Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01200/И

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ аймаг, ............. сум, ........... дүгээр баг, ............... хороолол, .............. байрны ..... тоотод оршин суух ........ овгийн Г.Х- /РД:............. /,

Хариуцагч: ..............  аймаг, ............  сум, ........ дүгээр баг, ...... хороолол, ........... байрны .... тоотод оршин суух ......... овгийн П.О- /РД:............. /-т холбогдох

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гагуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч П.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Г.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр П.О-тай 2007 онд танилцаж, гэр бүл болоод хамт амьдарсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин О.М-нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд эхний жилүүдэд бусдын адил сайхан байсан ч архи уусан үедээ гэр орондоо агсам тавьдаг болсон. Тэр бүрт нь хүүхдүүдээ бодоод би уучлаад эвлэрээд явдаг байсан. Улмаар 2013 онд намайг халамцуу байхдаа зодож би тухайн үед амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхэд өргөдөл гаргаж, шүүх эмнэлгээс хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож хэрэг үүсгэсэн. О- тэр үед надаас уучлалт гуйж өргөдлөө буцааж авахыг хүссэн болохоор Прокурор дээрээс хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Архи уусан үедээ агсам тавьдаг, эсвэл шөнөжин унтуулахгүй хажуудаа суулгана, эсвэл хүсээгүй байхад бэлгийн ажил хийхийг шаардана, “үгүй” гэж хэлбэл “нууц амрагтай болсон байна” гэж уурлана, зодно. Зарим үед миний төрсөн дүү Г.Т-г зоддог байсан. Сүүлийн жилүүдэд архи уучихсан орж ирэх үед нь би зодуулахаас айж орой үдэш, өвөл зун гэлтгүй гэрээсээ гарч найз нөхөд, танилындаа очиж хонох үе зөндөө байсан. Сүүлдээ энэ бүхнээс болж хүүхдүүд ч, дүү минь ч айдастай байх болсон. Бага насны 2 хүүхдээ архины хамааралтай орчинд өсгөмөөргүй байна, би өөрөө болон дүүгээ зодуулж дарамтлуулахыг хүсэхгүй байгаа учраас 2017 оны 6 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сард П.О- хүүхдүүдээ тэлээгээрээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд 2017 оны 11 сарын 23-нд шүүх хурал болж, шийтгэх тогтоол гарсан. Одоо О- нь хүүхдүүдтэйгээ холбоогүй, ямар нэгэн тусламж үзүүлдэггүй. Мөн хүнтэй суугаад гэр бүл зохиосон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн 2016 оны зун худалдаж авсан автомашины өмчлөлийг хуваах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч П.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь Г.Х- хүний эхнэр шиг байгаагүйтэй холбоотой. Учир нь Г.Х- бид хоёр 2007 оны 6 сард танилцаад улмаар 10 жил амьдарсан. Эхний жилүүдэд Г.Х- нь хүүхдүүдээ харан гэртээ байдаг байсан. Харин Г.Х-г миний бие 2016 оны 08 дугаар сард Ус сувагт ажилд оруулж өгснөөс хойш зан чанар нь хувиран үр хүүхэд болон хань ижил, гэр орноо хаян эхний үед 2-3 хоног, сүүлдээ хэдэн сараар гэр орондоо ирэхгүйгээр үр хүүхдүүд, хань ижлээ үл тоомсорлон явдаг болсон. Үүний улмаас олон удаа хэрүүл, маргаан болж байсан бөгөөд шалтгаан нь янз бүр, хамт амьдарч байхдаа авсан эд хөрөнгө болон миний өмсдөг хувцсыг хүртэл хулгайлан авч явсан. Ийм шалтгааны улмаас тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна. Энэ хугацаанд миний бие 2 хүүхдүүдтэйгээ уулзахыг хүссэн ч Г.Х- нь намайг огтхон ч уулзуулдаггүй учир би хүүхэддээ авсан цүнх болон хувцсыг нь одоо болтол өгч чадахгүй явна. Одоо эргэж амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхэд маань ээжтэйгээ, хоёулаа хамтдаа өсөх нь дээр гэж бодож байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Харин миний одоо эзэмшиж буй .... автомашиныг би 2015 оны 7 дугаар сард 9,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ тухайн үед бид хоёр хоёулаа орлогогүй, миний хөгжим бичсэн орлогоор амьдарч байсан учраас машин авах ямар ч боломжгүй байсан. Харин Австрали улсад ажиллаж амьдардаг миний төрсөн эгч П.Б- нь надад машин ав гээд миний том эгч болох П.О-ийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлж, уг машиныг эгч минь надад худалдаж авах мөнгө бэлэглэсэн учраас энэ машин бол миний хуваарьт өмч юм. Би энэ машины гэр бүлийн гишүүдийн өөрсдийн өмчлөлд шилжүүлээгүй. Мөн би өөрийн эгчийн бэлэглэсэн өмчийг хэнтэй ч хуваалцахгүй болно гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч П.О-аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Гэрлэгчид болох Г.Х-, П.О- нар нь 2007 оны 06 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 10 сарын 01-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин О.М-нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.  

 

Г.Х-, П.О- нар нь 2017 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарласан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

 Гэрлэгчид нь хүү О.Б-, охин О.М-нарыг эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү О.Б-, охин О.М-нарыг эх Г.Х-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр эцэг П.О-аас тэтгэлэг гаргуулан хүү О.Б-, охин О.М-нарт олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

           

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү О.Б-, охин О.М-нарыг эхийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгөөс ногдох хэсэгт 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 76-67 ДАР улсын дугаартай Toyota Ipsum маркийн автомашины эзэмшигчээр П.О- бүртгэлтэй байх бөгөөд 2015 онд буюу гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэхээр байна.

Хариуцагчаас маргаж буй автомашиныг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан, өөрийн хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаж, Худалдаа хөгжлийн банк дахь П-ын О-, Б- Клевланд нарын харилцах дансны гүйлгээний хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч энэхүү баримтаар хариуцагч П.О-т бэлэглэлийн журмаар шилжүүлсэн автомашин болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий хүмүүсийн хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, П.О-т мөнгө болон автомашиныг шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “...гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж, 126.2.4-т “...гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж заасны дагуу дээрх автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан тул гэрлэгчид болох Г.Х-, П.О-, хүү О.Б-, охин О.М-нар нь нэг гэр бүлийн гишүүд байх тул тэдэнд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй.

Нэхэмжлэгч маргаж буй автомашиныг 10,000,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч автомашины үнэлгээний талаар маргаагүй тул 76-67 ДАР улсын дугаартай Toyota Ipsum маркийн автомашины эзэмшлийг П.О-т үлдээж, нэхэмжлэгч Г.Х-, хүү О.Б-, охин О.М-нарт хөрөнгийн үнээс ногдох хувь болох 7,500,000 төгрөгийг хариуцагч П.О-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                                

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ............ овгийн Г.Х- /РД:................. /, ........ овгийн П.О- /РД:........... / нарын гэрлэлтийг цуцласугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.М-нарыг эх Г.Х-гийн асрамжид үлдээсүгэй.

           

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Б-, 2011 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.М-нарт тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг П.О-аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.  

 

            4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.О-аас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 345,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгосугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ