гэтэл ахлах ажилтан Б.Отгонбаяр орж ирээд элдвээр хэлж доромжилсон бөгөөд тэрээр намайг өөртэй нь маргалдсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй тул дахин сахилгын зөрчил гаргуулах, ёс зүйгүй үйлдэл зориудаар хийлгүүлэх зорилготойгоор элдвээр доромжилсон юм.

Миний бие Б.Отгонбаярыг элдвээр хэлж доромжлоогүй бөгөөд эелдэгээр харилцсан, түүнд муу санасан зүйлгүй, бидний хооронд уурласан, хашгирсан зүйл гарч байгаагүй. Б.Отгонбаяр бид хоёр олон жил хамт ажиллачихаад намайг ингээд байгаад гайхаж байна.

Гэтэл О ХХК-ийн удирдлагаас намайг буруутай гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан сахилгын зөрчил гаргсан тул 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байсан юм.

Энэ сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4578 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй.

Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.

Тиймээс О ХХК нь нэхэмжлэгч Г.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр юу болсон тухай Г.А, Б.Отгонбаяр нартай ярилцаж ярилцлагын тэмдэглэл үйлдэж тэд өөрсдөө гарын үсэг зурсан байгаа юм.

Анхны зөрчил нь ажлаас халсантай хамааралгүй, Г.А сүүлчийн арга хэмжээнд гомдол гаргасан, эхний арга хэмжээнд гомдол гаргаагүй, Г.Ганзориг бол тухайн өдөр л 4 хүнийг ахлан ажиллаж байсан болохоос шууд харъяалах ажилтан биш, ажлын байрны тодорхойлолтын 3.2-т заасныг болон кемпийн ёс зүйн дүрэм, бидний ажлын арга барилд заасан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй болохоор нь сахилгын арга хэмжээ авч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юмаа.

Иймд Г.Ан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Г.А нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

О ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагч Г.Аг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын HR4578 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журам, Бидний ажлын арга барил, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-25, 27, 39-50, 55-75, 96-111-р хуудас/

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Г.Аг ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй, урьд авсан сануулах сахилгын шийтгэл хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

Г.А нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 1-р хуудас/

Ажил олгогч нь ажилтан Г.Атай 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 14-25-р хуудас/

Ажил олгогч О ХХК нь ажилтан Г.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 14-25, 27, 39-50, 55-75, 96-111-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Мөн давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байх ёстой

Ажилтаны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр үл биелүүлэх, буюу зохистой биелүүлээгүй байх /зөрчил гаргах/ явдал юм.

Ажил олгогч нь ажилтан Г.Аг Хөдөлмөрийн гэрээний 8-ын б, в, г заалт, Бидний ажлын арга барил-ын Хүндэтгэл хэсэг, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 9.1.2.-т заасан зүйлүүдийг тус тус зөрчиж ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй, урьд авсан сануулах сахилгын шийтгэл хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ./хх-ийн 27-р хуудас/

НЭГ: Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8-д заасан ажилтны хүлээх үүргийн

б. Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх,

в. Компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах,

г. Компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй гэж,

9.-д Ажил олгогч нь ... Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, түүнчлэн энэхүү гэрээ компанийн бодлого журмуудад заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ. /хх-ийн 15-р хуудас/

ХОЁР:Ажил олгогч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 44/17 дугаартай тушаалаар батлагдсан Бидний ажлын арга барил хэмээх бизнесийн ёс зүйн дүрмийн Хүндэтгэл хэсэг-т Бид үндэс, угсаа, үзэл бодол, соёлын ялгааг хүлээн зөвшөөрч хүндэтгэнэ. Бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй, харьцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэлийг үнэлэх нь бидний зарчим гэжээ./хх-ийн 55-58-р хуудас/

ГУРАВ: О ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т ... Ёс зүйн зохистой хэм хэмжээнд дор дурдсан зарчмууд багтах ба үүгээр хязгаарлагдахгүй болно. Үүнд:

9.1.1. Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, Бидний ажлын арга барил болон Компанийн бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах,

9.1.2. Бусад хүмүүстэй эелдэг боловсон харилцах гэжээ. /хх-ийн 65-67-р хуудас/

Дээр дурдсан заалтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Бидний ажлын арга барил хэмээх бизнесийн ёс зүйн дүрэм, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэрэгт О ХХК-ийн ажилтны хүлээх үүрэг, хамт олны баримтлах зарчмуудыг зааж тусгасан гэж үзэхээр байна.

Харин ажил олгогч О ХХК-ийн дотоод журамд сахилгын шийтгэл оногдуулах болон Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох нөхцөлүүдийг тогтсон байна. /хх-ийн 109, 110-р хуудас/ Үүнд:

Журам зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг ногдуулна. Гаргасан зөрчил ноцтой хэмжээнд байх тохиолдолд аман болон бичгээр өгөх эхний сануулгыг алгасан бичгээр өгөх эцсийн сануулгыг өгнө.

Аман сануулга:

Энэ нь ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, ажилд хандах хандлага биеэ авч яваа байдлын талаар сэтгэл хангалуун бус байгаагаа удирдах ажилтан тухайн ажилтантай биечлэн уулзаж сануулан зөвлөгөө өгөх ярилцлага юм. Удирдах ажилтан нь ажилтандаа алдаа дутагдлаа хэрхэн засаж залруулах талаар зөвлөгөө өгнө. Удирдах ажилтан нь энэхүү аман сануулгын ярилцлагын талаар тэмдэглэл хөтөлнө.

Бичгээр өгөх эхний сануулга:

Алдаа дутагдлаа засаж залруулахыг амаар сануулсан атал тодорхой үр дүн гарахгүй байгаа, мөн гаргасан зөрчил нь бичгээр сануулга авахаар ноцтой бол удирдах ажилтан нь тухайн ажилтандаа бичгээр эхний сануулгыг өгнө. Энэхүү бичгээр өгсөн сануулгын хуулбарыг ажилтны хавтаст материалд хавсаргана.

Тухайн ажилтан нэг жилийн дотор алдаа дутагдал гаргаж дахин сануулга аваагүй бол анхны бичгээр өгсөн сануулгыг хүчингүйд тооцно.

Бичгээр өгөх хоёр дахь сануулга:

Аман болон бичгээр сануулга өгсний дараа тодорхой үр дүн гарахгүй байгаа болон ажилтны алдаа дутагдал улам хүндэрсэн тохиолдолд бичгээр хоёр дахь сануулгыг өгнө. Хэлтсийн менежерийн хүсэлтийн дагуу компанийн дэд ерөнхийлөгч зөрчил гаргасан ажилтанд уг сануулыг өгөх бөгөөд хуулбарыг ажилтны хавтаст материалд хавсаргана.

Ийнхүү 2 удаа бичгээр сануулга авсны дараа ажилтан нь дахин зөрчил гаргавал компани тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэжээ. /хх-ийн 109,110-р хуудас/

Эндээс үзэхэд О ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Гүйцэтгэх захирлын HR4206 дугаартай тушаалаар ажилтан Г.Ад бичгээр өгөх хоёр дахь /эцсийн/ сануулах шийтгэлийг ногдуулсан байна. /хх-ийн 54-р хуудас/

Ажилтан Г.Аг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай радио станцаар бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан сахилгын зөрчлийг тус тус гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ногдуулсан байх бөгөөд дээрх шийтгэлд Г.А гомдол гаргаагүй талаар зохигчид маргаагүй болно.

Ажилтан Г.Ад ногдуулсан дээрх сахилгын шийтгэл нь О ХХК-ийн дотоод журамд ...Гаргасан зөрчил ноцтой хэмжээнд байх тохиолдолд аман болон бичгээр өгөх эхний сануулгыг алгасан бичгээр өгөх эцсийн сануулгыг өгнө гэж заасны дагуу аман болон бичгээр өгөх эхний сануулгыг алгасан бичгээр өгөх эцсийн сануулгыг өгсөн гэж үзэхээр байна./хх-ийн 109-р хуудасны арын тал/

Дээрх сануулгын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын HR4578 дугаартай тушаалаар ажилтан Г.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлжээ./хх-ийн 27-р хуудас/

Ажилтан Г.Ад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Гүйцэтгэх захирлын HR4206 дугаартай тушаалаар сануулах шийтгэлийг ногдуулсанаас хойш 2 сар 16 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажлаас халах шийтгэл нь сахилгын шийтгэлийн дээд хэлбэр юм. Иймд түүнийг аливаа зөрчилд бус зөвхөн ноцтой шинжтэй зөрчилд хэрэглэх нь зүйтэй.

Ажил олгогч О ХХК-ийн Дотоод журмын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэсэгт : Дараах тохиолдолд компани ажилтныг ноцтой зөрчил гаргасанд тооцож даруй ажлаас халах эрх эдэлнэ. Үүнд:

-ажлын талбар дахь аюулгүй ажиллагааны журам зөрчих,

-согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирэх,

-мансууруулах бодис хэрэглэх,

-тайвшруулах ба анхаарал сарниулах нөлөөтэй эм хэрэглэсн үед машин барих ба тоног төхөөрөмж ажиллуулах,

-гэмт хэрэг үйлдэх, зодох, гэмтээх,

-хулгай хийсэн нь тогтоогдох,

-мөнгөний нэхэмжлэл, худал хуурмагаар гаргасан нь тогтоогдох,

-ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх,

-компанийн нууцлал бүхий мэдээллийг бичгийн хэлбэрээр задруулсан нь батлагдах,

-урьдчилан мэдэгдэлгүйгээр, албан ёсны зөвшөөрөлгүйгээр 5-аас дээш хоногоор ажил таслах,

-хувьдаа ашиг олох зорилгоор компанийн өмч хөрөнгийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглах, буруугаар ашиглах

Эдгээр зөрчлийн талаар ажилтан бүртэй байгуулах Хөдөлмөрийн гэрээнд тусгаж оруулна гэжээ.

Эндээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил-ийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тус тус тусгасан байна.

Ажил олгогч О ХХК-ийн Дотоод журам-ын Сахилгын шийтгэл оногдуулах хэсэгт:

Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Дараах зөрчлүүдэд сахилгын шийтгэл оногдуулах боловч сахилгын шийтгэл оногдуулах шалтгаан нь зөвхөн эдгээрээр хязгаардагдахгүй .Үүнд:

-санаатайгаар буруу мэдээлэл өгөх, ташаа ойлголт төрүүлэхүйц мэдэгдэл хийх, ажилд орох өргөдөл болон өөр бусад албан баримтыг хуурамчаар бүрдүүлэх,

- бичигдсэн болон бичигдээгүй дүрэм журам удирдамжийг зөрчих,

-худал хуурмаг мэдээлэл өгөх, залилан мэхлэх үйлдэл хийх,

-компанийн өмч хөрөнгө, эд зүйлс, тоног төхөөрөмжид хайр гамгүй, хайнга хандах зөвшөөрөлгүй ашиглах,

-Ажлын байранд болон ажлаас гадуур байхдаа зохисгүй зан авир, үйлдэл гаргах,

-удирдах албан тушаалтан, дарга нарын өгсөн үүрэг даалгавар тушаалыг үл ойшоох,

-хүндэтгэх шалтгаангүйгээр олон дахин ажил таслах, өвчний чөлөөг буруугаар ашиглах,

-компанийн мэдээллийг зөвшөөрөгдөөгүй этгээдэд дамжуулах,

-худал хуурмаг болон буруу ташаа ойлголт өгөх, мэдээлэл бусад ажилтны өдөр тутмын ажил үүргийн гүйцэтгэлд нөлөөлж сэтгэл санаа ёс суртахууны дарамт үзүүлэх,

-компаниас гадуур АММИ-ийн үйл ажиллагаатай холбоотой худал хуурмаг болон буруу ташаа ойлголт өгөх, мэдээлэл, хов жив, үндэслэлгүй гүжир гүтгэлэг тараах гэжээ. /хх-ийн 109-р хуудас/

Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

 

Ажилтан Г.Аг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Дотоод журамд заасан дээрх зөрчлүүдийн алинд нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Г.А сахилгын зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар болон уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, барилгын шат угсрагч Г.А, тус хэлтсийн кран болон шат угсралтын супервайзор Б.Отгонбаяр нартай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэл, нэхэмжлэгч Г.А, ажилтан Т.Энхбат, Б.Гантулга нарын тайлбар зэрэг баримтаар нотлогдохгүй байна.

Сахилгын шийтгэлийг оногдуулах шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх өөрөөр хэлбэл зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.А нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй гэж буй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд Г.Аг О ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, барилгын шат угсрагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3 сар 11хоногийн цалинд 25.941.264 / 7.842.677+6.291.232+8.027.833=22.161.742, 22161.742:3=7.387.247, 7.387.247:21,5=343.593, 7.387.247х3сар=22.161.741, 343.593х11хоног=3.779.523, 22.161.741+3.779.523=25.941.264/ төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Г.Аг О ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, барилгын шат угсрагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 25.941.264 / хорин таван сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Г.Ад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287656 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эртэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО