Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2021/03283

 

2021 12 08 184/ШШ2021/03283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 00 дугаар хороо, Ц гудамж, 0 тоот хаягт оршин суух Б овогт С Т /00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 0 гудамж, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Ү З /РД: 000000/-д холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 11р сарын 15ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, төлөөлөгчийн өмгөөлөгч Н.******* /ШТЭҮД-*******/, хариуцагч Ү.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

С.Т нь өөрийн ээжид орон сууц авч өгөхөөр төлөвлөж байсан юм. Улмаар Ү.З нь ...хямд үнээр түрээсийн орон сууц олж өгье... гэхээр нь урьдчилгаанд 10 сая төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 0000000 тоот данснаас Ү.З Хаан банкны 0000000 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-нд шилжүүлсэн.

Гэтэл Ү.З нь хэлсэн ярьсандаа орон сууц олж өгөөгүй учир сүүлд буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 10 сая төгрөгийг маань төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл 2 сая төгрөг л төлсөн.

Иймд үлдсэн 8,000,000 төгрөгийг минь хариуцагч Ү.З гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.З шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Ажлын цаг дуусахаас өмнө мөнгөө хийвэл орон сууцанд оруулна гэдгийг надад н.Н хэлээд би энэ хүмүүст дамжуулж хэлсэн. Тэгээд миний 0000000 тоот данс руу мөнгийг шилжүүлсэн. Би н.Н байр сав юу болж байна асуудаг. Тэгээд надад хэлсэн хариуг энэ хүмүүст бас л дамжуулаад хэлдэг. Сүүлдээ шүүхэд хандана гэхээр нь би танил талтай гэж огт хэлээгүй. Манай охин дөнгөж хуулийн сургууль төгссөн. Нэр хүндтэй ч биш. Би шүүхээр явж байгаагаа одоо болтол нуугаад явдаг. Энэ хүмүүсийн мөнгийг би өөрөө аваад идсэн бол хамаа алга. н.Наранцэцэгтэй холбоотой Баянгол дүүргийн цагдаа дээр олон хэрэг үүссэн байгаа. Миний овог нэр шивэгдээгүй учраас намайг эрүүгийн хэрэгт авахгүй гэсэн. Би өргөдөл өгч үзсэн. Хүний мөнгийг дамжуулаад өгсөн болохоор санаа зовоод, хэрүүлийг нь хийгээд, гүйгээд явж байгаа. Аргаа барахдаа хүнээс 1,000,000 төгрөг зээлээд, дараа нь н.Наранцэцэгээр төлүүлсэн. Дараа нь дахин 1,000,000 төгрөг хүнээс зээлж өгөөд, мөн л н.Наранцэцэгээс авч байсан. Одоо үлдэгдэл 8,000,000 төгрөг байгаа. н.Н хурдан мөнгийг нь өгөөч гэхээр мөнгө төгрөг байхгүй байна гэдэг гэжээ. /хх-16/

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Т хариуцагч Ү.З холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Т 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн орон сууцанд орохоор хариуцагч Ү.З 000000 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн, үүргээ биелүүлэх боломжгүй болсноор Ү.З нь нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг буцаан өгсөн, үлдэгдэл 8,000,000 төгрөг төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-5-6 тал/

Хэргийн 5, 6 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн данснаас 2020 оны 01-р сарын 27-ны өдрийн 17 цаг 20 минутад 10,000,000 төгрөгийг хариуцагийн Хаан банк дахь 000000 тоот данс руу шилжүүлсэн, Ү.З энэхүү дансыг өөрийн данс болохоо хүлээсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /хх-16/

Зохигч 10 сая төгрөг өгсөн авсан болон нэхэмжлэгч 2 сая төгрөг буцаан авсан талаараа маргахгүй, хариуцагч Ү.З нь ...миний дансанд 10 сая төгрөг орж ирсэн, би өөрөө аваагүй, Наранцэцэгт уг мөнгийг өгсөн гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар ... Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба хариуцагч нь түрээсийн байр олж өгнө гэж хэлсэн, ... Наранцэцэг нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, би түүнээс энэ мөнгөө нэхэмжилсэн байгаа гэж тайлбарласан зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн8.1.6-д заасан ... үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 49.1.1-д ... Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол тухайн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж заасан.

Үүнээс дүгнэхэд хариуцагч Ү.З орон сууц олж өгөх үүрэг нь хожим дуусгавар болсон, хариуцагч Ү.З нь түрээсийн орон сууцанд оруулж чадаагүй, 2020 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэн С.Т баталгаа гаргах нь гэх бичгийн баримтыг Ү.З үйлдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг хожим дууссан үндэслэлээр хариуцагч Ү.З үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шүүх үзлээ. /хх-5/

Хариуцагч Ү.З нь ... би мөнгийг аваагүй, Н мөнгийг өгсөн, тэрээр орон сууцанд оруулж өгнө гэж хэлсэн, би эрүүгийн хэрэгт хохирогчоор шалгагдаж буй тул 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж 8,000,000 төгрөгийгэзэмших, ашиглах эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ү.З 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч Ү.З 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.З 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН