Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 35

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/001200/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.О- даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.О-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч П.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч П.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Г.Х-гаас:

           Миний бие нөхөр П.О-тай 2007 онд танилцаж, гэр бүл болоод хамт амьдарсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин О.М- нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд эхний жилүүдэд бусдын адил сайхан байсан ч архи уусан үедээ гэр орондоо агсам тавьдаг болсон. Тэр бүрт нь хүүхдүүдээ бодоод би уучлаад эвлэрээд явдаг байсан. Улмаар 2013 онд намайг халамцуу байхдаа зодож би тухайн үед амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхэд өргөдөл гаргаж, шүүх эмнэлгээс хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож хэрэг үүсгэсэн. П.О- тэр үед надаас уучлалт гуйж өргөдлөө буцааж авахыг хүссэн болохоор прокурор дээрээс хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Бага насны 2 хүүхдээ архины хамааралтай орчинд өсгөмөөргүй байна, би өөрөө болон дүүгээ зодуулж дарамтлуулахыг хүсэхгүй байгаа учраас 2017 оны 6 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сард П.О- хүүхдүүдээ тэлээгээрээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд 2017 оны 11 сарын 23-нд шүүх хурал болж, шийтгэх тогтоол гарсан. Одоо П.О- нь хүүхдүүдтэйгээ холбоогүй, ямар нэгэн тусламж үзүүлдэггүй. Мөн хүнтэй суугаад гэр бүл зохиосон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн 2016 оны зун худалдаж авсан автомашины өмчлөлийг хуваах хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч П.О-аас:

Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Г.Х- бид хоёр 2007 оны 6 сард танилцаад улмаар 10 жил амьдарсан. Эхний жилүүдэд Г.Х- нь хүүхдүүдээ харан гэртээ байдаг байсан. Харин Г.Х-г миний бие 2016 оны 08 дугаар сард Ус сувагт ажилд оруулж өгснөөс хойш зан чанар нь хувиран үр хүүхэд болон хань ижил, гэр орноо хаян эхний үед 2-3 хоног, сүүлдээ хэдэн сараар гэр орондоо ирэхгүйгээр үр хүүхдүүд, хань ижлээ үл тоомсорлон явдаг болсон. Бид тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна. Одоо эргэж амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхэд маань ээжтэйгээ, хоёулаа хамтдаа өсөх нь дээр гэж бодож байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Харин миний одоо эзэмшиж буй .... автомашиныг би 2015 оны 7 дугаар сард 9.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ тухайн үед бид хоёр хоёулаа орлогогүй, миний хөгжим бичсэн орлогоор амьдарч байсан учраас машин авах ямар ч боломжгүй байсан. Харин Австрали улсад ажиллаж амьдардаг миний төрсөн эгч П.Б- нь надад машин ав гээд миний том эгч болох П.О-ийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлж, уг машиныг худалдаж авах мөнгө бэлэглэсэн учраас энэ машин бол миний хуваарьт өмч юм. Би энэ машиныг гэр бүлийн гишүүдийн өмчлөлд шилжүүлээгүй. Мөн би өөрийн эгчийн бэлэглэсэн өмчийг хэнтэй ч хуваалцахгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д- овгийн Г-ын Х- /РД:**********/, Б- овгийн П-ын О- /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.М- нарыг эх Г.Х-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.М- нарт тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг П.О-аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.О-аас 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 345.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэхь заалтыг  эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна.  Тоёота Ипсум маркийн авто машин бол манай гэр бүлийн дундын өмч биш юм. Австрали улсад амьдардаг миний төрсөн эгч том эгч П.Отгонцэцэгийн дансаар дамжуулж мөнгө явуулж 2015 оны 07 дугаар сард 9.800.000 төгрөгөөр энэ машиныг авсан. Тухайн үед Г.Х-тай албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч байхад эгч маань энэ машиныг бэлэглэсэн. Гэр бүлээ батлуулахаас өмнө авсан миний хуваарьт өмч болох суудлын авто машиныг гэр бүлийн хүмүүсийн дундын өмч гэж 10.000.000 төгрөгөөр шүүх үнэлээд хуваасан нь буруу гэж үзэж байна. Авто машиныг 2015 оны 07 дугаар сард авах үед 9.800.000 төгрөг байсан он хуучрах тусам үнэ унаж байдаг яагаад 3 жилийн дараа анх авсан үнээс өндрөөр үнэлсэн байна. Одоогийн ханшаар 7-8 сая төгрөгийн үнэ хүрнэ. Уг машин техникийн эвдрэлтэй байгаа учраас асаж явахгүй байгаа. Ийм машиныг 10.000.000 төгрөгөөр хүн худалдан авахгүй. Одоогийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Х- хариуцагч П.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч харин дундын эд хөрөнгөнөөс өөртөө болон хүүхдүүддээ оногдох хэсгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 онд худалдаж авсан Тоёота Ипсум маркийн автомашины өмчлөлийг хуваалгах хүсэлтэй байна  гээд, уг машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлж үүнээс 7.500.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаж “...машиныг анх 9.800.000 төгрөгөөр худалдаж авсан байхад 3 жилийн дараа үнийг нь өсгөж 10.000.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа машиныг эгчийнхээ явуулсан мөнгөөр 2016 онд 9.800.000 төгрөгөөр худалдаж авсан эгч маань надад бэлэглэсэн бэлгийн зүйлийг хуваалцахгүй гэжээ.

Харин хариуцагч эгчийгээ машин авах мөнгө бэлэглэсэн эсхүл машиныг зөвхөн түүнд зориулж бэлэглэсэн гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан мөнгө шилжүүлсэн баримт нь дангаараа бэлэглэлийн гэрээний агуулгыг тодорхойлохгүй юм.

            Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн түүний хуваарьт өмчид шилжин ирсэн хөрөнгө болохоо нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэрлэгчдийн хэний нэр дээр байхаас үл хамааран гэрлэгчдийн дундын өмч байна гэсэн Иргэний хуулийн зохицуулалтыг маргаантай харилцаанд тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцжээ.

            Машины үнийн дүнгийн талаар зохигчид зөрүүтэй тайлбар гаргаж  нэхэмжлэгч 10.000.000 төгрөгөөр машиныг үнэлж байгаа боловч хариуцагч машиныг 9.800.000  төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаж  байна. Иймд давж заалдах шатны шүүх машины үнийг 9.800.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч болон түүний 2 хүүхдэд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 7.350.000  төгрөг гаргуулж олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хариуцагч машины зах зээлийн үнэ буурсан гэж маргасан боловч машины зах зээлийн үнийн талаар шүүхэд баримт ирүүлээгүй мөн үнэлгээ тогтоолгох талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 42 шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад

“Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.О-аас 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож”  гэснийг, “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.О-аас 7.350.000  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 175.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                           ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  О.НАРАНГЭРЭЛ