Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00264

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00264

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ т холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одбилэг, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, Ж.Майзориг, гэрч Г.Отгонбаяр, нарийн бичгийн даргад Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А ХХК-ийн хөрөнгүүдийг хөрөнгийг үнэлгээний Сэлэнгэ эстимейт ХХК-иар үнэлгээ тогтоолгож, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2.948.450.000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байх бөгөөд үнэлгээг А ХХК- нд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4/15116 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Шинжээчийн дүгнэлтэнд дээрх хөрөнгүүдийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханш, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг үнэлсэн байдал ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгө үнэлгээний тараархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийг 122.5-д ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд... энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд...гаргана гэж заасны дагуу тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд А ХХК-ний Говь Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуур баяжуулах үйлдвэрийг 2.948.450.000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч А ХХК-д Арбитрын шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг олон удаа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд компанийн эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрх олгогдоогүй бөгөөд энэхүү эрхийг зөвхөн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх боломжтой юмаа.

Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийг хуралдуулах талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн боловч тодохойгүй хугацаагаар хойшлоод байгаа, үнийн санал ирүүлэх боломжгүй талаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Р.Тогтохбаяр тайлбар ирүүлсэн.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч А ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таян нуурын баяжуулах үйлдвэрийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчиний тогтоосон үнэ болох 2.948.453.000 төгрөгийн 70%-иар тооцон 2.063.917.100 төгрөгөөр, ашигт малтмалын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөгийн 70%-иар тооцон 99.253.474.469 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоосон.

Ингээд төлбөр төлөгч шүүхэд үнэлгээний гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Төлбөр төлөгч А ХХК-нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санаачлага муутай,төлбөрөө төлөхгүй, удааширч байгаа, эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэсэн шалтаг зааж шүүхэд өгөөд цаг хугацаа ихээр алдагдуулж байна.

Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй хугацаа нь хяналтын шатны тогтоол гарах хүртэл дунджаар 9 сар байна. Энэ хугацаанд А ХХК нь олборлолт явуулсаар байвал хамгийн багадаа 2,4 сая тонн буюу 259.200.000 төгрөгийн төмрийн хүдэр олборлож улмаар ордны үнэ цэнэ үнэлгээ буурах нөхцөл үүсээд байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн нэг жилд олборлож буй дундаж 3,2 тонноор тооцвол А ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд одоо байгаа 61,25 сая тонн төмрийн хүдрийн нөөцийг 19 жилд, харин уурхайн үндсэн хүчин чадал болох нэг жилд 6,5 сая тонн олборлох хүчин чадлаар тооцвол 9 жилийн хугацаанд олборлож дуусахаар байна. Энэ нь тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөц буюу үнэ цэнэ жил тутам 11 орчим %-иар буурч байна гэсэн үг юмаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 72, 73 дугаар зүйлд зааснаар Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг бууруулах ёсгүй байтал төлбөр төлөгч олборлолтын үйл ажиллагаа явуулж хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч М.Отгонбаярын мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч А ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай шүүгчийн захирамжийг гаргажээ./1-р хх-ийн 17,61-65-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12823 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1095 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 59, 60-66-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 157/01, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 157/02, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 4/12196, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/12707 тоот мэдэгдэлүүдээр ... Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/12496 тоот мэдэгдлээр А ХХК-д мэдэгджээ. /х.х-ийн 67, 68, 75, 76, 78-81, 113, 114, 115,121-р хуудас/

Мөн дээрх мэдэгдэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд буруутай албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан хариуцлага тооцохыг анхааруулж, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/12496 тоот мэдэгдлээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-т заасны дагуу барьцаанд буй хөрөнгүүдэд үнийн саналаа 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч А ХХК-ийн төлөөлөгч Р.Т нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 412/18 дугаартай албан бичгээр А ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдах хурлын шийдвэргүйгээр компанийн эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрхгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ./1-р хх-ийн 122-р хуудас/

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/15116 дугаартай мэдэгдэлээр А ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналыг гаргаж болохыг мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 5,123-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж,

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.Даалгаврыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 157/02 дугаартай даалгаварыг 19 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяад явуулж ажиллагаа хийжээ./1-р хх-ийн 82-р хуудас/

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17281205/03, 17281205/02 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолууд, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 157/02-1, 157/02 дугаартай Эд хөрөнгийг хураах тухай тогтоолуудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /1-р хх-ийн 83-91,94-112-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр авагч болон төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардаж төлбөр авагч Европын сэргээн босголт хөгжлийн банк болон төлбөр төлөгч А ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/12496 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлж, захирал Р.Тогтохбаяр, тус компанийн хуулийн хэлтсийн захирал Б.Лхагвасүрэн, хуулийн зөвлөх Золжаргал нартай төлбөрийн талаар ярилцаж үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч А ХХК-ийн захирал Р.Тогтохбаяр би бусдын хөрөнгийг үнэлэх эрхгүй хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 412/18 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна./1-р хх-ийн 115-122-р хуудас/

Талууд үнэлгээг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 282 дугаартай тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./1-р хх-ийн 141,142, 163-244, 2-р хх-ийн 1-26-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоолууд гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө Таян нуурын баяжуулах үйлдвэрийг шинжээчийн тогтоосон үнэ болох 2.948.453.000 төгрөгийн 70 хувиар тооцон 2.063.917.100 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийн шинжээчийн тогтоосон үнэ болох 141.790.677.813 төгрөгийн 70 хувиар тооцон 99.253.474.469 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч А ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/15116 дугаартай мэдэгдэлийг мөн өдөрт нь түүнд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /1-р хх-ийн 5,112,116-р хуудас/

Төлбөр төлөгч А ХХК нь 4/15116 дугаартай мэдэгдлийг гардан авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргажээ. /1-р хх-ийн 2-р хуудсын ар тал/

Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай шүүгчийн захирамж гарсаны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.2., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч А ХХК нь ...шинжээч Говь Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуур баяжуулах үйлдвэр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                  ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр А ХХК-иас нийт 31.170.540,96 ам.доллар, 15.736,04 евро 1.138.549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан ажиллагаа болох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО