Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00257

 

Г.Ан нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 811 дүгээр магадлалтай,

Г.Ан нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, Ч.Өнөржаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, Ч.Өнөржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.А нь анх 2002 оноос тус компанид нүүрс шигшигчээр ажилд орж 2011 оны 11 дүгээр сараас эхлэн “О” ХХК-ийн Уурхайн талбарын бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байсан. Би түүнээс хойш тасралтгүй ажиллаж 2012 онд “О” ХХК-ийн шилдэг ажилтан болж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирлын НР4578 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ. Уг тушаалын 1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргаж, сануулах сахилгын зөрчил хүчинтэй байхад дахин сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тусгасан байна. Энэхүү тушаал нь огт үндэслэлгүй.

Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Г.Ганзоригийн удирдлаганд ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг оффис дотор хүлээж бай гэсэн. Гэтэл ахлах ажилтан Б.Отгонбаяр орж ирээд элдвээр хэлж доромжилсон бөгөөд тэрээр намайг өөртэй нь маргалдсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан, сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй тул дахин сахилгын зөрчил гаргуулах, ёс зүйгүй үйлдэл зориудаар хийлгүүлэх зорилготойгоор элдвээр доромжилсон юм. Миний бие Б.Отгонбаярыг элдвээр хэлж доромжлоогүй бөгөөд эелдэгээр харилцсан, түүнд муу санасан зүйлгүй, бидний хооронд уурласан, хашгирсан зүйл гарч байгаагүй. Б.Отгонбаяр бид хоёр олон жил хамт ажиллачихаад намайг ингээд байгаад гайхаж байна.

Гэтэл “О” ХХК-ийн удирдлагаас намайг буруутай гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан сахилгын зөрчил гаргсан тул 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байсан юм. Энэ сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4578 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй. Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Тиймээс “О” ХХК нь нэхэмжлэгч Г.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр юу болсон тухай Г.А, Б.Отгонбаяр нартай ярилцаж ярилцлагын тэмдэглэл үйлдэж тэд өөрсдөө гарын үсэг зурсан байгаа юм. Анхны зөрчил нь ажлаас халсантай хамааралгүй, Г.А сүүлчийн арга хэмжээнд гомдол гаргасан, эхний арга хэмжээнд гомдол гаргаагүй, Г.Ганзориг бол тухайн өдөр л 4 хүнийг ахлан ажиллаж байсан болохоос шууд харьяалах ажилтан биш, ажлын байрны тодорхойлолтын 3.2-т заасныг болон кемпийн ёс зүйн дүрэм, бидний ажлын арга барилд заасан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй болохоор нь сахилгын арга хэмжээ авч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Иймд Г.Ан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Г.Аг “О” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 25 941 264 /хорин таван сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Г.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287 656 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.    

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 811 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Г.Ан хариуцагч “О” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 811 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Г.А би 2001 онд цэргээс халагдаж ирээд “Айвенхоу Майнз” ХХК-д аж ахуйн туслах ажилтны орон тоон дээр түр ажилтнаар орж нүүрс шигшигчийн ажил хийж гүйцэтгэдэг байсан. 2004 онд “МЕС” ХХК-д барилгын туслахаар орж ажилласан. Намайг сайн ажилласан болохоор манай компанийн удирдлага "Айвенхоу Майнз” ХХК үндсэн ажилтнаар уурын зуухны галч ажлын байранд оруулж өгсөн.

2007 онд орон тооны цомхотголд орж тэр жилээ дахин “МЕС” ХХК-д мужааны туслахаар ажилд орж shaft#2 босоо амын суурыг цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн компанид ажиллаж байхдаа биеийн байдал таарамжгүй байсан тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2009 онд “LAND DRILL” ХХК-д өрмийн туслахаар ажилд орсон. Сайн ажилласан тул цалингаа нэмүүлэн авч байлаа. Тус компанийн хийж гүйцэтгэж байсан ажил дууссан учир орон нутгаас минь явах болж миний бие тус компаниас гарч нутагтаа үлдсэн.

Ингээд 2010 онд “САМL” ХХК-д ажилд орж оосорлогч, дохиочин албан тушаал дээр ажил үүргээ гүйцэтгэх болсон. Тус компанид орж ажилласнаас хойш нэг жилийн дараа буюу 2011 оны 11 дүгээр сарын 25-нд “О” ХХК-д дохиочин, оосорлогч барилгын шат угсрагч гэх албан тушаалд үндсэн ажилтнаар орж ажиллаж эхэлсэн. Тус компанид ажилд орсноос хойш би ажилдаа өөрийн хүч хөдөлмөрөө бүрэн зориулж ажилласан ба яг нэг жилийн дараа 2012 онд компанийнхаа “Шилдгийн шилдэг ажилтан”-аар шалгарч өргөмжлөлөө Улаанбаатар хотод очиж гардан авч байлаа. Миний бие 2018 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэл компанидаа оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагч гэх албан тушаалд ажиллаж байгаад ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан юм. Миний ажлаасаа үндэслэлгүй халагдсан шалтгаан гэвэл ахлах Б.Отгонбаяртай удаа дараа маргалдсан гэсэн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 26-нд анх Б.Отгонбаяртай асуудал болсон өдөр. Энэ өдөр Б.Отгонбаяр намайг загнасан боловч би юу ч хэлээгүй өнгөрсөн.

Ингээд сарын дараа надад сануулах хуудас өгсөн. Үүнээс нэг сарын дараа Б.Отгонбаяртай тааралдсан. Тэр мөн л надтай эвгүй харьцсаар л байсан. Тухайн үед намайг ахалж байсан хүн оффист хүлээж бай, ажлаа үзээд өөрөө над руу залгана гэсэн учир би хүлээж байсан. Гэтэл Б.Отгонбаяр намайг харангуутаа хүрч ирээд намайг залхуу хойрго байна гэсэн маягтай үг хэлэн, гарч ажилдаа яв гэсэн. Би болоогүй байна н.Ганзориг ахлах намайг дуудна гэсэн гэж хэлтэл тэр намайг гарахыг шаардсан. Тухайн үед би гадаа гарах шаардлагагүй байсан болохоор гадаа хүйтэн байна гэж хэлээд гарахаас татгалзсан. Харин Б.Отгонбаяр чи хашраагүй л байна уу? Сануулга чинь багадаа юу гэх мэтээр намайг загнасан. Би түүнээс гуйсан би чамд гэм хийгээгүй шүү дээ. Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? Надад битгий ингэж хандалдаа гэж гуйсан. Тэр би бол чиний дарга. Чи миний хэлснийг хийх ёстой гар гэсэн бол гарах ёстой гээд загнаад байсан. Энэ үед н.Гантулга ах Б.Отгонбаярыг аваад гарсан. Түүнийг гарсны дараа би маш их гомдсон бас маш их бухимдсан байсан учир өөрийнхөө хумсыг аваад сууж байсан жижиг цаасны хутгыг хоёр хөлнийхөө дунд шидсэн. Энэ бол миний бухимдлаа гаргаж буй хэлбэр юм уу даа. Б.Отгонбаяр үнэхээр “О” ХХК-ийн ажилд санаа тавьсан бол надтай хамт н.Ганзориг ахлахын ярихыг хүлээж байсан н.Тайванбаатарыг бас гар гэж хэлэх байсан. Гэтэл түүнийг нөгөө талын цайны өрөөнд байхыг харсан ч юу ч хэлээгүй гэдэг. Энэ нь зориуд надтай маргаан өрнүүлэх санаа зорилготой байсан байж болох юм.

Ингээд 3 цагийн дараа хүний нөөцийн албанаас надад дахиад л түр чөлөөлөх хуудас өгсөн. Энэ их сонин шүү. Иймэрхүү жижиг үйл ойлголцлыг шийдвэрлэхийн тулд ийм хурдан хугацаанд чөлөөлөх хуудас ирж байсан тохиолдлыг би өмнө нь харж байгаагүй. Угтаа бол Хүний нөөцөөс бид хоёрт хоёуланд нь ийм хуудас өгөх ёстой. Энэ нь юу болсныг судлахын тулд өгдөг хуудас шүү дээ. Гэтэл намайг шууд буруутай гэж үзсэн хэрэг. Хүний нөөцийн хүүхнүүд надаас яриа авахдаа аль хэдийн намайг буруутай гэж үзэж байгаа нь мэдэгдэж байлаа. Би тэдэнд хэлэхдээ нэг хүнтэй хоёр ч удаа асуудал боллоо. Энэ нь зөвхөн надад байгаа асуудал бус та бүхэн зөвхөн намайг буруутгах ёсгүй. Дэндүү нэг талыг бариад байсан учир нэг талыг барилгүй асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Энэ нь нэмэр болоогүй. Учир нь Б.Отгонбаярын эхнэр хотын төв оффист ажилладаг. Тэрээр онгоцны билетийн хуваарилалт дээр ажилладаг учир дээрх хэрэгт нөлөөлсөн байж магадгүй гэж би бодож байгаа.

Хүний нөөц надаас асуулга авахдаа хайч шидэх бол зохисгүй үйлдэл гэсэн. Би хүн рүү хайч шидээгүй. Би хүнийг гэмтээхээр тийм ёс зүйгүй хүн биш. Би түүнийг гэмтээх байсан бол түүнтэй яриад зогсож байхдаа гэмтээх байсан. Надад тийм ноцтой санаа байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа дахин асуулт асуухдаа хайч шидсэн чинь яах вэ? ахлахынхаа үгэнд ороогүй чинь ёс зүйгүй байна гэж хэлээд асуулт асууж хариулт авсан. Намайг буруутгах шалтгаан тэдэнд үнэндээ бага болов уу? Б.Отгонбаяртай 1 хоёр удаа маргалдсан гэж байгаа. Тэгвэл Б.Отгонбаяр надтай бас маргасан гэсэн үг. Б.Отгонбаярын ахлах ажилтны хувьд ажлын байр дээрээ ажлын төлөө зохих шаардлага . тавьсан бол би түүнийг хүлээж авах ухамсар байгаа. Энэ удаагийн маргаан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн асуудлыг хэлэлцэж байгаа ч миний өмнө нь авсан сануулах хуудас ч Б.Отгонбаярын санаатай зохион байгуулсан үйлдлийн улмаас болсон гэж боддог юм. Б.Отгонбаяр нь намайг ажлаа хийж байхад ажлаа хийхгүй байгаа мэтээр цагаан хоолойгоор ажлаа хий гэдэг шаардлага тавьж орилсоор байгаад л сануулга өгсөн байдаг юм. Тэр сануулгын хугацаа дуусаад ажилдаа орсон өдөр дахин ийм асуудал болсон юм. Б.Отгонбаяр нь ахлах ажилтан гэдгээрээ бусад ажилчдыг ийм явуургүй шаардлага гэх  зүйлийг тавьж ажлаас гаргахад хүргээд байх юм уу. Надад үнэндээ харамсалтай байна. Гэрчүүд маргалдсан гэж байгаа. Маргалдаан бол хоёр хүний хооронд чиглэлтэй. Тэгэхэд надаас ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан мэтээр хандаж байгаа нь шударга бус байна гэж үзэж байгаа юм. Зүгээр байсан хүнийг янз бүрээр хэлээд байхад ямар ч хүн бухимдана шүү дээ.

Намайг хүний нөөцийн албанаас хоёр ч удаа зөрчил давтан гаргасан гэж үзсэн. Би хоёр өөр хүнтэй маргалдсан бол намайг зан харилцаа байх гэх магадлал үүсэх байх. Гэтэл нэг хүнтэйгээ хоёр ч удаа зөрчилд холбогдоно гэдэг нь тухайн 2 хүний хооронд ажлын гэхээс илүү хувийн таарамжгүй харилцаа байх магадлал өндөр шүү дээ. Б.Отгонбаяр нь тэр надтай хоёр ч удаа хамт олноо хүндэтгэх ёс зүйн дүрмийг зөрчсөн. Харин би 2 удаа түүнд загнуулаад түүнийхээ төлөө халагдлаа. Тэр намайг 2 ч удаа загнаад ажилгүй болгосон жилээ байгууллагын аварга болсон гэж сонссон. Үүнд ёс зүй үнэн зүйл гэж байна уу? ёс зүйн зөрчил гаргасан хүн шилдэг ажилтан болох нь бүү хэл түүнд нэр дэвших ч эрх байхгүй.

 “О” ХХК-ийн төлөөлөгч Х.Маралмаа шүүх дээр хэлсэн тайлбартаа Б.Отгонбаярт хариуцлага тооцсон гэж хэлсэн. Гэхдээ түүнд ямар хариуцлага тооцсоныг хэлэх боломжгүй гэсэн. Миний хувьд сургуульд сурч мэргэжил боловсрол эзэмшээгүй ч гэсэн өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ ажлаа шударгаар хийж гүйцэтгэдэг байсан. Одоо ажлаасаа гараад ямар ч орлогогүй өр зээлтэй амьдарч байна. Мөн өөрийн эхнэр, хоёр хүүхдээ тэжээхэд туйлын хүндрэлтэй, авсан зээлүүд нэхэгдэж байгаа тул тухайн маргааныг үнэн шударгаар шийдвэрлэж, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 811 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийг үндэслэн энэхүү гомдлыг доорх үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

“О” ХХК нь Г.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.А нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь огт тогтоогддоггүй гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Г.А нь сахилгын зөрчил давтан гаргасан байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. “О” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр НR4578 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг гаргасан байдаг бөгөөд уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 8-ын а,б заалт, “Бидний ажлын арга барил"-ын хүндэтгэл хэсэг, кемпийн ёс зүйн дүрмийн 9.1.2 дахь заалтууд нь хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй Г.А яг аль заалтыг зөрчсөн нь тогтоогддоггүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Аг сахилгын шийтгэл давтан гаргасан гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 811 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 811 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтүүдийг өгч байна.

Анхан шатны шүүх ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 Дүгээр зүйлийн 40.1.4 буюу хөдөлмөрийн сахилгын давтан зөрчилд үндэслэгдсэн болох талаар тодорхой дүгнэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалдаг хуулийн үндэслэлийн талаар дурдсан. Харин Г.Аг хөдөлмөрийн ноцтой зөрчлийг гаргасны улмаас, ажил олгогчийг хөдөлмөрийн ноцтой зөрчлийг улмаас цуцалсан гэх дүгнэлтийг өгөөгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Г.Аг хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг, боловсон харьцаагүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хүчингүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн бол хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шийдвэрлэх байтал хүчингүй болсон гэх нотлох баримтуудыг дахин үнэлж хэргийг шийдвэрлэж хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г.А 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг ач холбогдолтой гэж үзэж хариуцагчаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хариуцагчаас нотлох баримтуудыг гарган өгөхийг даалгасан захирамж гаргасан байхад, уг захирамжид заасан бичгийн нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгөөгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шинээр нотлох баримтуудыг гарган өгсөн байна.

Ажлын байранд дээрх хөдөлмөрийн харилцааг бүгдийг зохицуулах боломжгүй бөгөөд ялангуяа ажилтнуудын хоорондын хувийн шинжтэй харилцааг хөдөлмөрийн харилцаагаар зохицуулах нь учир дутагдалтай. Хөдөлмөрийн дотоод журамд заасан бүхэн, Хөдөлмөрийн гэрээнд заасан бүхэн ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байдаг билээ. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил, ноцтой зөрчил бүр нь тухайн иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаагаас зөрчил мөн эсэх, хөдөлмөрийн харилцаанд ноцтой хохирол учруулсан зэргээр хөдөлмөрийн ноцтой гэж үзэх, тооцож болох юм. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.А, Б.Отгонбаяр нар хувийн таарамжгүй харилцааг сахилгын зөрчилд тооцох үндэслэл байхгүй байна.

Иймд ажилтныг цаг хугацаагаар дахин хохирохоос сэргийлэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Г.Амирангуй, Б.Отгонбаяр нарын маргааныг сахилгын зөрчилд тооцохоор зохицуулсан байсан ч угаас энэхүү хувийн таарамжгүй харилцааг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах харилцаа биш, Хөдөлмөрийн дотоод журамд заасан бүхэн зөрчлийн шинж агуулдаггүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Г.А нь “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Г.Аг “О” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ, үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, барилгын шат угсрагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 941 264 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

   Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

   Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, Ч.Өнөржаргал нараас “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ.

   Г.Аг “О” ХХК-ийн Уурхайн салбарын бүтэц, үйлчилгээ-Үйл ажиллагааны хэлтсийн оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагчаар ажиллаж байхад нь Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №HR4578 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1., хөдөлмөрийн гэрээний 8-ын б, в заалт, “Бидний ажлын арга барил”-ын “Хүндэтгэл хэсэг”, “Кэмпийн дотоод  журам, ёс зүйн дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. болон 9.1.2 дахь заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

   Ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний  8 дугаар зүйлд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон ба 8.б.-д Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8.в.-д Компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг хангаж ажиллах гэж, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9-д ёс зүйн хэм хэмжээг хамаарах зарчмыг тодорхойлж, 9.1.1.-д Монгол Улсын хууь тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, Бидний арга барил болон компанийн бусад бодлого, дүрэм, журам стандартад нийцүүлэн биеэ авч явах гэж, 9.1.2.-т бусад хүмүүстэй эелдэг боловсон харилцах гэж тус тус зохицуулжээ.

Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцсан, 08 дугаар сарын 09-ний өдөр Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийн хэсэгт ажиллаж байхдаа удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, түүнтэй хүндэтгэлгүй харьцсан гэх үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гүйцэтгэх захирлын HR4206 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, дээрх шийдвэр хүчин төгөлдөр байна.

Ажил олгогч Г.Аг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахлах ажилтан Б.Отгонбаяртай хүндэтгэлтэй, эелдэг боловсон харьцаагүй сахилгын зөрчил гаргаж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлжээ.

Давж заалдах шатны шүүх ажилтан Г.А ахлах ажилтан Б.Отгонбаярын тавьсан шаардлагыг үл биелүүлж, хайч шидсэн зөрчлийг гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлээгүй, ажилтны хайч шидсэн үйлдлийн зорилго, нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Ажил олгогчоос зөрчлийг шалгаж, ярилцлага хийх явцад ахлах ажилтан Б.Отгонбаяр: “...Г.Ад гарч ажлаа хий гэсэн шаардлага тавихад гадаа хүйтэн байна, гарахгүй гэж маргаж, шаардлага биелүүлээгүй, өөдөөс тайлбар тавьж маргасан, ...Гантулга оператор орж ирээд одоо больцгоо гээд бид хамт гарахад ард тасхийгээд явсан, эргээд харахад хайчны иш хугарсан газар хэвтэж байсан...” гэж, Г.А “...тэр өдрийн хэсгийн ахлах Ганзориг утсаар ярина оффис дээр хүлээж бай гээд явсан, хүлээж байтал Б.Отгонбаяр орж ирээд намайг гадаа гар гэсэн. Би хүйтэн байна гэсэнд миний үгэнд орсонгүй, би чиний ахлах гэсэн. Би Ганзориг намайг ахалж байгаа, чи миний ахлах биш гэхэд намайг доош нь хийлээ, бусад чинь гадаа байхад чи бусаддаа үлгэр болсонгүй гэсэн. Манай хэсгээс гадаа ажиллаж байсан хүн байгаагүй. Би хумсаа аваад сууж байсан, Отгонбаярыг гараад явахаар нь бухимдаад хумс авч байсан хайчаа доошоо, шал руу шидсэн...” гэж тус тус тайлбарлажээ.

Ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг шалгахдаа тухайн өдөр Г.А ажлын цагаар ажлаа хийхгүй, зайлсхийж бусад ажилчид гадаа ажиллацгааж байхад ганцаараа дотор байсан эсэх, ахлах ажилтан Б.Отгонбаярын шаардлага зүй ёсны байсан болох, Г.А Б.Отгонбаярын шаардлагыг эсэргүүцэж түүн рүү хайч шидсэн эсэхийг үндэслэл бүхий тогтоогоогүй, ажилтанд хариуцлага тооцсон үндэслэлээ нотлоогүй байна.

Иймд ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, ажилтан сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                             

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 811 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, Ч.Өнөржаргал нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД