Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00227

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02524 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-ын хариуцагч М Д ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 1 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Л.Б- нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид зуслангийн 1-13 тоот хашааны баруун талд өөрийн эзэмшлийн 07-32 УБР улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашинаа жолоодон явж байхад 8 настай Тэмүгэ гэх хүүхэд явган хүний гарцгүй газраар харгалзах хүнгүйгээр гэнэт замын баруун талаас гарч ирж мөргүүлсэн. Тухайн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч мөн уг хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээнд нь гарсан бүх зардлыг буюу 1 750 000 төгрөгийг төлж барагдуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 03 сарын 09-ний өдөр М Д ХХК-д даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан тоот явуулсан боловч М Д ХХК уг шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэх хариу өгсөн тул хариуцагчаас 1 750 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.1, 3.1.9-д заасны дагуу жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан буруутай үйлдэл нь нотлогдож, тогтоогдсон тохиолдолд хохирогчид учирсан хохирлыг даатгалын сангаас барагдуулах харилцаанд энэ үйлчилнэ. Тээврийн Прокурорын газрын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 739 тоот тогтоолд жолооч Л.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин явган зорчигч 8 настай Х.Тэмүгэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12-т заасныг зөрчсөн гэсэн байдаг.

Иймд даатгалын тохиолдол болон даатгалын эрсдэл үүсээгүй, жолооч Л.Б- гэм буруугүй, гэм буруугүй жолоочийн өмнөөс даатгагч хохирол нөхөн төлөх үүрэг үүсээгүй. Л.Б- нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр явган зорчигч Х.Тэмүгээг мөргөж зам тээврийн осол гаргасан ба нэн даруй даатгалд хандаагүй, даатгалын сангаас нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлээгүй, харин хэрэг шийдвэрлэгдсэний дараа буюу 2019 оны 10 сарын 28-ны өдөр нөхөн төлбөр хүссэн баримт материал ирүүлсэн бөгөөд хэрэг шийдвэрлэгдэх явцад даатгагчид мэдэгдэлгүйгээр Х.Тэмүгэгийн асран хамгаалагч Д.Гантуяад эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Энэ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.4, 13.5-д зааснаар даатгагчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүсгэхгүй.

Иймд Л.Б-ын нэхэмжилсэн 1 750 000 төгрөгийг төлөх гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Д ХХК-аас 1 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-л зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 000 төгрөгийн 42 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М Д ХХК-аас 42 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Л.Б-ын гэм буруутай эсэхийг Тээврийн Прокурорын газрын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 739 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн ба Л.Б- нь түүний дараа буюу 2019 оны 10 сарын 28-ны өдөр манай компанийн Нөхөн төлбөрийн албанд хандаж нөхөн төлбөрийн хүсэлт болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн байдаг. Үүнээс харахад Л.Б- нь 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс өмнө манайд хандан нөхөн төлбөрийн хүсэлт гаргаагүй тул хуулийн 19.2-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг бид тогтоох боломжгүй, хохирогчид нөхөн төлбөрийг олгох нөхцөл бүрдээгүй байсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 15.2 дахь заалт болон 19.2 дахь заалт харилцан хамааралтай заалтууд биш бөгөөд хуулийн 15.2-т ... ослын газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй гэж заасан нь тухайн ослын нөхцөл байдлыг даатгагчийн зүгээс баримтжуулах ач холбогдолтой бөгөөд тухайн ослын газарт шуурхай ажилтан очсон даруй нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй байдаг. Дээрх үүргээ биелүүлээгүй нь 19.2 дахь заалтад зааснаар нөхөн төлбөрийн хэмжээ тогтоогдоогүй байхад нөхөн төлбөрийг хохирогчид олгох үндэслэл болохгүй.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шийдвэрт ... Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтад Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан гэжээ. Манай компани бусдын буюу Л.Б-ын гаргасан зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх гэсэн санаа, зорилго байгаагүй, ийм нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн дээрх харилцаа нь даатгалын гэрээнээс үүссэн, Даатгалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч М Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 1 750 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа хохирогч 8 настай Х.Тэмүгэгийн хууль ёсны асран хамгаалагч Д.Гантуяад өгсөн төлбөрийн хэмжээгээр тодорхойлжээ.

 

Талууд 2019 оны 07 сарын 05-ны өдөр 19027019403761 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, М Д ХХК гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөх, Л.Б- нь даатгалын хураамж төлөх үүргийг харилцан хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Даатгалын гэрээний хугацаанд 2019 оны 08 сарын 12-ны өдөр зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас Л.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 8 настай Х.Тэмүгэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 0732 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б- зам тээврийн осолд буруугүй нь тогтоогдсон, жолооч Л.Б-ын зүгээс хохирогч Х.Тэмүгэгийн хууль ёсны асран хамгаалагч Д.Гантуяад 1 750 000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоож үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд даатгалын гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих зохицуулалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, энэ талаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Учир нь, Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүргээ хариуцагч М Д ХХК биелүүлээгүй нь нэхэмжлэгч Л.Б-ыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу даатгалын тохиолдлыг шалгуулах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгохоор өргөдөл гаргах, даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон тухайгаа даатгагчид мэдэгдэж, даатгагчаас заавар авах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх хохирлын талаар даатгагч эс зөвшөөрч, маргаж байгаа тохиолдолд уг хохирлын хэмжээ нь Даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлогдох учиртай байтал анхан шатны шүүх даатгалын хохирлын хэмжээг жолооч Л.Б- болон хохирогч Х.Тэмүгэгийн хууль ёсны асран хамгаалагч Д.Гантуяа нарын харилцан тохиролцсон хэмжээгээр тодорхойлж, хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй хэмээн заасантай нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Д ХХК-д холбогдуулан гаргасан 1 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М Д ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР