Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/02524

 

 

 

 

 

 

2020оны 10сарын 12дөр

 

181/ШШ2020/02524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Л.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М.Д ХХК /РД:/-д холбогдох,

 

1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тайжууд овогт Л.Б миний бие 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед т хашааны баруун талд өөрийн эзэмшлийн ******* УБР улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашинаа жолоодон явж байхад 8 настай ******* гэх хүүхэд гэнэт явган хүний гарцгүй газраар мөн харгалзах хүнгүйгээр гэнэт замын баруун талаас гарч ирж мөргүүлсэн. Тухайн үед миний бие автомашинаа зогсоох арга хэмжээ авч мөн уг хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээнд нь гарсан бүх зардлыг нь буюу 1,750,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн цагдаагийн ахмад ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр надад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д засан Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр М.Д ХХК-д даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан тоот явуулсан боловч М.Д ХХК нь уг шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй, манайх хохирлыг олгох үндэслэлгүй гэх хариуг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Уранчимэгтэй утсаар холбогдоход М.Д ХХК таны хохирлыг төлөхгүй гэсэн хариу ирүүлсэн тул та шүүхэд ханд гэсэн. Иймд дээрх зам тээврийн осол нь миний буруутай үйл ажиллагаанаас болж гаргаагүй тул гэрээний дагуу М.Д ХХК-аас 1,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Бын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Л.Б нь 8 настай хүү *******г мөргөж зам тээврийн осолд холбогдсон ба үүнтэй холбоотой нөхөн төлбөрийг Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.1 Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна гэж, мөн хуулийн 3.1.9 жолоочийн даатгалын тохиолдол /цаашид даатгалын тохиолдол гэх/ гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг гэж тус тус заасны дагуу жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан буруутай үйлдэл нь нотлогдож, тогтоогдсон тохиолдолд хохирогчид учирсан хохирлыг даатгалын сангаас барагдуулах харилцаанд энэ үйлчилнэ. Харин Тээврийн Прокурорын Газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 739 тоот тогтоолд: Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгээр болон бусад баримтаар Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй, харин явган зорчигч 8 настай ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах. хайс хайлшгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: ...д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх" гэснийг зөрчсөн байна. гэсэн байдаг бөгөөд Л.Быг уг зам тээврийн осолд гэм буруугүй, харин явган зорчигчийг гэм буруутайд тооцож түүний асран хамгаалагчид шийтгэл ногдуулж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул Л.Б гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Иймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9 болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 19027019403761 тоот гэрээний 4.1.2-д Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол гэсэн даатгалын тохиолдол болон даатгалын эрсдэл үүсээгүй, жолооч Л.Б гэм буруугүй, гэм буруугүй жолоочийн өмнөөс даатгагч хохирол нөхөн төлөх үүрэг үүсээгүй. 3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.2-т Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасан боловч даатгуулагч Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр явган зорчигч 8 настай *******г мөргөж зам тээврийн осол гаргасан ба нэн даруй даатгалд хандаагүй, даатгалын сангаас нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлээгүй, харин хэрэг шийдвэрлэгдсэний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлсэн бөгөөд хэрэг шийдвэрлэгдэх явцад даатгагчид мэдэгдэлгүйгээр *******гийн асран хамгаалагч *******д эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Энэ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.4-т Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно гэж, мөн хуулийн 13.5-д Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэж заасан. Хэрэв албан журмын даатгуулагч Л.Б нь эмчилгээний зардалд төлбөр өгөхөөсөө өмнө даатгагчид хандсан тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.2, 20.1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй жолоочийн үйлдлээс учирсан хохиролд даатгалын сангаас нөхөн төлбөр олгоод жолоочийн гэм буруугүй болох нь тогтоогдсоны дараа насанд хүрээгүй явган зорчигчийн гэм буруутай гэж тогтоогдсон асран хамгаалагчаас даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх нөхцөлөөр жолоочийн даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэж болох байсан ч Л.Б нь эрх бүхий байгууллагад осол зөрчил хянагдаж байх явцад даатгагчид мэдэгдэлгүйгээр явган зорчигчийн эмчилгээний зардалд төлбөр төлсөн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дээр дурдсан заалтуудтай хамааралгүйгээр түүний сайн дураараа хийсэн үйлдэл байсан тул даатгагчид хохирол нөхөн төлөх үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй болно. Иймд Л.Бын нэхэмжилсэн 1,750,000 төгрөгийг төлөх гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М.Д ХХК-аас зам тээврийн ослын хохирогчид төлсөн 1,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Л.Б болон М.Д ХХК нарын хооронд 2019 оны 07 сарын 05-ны өдөр 19027019403761 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нэртэй гэрээ /хх-6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Л.Б нь даатгалын хураамж төлөх, М.Д ХХК нь даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 16 цаг 02 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1-13 тоот хашааны баруун талын замд Л.Бын жолоодож явсан 0732 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8 настай ******* мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 08 сарын 12-ны өдрийн огноо бүхий Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал нэртэй баримт /хх-8-11 тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл нэртэй баримт /хх-12-21 тал/, Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 739 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хх-27,28 тал/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт /хх-29,30/ зэргээр тогтоогдож байх ба дээрх үйл баримтад зохигч талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын хохирогч болох *******гийн хууль ёсны төлөөлөгч *******д 2019 оны 10 сарын 01-ний өдөр хохирлын төлбөрт 1,750,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-31 тал/-аар тогтоогдсон.

Хариуцагч нь дээрх үйл баримтад маргахгүй байх боловч Тээврийн Прокурорын Газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 739 тоот тогтоолд: Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгээр болон бусад баримтаар Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй, харин явган зорчигч 8 настай ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах. хайс хайлшгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: ...д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх" гэснийг зөрчсөн байна. гэсэн бөгөөд Л.Б уг зам тээврийн осолд гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон тул даатгалын эрсдэл үүсээгүй, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.2-т Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасан боловч даатгуулагч Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр явган зорчигч 8 настай *******г мөргөж зам тээврийн осол гаргасан даруй даатгалд хандаагүй, даатгалын сангаас нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлээгүй, даатгагчид мэдэгдэлгүйгээр *******гийн асран хамгаалагч *******д эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.4-т Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно гэж, мөн хуулийн 13.5-д Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэж заасанд нийцээгүй, хэрэв албан журмын даатгуулагч Л.Б нь эмчилгээний зардалд төлбөр өгөхөөсөө өмнө даатгагчид хандсан тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.2, 20.1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй жолоочийн үйлдлээс учирсан хохиролд даатгалын сангаас нөхөн төлбөр олгоод жолоочийн гэм буруугүй болох нь тогтоогдсоны дараа насанд хүрээгүй явган зорчигчийн гэм буруутай гэж тогтоогдсон асран хамгаалагчаас даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх нөхцөлөөр жолоочийн даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэж болох байсан ч Л.Б нь эрх бүхий байгууллагад осол зөрчил хянагдаж байх явцад даатгагчид мэдэгдэлгүйгээр явган зорчигчийн эмчилгээний зардалд төлбөр төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Зам тээврийн осолд Л.Б буруугүй болох нь Тээврийн прокурорын газрын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 739 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна.

Хэдийгээр зам тээврийн осолд Л.Б буруугүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасны дагуу даатгагч буюу М.Д ХХК нь зам тээврийн ослын хохирогч *******д нөхөн төлбөрийг олгох үүргийг хуулиар хүлээнэ.

Хариуцагчийн зүгээс зам тээврийн ослын хохирогч *******д нөхөн төлбөр олгоогүй шалтгаанаа Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр явган зорчигч 8 настай *******г мөргөж зам тээврийн осол гаргасан даруй даатгалд хандаагүй, даатгалын сангаас нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлээгүй, даатгагчид мэдэгдэлгүйгээр *******гийн асран хамгаалагч *******д эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр тайлбарлаж байх боловч Л.Б нь зам тээврийн осол болсон даруйд даатгагч буюу М.Д ХХК-д зам тээврийн осол гарсан талаар утсаар мэдэгдсэн боловч М.Д ХХК-ийн зүгээс зам тээврийн осол болсон газарт очоогүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтад зааснаар жолооч даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Л.Б нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Л.Бын зүгээс М.Д ХХК-д зам тээврийн ослын талаар мэдэгдсээр байхад М.Д ХХК-ийн зүгээс зам тээврийн осол болсон газарт төлөөлөгчөө илгээгээгүй нь М.Д ХХК-ийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтад заасан даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

М.Д ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, 18, 19 дүгээр зүйлд заасан даатгалын тохиолдлыг шалгах, хохирлын хэмжээг тодорхойлох, нөхөн төлбөр олгох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдээгүйд зам тээврийн ослын хохирогч болон жолооч буюу даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтад Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байна.

Л.Б нь зам тээврийн ослын хохирогч *******д зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүднээс 1,750,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, М.Д ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол уг төлбөрийг Л.Б биш М.Д ХХК нь хохирогчид төлөх байсан, ийнхүү Л.Б нь зам тээврийн ослын хохирогч *******д учирсан хохирлын төлснөөр М.Д ХХК нь үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Д ХХК-аас 1,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.1 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Д ХХК-аас 1,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 06 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,000 төгрөгийн 42,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Д ХХК-аас 42,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР