Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00574

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00574

 

 

Алтайнхүдэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэртэй Алтайнхүдэр ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одбилэг, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр Алтайнхүдэр ХХК-иас нийт 31 170 540.96 ам.доллар, 15 736.04 евро 1 138 549.1 английн фунтийг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Алтайнхүдэр ХХК-ийн хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимейт ХХК-иар үнэлгээ тогтоолгож, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байх бөгөөд үнэлгээг Алтайн хүдэр ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4/15116 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Шинжээчийн дүгнэлтэд дээрх хөрөнгүүдийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханш, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг үнэлсэн байдал ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа бөгөөд дээрх хуулийн 122 дугаар зүйлийг 122.5 дахь хэсэгт ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд... энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд... гаргана гэж заасны дагуу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Алтайнхүдэр ХХК-ийн Таяннуур баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр Алтайнхүдэр ХХК-иас нийт 31 170 540.96 ам.доллар, 15 736.04 евро 1 138 549.1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Алтайнхүдэр ХХК-д Арбитрын шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг олон удаа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Алтайнхүдэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд компанийн эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрх олгогдоогүй бөгөөд энэхүү эрхийг зөвхөн Алтайнхүдэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийг хуралдуулах талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа, үнийн санал ирүүлэх боломжгүй талаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Р.Тогтохбаяр тайлбар ирүүлсэн.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Алтайнхүдэр ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таян нуурын баяжуулах үйлдвэрийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 2 948 453 000 төгрөгийн 70 хувиар тооцон 2 063 917 100 төгрөгөөр, ашигт малтмалын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгийн 70 хувиар тооцон 99 253 474 469 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоосон. Төлбөр төлөгч шүүхэд үнэлгээний гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Алтайнхүдэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Төлбөр төлөгч Алтайнхүдэр ХХК-нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санаачлага муутай,төлбөрөө төлөхгүй, удааширч байгаа, эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэсэн шалтаг зааж шүүхэд өгөөд цаг хугацаа ихээр алдагдуулж байна. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй хугацаа нь хяналтын шатны тогтоол гарах хүртэл дунджаар 9 сар юм. Энэ хугацаанд Алтайнхүдэр ХХК нь олборлолт явуулсаар байвал хамгийн багадаа 2.4 сая тонн буюу 259 200 000 төгрөгийн төмрийн хүдэр олборлож улмаар ордны үнэ цэнэ үнэлгээ буурах нөхцөл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн нэг жилд олборлож буй дундаж 3.2 тонноор тооцвол Алтайнхүдэр ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд одоо байгаа 61,25 сая тонн төмрийн хүдрийн нөөцийг 19 жилд, харин уурхайн үндсэн хүчин чадал болох нэг жилд 6.5 сая тонн олборлох хүчин чадлаар тооцвол 9 жилийн хугацаанд олборлож дуусахаар байна. Энэ нь тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөц буюу үнэ цэнэ жил тутам 11 орчим хувиар буурч байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 72, 73 дугаар зүйлд зааснаар Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг бууруулах ёсгүй байтал төлбөр төлөгч олборлолтын үйл ажиллагаа явуулж хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр Алтайнхүдэр ХХК-иас нийт 31 170 540.96 ам.доллар, 15 736.04 евро 1 138549.1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан ажиллагаа болох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Тогтохбаяр давж заалдах гомдолдоо: Алтайнхүдэр ХХК-д Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15116 тоот мэдэгдлээр тус компанийн Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377A тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Таяннуурын баяжуулах үйлдвэрийг бус харин уурхайн ажилчдын байрыг 2 948 450 000 төгрөгөөр үнэлж байгааг Таяннуурын баяжуулах үйлдвэрийн үнэлгээ хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар компанийн уурхайн ажилчдын байрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагаагүй байж шинжээч томилон үнэлгээ тогтоосон мөн уурхайн баяжуулах үйлдвэрийн үнэлгээг гаргаагүй байж уурхайн ажилчдын байрыг 2 948 450 000 төгрөг хэмээн үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргасаар байхад шүүх ...үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгийн 70 хувиар тооцон 2 063 917 100 төгрөгөөр... тус тус анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж... тэмдэглэл үйлдсэн байна, ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22.1, 49.4.2, 55.2.2, 56.1, 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4/15116 тоот мэдэгдлээр Таяннуурын баяжуулах үйлдвэрийг бус харин компанийн ажилчдын байрыг үнэлсэн үнэлгээг мэдэгдэж байгааг анхаарч үзэлгүй, үндэслэлгүйгээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөг хэмээн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байгааг анхаарсангүй. Шинжээчийн дүгнэлт ашигт малтмалын ашиглалтын 15377A тоот тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханштай харьцуулж үзээгүй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндсэн үнэ өртгөөс хэт доогуур, ойлгомжгүй хэт явцуу хүрээнд үнэлж дүгнэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ... Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар ... шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Алтайнхүдэр ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлсэнТаянуурын МҮ-15377А тоот тусгай зөвшөөрөл бүхий орд газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар  Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн UN153003 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1095 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Алтайн хүдэр ХХК-аас 31 170 540.96 ам.доллар, 15 736.04 евро 1 138 549.1 Английн фунтыг гаргуулж, Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрөл, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ү-0514000059 дугаар гэрчилгээтэй Таяннуурын уурхай, тоног төхөөрөмж зэргийг тус тус битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 15-21,88-91,106-111 дүгээр тал/

 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, уг эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх-ийн 122-125 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр, уурхайн ажилчдын орон сууцыг 2 948 450 000 төгрөгөөр тус тус үнэлж тодорхойлсон дүгнэлтийг ирүүлсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нийт үнэлгээг 70 хувиар тооцон тусгай зөвшөөрлийг 99 253 474 469 төгрөгөөр, Таян нуурын баяжуулах үйлдвэр-ийг 2 063 917 100 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 157-2-1, 157/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар 123.9 гектар талбай бүхий 015377А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Ү-0514000059 дугаар гэрчилгээтэй, Таяннуурын баяжуулах үйлдвэр-ийн 90 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэр, тоног төхөөрөмжийг хураасан, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шинжээч томилох тухай тогтоолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010913 дугаарт бүртгэгдсэн Таяннуурын баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрөлд үнэлгээ тогтоох талаар заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын талуудад хүргүүлсэн үнийн талаарх мэдэгдэлд эдгээр эд хөрөнгийг үнэлсэн талаар дурдсан. /1хх-ийн 5, 106-107, 110-111, 125 дугаар тал/

Гэтэл Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлангаас үзвэл тухайн үнэлгээний дүгнэлт хэсэгт Говь-Алтай аймгийн Цээл сум, Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 тоот дугаартай, 2104 м.кв 90%-ийн гүйцэтгэлтэй ажилчдын амрах байрны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2 948 453 0 мянган /хоёр тэр бум есөн зуун дөчин найман сая дөрвөн зуун тавин гурван мянган/ төгрөг гэж дурдсан бөгөөд үйлдвэр, тоног төхөөрөмжийг үнэлсэн эсэх нь эргэлзээтэй болсон. /1хх-ийн 243, 2хх-ийн 1-24 дүгээр тал/

Өөрөөр хэлбэл, шинжээч томилох тухай тогтоолд баяжуулах үйлдвэрийг заасан байхад ажилчдын байрыг үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн энэхүү үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх дээрх хөрөнгийн үнэлгээнд бодитой дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зөв юм.

Харин тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч ... хэт доогуур үнэлсэн гэх тайлбар, гомдлоо нотлоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн 125 дугаар талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тогтоолд үнэлгээчний нэрийг бичээгүй техникийн алдаа гаргасан байх боловч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярт шинжээчийн эрх үүрэг танилцуулсан, хууль сануулж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн маргаанд хамааралгүй, Д.Ганбатын 3 өрөө орон сууцыг үнэлэхээр заасан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 282 тоот шинжээч томилох тогтоолын талаар дүгнэсэн нь буруу болохыг дурдвал зохино. /1хх-ийн 141 дүгээр тал/ Эдгээр алдаа нь шийдвэрийг болон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сум, Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын баяжуулах үйлдвэрийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 тоот дугаартай, 2104 м.кв 90%-ийн гүйцэтгэлтэй ажилчдын амрах байрыг 2 948 453 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35 100 төгрөгийг гаргуулж Алтайн хүдэр ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ