Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00136

 

 

 

 

 

 

 

 

 

                               П.Бүрнээгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Бүрнээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Долгорсүрэн, Б.Мэндбаяр нарт холбогдох

“Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот байрны эзэмшлээс чөлөөлүүлэх, 1 160 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Бүрнээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.Бүрнээ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

П.Бүрнээ миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот байрны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл миний эхнэр Ц.Цэрэндэжид нь надад хэлж мэдэгдэлгүй өөрийн хамаатны хүн болох Д.Долгорсүрэнг гэр бүлийнх нь хамтаар 4-8-13 тоот байранд суулгаад өөрөө Америк улс руу явсан байна. Өөрийн байрандаа орохоор Д.Долгорсүрэн болон түүний нөхөр Б.Мэндбаяр нартай уулзаж, учир байдлаа хэлж, сар шинэ өнгөрөөгөөд өөрийнхөө байрандаа ормоор байна гэдгээ хэлсэн боловч тэд байр суллаж өгөхгүй гэсэн. Б.Мэндбаяртай утсаар хоёр ч удаа ярьсан боловч байр чөлөөлөхгүй гэсэн болно. Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нар нь байрыг минь суллаж өгөхгүй суусаар байгаа тул би өөрийн гэртээ ч орж чадалгүй ах дүүсийнхээрээ хонож, зарим үед зочид буудалд хоног төөрүүлж өдөр хоног өнгөрөөж байсан. Одоо айлын хажуу өрөөнд зохих төлбөр төлөн амьдарч байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.4 дэх хэсгүүдийг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот байрыг Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын эзэмшлээс чөлөөлүүлж, өмгөөлөгчид төлсөн хөлс, байр түрээслэхэд төлсөн төлбөр нийт 1 160 000 төгрөгийг Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү. Миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-1Б-41 тоот байрны нэг өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 26-наас сарын 280 000 төгрөг төлж амьдарч байгаа болно. Өнөөдрийг хүртэл байрны хөлсөнд 560 000 төгрөг төлсөн. Мөн өмгөөлөгч Д.Тогтохбаяртай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгчийн хөлсөнд 600 000 төгрөг төлсөн тул нийт 1 160 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хүмүүс байрыг минь чөлөөлж өгсөн бол би байр хөлсөлж суухгүй байсан. Мөн өмгөөлөгчид ч мөнгө төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсээс болж өөрөөс гарсан зардлаа нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Байгал овогтой Мэндбаяр нь хямдхан байр түрээслүүлэх сургаар очиж Цэрэндэжидтэй уулзахад Америкт охины бие муу хүндрэлтэй төрөх гээд яаралтай явах гээд байраа хямдхан түрээслэнэ гэсэн. Би энэ байранд ямар нэгэн асуудал үүсэхгүй биздээ гэхэд манай хүн хол юманд явсан гээд гэр бүлийн баталгаагаа, итгэмжлэлийн хамт үзүүлээд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот 3 өрөө байрыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүртэл түрээсийн гэрээ хийж сарын 350 000 төгрөгөөр тохирч 12 сараар тооцож 4 200 000 төгрөг бэлнээр өгч бичгээр гэрээ байгуулсан. Гэрээ хийхдээ байр, дулаан, цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөхөөр тохирсон. Уг байранд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нүүж ирэхэд хадам аав нүүлгэхээр ирээд энэ манай холын хамаатны хүний байр байна гэсэн. Сүүлд нь орцны хүнээс П.Бүрнээг шүүхийн шийдвэрээр түр саатуулагдаж байгааг мэдсэн. Тухайн сарын байр, дулаан, цахилгааны төлбөрөө төлөх гээд очиход хагас жилийн өртэй байна. Төлбөрөө хийхгүй бол бичилт хийхгүй алданга тооцно гэхээр нь төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч П.Бүрнээ нь манайд 2 удаа байр суллаж өг би эзэн нь байна гэж орж ирэхэд нь гэр бүлийн хүнтэй нь хийсэн гэрээгээ үзүүлж үлдсэн сарын түрээсийн төлбөрийг маань буцааж өгвөл байрыг нь суллаж өгнө гэсэн хариу өгсөн. Одоогоор 2017 оны 06 дугаар сарын 01-нээр тасалбар болгож үлдэгдэл 6 сарын мөнгө болох 2 100 000 төгрөгөн дээр өмнөх өр болох байрны дулааны төлбөр 258 400 төгрөг, цахилгааны төлбөр 91 400 төгрөгийг оруулаад 2 449 800 төгрөгийг өгвөл байрыг нь суллаж өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 560 000 төгрөг нь нэхэмжлэгч П.Бүрнээ өөрөө байр түрээслэсэн төлбөр байгаа тул мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.Долгорсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Долгорсүрэн миний бие гэрээ хийхэд оролцоогүй учир намайг ямар нэгэн хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч П.Бүрнээ нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 1 160 000 төгрөгийг Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нараас хувааж гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Нэхэмжлэгч П.Бүрнээ, Ц.Цэрэндэжид нар албан ёсны гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл учир өөрсдийн дундын өмчлөлийн дундын эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх хөлслүүлэх эрх нь тэдний хувьд нээлттэй гэж үзэж байна. Д.Долгорсүрэн нь миний бие Ц.Цэрэндэжидтэй байр түрээслэсэн гэрээ байгуулаагүй гэрээний нэг тал биш тул хариуцагчаар татагдах этгээд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын эзэмшилээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг чөлөөлж, өмгөөлөгчийн хөлс, хажуу өрөө түрээслэн суусны төлбөр нийт 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, урьдчилан төлсөн 32 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Долгорсүрэн, Б.Мэндбаяр нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-17-ны өдрийн № 142\ШШ2017\00555 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Иргэний Хуулийн 106-р зүйл, 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгосүрэн нарын эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг чөлөөлөх гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй нь дээрхи шийдвэр ихшхштх -ийн 116-р зүйл, 116.2 дох хэсэгт заасны дагуу “шүүхийн шнйдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Бүрнээгийн 2017-03-13-ны өдөр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар шүүхийн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч П.Бүрнээ нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн баримтуудын жагсаалтанд “ Гэрлэсний лавлагаа” -г хавсарган өгсөн гэсэн байх бөгөөд үүнийг шүүхэд гарган өгсөн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлэх үүрэгтэй байсан, хэрвээ энэ гэрлэлтийн лавлагаа шүүхийн хэлэлцүүлэг хийгдэх үед хавтаст хэрэгт байхгүй болсон байсан бол шүүгчийн туслахтай нотлох баримтыг хэргээс алга болгосонтой холбоотой хариуцлагыг тооцож байж шүүгч цааш шүүхийн хэлэлцүүлгийг явуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна.

 Мөн нөгөө талаар нэхэмжлэгч П.Бүрнээ нь Ц.Цэрэндэжидийг өөрийн эхнэр гэх тайлбарыг удаа дараа өгч байсан буюу тодруулбал ”..миний эхнэр Ц.Цэрэндэжид нь надад хэлж мэдэгдэлгүй өөрийн хамаатны хүн болох Д.Долгорсүрэнг гэр бүлийнх нь хамтаар 4-8-13 тоот байранд суулгаад өөрөөс Америк явсан байна..” гэх утга бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, мөн энэ тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 25-р зүйл, 25.2.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар өгсөн гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэгч П.Бүрнээ нь Ц.Цэрэндэжидтэй гэр бүл мөн эсэх талаар шүүх дахин дүгнэлт хийсэн нь хууль бус төдийгүй шүүх нэхэмжлэгч талд илт үйлчилсэн шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгчийн тайлбарыг өөрөө гуйвуулж дүгнэжээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч П.Бүрнээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан гэрлэлтийн лавлагаа болон өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар Ц.Цэрэндэжид П.Бүрнээ нар нь хууль ёсны гэр бүл болох нь тогтоодож буй тул маргаан бүхий орон сууц нь Иргэний Хуулийн 126-р зүйл, 126.1 дэх хэсэгт заасны дагуу П.Бүрнээ, Ц.Цэрэндэжид нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд шүүх Иргэний хуулийн 128-р зүйл, 128.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Цэрэндэжид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдлэх эрхтэй болохыг нь шийдвэртээ дурдан өгч хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарыг хариуцагчаас чөлөөлөх үүрэгтэй байсан.

Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 128-р зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зариуулахтай хөлбогдсөн харилцааг зөхииуулсан бөгөөд П.Бүрнээ, Ц.Цэрэндэжид нар хууль ёсны гэр бүл эсэх, маргаан бүхий орөн сууц нь дундын өмч эсэх талаар шүүх дүгнэлт гаргах боломжгүй холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна..” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай илт хууль бус дүгнэлтийг шүүх хийсэн, нэхэмжлэгч талд илт үйлчилсэн гэж үзэж байна.

Хариуцагч Д.Долгорсүрэн миний бие нь өөрийн гэр бүлийн хүн болох хариуцагч М.Мэндбаярын хамтаар маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаагаараа шүүхэд хариуцагчаар татагдан шүүхийн шийдвэрт хариуцагч мөн гэж дүгнэгдсэн нь иргэн Д.Долгосүрэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй шүүх нэхэмжлэгч П.Бүрнээг хариуцагчаа зөв сонгон нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Хариуцагч бид 2017-04-25-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан хүлээж авсан бөгөөд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу давж заалдах журмаар гомдол гаргахаар хэргийн материалтай танилцах үед шүүхийн туслах болон шүүгч “ цаашид давж заалдах гомдол гаргах шаардлагагүй” гэсэн нь “Шүүгчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хууль" болон “Шүүхийн Захиргааны Тухай Хууль”-д нийцэхгүй төдийгүй мөн Үндсэн Хуулиар олгогдсон шударга шшүүхээр шүүлгэх эрхийг маань зөрчсөн үйлдэл болж байна гэхэд буруудахгүй үйл баримт болж байна.

Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-17-ны өдрийн № 142\ШШ2017\00555 тоот шийдвэрийн орон сууцыг чөлөөлөх тухайд шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Бүрнээ өөрийн эзэмшлийн тус сумын Хүрэнбулаг багийн 4-8-13 тоотод байрлалтай  3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын эзэмшлээс чөлөөлүүлэх, зардал 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн зардал, орон сууцны төлбөр төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 1.160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба хариуцагч нар шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх тус сумын Хүрэнбулаг багийн 4-8-13 тоотод байрлалтай 3 өрөө орон сууцны өмчлөгч нь П.Бүрнээ мөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч нар бусдын орон сууцыг тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар хуулиар зохицуулагдсан хэдий ч тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрх нь хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх боломжтой юм.

Хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нар нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр түр хугацаагаар эзэмшиж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн эхнэр Цэрэндэжидтэй байгуулсан “Байр түрээслэж авсан баримт”-ыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан  “Байр түрээслэж авсан баримт”-д бичигдсэн түрээсийн хугацааг тодорхойлох боломжгүй /огноо засвартай/, түрээсийн төлбөрийг уг баримтыг үйлдсэн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн гэх боловч баримтыг үйлдсэн огноог  2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн байх тул хариуцагч нарыг маргааны зүйл болж буй орон сууцыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй тухайлбал түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүрэг тус тус хүлээдэг ба хэргийн үйл баримтаас үзэхэд маргаж буй 3 өрөө байрыг орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй  үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, уг орон сууцыг гэрээний дагуу ямар хугацаанд  эзэмшиж байгааг тогтоох боломжгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан өмгөөллийн хөлс 600.000 төгрөг, орон сууцны төлбөр 560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын гаргасан “ ...орон сууц чөлөөлөх тухайд шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.Мэндбаяр, Д.Долгорсүрэн нарын эзэмшилээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг чөлөөлж, өмгөөлөгчийн хөлс, орон сууцны төлбөр нийт 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.БАТТӨР

          ШҮҮГЧИД                                                          М.ХҮРЭЛБААТАР

                                                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ