Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2017/00555

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2017/00555

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П.Б

            Хариуцагч: Д.Д

            Хариуцагч: Б.М

            Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг № тоот байрны эзэмшлээс чөлөөлүүлэх,  1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т , хариуцагч Д.Д , Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот байрны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл миний эхнэр Ц.Ц нь надад хэлж мэдэгдэлгүй өөрийн хамаатны хүн болох Д.Д г гэр бүлийнх нь хамтаар № тоот байранд суулгаад өөрөө Америк улс руу явсан байна. Өөрийн байрандаа орохоор Д.Д болон түүний нөхөр Б.М  нартай уулзаж, учир байдлаа хэлж, сар шинэ өнгөрөөгөөд өөрийнхөө байрандаа ормоор байна гэдгээ хэлсэн боловч тэд байр суллаж өгөхгүй гэсэн. Б.М тай утсаар хоёр ч удаа ярьсан боловч байр чөлөөлөхгүй гэсэн болно. Б.М , Д.Д нар нь байрыг минь суллаж өгөхгүй суусаар байгаа тул би өөрийн гэртээ ч орж чадалгүй ах дүүсийнхээрээ хонож, зарим үед зочид буудалд хоног төөрүүлж өдөр хоног өнгөрөөж байсан. Одоо айлын хажуу өрөөнд зохих төлбөр төлөн амьдарч байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.4 дэх хэсгүүдийг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот байрыг Б.М , Д.Д нарын эзэмшлээс чөлөөлүүлж, өмгөөлөгчид төлсөн хөлс, байр түрээслэхэд төлсөн төлбөр нийт 1 160 000 төгрөгийг Б.М , Д.Д нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү. Миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, О багийн№ тоот байрны нэг өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 26-наас сарын 280 000 төгрөг төлж амьдарч байгаа болно. Өнөөдрийг хүртэл байрны хөлсөнд 560 000 төгрөг төлсөн. Мөн өмгөөлөгч Д.Т тай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгчийн хөлсөнд 600 000 төгрөг төлсөн тул нийт 1 160 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хүмүүс байрыг минь чөлөөлж өгсөн бол би байр хөлсөлж суухгүй байсан. Мөн өмгөөлөгчид ч мөнгө төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсээс болж өөрөөс гарсан зардлаа нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Байгал овогтой М нь хямдхан байр түрээслүүлэх сургаар очижЦ  уулзахад Америкт охины бие муу хүндрэлтэй төрөх гээд яаралтай явах гээд байраа хямдхан түрээслэнэ гэсэн. Би энэ байранд ямар нэгэн асуудал үүсэхгүй биздээ гэхэд манай хүн хол юманд явсан гээд гэр бүлийн баталгаагаа, итгэмжлэлийн хамт үзүүлээд Орхон аймаг Баян-Өндөр сум Х багийн № тоот 3 өрөө байрыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүртэл түрээсийн гэрээ хийж сарын 350 000 төгрөгөөр тохирч 12 сараар тооцож 4 200 000 төгрөг бэлнээр өгч бичгээр гэрээ байгуулсан. Гэрээ хийхдээ байр, дулаан, цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөхөөр тохирсон. Уг байранд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нүүж ирэхэд хадам аав нүүлгэхээр ирээд энэ манай холын хамаатны хүний байр байна гэсэн. Сүүлд нь орцны хүнээс П.Б г шүүхийн шийдвэрээр түр саатуулагдаж байгааг мэдсэн. Тухайн сарын байр, дулаан, цахилгааны төлбөрөө төлөх гээд очиход хагас жилийн өртэй байна. Төлбөрөө хийхгүй бол бичилт хийхгүй алданга тооцно гэхээр нь төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч П.Б нь манайд 2 удаа байр суллаж өг би эзэн нь байна гэж орж ирэхэд нь гэр бүлийн хүнтэй нь хийсэн гэрээгээ үзүүлж үлдсэн сарын түрээсийн төлбөрийг маань буцааж өгвөл байрыг нь суллаж өгнө гэсэн хариу өгсөн. Одоогоор 2017 оны 06 дугаар сарын 01-нээр тасалбар болгож үлдэгдэл 6 сарын мөнгө болох 2 100 000 төгрөгөн дээр өмнөх өр болох байрны дулааны төлбөр 258 400 төгрөг, цахилгааны төлбөр 91 400 төгрөгийг оруулаад 2 449 800 төгрөгийг өгвөл байрыг нь суллаж өгөхөд татгалзах зүйлгүй. Байрны гэрээ болон тохиролцоо хийхэд эхнэр Д.Д  нь оролцоогүй учир ямар нэгэн хариуцагчид орох үндэслэлгүй гэж үзэж байнаБ.М миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан П.Б гийн эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. П.Б , Ц.Ц нар албан ёсны гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл учир өөрсдийн дундын өмчлөлийн дундын эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх, хөлслүүлэх эрх нь тэдний хувьд нээлтгэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа  1 160 000 төгрөгийг Б.М , Д.Д нараас хувааж гаргуулахаар шаарджээ. Дээрх төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. П.Б нь өмгөөлөгчөөр Д.Т ыг оролцуулж байгаа нь түүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж байгаа гэж үзэн өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 560 000 төгрөг нь нэхэмжлэгч П.Б өөрөө байр түрээслэсэн төлбөр байгаа тул мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.

      Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Дагвадорж овогтой Д нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот 3 өрөө байрыг нөхрийн хамт түрээсэлж байгаа. Гэрээ хийж тохиролцоход нь миний бие ажилтай байсан. Нөхөр маань байр үзээд ирье гээд яваад ирэхдээ байр нь таалагдаад шууд гэрээ хийчихлээ гэсээр ирсэн. Хамаатны хүний байр гэдгээ байранд орох гээд нүүж ирэхдээ ааваасаа мэдсэн. Ц гэх хүнтэй хамаатан гэж сонссон болохоос нэг ч удаа уулзаж байгаагүй. Нэхэмжлэгч П.Б нь манайд 2 удаа байр суллаж өг би эзэн нь байна гэж орж ирэхэд нь гэр бүлийн хүнтэй нь хийсэн гэрээгээ үзүүлж үлдсэн сарын түрээсийн төлбөр, дулаан, цахилгааны өр төлбөрийг төлсөн мөнгийг маань буцааж өгвөл байрыг нь суллаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн. Одоогоор 2017 оны 06 дугаар сарын 01-нээр тасалбар болгож үлдэгдэл 6 сарын мөнгө болох 2 100 000 төгрөгөн дээр өмнөх өр болох байрны дулааны төлбөр 258 400 төгрөг, цахилгааны төлбөр 91 400 төгрөгийг оруулаад 2 449 800 төгрөгийг өгвөл байрыг нь суллаж өгөхөд татгалзах зүйлгүй. Д миний бие гэрээ хийхэд оролцоогүй учир намайг ямар нэгэн хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 1 160 000 төгрөгийг Б.М , Д.Д нараас хувааж гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйНэхэмжлэгч П.Б , Ц.Ц нар албан ёсны гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл учир өөрсдийн дундын өмчлөлийн дундын эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх хөлслүүлэх эрх нь тэдний хувьд нээлттэй гэж үзэж байна. Д.Д нь миний бие Ц.Цэрэндэжидтэй байр түрээслэсэн гэрээ байгуулаагүй гэрээний нэг тал биш тул хариуцагчаар татагдах этгээд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Д , Б.М нарт холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, өмгөөллийн хөлс болон түрээсийн төлбөрт төлсөн 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот 3 өрөө орон сууц нь миний өмч юм. Манай эхнэр Ц.Ц надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаатан болох Д.Д түүний гэр бүлийг байранд суулгаад өөрөө Америк явсан байна. Байрыг суллаж өгөх талаар хариуцагч нартай уулзаж, утсаар ярьсан боловч суллаж өгөхгүй байгаа тул шүүхэд хандах болсон. Энэ хугацаанд би өөрөө байр түрээслэн суусан төлбөр 560 000 төгрөг, өмгөөллийн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 600 000 төгрөг нийт 1 160 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ц.Ц хамаатан гэдгийг мэдээгүй, нүүж ирэхэд мэдсэн. Ц.Ц нь гэр бүлийн баталгаа болон П.Б гийн олгосон итгэмжлэл үзүүлж, манай хүн хол юманд явсан, охины бие муу Америк явах болсон гээд уг байрыг түрээслэсэн. Нэгэнт хууль ёсны гэр бүл дундын хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Хэрэв үлдэгдэл төлбөрийг, ус, дулаан, цахилгааны өрийн хамтаар өгвөл байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Өмгөөлөгч сонгох болон байр хөлслөн амьдарч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Гэрээ байгуулаагүй Д.Д нь энэ хэргийн хариуцагч биш гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч П.Б нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан бөгөөд өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х багийн № тоот 3 өрөө байрандаа ирэхэд эхнэр Ц.Ц нь хариуцагч Б.М т 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай сарын 350 000 төгрөг жилийн 4 200 000 төгрөгөөр байрыг түрээслэсэн, одоо хариуцагч нар уг байранд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

            Хариуцагч нарын нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн ус, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримт, байр түрээслэсэн тухай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангахгүй байгаа хэдий ч дээрх баримтанд үндэслэн хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үнэлээгүй бөгөөд Ц.Ц холбогдуулан бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ дүгнэлт, шийдвэр саад болохгүй юм.  

            Хариуцагч нарын Ц.Цэрэндэжидэд бэлнээр өгсөн мөнгөний үлдэгдэл, өрийг П.Б өгвөл байрыг чөлөөлж өгнө гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн байрыг хариуцагч нар чөлөөлж өгөхгүй байгаа тул өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсан, мөн хажуу өрөө хөлслөх шаардлага гарсан, зайлшгүй гарсан зардалд нийт 1 160 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж байгаа боловч уг зардал гаргахад нөлөөлсөн этгээд нь Ц.Ц учраас хариуцагч нараас 1 160 000 төгрөг болон П.Б гээс үлдэгдэл төлбөр, өрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Д.Д байр түрээслэх гэрээ байгуулаагүй, энэ хэргийн хариуцагч биш гэж мэтгэлцэж байх боловч маргаан бүхий байранд М.М ын хамтаар амьдарч байгаа болох нь шүүхэд мэдүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хууль бус эзэмшилээс байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Д.Д мөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 128 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд П.Б , Ц.Ц нар хууль ёсны гэр бүл эсэх, маргаан бүхий орон сууц нь дундын өмч эсэх талаар шүүх дүгнэлт гаргах боломжгүй холбогдох нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна.

            Иймд хариуцагч Б.М , Д.Д нарын эзэмшилээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг № тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөлөгчид төлсөн хөлс, хажуу өрөө түрээслэн суусны төлбөр 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, урьдчилан төлсөн 32 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангасан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М , Д.Д нарын эзэмшилээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг № тоот орон сууцыг чөлөөлж, өмгөөлөгчийн хөлс, хажуу өрөө түрээслэн суусны төлбөр нийт 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, урьдчилан төлсөн 32 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М , Д.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ