Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 36

 

“Ф Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01266/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ф Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч “Ф Г” ХХК:

Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, “Г-” ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг “Ф Г” ХХК-д даалгаснаас хойш бид үйл ажиллагаа явуулаагүй. “Г-” ХХК нь уг байранд үйл ажиллагаа явуулахаа больж 2018 оны 01 дүгээр сард гарсан байсан. ... Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3963 тоот шүүгчийн захирамжаар уг байрны орон сууц, зочид буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 01/222231 тоот мэдэгдэл дээр заасан, үүний дагуу бид гэрээ хийж айлуудыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс байранд оруулсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, улмаар маргаан бүхий байранд “Г-” ХХК-ийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул энэхүү хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн байна.

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас:

...Нэхэмжлэгч талын ярьсан шиг 2 өрөөг чөлөөл гэсэн зүйл байхгүй, одоо бол “Ф Г” ХХК нь шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй байгаа “Ф Г” ХХК нь “Г-” ХХК-ийн бичиг баримт болон эд хөрөнгийг нэг өрөөнд хийж лацадсан байгаа, манай байгууллагын зүгээс албан бичиг явуулж шаардаж байгаагаас биш очиж лацдаж түгжсэн зүйл байхгүй байгаа.

Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Удаа дараа албан бичиг өгсөн хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 тоот  мэдэгдлүүдээр шаардсан гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ф Г” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантулга давж заалдсан гомдолдоо:

...Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1850 тоот захирамжид нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 22-р хорооллын 6-р байрыг бусдад түрээслэх хөлслөх хэлбэрээр шилжүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулах “Г-” ХХК-ийн эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагаа явуулж гүйцэтгэхгүй байхыг хариуцагч “Ф Г” ХХК-д даалгасугай” гэж заасан байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, маргаан бүхий байранд “Г-” ХХК-ийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжид зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар ”ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлж болно гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1850 тоот захирамжаар хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд маргаан бүхий байранд “Г-” ХХК-ийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжид зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ф Г” ХХК нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль зөрчиж шүүгчийн захирамжинд зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх “Ф Г” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдсан гомдолдоо  “Г-” ХХК-ийн эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан үйл ажиллагаа явуулж гүйцэтгэхгүй байхыг хариуцагч “Ф Г” ХХК-д даалгасан байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, маргаан бүхий байранд “Г-” ХХК-ийг оруулах шаардлага тавьж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Дархан-Уул аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, “Г-” ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг “Ф Г” ХХК-д даалгасан тухай 1850 тоот шүүгчийн захирамж гаргасан байна.

Энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д зааснаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болох бөгөөд шүүгчийн захирамж нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт хамаарна. 

Иймээс энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажилагааг явуулж болно гэж ойлгоно.

Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 3963 тоот шүүгчийн захирамжаар 1850 дугаар шүүгчийн захирамжид оруулсан өөрчлөлтөөр хариуцагч “Ф Г” ХХК-ийг  Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрны нийтийн орон сууцны зохиулалттай хэсэг, зочид буудлын үйлчилгээг хэвийн явуулах боломжоор хангажээ.

Нэхэмжлэгч “Г-” ХХК нь 3963 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасны улмаас гомдлыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 46 дугаар тогтоол гаргаж дээрх 3963 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 тоот шүүгчийн захирамжийг  хүчин төгөлдөр гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө”, 14.5-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус зохицуулжээ.

Хуульд зааснаар тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шаардлагыг даруй биелүүлэх үүрэгтэй байдаг.

Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 3963 тоот шүүгчийн захирамж хүчингүй болсон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529 тоот мэдэгдлээр “...танай компани нь захирамжийн дагуу түрээсийн гэрээ байгуулан орон сууцны хэсэгт орсон иргэд, “Хэрба лайф”сүлжээний байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа хэсгийг ... чөлөөлөн, “Г-” ХХК-ийн эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан ажиллагаа явуулахгүй байх...”  гэж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 тоот мэдэгдлээр “...танай компани нь захирамжийн дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх,  хэлбэрээр шилжүүлэхгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байх, “Г-” ХХК-ийн эрх, эд хөрөнгө, үйл ажиллагаанд халдсан ажиллагаа явуулахгүй байх...” гэж тус тус мэдэгдсэн байна.

Мөн хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/2648 дугаартай мэдэгдлээр  Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1850 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааг явуулахыг даалгасан байна.

Хариуцагч талаас явуулсан дээрх мэдэгдлүүдийн агуулгаас дүгнэхэд “...байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч талд өгч, улмаар маргаан бүхий байранд “Г-” ХХК-ийг оруулах шаардлага тавьж..., шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажиллагаа явуулсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг  буруутгах үндэслэл тогтоогдоогүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ