Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00440

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00441

 

 

С.Т-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/03283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ү.З-д холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ү.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1  Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөгийг хариуцагч Ү.З-гаас буцаан гаргуулна.

1.2  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Ү.З- нь ...хямд үнээр түрээсийн орон сууц олж өгье... гэхээр нь урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5124024107 тоот данснаас Ү.З-гийн Хаан банкны 5031361147 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн.

Гэтэл Ү.З- нь хэлсэн ярьсандаа хүрч орон сууц олж өгөөгүй. Сүүлд буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл 2,000,000 төгрөг л төлсөн. Иймд үлдсэн 8,000,000 төгрөгийг хариуцагч Ү.З-гаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ажлын цаг дуусахаас өмнө мөнгөө хийвэл орон сууцад оруулна гэдгийг надад Х.Н- хэлээд би энэ хүмүүст дамжуулж хэлсэн. Тэгээд миний 5031361147 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн. Би Х.Н-ээс байр юу болж байна гэж асуудаг. Энэ хүмүүсийн мөнгийг би өөрөө аваагүй. Х.Н-тэй холбоотой Баянгол дүүргийн цагдаа дээр олон хэрэг үүссэн байгаа. Миний овог нэр шивэгдээгүй учраас намайг эрүүгийн хэрэгт авахгүй гэсэн. Хүнээс 1,000,000 төгрөг зээлээд, дараа нь Х.Н-ээр төлүүлсэн. Дараа нь дахин 1,000,000 төгрөг хүнээс зээлж өгөөд, мөн л Х.Н-ээс авч байсан. Одоо үлдэгдэл 8,000,000 төгрөг байгаа. Х.Н-т хурдан мөнгийг нь өгөөч гэхээр мөнгө төгрөг байхгүй гэдэг.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч Ү.З-гаас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.З-гаас 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Байранд оруулна гэж авсан мөнгийг Х.Н-т дамжуулан өгсөн. Энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан.

4.б. Х.Н-ийг гэрчээр оруулмаар байна.

4.в. Байранд оруулж өгнө гэсэн хүмүүс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан шүүх хурал нь болох гэж байгаа. С.Т-ийг шалгагдаж буй хэрэгт өргөдлөө өгч хамтраасай гэж хүсэж байна.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч С.Т- хариуцагч Ү.З-д холбогдуулан 8,000,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч Х.Н-т дамжуулж өгсөн гэж маргажээ.

/хх1,16/

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

А.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5124024107 тоот данснаас Ү.З-гийн 5031361147 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн.

 

А.2. Ү.З- нь хямд үнийн түрээсийн байр олж өгөхөөр дээрх мөнгөн хөрөнгийг авсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж чадаагүй.

 

А.3. Ү.З- нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр баталгаа гаргасан. /хх5/

 

А.4. Дээрх 10,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг төлөгдсөн, одоо 8,000,000 төгрөг үлдсэн тухайд Ү.З- маргаагүй.

 

Хариуцагч нь хямд үнийн түрээсийн байр олохоор Х.Н-т дээрх мөнгийг шилжүүлсэн, өөрөө аваагүй тул төлөхгүй гэж маргасан.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших иргэний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй талаар буруу дүгнэжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан тодорхой хэмжээний тохиролцоо үүссэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал үүссэнээр талууд гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардаж байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагчийн:

4.а. Байранд оруулна гэж авсан мөнгийг Х.Н-т дамжуулан өгсөн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь Ү.З- биш харин хариуцагчтай иргэний эрх зүйн харилцаанд орсон.

 

4.б. Х.Н-ийг гэрчээр оруулах гомдол мөн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаар гэрээний тал болох Ү.З-г тодорхойлсон бөгөөд Х.Н-т дээрх мөнгийг шилжүүлсэн эсэх нь ач холбогдолгүй юм. Х.Н-ийг гэрчээр оролцуулах талаар хүсэлт гаргасан баримтгүй байна.

 

4.в. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Х.Н- шалгагдаж байгаа эсэх нь энэ хэрэгт хамааралгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/03283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД